Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 835

 

С.Г-ын нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/00495 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “ИНЕГ” ТӨААТҮГ-ын ИБУГ-т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшуулал гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Г-, түүний өмгөөлөгч С.Одгариг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүсэлт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч С.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би НБУГ-ын даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б\470 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 43.1, хөдөлмөрийн гэрээний 4.2.3.1, нисэх буудлуудын удирдах газрын дүрмийн 3.1.3 дах заалтуудыг үндэслэн ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан нь Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны 791\19 дугаар улсын байцаагчийн дүгнэлтээр нотлогдсон тул хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд тооцогдсон үндэслэлээр 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.2.3.1-т ажилтан хөдөлмөрийн гэрээгээр болон ИНЕГ-ын хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүйгээс сахилгын шийтгэлийг 2 ба түүнээс дээш удаа хүлээсэн бол хөдөлмөрийн гэрээ шууд дуусгавар болохоор заасан бөгөөд би өмнө нь хэзээ, ямар үндэслэлээр сахилгын шийтгэл хэдэн удаа хүлээсэн талаархи баримтгүй, улсын байцаагчийн дүгнэлтийг танилцуулж гарын үсэг зуруулаагүй тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй тул Б\470 тоот тушаалыг хүчингүй болгож, аюулгүй байдал, хамгаалалтын албаны төлөвлөлт, сургалтын хэсгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, урамшууллыг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ИНЕГ” ТӨААТҮГ-ын Нисэх буудлуудын удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүсэлт шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Г- 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс аюулгүй байдал, хамгаалалтын албаны аюулгүй байдлын хэлтсийн даргаар хөдөлмөрийн 02/09 тоот гэрээ байгуулан ажилласан. Улмаар тус газрын 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн Б/12 дугаар тушаалтай холбогдуулан дээрх хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, аюулгүй байдал, хамгаалалтын албаны төлөвлөлт, сургалтын хэсгийн даргаар 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ажилласан. Тэр ажиллаж байх хугацаанд буюу 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Зам, тээвэр, хөгжлийн сайдын 187 тоот тушаалын 4 дүгээр хавсралтаар Иргэний нисэхийн дүрэм-140 /ИНД-140/ буюу "Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт"-ийг баталсан ба шинээр батлагдсантай холбогдуулан С.Г- нь ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үндсэн зорилтын 3 дугаарт "ИНД-140 дүрмийн шаардлагын дагуу НБУГ-ын аюулгүй байдал, хамгаалалтын үйл ажиллагааны зааврын боловсруулалт, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх, батлуулах ажлыг зохион байгуулах" гэсний хүрээнд: 3.1, 3.2, 3.3-т заасан чиг үүргээ тус тус хэрэгжүүлээгүй байна. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн нисэхийн аюулгүй ажиллагааны зохицуулалтын албаны гэрчилгээжүүлэлтийн үзлэг шалгалтын нээлтийн хурлаар ИНЕГ-ын даргын 2019 оны А/757 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан төлөвлөгөөний хэрэгжилт хангагдаагүй, шаардлагатай баримт бичиг боловсруулагдаагүй, шинээр батлагдсан ИНД-140-ийн шаардлагыг хангах түвшинд НБУГ-ын аюулгүйн хамгаалалтын ерөнхий заавар боловсруулагдаагүй нь Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 791/19 дугаар байцаагчийн дүгнэлт, ИНЕГ-ын дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03/3702 дугаар албан бичгээр нотлогдож, үүний улмаас нисэхийн аюулгүй ажиллагааны зохицуулалтын албаны НБУГ-ыг гэрчилгээжүүлэх үзлэг шалгалт хойшилсон. Улмаар НБУГ-ын даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар С.Г-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тушаалаар 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 02/09 дугаар хөдөлмөрийн гэрээний 4.2.3.1-т заасан үндэслэлээр ажлаас халсан нь үндэслэлтэй. ИНД-140-ийн шаардлагад нийцүүлэн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр НБУГ-ын аюулгүйн хамгаалалтын ерөнхий зааврыг даргаар батлуулж, нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба хүлээн зөвшөөрч, хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Марнан овогтой Сайнцогийн Ганбатыг Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэх буудлуудын удирдах газрын аюулгүй байдал, хамгаалалтын албаны төлөвлөлт, сургалтын хэсгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор, урамшуулалд 13.715.292 төгрөг гаргуулан. нэхэмжлэгчид олгож,  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүсэлт давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.4.2-т тайлбарласан байх бөгөөд шүүхээс энэхүү тайлбарыг бүрэн гүйцэт үнэлэлгүй шийдвэр гаргасан. Талууд хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хуульд нийцсэн байна гэж үнэлсэн. Хөдөлмөрийн гэрээ болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан, мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаар зөрчил нь нотлогдож байхад Үндэслэх хэсэгт "Талуудын тохиролцон байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.3.1-д заасан ажлын байрны тодорхойлолтоор ажилтан хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн ноцтой зөрчлийг гаргасан нь баримтаар нотлогдохгүй байна" гэж үзэж шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэт нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтыг үнэлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэгч нотлох баримтыг өөрөө нотолж өгөөгүй, нотлох үйл баримт байхгүй байтал шүүхээс дээрх үндэслэлээр шийдвэр гаргасныг үндэслэлгүй гэж үзэхээр байна. 03/3702 дугаартай албан бичгээр "...Иймд 140.61-д заасан Байгууллагын ерөнхий зааврыг ИНД-140-ийн шаардлагад... нийцүүлэн даруй боловсруулж, баталгаажуулахыг анхаарна уу гэсэн нь нэхэмжлэгч С.Г-ын буюу "аюулгүй байдал, хамгаалалтын албаны төлөвлөлт, сургалтын хэсгийн даргын ажлын байрны тодорхойлолт"-оор хүлээсэн ажлын байрны үндсэн зорилт гэсэн 3 дах заалтын хүрээнд хийж гүйцэтгэх 3.1, 3.2, 3.3-т заасан үүргээ биелүүлэхийг анхааруулсан албан бичиг юм. Шүүхээс үүнийг огт үнэлсэнгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 21 дүгээр зүйлийн 21.1.2-т тус тус заасан. Ажилтан буюу С.Г- нь ажлын байрны тодорхойлолтоор хийж гүйцэтгэвэл зохих үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул ажил олгогч ажлаас халах шийдвэр гаргасныг үндэслэлтэй гэж үзэхээр байна. Иймд шүүхийн шийдвэрийн "Үндэслэх нь" хэсэгт "Дээрх улсын байцаагчийн дүгнэлт болон 03/3702 тоот албан бичгээр Аюулгүй байдал, хамгаалалтын албаны төлөвлөлт, сургалтын хэсгийн дарга С.Г- нь хөдөлмөрийн гэрээний 4.3.2.1-д заасан үүргээ биелүүлээгүйг нотлохгүй байна. Учир нь тухайн баримтуудаар нэхэмжлэгчийг үүргээ биелүүлээгүй талаар дүгнээгүй байх тул ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэхгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч нь ажил олгогчид сөрөг үр дагавар бий болгосон болон гэрээгээр хүлээсэн үүрэгтээ харш үйлдэл, эс үйлдэхүй байсныг хариуцагч тал нотолж чадахгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нотлох үүргээ биелүүлээгүй байна. Хариуцагч тал шүүхэд татгалзлалаа нотолсон нотлох баримтыг хангалттай гаргаж өгсөн байх бөгөөд харин шүүхээс уг нотлох баримтуудыг дутуу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн шийдвэр гаргажээ. Нэхэмжлэгч С.Г- нь ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 11/-оор хүлээсэн ажлын байрны үндсэн зорилтын 3 дугаарт "...ИНД-140 дүрмийн шаардлагын дагуу Нисэх буудлуудын удирдах газрын аюулгүй байдал, хамгаалалтын үйл ажиллагааны зааврын боловсруулалт, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх, батлуулах ажлыг зохион байгуулах" гэсний хүрээнд: 3.1, 3.2, 3.3-т заасанг тус тус хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, ИНД-140 шинэчлэгдэн батлагдвал түүнд нийцүүлж аюулгүй байдал, хамгаалалтын Ерөнхий зааврыг боловсруулах, батлуулах ажлыг зохион байгуулах үүргийг хүлээсэн. Харин ИНД-140-д нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг гаргах эрх, үүргийг хүлээгээгүй буюу нэгэнт батлагдсан ИНД-140-д нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг гаргах эрх, үүрэггүй байна. Иймд шүүхийн шийдвэрийн дээрх үндэслэл нь үндэслэлгүй байна. ИНД-140-ийн шаардлагад нийцүүлэн "Нисэх буудлуудын удирдах газрын аюулгүй байдал хамгаалалтын ерөнхий зааврыг боловсруулах, батлуулах ажлыг зохион байгуулахыг нэхэмжлэгч С.Г-ад ажлын байрны тодорхойлолтоор хүлээлгэжээ. Улмаар Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/51 дугаартай ажлын хэсэг байгуулах тухай тушаалын үр дүн гарч, "Нисэх буудлуудын удирдах газрын аюулгүй байдал, хамгаалалтын ерөнхий заавар" 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны аэродром, агаарын навигацийн хяналтын хэлтсийн даргаар хүлээн зөвшөөрүүлж, хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна. Мөн Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/51 дугаартай ажлын хэсэг байгуулах тухай тушаал нь зөвхөн шинэчлэгдэн батлагдсан ИНД-140-ийн шаардлагад нийцүүлэн Нисэх буудлуудын удирдах газрын аюулгүй байдал, хамгаалалтын ерөнхий зааврыг боловсруулж, батлуулах ажлаар хязгаарлагдахгүй, үүнээс гадна: Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2019 оны А/757 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Иргэний нисэхийн дүрмийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 1-4 дэх заалтын хэрэгжилтийг хангуулах, бусад холбогдох баримт бичгийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилсон байна. Үүнийг шүүх буруу үнэлж, буруу тайлбарлан шийдвэр гаргажээ. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч С.Г- нь хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын ИБУГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, урамшуулал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч НБУГ-ын даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б\470 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б\470 дугаар тушаалаар С.Г-ыг “...ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн зөрчил гаргасан...” гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43.1, Хөдөлмөрийн гэрээний 4.2.3.1, Нисэх буудлуудын удирдах газрын дүрмийн 3.1.3 дах заалтуудыг баримтлан  хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг ажлаас нь чөлөөлжээ. /хх-ийн 4/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг  ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар зохицуулсан.

Аюулгүй байдал, хамгаалалтын албаны аюулгүй байдлын хэсгийн дарга С.Г-тай 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 02/09 тоот хөдөлмөрийн гэрээний 4.2.3.1-д "ажилтан гэрээ болон дотоод журамд заасан үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүйгээс сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш биелүүлээгүй" тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцохоор тохиролцож талууд гарын үсэг зурсан нь хэрэг авагдсан. /хх-ийн 8/

Хөдөлмөрийн гэрээний 4.2.3.1-д "нэгжийн үйл ажиллагааны заавар, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн бол" ноцтой зөрчилд тооцон гэх агуулгаар нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тохиролцсон гэх гэрээнд талууд мөн гарын үсэг зуржээ. Энэхүү нэмэлт өөрчлөлтийн агуулга нь 1 удаагийн зөрчилд хамаарах, эсхүл 2 буюу түүнээс дээш зөрчсөн тохиолдол хамаарах эсэх нь тодорхой бус томъёологдсон байна. Энэхүү нэмэлт, өөрчлөлт гэсэн агуулга гэрээний 4.2.3.1 дэх хэсгийн аль хэсэгт орохоор байгаа нь тодорхой бус учраас шууд утга, өгүүлбэрт бүтцийн хувьд агуулгыг тодорхойлох боломжгүй байна. /хх-ийн 10/

 

Ажил олгогчоос ажилтанд санал болгож, нөгөө тал хүлээн зөвшөөрснөөр байгуулагдаж байгаа энэхүү хөдөлмөрийн гэрээг болон  уг гэрээний өөрчлөлтийг  Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн гэрээний 4.2.3.1-д оруулсан нэмэлт өөрчлөлтийн агуулга тодорхой бус, ойлгомжгүй байгаа тохиолдолд Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлах талаар заасан.

Нөгөө талаар, гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж  Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дах хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээний 4.2.3.1-д “ажилтан гэрээ болон дотоод журамд заасан үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүйгээс сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш биелүүлээгүй" гэсэн үндсэн агуулгад оруулж байгаа "нэгжийн үйл ажиллагааны заавар, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн бол” гэсэн нэмэлт оруулж, нэмэлтээр зааж буй зөрчлийг уг үндсэн заалтад буй “2 буюу түүнээс дээш” гэсэн агуулгад хамааралтай гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч С.Г-ыг хөдөлмөрийн гэрээний 4.2.3.1-д заасан ажлын байрны тодорхойлолтоор ажилтан хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн  зөрчлийг 2 буюу түүнээс дээш зөрчсөн гэх үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж  үзнэ.

Мөн Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын газрын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 791/19 тоот  улсын байцаагчийн дүгнэлт, ИНЕГ-ын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03/3702 тоот албан бичиг зэрэгт нэхэмжлэгч С.Г-ыг үүргээ биелүүлээгүй талаар заагаагүй болохыг шүүх зөв дүгнэсэн байхаас гадна эдгээр албан бичиг, дүгнэлтийг ажилтанд танилцуулж, түүний гаргасан гэх зөрчлийг хэлэлцсэн, тайлбар гаргах боломжоор хангасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/00495 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 226 527 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                                        А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                Н.БАТЗОРИГ