Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/08

 

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

Прокурор Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Б.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Н,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхбат нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/36 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч П.Н гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Б холбогдох 2017001930063 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны  05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурийн  илтгэснээр  хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 оны 06 дугаар сарын 16-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, - тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дорноговь аймгийн Чойр дахь сумын шүүхийн 1993 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 25000 төгрөгийн торгох ялаар,

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 81 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 74 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар,

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр 2 сарын баривчлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоосон,

- Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2018/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн 1 жилийн хугацаанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан,

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн гэх Б овогт Б Б /РД: /,

Монгол Улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 07-нд Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, Т ХХК-ийн т үйлчилгээний компанид жолооч ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, - дугаар хороо, - дугаар гудамжны - тоотод оршин суух, урьд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 1996 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 419 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 460 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Өршөөлийн хуулиар үлдэх ялыг өршөөн хэлтрүүлсэн,

- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн гэх Б овогт Н Н, /РД: -/

   Яллагдагч Б.Б нь Н.Н бүлэглэж 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаан худаг гэх газраас иргэн Н.Э 4 тооны хонь 3 тооны ямаа нийт 7 тооны бог малыг 19-02 улсын дугаартай - маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 700 000 төгрөгийн хохирол учруулсан,

 Мөн яллагдагч Б.Б нь Б.Н бүлэглэж 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэр Өехий цагаан өндөр гэх газраас буюу бэлчээр дээрээс нь иргэн Ц.Т 8 тооны хонь буюу олон тооны бог малыг иргэн Н.Х өмчлөлийн 23-89 улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Н.Н нь Б.Б бүлэглэж 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаан худаг гэх газраас иргэн Н.Э 4 тооны хонь 3 тооны ямаа нийт 7 тооны бог малыг 19-02 улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 700 000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн яллагдагч Н.Н нь Б.Б бүлэглэж 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэр Өехий цагаан өндөр гэх газраас буюу бэлчээр дээрээс нь иргэн Ц.Т 8 тооны хонь буюу олон тооны бог малыг иргэн Н.Х өмчлөлийн 23-89 улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Б.Н, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Б Б олон тооны малыг, бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овгийн Н Н олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б овгийн Б Б 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б овгийн Н Н 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг,

шүүгдэгч Н.Н оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Шүүгдэгч Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримт, иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б 350 000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Э,

шүүгдэгч Б.Б 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Т тус тус олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б, Н.Н нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан маркийн 19-02 дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 6 420 000 /зургаан сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг,

маркийн 23-89 дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 5 500 000 төгрөгийг шүүгдэгч Б.Б, Н.Н нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс нийт 5 960 000 /таван сая есөн зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц маркийн 23-89 дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 58 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг тээврийн хэрэгслийг - дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт өмчлөгч Н.Х,

маркийн 19-02 дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг тээврийн хэрэгслийг - дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт өмчлөгч - тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шүүгдэгч Н.Н өмгөөлөгч Х.У 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалж,

Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Н.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б өмгөөлөгч П.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Эрүүгийн 2017001930063 дугаартай Б.Б холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Говьсүмбэр аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/36 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч үүгээр гомдол гаргаж байна. Учир нь шүүгдэгч Б.Б нь анхан шатны шүүхэд өөрийн үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохирлын тодорхой хэсгийг төлж барагдуулан үлдсэн хэсгийг төлж барагдуулахаа бичгээр илэрхийлж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад хамрагдахыг хүссэн.

Гэтэл шүүхээс хохирлоо төлөхөө хангалттайгаар илэрхийлээгүй гэж үзэн хорих ял оногдуулсанд гомдолтой байна.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан. Өршөөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан ... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 7 дугаар зүйлийн 7.2-т “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан эрүүгийн хуульд заасан .../Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт/, “Мал хулгайлах” ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж тус тус заасан байна.

Б.Б нь бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болно.

Иймээс түүнийг Өршөөлийн хуулийн дээрх зохицуулалтад хамруулж өгнө үү гэжээ.

Прокурор Т.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Эрүүгийн 2015001230063 дугаартай Б.Б, Н.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэлэлцээд 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Б, Н.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Б.Б 2 жил 6 сарын хугацаагаар, Н.Н 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэх үед Б.Б нь хохирогч Э 350 000 төгрөг, Т 150 000 төгрөгийн төлбөртэй бөгөөд хохирол төлбөрөө барагдуулаагүй байсан. Хэдийгээр Б.Б зүгээс дээрх хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн боловч дээрх илэрхийлэл нь бодитой бус байсан тул анхан шатны шүүхээс хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна гэж үзэж байгаа. Харин анхан шатны шүүхээс хорих ял оногдуулсны дараа хохирлоо төлж барагдуулан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах хүсэлтэй байна гэж байгаа хэдий ч Б.Б нь Н.Н бүлэглэж 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө машин механизм ашиглаж, бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн. Түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж үзэж байгаа. Иймд шүүгдэгч Б.Б оногдуулсан 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Б.Б өмгөөлөгч П.Н гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.  3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Н.Н, Б.Б нарт холбогдох  хохирогч Н.Э 7 бог, Ц.Т 8 бог буюу олон тооны мал хулгайлсан хэргийг шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан гэж үзэх үндэслэлтэй ба анхан шатны шүүх хэргийг хавтаст хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Мөн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль зөрчсөн асуудал байхгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б, Н.Н нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2020 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг Улаан худаг гэх газраас Н.Э 4 хонь, 3 ямаа нийт 7 бог хулгайлж 700000 төгрөгний хохирол,

2020 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүмбэр сумын нутаг Өехий цагаан гэх газраас Ц.Т 8 хонь буюу олон тооны мал хулгайлж 1200000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хохирогч Н.Э “ ...малаа тоолж үзэхэд 7 тооны мал дутсан. ... хонь ямаа гэж ялгаж тоолдоггүй “ /2хх12-13/

Хохирогч Ц.Т  “ ...саахалт айлын ...хүн...танайхаас дандаа хонь голдуу тасарчихсан ...байна гэсэн. ... хонио тоолж үзэхэд 8 хонь дутсан “ /1 хх30-32/

Гэрч Э.А “ ... хонины мах авчирсан байсан “

Гэрч Ц.Э “ ... манай охины хадам ээж ... Н 8 дугаар сараас эхлээд ...байнга хонь, ямаа арьстай нь авчирч байдаг “

Гэрч Н.У “ ... манай хашаанд манай ээж Н, түүний найз Б ах нар ирсэн байсан. Тухайн үед 7-8 тооны хонь авчирсан “

 Гэрч  Д.Г “ ...10 хүрэхгүй бага юм байсан, 800000 төгрөг болж байсан байх, хонь ямаа байсан шиг санаж байна “

Гэрч З.Ц-Ө “...5 хонь, 3 ямаа байсан байх, одоогоор санахгүй байна “ гэх мэдүүлгүүд, хэргийн газрын болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтууд болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг үйлдлээрээ нэгдэн бүлэглэж үйлдсэн гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь зөв байна.

 Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн бөгөөд шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т  зааснаар ял шийтгэл оногдуулсан  нь хэргийн зүйлчлэлийн хувьд тохирсон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн  байна гэж үзлээ.

            Мөн дээрх зүйлчлэлээр шүүгдэгч Б.Б 2 жил 6 сар, шүүгдэгч Н.Н 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслүүдийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгохоор, шүүгдэгч Б.Б хохиролд  мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн нь ял шийтгэлийн хувьд тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хор уршигт тохирсон байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг Өршөөлийн хуульд хамруулах эсэх асуудалд үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Н хувьд урьд нь өршөөлийн хуульд хамрагдсан, шүүгдэгч Б.Б хувьд хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн ч уг илэрхийлэл нь бодитой биелэгдэх болохыг нотлох баримтаар нотлоогүй гэсэн үндэслэлүүдээр өршөөлийн хуульд хамруулаагүй нь шүүх тухайн  хуулийг зөрчөөгүй  гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Б.Б өмгөөлөгч нь “ ... шүүхээс хохирлоо төлөхөө хангалттайгаар илэрхийлээгүй гэж үзэн хорих ял оногдуулсанд гомдолтой. ...одоогийн байдлаар Б.Б  нь бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болно. ...өршөөлийн хуульд хамруулж өгнө үү” гэсэн агуулгаар давж заалдсан.

Дээрх давж заалдсан гомдлын “ ...хорих  ял оногдуулсанд гомдолтой “гэсэн хэсгийн хувьд анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б хохирлоо төлөхөө илэрхийлсэн илэрхийлэл нь тухай нь үедээ нотлох баримтаар  нотлогдоогүй байсан гэж үзэн өршөөлд хамруулаагүй нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлын энэ хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй  гэж үзэв.

Харин гомдлын “ ...өршөөлд хамруулж өгнө үү “ гэсэн хэсгийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь шүүгдэгч Б.Б нь анхан шатны шүүх түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө төлж барагдуулсан, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн ба түүнийг бусдад төлөх төлбөргүй буюу хохирлоо төлж барагдуулсан гэж үзэх боломжтой болсон байх тул давж заалдах шатны шүүхээс өршөөлд хамруулах боломжтой гэж үзлээ.        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:     

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/36 дугаар шийтгэж тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын “...хорих ял оногдуулсанд гомдолтой “ гэснийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Б.Б анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг мөн хугацааны зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Б Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, уг ялд хяналт тавих үүргийг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  цагдан хоригдсон 45 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдэж  тус тус шийдвэрлэсүгэй.

 3. Шүүгдэгч Б.Б шүүх хуралдааны танхимаас сулласугай.

4. Анхан болон давж шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

........................ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ.................................О.ОДНЯМАА

 

........................ШҮҮГЧИД.................................................Х.БАЙГАЛМАА

 

..........................................................................................Г.ТЭГШСУУРЬ