Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 228

 

А.А, О.М нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 466 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаар магадлалтай, А.А, О.М нарт холбогдох 1818007030483 дугаартай эрүүгийн хэргийг Дархан-Уул аймгийн прокурор Х.Баярмаагийн бичсэн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 2000 онд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, М овогт А-ны А,

2. Монгол Улсын иргэн, 1998 онд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин, хүнд механизмын засварчин мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Д овогт О-ийн М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх, хадгалах” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.А, О.М нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын тус бүрт 1 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, О.М нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар тэднийг согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, буруу зан үйл, зуршлаа арилгах албадлагын арга хэмжээ авч, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй” гэж өөрчлөн,  шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг мэдэгдсүгэй” гэсэн заалт нэмж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн хорих ял эдлэх дэглэм тогтоосон 3 дахь заалтыг хүчингүй болгон, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

Хяналтын шатны шүүхэд Дархан-Уул аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баярмаагийн бичсэн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр эсэргүүцэлд “Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч О.М, А.А нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт 1 жил хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор хохирол, хэрэг үйлдсэн нөхцөл байдал өөр өөр бөгөөд тухайлбал шүүгдэгч нар Эрүүгийн хуульд заасан 18 насанд хүрсэн боловч 21 насанд хүрээгүй, шүүгдэгч А.А нь 18 настай, оюутан, О.М нь 20 настай, ахуй амьдралын хувьд эхийн хамт амьдардаг, “Энержи ресурс” компанид ажиллаж байгаа, мөн тэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн талаар үнэн, зөв хүлээн мэдүүлж гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан хорих ял биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан тэнсэх боломжтой байна” гэж дүгнэж, шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хуульд заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис, хэрэглэхийг хориглох, буруу зан үйл, зуршлаа арилгах албадлагын арга хэмжээ авч, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх нь “сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах эм, тэдгээрийн түүхий эдтэй холбоотой гэмт хэрэг нь нийгмийн аюул, цаашид нөлөөлөх хор уршгийн хувьд ноцтой тул анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч нарт хуульд заасан ял оногдуулжээ” гэж тус тус дүгнэсэн атлаа шүүгдэгч нарыг өсвөр насны хүмүүс гэж үзэж, хуульд заасан ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх үндэслэлээс зөвхөн шүүгдэгчийн хувийн байдлыг илүүтэйд харгалзаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ялыг хөнгөрүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэсэн заалттай бүрэн нийцэхгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч О.М, А.А нарт холбогдох хэрэгт анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан хорих ял шийтгэсэн боловч давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, цаашид нөлөөлөх хор уршгийн хувьд ноцтой бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, хуульд заасан ял оногдуулсан гэж дүгнэсэн атлаа тэдэнд оногдуулсан хорих ялыг тэнссэн нь хоорондоо зөрчилдөж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн О.М, А.А нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч О.М, А.А нар нь 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинол агуулсан олсны ургамлыг худалдан борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.М, А.А нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж хадгалсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.М, А.А нарын үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн аюул, хор уршгийн хувьд ноцтой гэж дүгнэсэн атлаа тэдэнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж шийдвэрлэсэн нь агуулгын хувьд зөрчилтэй дүгнэлт гэж үзнэ.

Мөн шүүгдэгч О.М, А.А нар нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс 11.7 кг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бэлдмэл түүж бэлтгэсэн, хадгалсан байх бөгөөд энэхүү бэлтгэсэн ургамал нь олон хүн урт хугацааны турш хэрэглэх хэмжээний байгаа нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюул, учруулах хор уршгийг ихэсгэнэ.

Гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон үзэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй тохиолдолд хэргийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болохгүй боловч оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үздэг байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.М, А.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байна гэж дүгнэв.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 466 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч О.М, А.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон, тэднийг нэн даруй цагдан хорьж хорих ялыг биечлэн эдлүүлсүгэй.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН