Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 495

 

                                                  

                                       

 

 

 

                                            

 

 

2020 оны 02 сарын 21 өдөр                   Дугаар 183/ШШ2020/00495                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч Гын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ИНЕГ-ын НБУГ холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшуулал гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Одгариг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүсэлт, нарийн бичгийн дарга Б.Сарангуа нар оролцов.

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би НБУГ-ын даргын 2019.11.01-ний өдрийн Б\470 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 43.1, Хөдөлмөрийн гэрээний 4.2.3.1, Нисэх буудлуудын удирдах газрын дүрмийн 3.1.3 дах заалтуудыг үндэслэн ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан нь Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны 791\19 дугаар улсын байцаагчийн дүгнэлтээр нотлогдсон тул хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд тооцогдсон үндэслэлээр 2019.11.04-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.2.3.1-т ажилтан хөдөлмөрийн гэрээгээр болон ИНЕГ-ын Хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүйгээс сахилгын шийтгэлийг 2 ба түүнээс дээш удаа хүлээсэн бол хөдөлмөрийн гэрээ шууд дуусгавар болохоор заасан бөгөөд би өмнө нь хззээ, ямар үндэслэлээр сахилгын шийтгэл хэдэн удаа хүлээсэн талаархи баримтгүй, улсын байцаагчийн дүгнэлтийг танилцуулж гарын үсэг зуруулаагүй тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй тул Б\470 тоот тушаалыг хүчингүй болгож, Аюулгүй байдал, хамгаалалтын албаны төлөвлөлт, сургалтын хэсгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, урамшууллыг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Г 2018.08.01-ний өдрөөс Аюулгүй байдал, хамгаалалтын албаны аюулгүй байдлын хэлтсийн даргаар хөдөлмөрийн 02/09 тоот гэрээ байгуулан ажилласан. Улмаар тус газрын 2019.01.09-ний өдрийн Б/12 дугаар тушаалтай холбогдуулан дээрх хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, Аюулгүй байдал, хамгаалалтын албаны төлөвлөлт, сургалтын хэсгийн даргаар 2019.11.05-ны өдөр хүртэл ажилласан. Тэр ажиллаж байх хугацаанд буюу 2019.06.21-ний өдөр Зам, тээвэр, хөгжлийн сайдын 187 тоот тушаалын 4 дүгээр хавсралтаар Иргэний нисэхийн дүрэм-140 /ИНД-140/ буюу “Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт”-ийг баталсан ба шинээр батлагдсантай холбогдуулан Г нь ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтоор хүлээсэн үндсэн зорилтын 3 дугаарт “ИНД-140 дүрмийн шаардлагын дагуу НБУГ-ын Аюулгүй байдал, хамгаалалтын үйл ажиллагааны зааврын боловсруулалт, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх, батлуулах ажлыг зохион байгуулах” гэсний хүрээнд: 3.1-д заасан ИНД-140-ийн шаардлагад нийцүүлэн аюулгүй байдлын эрх зүйн баримт бичгүүд, журам, зааврыг боловсруулах, нэмэлт өөрчлөлтийг оруулах, сурталчлан таниулах, тэдгээрийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, 3.2-т заасан Аюулгүй байдал, хамгаалалтын үйл ажиллагааны НД-140-ийн шаардлагад нийцүүлэн боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, батлуулах ажлыг зохион байгуулах, 3.3-т заасан “ИНД-140-ийн гэрчилгээг сунгуулах, шинээр авахтай холбоотой ажлыг зохион байгуулах, үзлэг шалгалтад бэлтгэх, хяналт тавих чиг үүргээ тус тус хэрэгжүүлээгүй байна. 2019.10.30-ны өдрийн Нисэхийн аюулгүй ажиллагааны зохицуулалтын албаны гэрчилгээжүүлэлтийн үзлэг шалгалтын нээлтийн хурлаар ИНЕГ-ын даргын 2019 оны А/757 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан төлөвлөгөөний хэрэгжилт хангагдаагүй, шаардлагатай баримт бичиг боловсруулагдаагүй, шинээр батлагдсан ИНД-140-ийн шаардлагыг хангах түвшинд НБУГ-ын Аюулгүйн хамгаалалтын ерөнхий заавар боловсруулагдаагүй нь Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны 2019.10.29-ний өдрийн 791/19 дугаар байцаагчийн дүгнэлт, ИНЕГ-ын дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны даргын 2019.10.30-ны өдрийн 03/3702 дугаар албан бичгээр нотлогдож, үүний улмаас Нисэхийн аюулгүй ажиллагааны зохицуулалтын албаны НБУГ-ыг гэрчилгээжүүлэх үзлэг шалгалт хойшилсон. Улмаар НБУГ-ын даргын 2019.11.01-ний өдрийн дугаар С.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тушаалаар 2018.08.01-ний өдөр байгуулсан 02/09 дугаар хөдөлмөрийн гэрээний 4.2.3.1-т “Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн бол” гэсэн үндэслэлээр ажлаас халсан нь үндэслэлтэй. ИНД-140-ийн шаардлагад нийцүүлэн 2019.12.13-ны өдөр НБУГ-ын аюулгүйн хамгаалалтын ерөнхий зааврыг даргаар батлуулж, Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба хүлээн зөвшөөрч, хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

С.Г нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэх буудлуудын удирдах газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, урамшууллыг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ сахилгын шийтгэлийг өмнө нь хэзээ, ямар үндэслэлээр хэдэн удаа хүлээсэн талаар баримтгүй, ноцтой зөрчил гаргаагүй, байцаагчийн дүгнэлтийг танилцуулж гарын үсэг зуруулаагүй, надаас хамаархгүй үндэслэлээр халсан гэж тайлбарлалаа.

 

Хариуцагч нь ажлын байрны тодорхойлолтын 3.1, 3.2, 3.3-т заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэж заасан, зөрчил нь дүгнэлт, баримтаар нотлогдсон гэж маргав.

 

С.Г нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Аюулгүй байдал, хамгаалалтын албаны аюулгүй байдлын хэсгийн даргаар ажиллахаар 02/09 тоот хөдөлмөрийн гэрээг хариуцагчтай байгуулан, гэрээний 4.2.3.1 дэх заалтад “ажилтан гэрээ болон дотоод журамд заасан үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүйгээс сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш биелүүлээгүй” гэх хэсэгт “ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн бол” ноцтой зөрчилд тооцохоор нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажилуулж байгаа этгээдийг ажил олгогч гэж, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг ажилтан гэж, 3.1.3-т нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хөдөлмөрийн гэрээ гэж тодорхойлжээ.

 

Талууд хөдөлмөрийн гэрээ, түүний нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээний хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн зүйлийн 23.2.2-т заасанд нийцүүлсэн байна.

 

Аюулгүй байдал, хамгаалалтын албаны хэсгийн дарга нь ажлын байрны тодорхойлолтын 3.1-д зааснаар ИНД-140-ийн шаардлагад нийцүүлэн аюулгүй байдлын эрх зүйн баримт бичгүүд, журам, зааврыг боловсруулах, нэмэлт өөрчлөлтийг оруулах, сурталчлан таниулах, хэрэгжүүлэх, мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, 3.2-т зааснаар аюулгүй байдал, хамгаалалтын үйл ажиллагааны НД-140-ийн шаардлагад нийцүүлэн боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, батлуулах ажлыг зохион байгуулах, 3.3-т зааснаар ИНД-140-ийн гэрчилгээг сунгуулах, шинээр авахтай холбоотой ажлыг зохион байгуулах, үзлэг шалгалтад бэлтгэх, хяналт тавих үүргийг хэрэгжүүлэхээр байна.

 

Улмаар ажил олгогч нь албан тушаалын нэршилд өөрчлөн С.Гыг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс С.Гыг Аюулгүй байдал, хамгаалалтын албаны төлөвлөлт, сургалтын хэсгийн даргын ажилд Б/12 дугаар тушаалаар ажиллуулах, 1170303-3 сүлжээгээр цалинжуулахаар дээрх гэрээнд мөн өдрөө нэмэлт оруулжээ.

 

Нисэх буудлуудын удирдах газар нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б\470 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 43.1, Хөдөлмөрийн гэрээний 4.2.3.1, Нисэх буудлуудын удирдах газрын дүрмийн 3.1.3 дах заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж,үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Ажилтан нь хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан үндэслэлийг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гарган, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

      

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулжээ.

 

Ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэхүй байхыг ойлгоно.

 

Талуудын тохиролцон байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.3.1-д заасан ажлын байрны тодорхойлолтоор ажилтан хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн ноцтой зөрчлийг гаргасан нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Зам, тээвэр, хөгжлийн сайд 2019.06.21-ний өдрийн 187 дугаар тушаалаар Нисэхийн салбарт гэрээгээр ажил гүйцэтгүүлэх нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор холбогдох байгууллагатай хамтран ажиллах, агаарын хөлгийн үзлэг, шалгалт хийх эрх олгох дүрмийг 4 дугээр хавсралтаар баталжээ.

 

Дээрх тушаалын 2 дахь заалтаар Иргэний нисэхийн багц дүрмийг мөрдөж хэрэгжүүлэх, хэрэгжилтэд үнэлгээ шинжилгээ хийх, шаардлагатай тохиолдолд боловсронгуй болгох ажлыг зохион байгуулан ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газарт /Л.Бямбасүрэн/ даалгасан байна.

 

Үүний дагуу 2019.09.20-ны өдрийн А/757 тоот тушаалаар үйл ажиллагааны заавар, журмыг батлагдсан төлөвлөгөөний дагуу, хүчин төгөлдөр үйлчилж байгаа шинээр болон шинэчлэн батлагдсан Иргэний нисэхийн дүрэмд нийцүүлэн боловсруулж батлуулах, мөрдөж ажиллахыг Нисэх буудлуудын удирдах газарт даалгаж, эрх зүйн баримт бичигт тусгагдсан нэр томьёо зөрчилдвөл хууль, хууль тогтоомжийн бусад акт гэсэн хууль зүйн хүчин чадлаар, дүрэм зөрчилдвөл сүүлд хүчин төгөлдөр болсон дүрмийг мөрдөж ажиллахыг харьяа алба, салбарт зөвлөжээ.

 

Энэхүү тушаалаар ИНД-140 “Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт”-д нийцүүлэн энэ дүрмээр гэрчилгээжсэн байгууллагын үйлчилгээ үзүүлэх аюулгүйн хамгаалттай аэродромын болон агаарны навигацийн байгууламжийн жагсаалтуудыг 2019.12.31-ний өдрийн дотор  боловсруулж батлуулахыг Нисэх буудлуудын удирдах газарт хариуцуулсан байна.

 

Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба нь 2019.10.29-ний өдөр Нисэх буудлуудын удирдах газрын Аюулгүй байдал, хамгаалалтын ерөнхий зааврын баримт бичгийн хяналт хийж, ИНД-140-ийн шаардлага хангаагүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж 791\19 дугаар улсын байцаагчийн дүгнэлт гарчээ.

 

Нисэх буудлуудын удирдах газарт А/757 тоот тушаалын хавсралтын 3 дугаарт заасан жагсаалтын боловсруулалт шаардлага хангаагүй үндэслэлээр буцааж байгаагаа ИНЕГ-ын дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны дарга нь 2019.10.30-ны өдрийн 03/3702 тоот албан бичгээр хариуцагчид мэдэгдсэн байна.

 

Дээрх улсын байцаагчийн дүгнэлт болон 03/3702 тоот албан бичгээр Аюулгүй байдал, хамгаалалтын албаны төлөвлөлт, сургалтын хэсгийн дарга С.Г нь хөдөлмөрийн гэрээний 4.3.2.1-д заасан үүргээ биелүүлээгүйг нотлохгүй байна.

Учир нь тухайн баримтуудаар нэхэмжлэгчийг үүргээ биелүүлээгүй талаар дүгнээгүй байх тул ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэхгүй юм.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь ажил олгогчид сөрөг үр дагаврыг бий болгосон болон гэрээгээр хүлээсэн үүрэгтээ харш үйлдэл, эс үйлдэхүй байсныг хариуцагч тал нотолж чадахгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

Тухайн тохиолдолд ажилтны гаргасан зөрчил нь тогтоогдоогүй байхад ажил олгогч ажилтныг ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь тушаал эрх зүйн хувьд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

 

Нөгөөтэйгүүр Аюулгүй байдал, хамгаалалтын албаны даргын 2019.08.29-ний өдрийн 01/242 тоот, 2019.09.02-ны өдөрийн 01/245 тоот албан бичгүүдээр ИНД-140-д нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хүргүүлж байснаар нэхэмжлэгчийн ажлаа зохих ёсоор биелүүлж байсан гэж үзэхэр байна.

 

Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2019.09.16-ны болон 2019.10.31-ний өдрүүдийн А/51, А/61 тоот тушаалаар батлагдсан тухайн ажлыг хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нэхэмжлэгчийг оруулаагүй нь түүний албан тушаалын хүрээнд ажлын байрны тодорхойлолтод заагдсан гүйцэтгэх үүрэг гэж хариуцагч тал тайлбарлаж байгаа боловч ИНД-140-т нийцүүлэн баримт бичиг боловсруулах ажлыг зохион байгуулаагүй гэх үндэслэл нь няцаагдсан гэж үзнэ. 

 

Түүнчлэн хариуцагч нь зохион  байгуулах ажил нь зөвхөн нэг хүний үүрэг гэж маргаж байгаа боловч ажил нь цар хүрээ ихтэйгээс гадна олон талын үүрэг оролцоог тодорхойлохоор байх бөгөөд энэ нь тухайн ажлыг бүрэлдэхүүнээр хийхээр Ажлын хэсгийг томилсон, бүрэлдэхүүнд Аюулгүй байдал, хамгаалалтын албаны төлөвлөлт, сургалтын хэсгийн мэргэжилтнүүд оролцсон, Ажлын хэсэг нь ИНД-140-ийн шаардлагад нийцүүлэн 2019.12.13-ны өдөр НБУГ-ын аюулгүйн хамгаалалтын ерөнхий зааврыг даргаар батлуулж, Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба хүлээн зөвшөөрсөн зэргээр хариуцагчийн татгалзлын үндэслэл үгүйсгэгдэж байна.

 

Иймд нэхэмжлэгчийг хариуцагч нь үндэслэлгүйгээр ажлаас халсан байх тул урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэжээ.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д заасанд нийцүүлэн нэхэмжлэгчид сүүлийн сард олгогдсон цалинг 2,929,480 төгрөгөөр тодорхойлж, өдрийн /2,929,480:22/ цалин олговорт 133,158 төгрөг байх ба ажилгүй байсан 3 сар 15 хоногоор /2,929,480х3+133,158х15/ тооцож, 10,785,813 төгрөгийг гаргуулав.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэжээ.

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/1071 дугаар тушаалаар өөрийн харьяа байгууллагуудын 2019 онд ажилласан үндсэн ажилтнуудад 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг олгосн байх тул нэхэмжлэгч нь энэхүү урамшууллыг авах эрхтэй тул нэхэмжлэгчийн 1 сарын цалин 2,929,480 төгрөгийг урамшуулалд тооцон олгохоор байна. 

 

Дээрх үндэслэлүүийг нэгтгээд С.Гыг Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэх буудлуудын удирдах газрын Аюулгүй байдал, хамгаалалтын албаны төлөвлөлт, сургалтын хэсгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин олговор, урамшуулалд /1,997,370+10,785,813+2,929,480/ нийт 13,715,293  төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч нөхөн төлөх үүрэгтэй тул баталгаажилт хийхийг даалгалаа. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид /70,200+202,436/ төлсөн 272,636 төгрөгийг орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгон, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас хураамжид 202,436 төгрөг гаргуулан орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2,  69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г ИНЕГ-ын НБУГ Аюулгүй байдал, хамгаалалтын албаны төлөвлөлт, сургалтын хэсгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор, урамшуулалд 13,715,292 /арван гурван сая долоон зуун арван таван мянга хоёр зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 272,636 төгрөгийг орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгон, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас хураамжид 202,436 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ