Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 378

 

  "Э т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам,

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар,

Үнэлгээний хороонд тус тус холбогдох

захиргааны хэргийн тухай

 

 Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:              Ч.Тунгалаг,  

Шүүгчид:                 Г.Банзрагч,

                                  Х.Батсүрэн,

                                  Б.Мөнхтуяа,

Илтгэгч шүүгч:       П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг,

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас байгуулсан Үнэлгээний хороонд холбогдуулан, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийн өөрт холбогдох хэсэг, 04 дугаар дүгнэлтийн 2 дахь хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас байгуулсан Үнэлгээний хороонд холбогдуулан, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1 дугаар “П” ХХК-тай хэлэлцээ хийхээр шийдвэрлэсэн шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох,

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдуулан, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2/12318 дугаар “гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэр, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Соёл, урлагийн байгууллагуудад тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг хууль бус байсан болохыг тус тус тогтоолгох 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0338 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0399 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, түүний өмгөөлөгч Л.Б, хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Т.С, хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М нарыг оролцуулж,

Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0338 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э т” ХХК-иас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №02 дугаартай “Тендерээс татгалзах тухай” дүгнэлтийн “Э т” ХХК-д холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №04 дугаартай үнэлгээний хорооны дүгнэлтийн 2 дахь хэсэг буюу шууд гэрээ байгуулахыг зөвлөмж болгохоор шийдвэрлэснийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Хариуцагч Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Үнэлгээний хороонд холбогдуулан “Соёл урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тухай” төсөл арга хэмжээ, Багц-2: техник хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны байгуулсан Үнэлгээний хорооны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №1 “П” ХХК-тай хэлэлцээ хийхээр шийдвэрлэсэн шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох, хариуцагч Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдуулан “Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2/12318 дугаар “гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Соёл, урлагийн байгууллагуудад тоног төхөөрөмж нийлүүлэх ТТ-2017/Х.1.3,16-02” дугаар гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0399 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0338 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

3. Хариуцагч Төрийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч “Э т” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичигт шаардсан шаардлага болон тендерийн хуулийн 14-16-д заасан шаардлагыг хангаагүйг Үнэлгээний хороо болон Сангийн яам дүгнэснийг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу хэрэглэсэн.

4. Нэхэмжлэгч “Э т” ХХК нь тендерийн хуулийн болон тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-д заасан хэд хэдэн заалтуудыг зөрчсөн байх бөгөөд анхан шатны шүүх зөв дүгнэсэн, давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьсан “Э т” ХХК-ийн тендерийн материалд үнэлэлт, дүгнэлт өгөлгүй шийдсэн нь буруу болжээ.

5. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А-1/3409 тоот албан бичгээр нэхэмжлэгч “Э т” ХХК-д хүргүүлсэн мэдэгдэлд тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 18.2(б)-д 2015 онд ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ, гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй нь шаардлагад нийцээгүй” гэж үзэн “Э т” ХХК-ийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

6. Давж заалдах шатны шүүх Үнэлгээний хороо X.1.3.16 “Соёл, урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тухай” төсөл, арга хэмжээний Багц-2: Техник хэрэгсэл нийлүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг хоёр удаа нээлттэй зарласан боловч шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул уг төсөл, арга хэмжээний 2, 3 дугаар багцад ТБОНӨХБАҮХАТХ-ийн 30 дугаар зүйлийн 30.4.3-т заасны дагуу шууд гэрээ байгуулах нөхцөл үүссэн, үүний дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам шууд гэрээ байгуулж, гэрээ байгуулсан компани нь тендерийн баримт бичигт заасан техник хэрэгслийг нийлүүлж, хүлээлгэн өгсөн зэргийг харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

7. Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл муутай, нэг талыг барьсан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн тул магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

9. Нэхэмжлэгч “Э т” ХХК нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас байгуулсан Үнэлгээний хороонд холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийн өөрт холбогдох хэсэг, 04 дугаар дүгнэлтийн 2 дахь хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас байгуулсан Үнэлгээний хороонд холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1 дугаар “П” ХХК-тай хэлэлцээ хийхээр шийдвэрлэсэн шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2/12318 дугаар “гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэр, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Соёл, урлагийн байгууллагуудад тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг хууль бус байсан болохыг тус тус тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрт шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар зэргийг тодорхой тусгах үүргээ анхан шатны шүүх биелүүлээгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

11. Тухайлбал, анхан шатны шүүхийн шийдвэрийн “үндэслэх” хэсэгт болсон үйл явдлыг тоочиж бичсэн атлаа “Сангийн яам эрх хэмжээний хүрээнд хянаад эцэслэн шийдсэн шийдвэр хүчин төгөлдөр байна” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийснээр шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагаас гаргасан захиргааны актыг хянах болохоос урьдчилан шийдвэрлэх ажиллагааны улмаас хянасан дээд шатны байгууллагын шийдвэрт дүгнэлт өгөхгүй, энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

12. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам  зөрчсөн буюу нэхэмжлэлийн үндэслэл тус бүрд эрх зүйн дүгнэлт хийгээгүй, өөрөөр хэлбэл хэргийн оролцогчийн маргаж буй үйл баримтыг шийдээгүй орхигдуулсан байна. Тодруулбал, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “тендерээс үндэслэлгүй татгалзсан, шууд гэрээ байгуулах нөхцөл үүсээгүй байхад шууд гэрээ байгуулах аргыг сонгож хууль зөрчсөн, өрсөлдөөнийг хязгаарласан шаардлага шаардсан, гэрээний үнийг нэмсэн, 5 хоногт гэрээ байгуулах байтал 2 хоногт гэрээ байгуулсан” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд тодруулж, тайлбарласан байхад шүүх ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй буруутай байна.

13. Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсэгт “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна” гэж заажээ.  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас байгуулагдсан Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр “Хурлын тэмдэглэл” хэрэгт авагдсан байна. Нэхэмжлэгчээс “Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийн шууд гэрээ байгуулахыг зөвлөмж болгохоор шийдвэрлэснийг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч “2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Үнэлгээний хорооны 04 дүгээр дүгнэлт” гэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

14. Шүүхийн шийдвэрийн “үндэслэх” хэсэгт ишлэл хэрэглэсэн байдлаас үзэхэд хавтаст хэргийн 238-240 хуудаст байгаа Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг нэхэмжлэгчийн хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн захиргааны акт гэж шүүхээс дүгнэсэн мэт боловч “4 дүгээр дүгнэлт” гэх захиргааны акт бодит байдалд байгаа бол хэрэгт нотлох баримтаар цуглуулах ажиллагаа хийгээгүй, хамгийн гол нь нэгэнт нэхэмжлэгчээс 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Үнэлгээний хорооноос гарсан шийдвэр буюу 02 дугаар дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан атлаа ижил агуулга бүхий уг хуралдааны 04 дүгээр Хуралдааны тэмдэглэлийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй, эдгээр шийдвэрүүд тус тусдаа ямар үр дагавар учруулах талаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагааг шүүхээс явуулаагүй байна.

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт зааснаар захиргааны гэрээний тухайд хүчингүй болгуулах, эсхүл илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах байна. Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгчээс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Соёл, урлагийн байгууллагуудад тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх заалттай хэрхэн уялдах   талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

16. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт заасныг буруу тайлбарласан, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт дүгнэгдсэн үйл баримт нь энэ хэргийн нэхэмжлэлийн үндэслэлээс ялгаатай байхад “шүүхээр дүгнэгдсэн асуудал” мэтээр дүгнэж, нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзсан нь буруу, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Нөгөө талаас, шүүх “Бн” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг болон энэхүү хэргийг нэгтгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байснаа дараа нь тусгаарлах захирамж гаргасан, тендер шалгаруулалтын адил багцад хамаарах, нэг хариуцагчтай хэргийг нэгтгэн шийдвэрлэх нь маргааны үйл баримтыг, тодруулбал нэг худалдан авах ажиллагааг нэгтгэн шийдвэрлэх бүрэн боломжтой болохыг цаашид анхаарах шаардлагатай болохыг тэмдэглэв.

17. Хариуцагч  Төрийн  өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгчийн тендер шаардлага хангаагүй болохыг Үнэлгээний хороо болон Сангийн яам дүгнэснийг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй, анхан шатны шүүх зөв дүгнэсэн, техник хэрэгсэл нийлүүлснийг анхаарч үзээгүй” тухай гомдол нь дээр дурдснаар няцаагдсан, анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн шийдвэрлээгүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцжээ.

18. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0399 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                   Ч.ТУНГАЛАГ      

       ШҮҮГЧ                                                                                            П.СОЁЛ-ЭРДЭНЭ