Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2022/00009

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00402 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 778 дугаар магадлалтай,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

******* ХХК-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 366,273,890 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК, ******* ХХК нар нь 2018.10.15-ны өдөр А21/2018 тоот дугаартай газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2018 онд нийт 406,980,000 төгрөгийн түлш нийлүүлсэн. ******* ХХК нь 2018.10.15-ны өдрөөс хойш нийт 180,000,000 төгрөг хийсэн. Үүнээс хойш тооцоо нийлсэн актын дагуу төлбөрүүд хийгдэж байсан ч одоо үлдэгдэл 66,980,000 төгрөг, алданги 299,293,890 төгрөг, нийт 366,273,890 төгрөг гаргуулна. Нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл ямар нэгэн төлбөр хийгдээгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК нь ******* ХХК-тай 2018.10.15-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний үүргийн дагуу 406,980,000 төгрөгийн түлшийг авсан. Үүнээс 340,000,000 төгрөгийг төлж 66,980,000 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин 66,980,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00402 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас 100,470,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 265,803,890 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,989,319.45 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 660,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 778 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00402 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 325,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагч ******* ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч би 2020.04.17-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. ******* ХХК нь Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах А21/2018 дугаартай гэрээг 2018.10.15-ны өдөр ******* ХХК- тай байгуулсан. Манай компани гэрээний 406,980,000 төгрөгийн үүргээс гэрээнд заасны дагуу 340,000,000 төгрөгийг төлж барагдуулан үүргээ биелүүлсэн бөгөөд талууд 2019.10.25-ны өдөр харилцан тооцоогоо нийлж, өглөг авлагаа тулган 68,980,000 төгрөгийн үлдэгдлээ баталгаажуулан акт үйлдсэн. Ингэж тооцоо нийлэхдээ алданги төлөхгүй байхаар тооцоо нийлж 2 талын нягтлан бодогч нар гарын үсгээ зурж, санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулсан боловч ******* ХХК нь алданги нэхэмжилсэн нь бодит үнэнд нийцээгүй. Хэргийн 11 дүгээр талд авагдсан тооцоо нийлсэн актад алданги тусгагдаагүй байхад 10 дугаар талд манай компанитай тооцоо нийлээгүй баримтыг алданги тооцсон мэтээр гаргаж өгсөн нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсонд гомдолтой байна. Манай компани нь авсан шатахууны тооцоог нийлснээс хойш 68,980,000 төгрөгийн төлөлтийг төлөх үүрэг үүссэн байхад тооцоо нийлснээс хэдхэн хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж өндөр алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй байсан боловч шүүх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн гэж үзээд алданги 33,490,000 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн тооцооллын хувьд алдаатай болсон. Гэрээний талууд гэрээгээ харилцан дүгнэж тооцоо нийлснээс гэрээний үүрэг дуусгавар болсон байхад дуусгавар болсон гэрээг үндэслэн алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй байгаа тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 33,490,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

******* ХХК нь ******* ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 366,273,890 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж үндэслэлээ тайлбарлахдаа, ...газрын тосны бүтээгдэхүүн худалдсан үнийн үлдэх хэсэг 66,980,000 төгрөг, гэрээний 4.8-д заасны дагуу тооцсон алданги 300,273,890 төгрөгийг гаргуулна уу гэжээ.

 

Хариуцагч 66,980,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, алданги төлөх боломжгүй гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар үндсэн төлбөр 66,980,000 төгрөг, алдангид 33,490,000 төгрөг, нийт 100,470,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний төрөл, түүний хүчин төгөлдөр байдал, гэрээний үүргээ хариуцагч зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрээний үнэ, хугацаа хэтрүүлсний хариуцлага болох алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн талаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцсэн дүгнэлт хийжээ.

 

Зохигчийн хооронд 2018.10.15-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээгээр нэхэмжлэгч ******* ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, хариуцагч ******* ХХК тухайн бүтээгдэхүүнийг хүлээн авч үнэ төлөх үүргийг тус тус хүлээсэн нь худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх ба гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний талууд хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг хэн алинаас шаардах эрхтэй, нэхэмжлэгч 2018.10.15-ны өдрөөс 2018.12.15-ны өдрийн хооронд нийт 406,980,000 төгрөгийн үнэ бүхий газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлсэн, үнэд хэсэгчлэн 340,000,000 төгрөг төлсөн, төлбөрийн үлдэгдэл 66,980,000 төгрөг байгаа үйл баримтад зохигч маргаагүй байна.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 4.8-д худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд шатахууны төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг төлнө гэж заасныг баримтлан нэхэмжлэгч алданги шаардсан, шүүх алдангийг гэрээ болон хуульд нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн буюу 66,980,000 төгрөгийн 50 хувиар тооцон 33,490,000 төгрөг гаргуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг зөрчөөгүй байна.

 

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо, талууд тооцоо нийлэхдээ алданги төлөхөөр тохироогүй тул алданги гаргуулсан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна уу гэжээ.

 

Хоёр байгууллагын нягтлан бодогч нар нийлүүлсэн бүтээгдэхүүн, төлбөрийг хэсэгчлэн төлсөн хэмжээ, цаг хугацаа, төлбөл зохих төлбөрийн үлдэгдлийн талаар тооцоо нийлсэн тухай баримт үйлдсэн нь хэргийн 11 дүгээр талд авагдсан байх бөгөөд энэхүү баримтаар гэрээний талуудыг төлөөлөх эрх бүхий этгээдүүдийн хооронд төлбөр тооцооны талаар гэрээний шинжтэй тохиролцоо хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00402 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 778 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.05.01-ний өдөр төлсөн 325,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД