Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 299

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Ц.Л, Б.Г /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б.Г, А овогт Ц.Л нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн .......... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Б овогт Б.Г /регистрийн дугаар:......./, 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн баяжуулагч мэргэжилтэй, “Дархан Нэхий” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ............... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

 

Монгол улсын иргэн, А овогт Ц.Л /регистрийн дугаар:......../, 1994 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, “Өгөөж гурил” ХХК-д ээлжийн мастер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ........... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

D:\shiitgeh togtool\Gantogoo nar-11.6-1 [1].docx

Шүүгдэгч Б.Г нь согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Gold” зочид буудлын гадна хувийн маргааны улмаас иргэн Ц.Лхамхүүг пивоны хагархай шилээр зүсч эрүүл мэндэд нь баруун гарын бугалган дахь шарх, баруун гарын шуу, хүзүү хоолой, цээжний зүүн хэсгийн зулгаралтууд бүхий хөнгөн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Ц.Л нь согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Gold” зочид буудлын гадна хувийн маргааны улмаас иргэн Б.Гантогоог зодож эрүүл мэндэд нь хамар ясны цөмрөл, баруун нүдний доод зовхи, шанаан дахь цус хуралт, дух хамар, баруун тохой, дагзны хуйхны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь шүүгдэгч Ц.Л, Б.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Г нь согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Gold” зочид буудлын гадна хувийн маргааны улмаас иргэн Ц.Л пивоны хагархай шилээр зүсч эрүүл мэндэд нь баруун гарын бугалган дахь шарх, баруун гарын шуу, хүзүү хоолой, цээжний зүүн хэсгийн зулгаралтууд бүхий хөнгөн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Ц.Л нь согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Gold” зочид буудлын гадна хувийн маргааны улмаас иргэн Б.Г зодож эрүүл мэндэд нь хамар ясны цөмрөл, баруун нүдний доод зовхи, шанаан дахь цус хуралт, дух хамар, баруун тохой, дагзны хуйхны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г: “...Гэм буруугийн тал дээр ямар нэг маргаан байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Л: “...Гэм буруугийн тал дээр ямар нэг маргаан байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Г мөрдөн байцаалтад 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ажлынхантайгаа буюу Дархан Нэхий ХХК-д ажилладаг хүмүүстэй хамт гадуур явж байгаад орой 22 цагийн орчим Дархан сумын 4 дүгээр багт байрладаг “Ок” бааранд ороод тэнд ууж сууж байгаад бааран дотор нэг эмэгтэйтэй танилцаад баар хаах үеэр нөгөө эмэгтэйгээ дагуулаад баарнаас гараад таксинд суух санаатай “Gold” нэртэй пабын гадна автобусны зогсоол дээр зогсож байснаа санаж байна. Тэгээд нэг мэдэхэд нэг залуутай маргалдаж байгаад газар байсан пивоны шил аваад замын хашлага дээр хагалаад нөгөө залууг айлгах санаатай ар талаас нь тэвэрч барьж байгаад уг залуугийн баруун гарын том булчин руу тулгаж барьж байгаад хатгачихсан. Тэгээд би хойшоогоо газар унаж байснаа санаж байна. ...Нэг мэдэхэд цусаа гоожуулчихсан тэр хавиар явж байхад цагдаа нар ирээд намайг авч эрүүлжүүлсэн. Надад шилээр зүсүүлсэн залуу хэлэхдээ чамайг над руу шил бариад дайраад байхаар нь би хэд хэдэн удаа чамайг цохисон гэж сүүлд нь надад хэлсэн. ...надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг[1],

 

-Хохирогч Ц.Л мөрдөн байцаалтад 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр орой 21 цагийн орчим найз Наранхүү, Дарханбаатарын хамт Дархан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Gold” нэртэй пабад ороод ганц нэг шил пиво уучихаад байж байтал манай 2 найзын эхнэрүүд нь дуудаад яваад өгсөн. Тэгэхээр нь би харих санаатай “Gold” пабны автобусны зогсоол дээр зогсож байтал нэг хүүхэн ирээд надаас цаг асуухаар нь би цаг алга байна гэж хэлчхээд зогсож байтал хамт явж байсан залуу нь чи цаг хэлчхэж болохгүй байна уу гээд надтай маргалдах гээд ирэхээр нь та зүгээр бай, харьж амар гээд цээж рүү нь түлхсэн чинь тэр ах орилж чарлаад газарт байсан пивоны шил аваад хагалаад миний баруун гарыг зүсчхээр нь би өөрийгөө хамгаалаад нүүр лүү нь гараараа нэг удаа цохичхоод баруун гарнаас цус гараад байхаар нь гараа хараад зогсож байтал тэр ах миний ар талд гараад намайг тэвэрч барьж байгаад ар шилэн хүзүүн  дээр шилээрээ зүсчихсэн. Тэгэхээр нь би доошоо сууж байгаад толгойгоороо хамар луу нь мөргөхөд тэр ах газар уначихсан. ...надад ямар нэгэн гомдол саналгүй.” гэх мэдүүлэг[2],

 

-Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны “...Ц.Л биед баруун гарын бугалган дахь шарх, баруун гарын шуу, хүзүү хоолой, цээжний зүүн хэсгийн зулгаралтууд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ц.Л биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 545 дугаар шинжээчийн дүгнэлт[3],

 

-Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны “...Б.Г биед хамар ясны цөмрөл, баруун нүдний доод зовхи, шанаан дахь цус хуралт, дух хамар, баруун тохой, дагзны хуйхны зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.Г биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 549 дугаар шинжээчийн дүгнэлт[4],

 

-Яллагдагч Ц.Л мөрдөн байцаалтад 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2019 оны 6 дугаар сарын 22-ны орой 21 цагийн орчим “Gold” пабд ороод тэнд жаал сууж ганц нэг шил пиво уучхаад ... харих санаатай автобусны буудал дээр зогсож байтал нэг хүүхэн ирээд надаас цаг асуухаар нь цаг алга байна гэж хэлчхээд зогсож байтал хамт явж байсан залуу нь чи цаг хэлэхэд юу нь болохгүй байна аа гээд надтай маргалдах гээд ирэхээр нь би та зүгээр бай харьж амар цээж рүү нь түлхсэн чинь тэр ах орилж чарлаад газар байсан пивоны шил аваад хагалаад миний баруун гарыг зүсэхээр нь би би өөрийгөө хамгаалаад нүүр лүү нь гараараа нэг удаа цохичхоод баруун гарнаас цус гараад байхаар нь гараа хараад зогсож байтал тэр ах миний ар талд гараад намайг тэвэрч барьж байгаад ар шилэн хүзүүн дээр шилээрээ зүсчихсэн. Тэгэхээр нь доошоо сууж байгаад толгойгоороо хамар луу нь мөргөхөд тэр ах газар уначихсан. Тэгэхэд нэг залуу ирээд  бид хоёрыг салгасан. ...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[5],

 

-Яллагдагч Б.Г мөрдөн байцаалтад 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2019 оны 6 дугаар сарын 22-ны орой ...”ОК” бааранд ороод ууж сууж байгаад нэг эмэгтэйтэй танилцаад баар хаах үеэр нөгөө эмэгтэйгээ дагуулаад баарнаас гараад ...автобусны зогсоол дээр зогсож байснаа санаж байна. Тэгээд нэг мэдэхэд нэг залуутай маргалдаж байгаад газар байсан пивоны шил аваад замын хашлага дээр хагалаад нөгөө залууг айлгах санаатай ар талаас нь тэвэрч барьж байгаад уг залуугийн баруун гарны том булчин луу нь тулгаж барьж байгаад хатгачихсан. Тэгээд би хойшоогоо унаж байснаа санаж байна. ...Ц.Л учирсан эдгээр гэмтлүүдийг би учруулсан. Тухайн үед пивоны шил хагалаад зүссэн юм.” гэх мэдүүлэг[6] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Л, Б.Г нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Ц.Л, Б.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун/ мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Ц.Л, Б.Г нар нь харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсны улмаас учирсан гэм хорын хохирлыг харилцан нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт шүүгдэгч Ц.Л, Б.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан,  битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн пивоны хагархай шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Б.Г, А овогт Ц.Л нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л, Б.Г нарт 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л, Б.Г нарт оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л, Б.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Л, Б.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн пивоны хагархай шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ИДЭР

 

 


[1] Хавтаст хэргийн 6-7 тал

[2] Хавтаст хэргийн 9-10 тал

[3] Хавтаст хэргийн 16-17 тал

[4] Хавтаст хэргийн 26-27 тал

[5] Хавтаст хэргийн 44-45 тал

[6] Хавтаст хэргийн 49-50 тал