Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 778

 

“ПХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Д.Дэлгэрцэцэг       даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00402 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ПХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ш” ХХК-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 366 273 890 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч “ПХ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ПХ” ХХК, “Ш” ХХК нар нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр А21/2018 тоот дугаартай газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2018 онд нийт 406.980.000 төгрөгийн түлш нийлүүлсэн. “Ш” ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш нийт 180.000.000 төгрөг хийсэн. Үүнээс хойш тооцоо нийлсэн актын дагуу төлбөрүүд хийгдэж байсан ч одоо үлдэгдэл 66.980.000 төгрөг, алданги 299.293.890 төгрөг гаргуулна 366.273.890 төгрөг болж байна. Нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл ямар нэгэн төлбөр хийгдээгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: “Ш” ХХК нь “ПХ” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний үүргийн дагуу 406.980.000 төгрөгийн түлшийг авсан. Үүнээс 340.000.000 төгрөгийг төлж 66.980.000 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин 66.980.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагч “Ш” ХХК-аас 100.470.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ПХ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 265.803.890 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн      7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.989.319,45 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 660.300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Манай компани гэрээний 406.980.000 төгрөгийн үүргээс гэрээнд заасны дагуу 340.000.000 төгрөгийг төлж барагдуулан үүргээ биелүүлсэн бөгөөд талууд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр харилцан тооцоогоо нийлж, өглөг авлагаа тулган 68.980.000 төгрөгийн үлдэгдлээ баталгаажуулан акт үйлдсэн. Хэргийн 11 дүгээр талд авагдсан тооцоо нийлсэн актад алданги тусгагдаагүй байхад 10 дугаар талд манай компанитай тооцоо нийлээгүй баримтыг алданги тооцсон мэтээр гаргаж өгсөн нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсонд гомдолтой байна. Гэрээний талууд гэрээгээ харилцан дүгнэж тооцоо нийлснээс гэрээний үүрэг дуусгавар болсон байхад дуусгавар болсон гэрээг үндэслэн алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй байгаа тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 33.490.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зохигчдын хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаанаас үүсэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “ПХ” ХХК нь хариуцагч “Ш” ХХК-д холбогдуулан худалдан авсан дизель түлшний үнэ 66.980.000 төгрөг, алданги 299.293.890 төгрөг, нийт 366.273.890 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь дизель түлшний үнийн төлөгдөөгүй үлдэгдэл 68.980.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, харин алданги 366.273.890 төгрөг төлөхийг  эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр А21/2018 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч “ПХ” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүнийг Чойр өртөө дэх “НЭС” ХХК-ийн худалдагч талын агуулах нөхцөлөөр нэг литрийг 2.000 төгрөгөөр дизель түлшийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд худалдан авагч “Ш” ХХК-д нийлүүлэх, худалдан авагч “Ш” ХХК нь худалдан авсан дизель түлшний үнийг хуваарийн дагуу бүрэн төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцсон гэрээний агуулга, гэрээ хэрэгжилтээс үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ. /хх-ийн 6-11/

 

Нэхэмжлэгчээс нийлүүлсэн 203.490 литр дизель түлшний үнэ 406.980.000 төгрөгөөс гэрээ байгуулагдсанаас хойш хугацаанд талуудын тооцоо нийлсэн актаар хариуцагч 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 180.000.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 50.000.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 100.000.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 10.000.000 төгрөг, нийт 340.000.000 төгрөг төлж, 66.980.000 төгрөг төлөх үлдэгдэлтэй болохыг 2 байгууллагын нягтлан бодогч нар тооцоо нийлж баталгуужуулсан,  хариуцагч  уг төлбөрийн үлдэгдэл 66.980.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

Зохигчдын  хооронд байгуулагдсан А/21/2018 тоот гэрээний 4.8-д “худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд шатахууны төлбөрийг төлөөгүй тохиолдолд  хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг худалдагч талд төлнө” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас анз шаардах эрхтэй байна.  /хх-ийн 7/

Анхан шатны шүүх хариуцагч “Ш” ХХК-аас гэрээний үүргийн гүйцэтгэлд   66.980.000 төгрөг, алдангид 33.490.000 төгрөг, нийт 100.470.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт нийцсэн байна.

Талуудын тооцоо нийлсэн баримтад алданги тооцох эсэх талаар заагаагүй нь гэрээний 4.8-д заасан анзын тохиролцоог хэрэгжүүлэхгүй байх, тооцоо нийлснийг гэрээ дуусгавар болсон гэж үзэх тус тус үндэслэл болохгүй байхаас гадна шүүхээс алдангийн хэмжээг илт их байна гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00402 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 325 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                         ШҮҮГЧИД                                       Ч.ЦЭНД

                                                                                                Н.БАТЗОРИГ