Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 360

 

“У Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Сонгинохайран дүүргийн Засаг дарга,

Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:              Б.Мөнхтуяа, 

Шүүгчид:                  Л.Атарцэцэг

                                  Г.Банзрагч

                                  Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:        П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг,

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/377 тоот захирамжийн Ц.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны “У Н” ХХК-ийн газар эзэмших хүсэлтийг хуульд нийцүүлж шийдвэрлээгүй эс үйлдэхүйг тогтоолгох, “У Н” ХХК-ийн өргөдөлд дурдсан 1680 м.кв газар эзэмших хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0238 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0318 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, А.Э, Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Д.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0238 дугаар шийдвэрээр:  Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “У Н” ХХК-ийн гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/377 тоот захирамжийн Ц.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны “У Н” ХХК-ийн газар эзэмших хүсэлтийг хуульд нийцүүлж шийдвэрлээгүй буруутай үйлдлийг тогтоолгох, “У Н” ХХК-ийн өргөдөлд дурдсан 1680 м.кв газар эзэмших хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0318 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 238 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг "Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.2, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “У Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/377 дугаар захирамжийн Ц.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх шаардлага болох “Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны “У Н” ХХК-ийн газар эзэмших хүсэлтийг хуульд нийцүүлж шийдвэрлээгүй буруутай үйлдлийг тогтоолгох, “У Н” ХХК-ийн өргөдөлд дурдсан 1680 м.кв газар эзэмших хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “хэвээр үлдээсүгэй” гэснийг “хэвээр үлдээж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газрын алба тус бүрээс 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “У Н” ХХК нь газар эзэмших хүсэлт өгснийг 2014 онд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд байхгүй байсан тул Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд “газар олгох боломжгүй” талаар 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 651 дугаар албан бичгээр дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгодог тухай хариу өгч асуудлыг шийдвэрлэсэн.

4. “У Н” ХХК нь 2014, 2016 онд хаана байршилтай, ямар газрын эрхийг баталгаажуулах хүсэлт өгсөн нь тодорхойгүй, хүсэлт болон хавсаргасан баримт нь дүүргийн газрын албанд байдаггүй бөгөөд иргэн Ц.А-д хуулийн дагуу олгосон гэх газар нэхэмжлэгч хүсэлт өгч байсан гэдэг нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүй. “У Н” ХХК нь хүсэлт гаргасныг тухай бүрд нь шийдэж хариу өгч байсан нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэсгүй.

5. Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 8/5 дугаар тогтоолоор баталсан Сонгинохайрхан дүүргийн 2015 оны Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд Сонсголон 20-р хорооны нутаг дэвсгэрт худалдаа үйлдвэрлэлийн зориулалтаар газар олгохоор тусгасны дагуу Газрын тухай хуулийн 21.5.3-т заасан хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/377 тоот захирамж гаргасан тул Газрын тухай 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

6. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасан хүсэлтдээ хаана байршилтай, хэдий хэмжээний газрыг ямар байдлаар /эзэмших/ авах гэж байгааг, мөн хүсэлт гаргагч регистрийн дугаараа бичиж иргэний үнэмлэхээ хавсаргаж өгсөн нь хувийн хэрэгт авагдсан байдаг. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т зааснаар өргөдөлд хавсаргасан баримт бичгийг шалгаж шаардлага хангасан нөхцөлд бүртгэлд авч, бүртгэл хяналтын карт хөтлөн хороо хариуцсан байцаагч зохих журмын дагуу шалгасны дараа эзэмшүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэж хариу өгдөг. Бичиг баримт дутуу бол бүртгэлд авахаас татгалзаж энэ тухай албан бичгээр хариу өгдөг ба бүрдэл хангагдсан байсан тул бүртгэлд авч дээрх газар нь бусдын эзэмшилтэй давхцалтай эсэхийг шалгаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй.

7. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д заасан хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/377 тоот захирамж гарган Ц.А-д газар олгосон. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33 дугаар зүйлийн 33.5-д заасан хуулийн болон Засгийн газрын тогтоолоор баталсан журмын заалтуудыг тус тус зөрчөөгүй. Учир нь Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 8/5 дугаар тогтоолоор баталсан Сонгинохайрхан дүүргийн 2015 оны Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд дээрх маргаан бүхий газрыг дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулан олгохоор заагаагүй байсан.

8. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Өмч газрын харилцааны албанд 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Ц.А нь аж ахуйн зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан газар нь Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 8/5 дугаар тогтоолоор баталсан Сонгинохайрхан дүүргийн 2015 оны Газар зохион байгуулалтын ерөнхий телевлөгөенд тусгагдсан газар байсан. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн заалтыг зөрчөөгүй тул Газрын тухай хуулийн 21.5.3-т заасан эрх хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/377 тоот захирамж гарган иргэн Ц.А-д олгосон билээ.

10. Ийнхүү дүүргийн Засаг дарга хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд газар олгосныг шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэсгүй бөгөөд “У Н” ХХК нь 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр газар баталгаажуулах хүсэлт гаргасан нь Газрын албаны бүртгэлийн дэвтэрт авагдаж, 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 651 дугаар албан бичгээр “газар эзэмших эрх олгох боломжгүй байна” гэсэн хариу өгсөн байдаг.

11. Учир нь өргөдөл гаргасан гэх боловч Газрын албаны архивт өргөдөл хүсэлт хавсаргасан баримт материал байдаггүй ба 2014 онд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд байхгүй байсан тул Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд газар олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн. “У Н” ХХК дээрх албан бичгийг аваад дээд шатны Засаг даргад гомдол гаргаагүй, энэ асуудлаар шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

12. “У Н” ХХК-д 2016 оны 4 дүгээр сарын 06-ний 433 дугаар албан бичгээр “2016 оны Газар зохион байгуулалтын Ерөнхий төлөвлөгөөнд /инженерийн шугам сүлжээ бүхий 1-р бүс/-д шинээр аж ахуйн нэгж байгууллагуудад газар эзэмшүүлэхээр тусгагдаагүй байгаа тул Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн өмчийн харилцааны газраар шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариу өгсөн албан бичиг байдаг. Энэ хариу шийдвэрийг аваад дээд шатны Засаг даргад гомдол гаргаагүй. Гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

13. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасныг зөрчөөгүй. Хавтас хэргийн 74 дүгээр хуудсанд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 8/5 дугаар тогтоолоор баталсан Сонгинохайрхан дүүргийн 2015 оны Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, 86 дугаар хуудсанд авагдсан хавсралт 5-ын 4 дэх заалтад Сонсголон 20-р хорооны нутаг дэвсгэрт худалдаа үйлдвэрлэлийн зориулалтаар газар олгохоор тусгасны дагуу Газрын тухай хуулийн 21.5.3-т заасан дүүргийн Засаг даргад хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/377 тоот захирамж гаргасан тул дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

14. Иргэн Ц.А нь аж ахуйн зориулалтаар газар хүссэн өргөдөлдөө тухайн байршлыг харуулсан тойм зургаа хавсаргасан бөгөөд Газрын алба нь Газрын тухай хуулийн З2 дугаар зүйлийн 32.4-д зааснаар баримт бичгийн шаардлага хангасан байсан тул бүртгэлд авч, зохих журмын дагуу шалгасны эцэст 6 сарын дараа Ц.А-д эзэмшүүлэхээр захирамж гарч шийдвэрлэсэн. Ингээд уг хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зааснаар эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгүүлж, газрын хувийн хэрэгт хавсаргаснаар тойм зургийг эргүүлэн өгсөн ба гэрээнд заасан газрын төлбөрөө өнөөдрийг хүртэл төлсөөр ирсэн болно.

15. “У Н” ХХК нь Ц.А-ийн эзэмшлийн газарт хашаа хатгахаар очихоор элдвээр дайрч давшлан хашаа бариулахгүй байсаар 2017 оны хавраас дураараа өөрсдөө хашаа барьж эхлэхэд нь Газрын албанд хандаж, газар чөлөөлүүлэх мэдэгдэл 2 ч удаа өгч байсан ба энэ талаар нотлох баримт хэрэгт авагдсан билээ.

16. Ц.А-д олгосон дээрх газар нь 2015 оны Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулахаар заагаагүй газар тул Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг зөрчөөгүй. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д заасан хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/377 тоот захирамж гарган Ц.А-д газар олгосон хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүйгээр хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр болсон тул шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалын 1 дэх заалтын анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ

ХЯНАВАЛ:

17. Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ

18. Нэхэмжлэгч “У Н” ХХК нь 3200 мкв газар эзэмших эрхтэй бөгөөд түүний зэргэлдээ орших 1680 мкв газрыг нэмж эзэмших хүсэлтийг захиргааны байгууллагад хоёр удаа гаргасан боловч “дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар шийдвэрлэх” үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Гэтэл захиргааны байгууллага уг газрыг 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн захирамжаар ямар нэгэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зарлалгүйгээр гуравдагч этгээд Ц.А-д эзэмшүүлж, хууль зөрчсөн, энэ талаар давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ

19. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хэрэгцээний зориулалт, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар газар эзэмшүүлэхээс бусад зориулалтаар газар эзэмшүүлэх тохиолдолд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмыг хэрэглэж, газар эзэмшүүлэх байна. Энэ тохиолдолд гуравдагч этгээдийн газар эзэмших зориулалт нь “аж ахуйн зориулалт” буюу дээрх хуульд нэрлэн зааснаар “бусад зориулалт” гэдэгт хамаарч байхад захиргааны байгууллага нь дуудлага худалдаа зохион байгуулах үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна.

20. Түүнчлэн маргаан бүхий А/377 дугаар захирамжаар “хүний үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж, ашиглалтгүй үлдсэн газрыг нөхөн сэргээсэн” гэх үндэслэлээр гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, уг газар нь эвдрэлд орж, ашиглалтгүй болсон газар биш байсан зэргээр гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захирамж хууль зөрчсөн, хуулийн дагуу газар эзэмших эрх гуравдагч этгээдэд үүсээгүй байна.

21. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “2014 онд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд уг газар нь тусгагдаагүй байсан тул Засаг дарга газар олгох боломжгүй” тухай гомдол үндэслэлгүй бөгөөд шүүхээс “нэхэмжлэгчид 2014 онд хүсэлт гаргахад газар эзэмшүүлэх байсан” гэж захиргааны байгууллагыг буруутгаагүй, нэхэмжлэгчийн хүсэлтэд тухай бүр хариу өгч, шийдвэрлэж байсан, өргөдөл шийдвэрлээгүй эс үйлдэхүйг захиргааны байгууллага гаргаагүй болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, гагцхүү нэгэнт 2015 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг бусдад эзэмшүүлэхдээ Газрын тухай хууль зөрчсөн, тухайлбал дуудлага худалдааны зарчмыг хэрэглээгүй, ийнхүү зохих журмын дагуу газар эзэмшүүлэх ажиллагаа явагдаагүйгээр нэхэмжлэгчийн дуудлага худалдаанд оролцох эрх зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болно.

22. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлэх журмыг тодорхой заасан тул захиргааны байгууллага энэ дагуу газар эзэмшүүлэх үүрэгтэй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “дүүргийн 2015 оны Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд дээрх маргаан бүхий газрыг дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулан олгохоор заагаагүй байсан” гэсэн гомдол үндэслэлгүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заасан газар эзэмшүүлэх журам нь хуульд нийцсэн байх шаардлагатай.

23. Хариуцагчийн “нэхэмжлэгч нь 2014, 2016 онд хаана байршилтай, ямар газрын эрхийг баталгаажуулах хүсэлт өгсөн нь тодорхойгүй, хүсэлт болон хавсаргасан баримт нь дүүргийн Газрын албанд байдаггүй” тухай гомдол нь хэрэгт авагдсан баримтаар няцаагдсан, гэрчээр мэдүүлэг өгсөн Газрын албаны ажилтан Ю.О-ийн мэдүүлгээр нэхэмжлэгчийн эзэмшихийг хүссэн газар нь гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газар мөн болох нь тогтоогдсон байна.

24. Гуравдагч этгээдийн “хуулийн дагуу газар эзэмшсэн, бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх хуулийн шаардлагыг хангасан” тухай гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, дээр дурдснаар гуравдагч этгээд нь аж ахуйн зориулалтаар газар эзэмшихдээ дуудлага худалдааны журмаар газар эзэмших эрх үүсэх хуулийн зохицуулалттай, дуудлага худалдаанд оролцохоор хүлээж байгаа бусад этгээдийн эрхийг зөрчиж, газрыг шууд эзэмших эрхгүй, газар эзэмших арга журам хүн бүрт адилхан үйлчлэх зарчимтай. Иймээс нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тухайд хэн аль нь дуудлага худалдаанд оролцох замаар маргаан бүхий газрыг эзэмших эрх нь нээлттэй байна.

25. Гуравдагч этгээдийн “нэхэмжлэгч захиргааны байгууллагаас хариу аваад дээд шатны байгууллагад гомдол гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн” гэх гомдлын тухайд хариуцагчийн хариу хуульд нийцсэн буюу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулахыг нэхэмжлэгч тал хүлээж байсан тул нэхэмжлэгчийг дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргах байсан гэж буруутгахгүй, хөөн хэлэлцэх хугацааны асуудал хэрэгт ач холбогдолгүй учраас дээрх гомдол үндэслэлгүй юм.

26. Эдгээр үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0318 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                    Б.МӨНХТУЯА      

   ШҮҮГЧ                                                                                          П.СОЁЛ-ЭРДЭНЭ