Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/71

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч Д.Жаргалсайхан, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн Должинсүрэнгийн Жаргалсайханд холбогдох эрүүгийн 1717000540028   дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Гурвансайхан суманд 1965 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, MJB ХХК-д бутлуурчнаар ажилладаг, ам бүл 2, эхнэрийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, Тээвэрчдийн гудамж 18 тоотод оршин суух,  улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овгийн Должинсүрэнгийн Жаргалсайхан /РД:ЕЙ65030679/

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Д.Жаргалсайхан нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны орой Сүмбэр сумын 1 дүгээр баг нутаг дэвсгэрт байрлах Ганзам дэлгүүрийн орчим таксинд зорчин явсан иргэн Д.Дашдоржийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Жаргалсайхан нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг нутаг дэвсгэрт байрлах Ганзам дэлгүүрийн орчим таксинд зорчин явсан иргэн Д.Дашдоржийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Д.Жаргалсайхан мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

 

...2017 оны 10 сарын 3-ны өдөр ажил дээрээ байж байгаад орой 19 цагийн үед ажлаасаа тараад шүүхийн хажууд байдаг Сүхээ гээд өвгөнийд хамт ажилладаг Батдэлгэртэй 20 цагийн үед очсон. Бид 2 тэднийд очихдоо 0.5 литрийн Ерөөл архи Балданзасаг захын дэлгүүрээс орж аваад өвгөнийд орсон. Сүхээ өвгөн ганцаараа байсан. Бид 3 өвгөнийд ойролцоогоор 20-30 минут л болсон. Тэгээд бид 2 манайх руу явсан бөгөөд замаараа Дэлгэрэх дэлгүүр орж би мөнгөөрөө 0.5 литрийн Ерөөл архи аваад манайд 21 цагийн үед очсон байх цагаа сайн санахгүй байна. Манайд эхнэр Хорлоо ганцаараа байсан. Тэгээд би гэртээ ороод дэлгүүрээс 1 шил архиа Батдэлэг бид 2 хувааж уусан. Архи дуусаагүй байхад Батдэлэг явсан. Батдэлэг гэрээс гараад би алхахгүй таксинд сууна гээд бид 2 манай гэрээс урагш засмал зам руу явсан. Тэгээд засмал зам дээр гар өргөж такси зогсоох гээд бид зогссон. Би архи уугаад нилээн согтсон байсан. Одноогийн дэлгүүрийн хойд талд нэг засмал зам дээр нэг такси зогссон. Батдэлэгийг би дагуулж таксин дээр очиход Батдэлэг тэр таксинд буруу талын урд талд нь суусан. Харин би буруу талын хойд хаалгыг онгойлгоод дотор нь сууж явсан хүнийг цохиж байснаа санаад байгаа юм. Яагаад тэр хүнийг цохьсон гэдгээ би өөрөө ч мэдэхгүй гайхаад байгаа юм. Архины халуунд л ийм зүйл хийсэн байх гэж бодож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/

 

1.2. Хохирогч Д.Дашдорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

 

…2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би хөдөөнөөс Чойр дээр ирсэн. Манай Чойр дээр байдаг гэр Сүмбэр сумын 2 дугаар баг, Ханангийн 7 тоотод байдаг. Би хөдөөнөөс ирээд Төмөр замын вокзалын зүүн талын 2 давхар байранд өөрийн хамгийн бага хүү Лувсанжамцын хамт ах Бумцэрэнгийнд очсон. Манай ахын эхнэр Солонгос яваад ирсэн байсан. Бид нар нийлж 1 шил архи хувааж уучихаад хүүгээ дагуулаад тэднийхээс 22 цагийн үед гэртээ гараад засмал зам дээрээс такси бариад хүүгийнхээ хамт арын сандал дээр суусан. Зөв талдаа жолооны хүрдтэй эмэгтэй жолоочтой такси байсан. Таксинд жолоочоос гадна хүн байсан үгүйг би санахгүй байна. Өдөр нь архи уучихсан байсан болохоор би нилээн согтуу байсан. Тэгээд таксинд суугаад Ханангийн 7 тоотод очно гэж хэлчихээд хөдлөөд явж байтал түлэнхий Одноогийн дэлгүүрийн хойд талын засмал дээр өндөр нам 2 эрэгтэй такси зогсоох гээд гар өргөөд зогсож байсан. Тэгээд миний сууж явсан такси зогсоход өндөр нь жолоочийн хажуу талын суудалд суухад цуг явж байсан намхан нь миний сууж явсан талын хаалгыг нээгээд мэндийн зөрөөгүй миний хамар, амны хэсэгт 1 удаа, өвчүү цээжний орчимд 1 удаа цохисон. Миний зүүн доод 4 дүгээр шүд унасан. Тэгээд такси хөдлөөд хүү бид хоёрыг гэрийн гадаа буулгасан. Намайг цохисон хүн ногоон Жагай хочит Жаргалсайхан байсан... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 7-8 дүгээр хуудас/

 

1.3. Гэрч Д.Хорлоо мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2017 оны 10 дугаар сарын3-ны орой намайг гэртээ ганцаараа байж байхад манай нөхөр Жаргалсайхан хамт ажилладаг Батдэлгийн хамт 21 цагийн үед орж ирсэн. Орж ирэхдээ хоёулаа халамцуу архи үнэртүүлчихсэн байсан. Мөн тэр хоёр 1 шил 0.5 литрийн Ерөөл архитай ирээд хувааж ууж байгаад талыг нь уулгүй үлдээгээд Батдэлэг гэртээ харьлаа гээд манай нөхөр түүнийг гаргаж өгнө гээд 22 цаг 15 минут болж байхад гарч яваад 22 цаг 35 минутанд орж ирээд унтаад өгсөн. Тэгээд шөнө унтаж байтад 01 цаг өнгөрч байхад 2 цагдаа ирээд манай нөхрийг хүн зодсон байна гээд аваад явсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9 дүгээр хуудас/

                                                       

1.4. Гэрч А.Батдэлгэр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Төмөр замын баруун талын жоншин дээр ажиллаж байгаад орой 20 цаг өнгөрч байхад ажил тараад хамт ажилладаг Жаргалсайханы хамт Сүхээ гэдэг ахынд очсон. Очихдоо бид 2 дэлгүүр орж 1 шил 0.5 литрийн Ерөөл нэртэй авч очиж бид 3 хувааж уусан. Тэднийхээс гараад Жаргалсайханых руу хамт очсон. Мөн тэднийд очих замдаа Жаргалсайхан бид 2 Дэлгэрэх дэлгүүр орж 1 шил архи аваад очсон. Тэднийд ганцхан эхнэр нь байсан. Бид 2 дэлгүүрээс авсан архиа хувааж ууж байгаад дуусалгүй үлдээгээд би гэртээ харихаар болоод 22 цагийн үед явсан. Тэгэхэд Жаргалсайхан намайг гаргаж өгнө гээд бид 2 тэдний урд талын засмал зам дээрээс гар өргөөд цагаан саарал өнгийн машин зогссон. Тэр машиныг зогсохоор нь би урд талд нь суусан. Тэгээд хөдлөөд явсан Жаргалсайханыг хүнд зодсон талаар би огт мэдээгүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10 дугаар хуудас/

 

1.5. Насанд хүрээгүй гэрч Д.Лувсанжамц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Төмөр замын П байранд хамаатны ах Бумцэрэнгийнд очсон. Тэднийд очоод манай аав Бумцэрэн ах, Нараа эгч нар нийлж архи уусан. Хэдэн шил архи уусныг нь би сайн мэдэхгүй байна. Аав нилээн согтсон. Тэгээд аав бид 2 тэднийхээсээ 22 цагийн үед харихаар гараад таксинд суусан. Таксинд жолоочоос өөр хүн байгаагүй. Аав бид 2 арын суудал дээр суугаад хөдлөөд явж байтал Одноогийн дэлгүүрийн ард харалдаа засмал зам дээр 2 эрэгтэй хүн гар өргөөд зогсож байгаа харагдсан. Тэгээд жолооч зогсоход нэг хүн нь жолоочийн хажуугийн суудал дээр суусан харин нөгөөдөх нь аавын сууж явсан талын хаалгыг онгойлгоод шууд үгийн зөрөөгүй ямар нэгэн үг хэлэлгүйгээр шууд 2 удаа гараараа цохичихоод яваад өгсөн. Тэгээд гэртээ ороод харахад нэг шүд унасан хамрынх нь хэсэгт хавдсан байсан. Аав надад намайг цохисон хүн ногоон Жагай байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11 дугаар хуудас/

 

1.6. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дүгээр сарын 06-ны өдрийн 354 дугаартай дүгнэлтэд: 

- Д.Дашдоржийн биед зүүн доод 4-р шүдний уналт, нуруу , өвчүү орчимын зөөлөн эдийн няцрал  гэмтэл учирчээ.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.

- Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Хамрын нуруу, өвчүү орчмийн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 15 дугаар хуудас/

 

Иймд шүүгдэгч Д.Жаргалсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Шүүгдэгч Д.Жаргалсайханд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

2.1. Гэрч Л.Ягаанчимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Жаргалсайхан эхнэр 2 хүүхэдтэй, 2 хүүхэд нь том болоод тусдаа гараад явчихсан одоо эхнэрийн хамт амьдардаг. Манай талийгаач нөхрийн төрсөн эгч Хорлоотой суусан хүн байгаа юм. Жаргалсайхан нь үг дуу цөөтэй. Даруу төлөв зантай, хүний үгнээс гардаггүй, элдэв янзын муухай аашгүй хүн юм гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12 дугаар хуудас/

2.2. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дүгээр хуудас/

Шүүгдэгч Д.Жаргалсайхан нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Иймд шүүгдэгч Д.Жаргалсайханы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Жаргалсайхан нь MJB ХХК-д бутлуурчнаар ажилладаг сарын 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгний цалинтайг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Жаргалсайхан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол уг ялын ажлын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Жаргалсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2  дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овгийн Должинсүрэнгийн Жаргалсайхан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Жаргалсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Жаргалсайхан нь 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.Жаргалсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Д.Жаргалсайхан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Жаргалсайханд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ЭНХМАНДАХ