Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 363

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/00363

 

 

Г.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/03451 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.БХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч И.Д ХХК-д холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 59 044 652 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүрийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: И.Д ХХК нь Голомт банктай 2018 оны 01 сарын 18-ны өдөр ЗГ1905120182 тоот зээлийн гэрээг байгуулж 20 000 000 төгрөгийг жилийн 8.4 хувийн хүүтэй, 19 сарын хугацаатайгаар, 2018 оны 01 сарын 18-ны өдөр ЗГ1905120183 тоот зээлийн гэрээг байгуулж 60 000 000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар тус тус зээлж авсан. ЗГ1905120182, ЗГ1905120183 тоот зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож ЗБ1905120183 тоот ипотекийн гэрээгээр Б.Оюунцэцэгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203024229 дугаартай Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, ХД-37 дугаар байрны 10 тоот хаягт байршилтай 78,6 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. ЗГ1905120182 тоот зээлийн гэрээний хугацаа нь 2019 оны 08 сарын 10-ны өдөр дууссан бөгөөд 2019 оны 10 сарын 10-ны өдрийн байдлаар 303 хоногийн хугацаа хэтрэлт үүссэн бөгөөд үндсэн зээлд 9 473 684.30 төгрөг, үндсэн хүүд 730 411.79, нэмэгдүүлсэн хүүд 80 093.60 төгрөг нийт 10 284 189 төгрөгийн үлдэгдэлтэй байна. ЗГ1905120183 тоот Зээлийн гэрээний хугацаа нь 2022 оны 01 сарын 10-ны өдөр дуусах боловч 2019 оны 10 сарын 10-ны өдрийн байдлаар 182 хоногийн хугацаа хэтрэлт үүссэн бөгөөд үндсэн зээлд 42 215 563.02 төгрөг, үндсэн хүүд 6 401 984.69, нэмэгдүүлсэн хүүд 142 915.07 төгрөг нийт 48 760 462.78 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Г.Бнь ЗГ1905120183 тоот зээлийн гэрээний 4.2.1-т заасныг үндэслэн Банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1-т тус тус заасны дагуу ЗГ1905120183 болон ЗГ1905120182 тоот зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Голомт банкны эдийн засагч нар зээлээ төлүүлэхээр хангалттай сайн яваагүй, зээл нь 303, 182 хоногоор хугацаа хэтэрсэн. Гэтэл хариуцагч талаас ямар нэг арга хэмжээ аваагүй, утсаар яриад өнгөрсөн. Манай үйлчлүүлэгчийн зүгээс мэдэгдэх хуудас өгөөгүй гэсэн тайлбар хэлсэн. Зээлдэгч зээлээ төлөх боломжгүй, эд хөрөнгийн байдал доройтсон тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, шүүхэд хандах боломжтой байдаг. Гэтэл ийм хугацаа өнгөрсний дараа шүүхэд хандсанд гомдолтой байна. Хугацаа өнгөрөх тусам хүү алданги хуримтлагдан банкинд ашигтай нөхцөл байдал үүснэ. 60 хоногийн дараа шүүхэд хандсан бол манай талд ийм хэмжээний өр төлбөр хуримтлагдахгүй байсан. Хүү алдангийг бодсон нягтлан бодох бүртгэлийн стандартыг барьсан гэдгийг мэдэхгүй байна. Хүү алдангийг багасгах шаардлагатай. Үнийн дүн дээр гомдолтой байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсгийг баримтлан хариуцагч И.Д ХХК-аас зээлийн гэрээний үүрэг нийт 59 044 652 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.БХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэхь хэсэгт заасны дагуу Б.Оюунцэцэгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203024229 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3 хороо, 5 хороолол, ХД 37 дугаар байр 10 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 78.6м2 талбайтай, 3 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийн зарим хэсэг болох ЗГ1905120183 зээлийн гэрээний үүрэгт 48 760 462 төгрөгийн нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ зээлийн тооцооллын талаар нарийн сайн дурдаагүй байгаа. Зээлийн тооцооллыг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ямар журмаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон тухай дэлгэрэнгүй тайлбартай танилцах шаардлагатай байна. Иймд нэхэмжлэгч Г.БХХК нь хүү, алдангийг өөрсдийн давуу байдлыг далимдуулан хэт өндрөөр тооцож ЗГ1905120183 зээлийн гэрээний үүрэгт 48 760 462 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Учир нь 2 өөр төрлийн нэхэмжлэлийг нэгтгэн нэг нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна. ЗГ1905120182 зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дууссан. 10 284 189 төгрөгийг нэхэмжилснийг бид хүлээн зөвшөөрч байгаа. Харин ЗГ1905120183 зээлийн гэрээний хугацаа дуусаагүй 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр дуусах ёстой байтал шүүхэд өмнөх зээлтэй нь хамтад нь нэхэмжлэл гаргаж, ЗГ1905120182 зээлийн гэрээний үүрэгт 48 760 462 төгрөгийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийг хуваарийн дагуу төлж барагдуулахын тулд төлөгдөөгүй зээлийн төлбөр болон зохих хүүгийн төлбөрийг төлүүлэн зээлийн гэрээг шинэчлэх боломж байсаар байтал тухайн боломжийг манай байгууллагад олгоогүй. Тухайн нэхэмжлэлийн дүн хэт өндөр байгаа нь тус банкны эдийн засагч зээлээ төлүүлэх талаар арга хэмжээ авалгүй зээлийг 303, 182 хоногоор тус тус хэтрүүлсэн явдал нь барьцаа хөрөнгийн үнийн дүнд санаатайгаар дүйцүүлж ашиг олох далд санаатай байсныг нотолж байна. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид зээлийн гэрээний хугацаа дууссан, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан мэдэгдэл хүргүүлж байсан эсэх талаарх баримтыг хавтаст хэрэгт огт хавсаргаагүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагад зээлийн гэрээний үүрэгт барьцаа хөрөнгөөр бус мөнгөн хөрөнгөөр болон мөнгөн бус хэлбэрээр төлж барагдуулах хүсэлтэй байгааг харгалзан үзээгүй. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагатай эвлэрэх хүсэлт гаргаж эвлэрүүлэн зуучлах төврүү шилжүүлж өгөх хүсэлтийг амаар гаргасан боловч хүсэлтийг хангаагүйд тус тус гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах хүсэлтийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг залруулан өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Г.БХХК нь хариуцагч И.Д ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 59 044 652 47 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Г.БХХК нь И.Д ХХК-тай 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ1905120182 дугаар зээлийн гэрээг байгуулж, 20 000 000 төгрөгийг жилийн 8,4 хувийн хүүтэй, 19 сарын хугацаатай, ЗГ1905120183 дугаар зээлийн гэрээг байгуулж 60 000 000 төгрөгийг 25,2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай тус тус зээлсэн, Б.Оюунцэцэгтэй ЗБ1905120182 дугаар ипотекийн гэрээ байгуулж, түүний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203024229 дугаартай Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД-37 дугаар байрны 10 тоот хаягт байрлах, 78.6 м.квадрат талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай харилцан тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /1хх-ийн 12-24 дүгээр тал/

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаар зохигчид маргаагүй.

Зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан болон зээлийн гэрээний 2.4-д заасан зээл, зээлийн хүүг буцаан төлөх үүргээ зөрчиж эргэн төлөлтийг бүрэн хийгээгүй байх тул зээлдүүлэгч үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл болон зээлийн хүүгийн тооцооллыг үндэслэн ЗГ1905120182 дугаар зээлийн гэрээгээр үндсэн зээлд 9 473 684.30 төгрөг, үндсэн хүүд 730 411.79, нэмэгдүүлсэн хүүд 80 093.60 төгрөг, нийт 10 284 189 төгрөгийн, ЗГ1905120183 дугаар зээлийн гэрээгээр үндсэн зээлд 42 215 563.02 төгрөг, үндсэн хүүд 6 401 984.69, нэмэгдүүлсэн хүүд 142 915.07 төгрөг нийт 48 760 462.78 төгрөгийг буюу хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 59 044 652 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох тухай анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Хариуцагч И.Д ХХК нь татгалзлын үндэслэлээ зээлийн төлбөрийн зарим хэсгийг эс зөвшөөрөхдөө, зээлдүүлэгч нь зээлээ төлүүлэхээр хангалттай сайн яваагүй, хүү алдангийг бодсон нягтлан бодох бүртгэлийн стандартыг барьсныг мэдэх боломжгүй, хүү, алдангийг багасгах шаардлагатай, үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар, гомдол гаргах боловч, өөрийн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолж чадаагүй.

Хугацаа хэтэрсэн зээлийн гэрээг цуцлах, зээлийг буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэх эсэх нь банкны эрхийн асуудал тул хариуцагчийн тайлбар, гомдолд дурдсанаар гэрээгээ цуцлах үүрэгтэй байсан гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1,175.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах, дуудлага худалдаанд үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч оролцох эрхтэй гэж заасан. Барьцааны зүйлээр үүргийг хангуулах шаардлагын дагуу үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдахтай холбоотой шаардлагад хариуцах ёстой этгээд нь буюу барьцаалуулагч нь хариуцагч И.Д ХХК биш, уг компанид холбогдуулан барьцааны шаардлагыг шийдвэрлэх боломжгүй. Тодруулбал, ипотекийн зүйл болох улсын бүртгэлийн Ү-2203024229 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3 хороо, 5 хороолол, ХД 37 дугаар байр 10 тоот хаягт байршилтай, 78.6м2 талбайтай, 3 өрөө орон сууц нь хариуцагчийн өмч биш юм.

Г.БХХК болон Б.Оюунцэцэг нарын хооронд 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр барьцаат зээлийн гэрээг байгуулсан атал нэхэмжлэгч байгууллагаас Б.Оюунцэцэгийг хариуцагчаар татан оролцуулах нэхэмжлэл гаргаагүй, түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй байхад барьцааны зүйл болох түүний үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Давж заалдах шатны шүүхээс уг алдааг зөвтгөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасанд нийцнэ гэж үзлээ.

Нэхэмжлэгч хариуцагчийг зөв тодорхойлон барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг гаргах эрхэд энэ шийдвэр саад болохгүй болно.

Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй боловч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/03451 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэхь хэсгийг баримтлан хариуцагч И.Д ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 59 044 652 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.БХХК-д олгож, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД-37 дугаар байрны 10 тоот хаягт байршилтай 78.6 м.квадрат талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай улсын бүртгэлийн Ү-2203024229 дугаартай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтыг 3 гэж 5 дахь заалтыг 4 гэж, 6 дахь заалтыг 5 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 480 669 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Б.НАРМАНДАХ