| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 181/2018/01091/И |
| Дугаар | 403 |
| Огноо | 2020-02-17 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 403
| 2020 оны 02 сарын 17 өдөр | Дугаар 210/МА2020/00403 |
Т.Р ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00039 дугаар шийдвэртэй, Т.Р ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.Г ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 40 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож, Х.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онолтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай Т.Р ХХК нь М.Г ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр М.Г ХХК нь өөрийн эзэмшлийн Дорноговь аймгийн Даланжаргалан суманд орших ашигт малтмалын хайгуулын 10669Х тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд гэрээний 2.1-т заасан ажлуудыг гүйцэтгэгч буюу манай компани хийж гүйцэтгүүлэх, ажлын нийт төсвийг 230 000 000 төгрөгөөр тохиролцож, холбогдох санхүүжилтийг захиалагч буюу М.Г ХХК гэрээний 3.1-т заасны дагуу төлөхөөр тохиролцсон. Тодруулбал, гэрээний 3.1-т Санхүүжилтийн хуваарь дараах нөхцөлийн дагуу явагдана. Үүнд гэрээнд гарын үсэг зурагдсаны дараа гүйцэтгэх ажлын төсвийн 10 хувь буюу 23 000 000 төгрөг, хээрийн ажил эхэлсний дараа 20 хувь буюу 46 000 000 төгрөг, хээрийн хайгуулын ажлын явц 50 хувийн гүйцэтгэлтэй болоход 20 хувь буюу 46 000 000 төгрөг, эрдэс баялгийн зөвлөлд хүлээлгэн өгөх нөөцийн тайланг бичсэний дараа 25 хувь буюу 57 500 000 төгрөг, нөөцийн тайлан бичигдэж дуусаад хамгаалахаас өмнө 15 хувь буюу 34 500 000 төгрөг, бүх ажил дуусаад А лиценз авсны дараа 10 хувь буюу 23 000 000 төгрөг гэж заасан. Бидний зүгээс гэрээнд заагдсан тодорхой ажлуудыг тохиролцсон хугацаандаа багтаан хийж гүйцэтгэж байсан боловч захиалагч буюу хариуцагч М.Г ХХК гэрээний 3.1-т заасны дагуу Эрдэс баялгийн зөвлөлд хүлээлгэн өгөх нөөцийн тайланг бичсэний дараа 25 хувь буюу 57 500 000 төгрөгийн санхүүжилт хийх үүргээ бүрэн биелүүлээгүйгээс цаашид бичигдсэн нөөцийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн хамгаалах боломжгүй болж, энэ тухай М.Г ХХК-ийн холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад мэдэгдэж байсан ч тэд төлбөрийн асуудлыг удахгүй шийдвэрлэж, бичигдсэн нөөцийн тайланг авна гэсээр өдийг хүрч, гэрээгээр тохиролцсон бусад ажлыг үргэлжлүүлэн хийлгэх эсэх нь тодорхойгүй болсон. Бидний хийсэн ажлын төлбөрийг төлөх хугацааг элдэв шалтаг тоочиж хойшлуулсаар ирсэн атлаа өнөөдөр тус компани А лицензээ гаргуулан авсан болох нь тогтоогдсон. Ингэхдээ бидний бичсэн тайлан болон сүүлд өөр компаниар нэмж хийлгэсэн тайланд үндэслэн тусгай зөвшөөрөл авсан байсан. Бидэнд мэдэгдэхгүйгээр манай тайланг ашигласан байсан. Угтаа бол бидний тайланг бидэнд мэдэгдэхгүйгээр ашиглах боломжтой байтал яаж гэдгийг мэдэхгүй, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар манай тайлангаар тогтоогдсон нөөцийг хэлэлцсэн байсан. Үүнээс үзвэл хариуцагч нь бидний хийсэн ажлын үр дүнг ашигласан болох нь нотлогдож байгаа юм. Гэсэн хирнээ өдий хүртэл үргэлжлүүлэн ажиллуулна гэж худлаа ярьж, ажлын хөлсийг маань өгөхгүй хойшлуулсаар байсан нь шударга ёсонд нийцэхгүй байна. Бидний хувьд гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг маань төлсөн бол үргэлжлүүлэн ажиллахад бэлэн байсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл ийм бодолтой байсан ч өөр компаниар үргэлжлүүлэн тайлан гаргуулж, Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон тул цаашид ажиллах боломжгүйг мэдэж, гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах үндэслэл болсон. Өнгөрсөн хугацаанд бид гэрээнд заагдсан ажлаас 172 500 000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэснээс М.Г ХХК нь 132 500 000 төгрөгийг төлж, үлдэх 40 000 000 төгрөгийг төлөөгүй тул ийнхүү төлбөрийн үлдэгдэл 40 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: М.Г ХХК нь Т.Р ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний гол зорилго нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд тодорхой ажлуудыг хийж, лиценз авах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, геологийн зураглал, тайлан, байгаль орчны тайлан гаргах зэрэг ажлуудыг хийх байсан боловч гэрээний явцад ажил маш удаашралтай байсан. Тухайн 25 га талбайд дутуу өрөм тавьсан байдаг. Энэ нь мэргэжлийн шаардлага хангахгүй, үргэлжлүүлээд ажлаа хийх байх гэж маш удаан хүлээсэн. 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хайгуулын ажлын нэмэлт хавсралт гэж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, төлбөрт өөрчлөлт оруулсан. Гэрээний 1 дүгээрт Эрдэст баялгийн зөвлөлд Т.Р ХХК-аас тайланг хүлээлгэн өгч, нөөцийн тайлан бичих явцад 30 000 000 төгрөг, хоёрдугаарт тайлан бичиж дуусган Эрдэс баялгийн зөвлөлд хүлээлгэж өгсний дараа нөөцийн тайлангийн 1 хувийг хэвлэмэл байдлаар М.Г ХХК-д хүлээлгэж өгсний дараа 40 000 000 төгрөг, гуравдугаарт Эрдэст баялгийн зөвлөл ордын нөөцийг баталж, зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагаас А лиценз гарсны дараа 15 хувь буюу 34 500 000 төгрөг, дөрөвдүгээрт А лицензийг гар дээрээ хүлээж авсны дараа 10 хувь буюу 23 000 000 төгрөг төлөхөөр гэрээний хавсралт баталсан. Гэтэл гэрээ хэрэгжээгүй, удаашралтай байсан. Т.Р ХХК нь ажлаа хийсэн гэх боловч эдгээр олон тайлангуудаас нэгийг ч хүлээлгэж өгсөн баримт, материал байхгүй. Ийм байдлаас болж гэрээ биелэгдэх боломжгүй байдалд хүрсэн. Гэрээний үүрэгтэй холбоотойгоор нэхэмжлэгч тал хэлэхдээ 2014 оны 8 дугаар сарын 20 гэхэд тайлан бичигдээд дуусчихсан байсан гэж хэлдэг. 2014 оны тайланг одоо ярьж байна. Яагаад тэр үедээ хүлээлгэж өгөөгүй юм бэ. 2014 оны асуудлыг 2018 оны 04 дүгээр сард нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Манай зүгээс гэрээ цуцлагдсан үйл баримт, гэрээний заалтын сүүлийн ажлуудыг гүйцэтгээгүй, Эрдэс баялгийн зөвлөлд тайлан өгөөгүй, хийсэн ажлын тайланг манайд өгөөгүй, А лиценз гарсан зэрэгтэй маргаагүй. Өнөөдрийн маргаж буй гол зүйл нь үндсэн гэрээний 3.1-т заасан үндэслэлээр шаарддаг. Нэхэмжлэгч талын хавтаст хэрэгт гаргаж өгсөн тамга, тэмдгээр баталгаажсан баримт бичиг нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байдаг. Учир нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмнө гэрээний үүргийг 206-д заасны дагуу үүрэг гүйцэтгэх зарчмын дагуу зохих ёсоор шударгаар, хугацаанд нь гүйцэтгэх ёстой байсан. Гэвч үүргээ гүйцэтгээгүй байдал нь нэмэлт тохиролцоогоор тодорхойлогддог. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тохиролцсон гэрээний заалтаас тохиролцсон нөхцөлөө өөрчилсөн байдаг. Талуудын өмнөх үүргийг солиход тохиролцсон гэж тайлбарлагдана. Өөрөөр хэлбэл өмнөх гэрээг бичих үед, тайлан бичсэний дараа, хамгаалахаас өмнө гэх нөхцөлүүд байгаа. Нэмэлт нөхцөл дээрээ тайлан бичиж дуусаж, Эрдэс баялгийн зөвлөлд материал хүлээлгэн өгсөн байх, өгсөн нөөцийн тайланг хэвлэмэл байдлаар захиалагчид хүлээлгэн өгсний дараа 40 000 000 төгрөгийг өгөх үүрэг нь үүргийн зохицуулалтаар үүрэг үүсч байгаа. Нэхэмжлэгч Эрдэс баялгийн зөвлөлд материалыг хүлээлгэн өгсөн байх гэрээний үүргээ хэрэгжээгүй тул 40 000 000 төгрөгийг өгөх үүрэггүй. Иргэний хуулийн 343.1-т заасан нөхцөл нь ажлын гүйцэтгэлийн үр дүнг шаардсан. Гэрээ байгуулсантай маргаагүй. Харин Иргэний хуулийн 343.2-т заасны дагуу гүйцэтгэсэн үр дүн нь А лиценз гэж тайлбарлагдана. Гэхдээ уг ажил нь хэсэгчилсэн хэлбэртэй гэж талууд тохиролцсон байгаа учир бид зөвхөн нөөцийн тайланг Эрдэс баялгийн зөвлөлд хүлээлгэн өгөх дээр сүүлийн хийгдсэн ажлын үр дүн маргаангүй байгаа ч уг ажлыг гүйцэтгээгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Мөн нэгэнт гэрээ бодитоор хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн тул гэрээ цуцлагдсан, үүнтэй маргаагүй. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойлогдож байгаа Иргэний хуулийн 343, түүний үндэслэл болж байгаа гэрээний 3.1, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, хуульд заасны дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх нөхцөл байдлууд тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дугаар зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан М.Г ХХК-аас 40 000 000 төгрөгийг гаргуулж Т.Р ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 357 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2019 оны 12 сарын 30-ны өдөр өвдсөн акттай хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, мөн шүүх хурлын товыг өвчтэй эмнэлэгт үзүүлж явахад шүүгчийн туслах утсаар мэдэгдсэн. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 00301 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг шийдвэрлэхдээ эмнэлгийн магадалгаа журамд заасан шаардлага хангаагүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан Мэтгэлцэх зарчим мөн тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхтэй гэж заасныг хангаагүй байдаг. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онолтуяа болон өмгөөлөгч П.Алтанчимэг нарт шүүх хурлын товыг урьдчилан огт мэдэгдээгүй ба хурлын тов мэдэгдэх баримтыг М.Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон албан бичиг дээр дурдагдсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо J building оффисын 501 тоотод хүргүүлснээрээ итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт хурлын тов мэдэгдсэн хүндэтгэн үзэх, улмаар хэргийн оролцогчдыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй гэж үзэх үндэслэлгүй юм. М.Г " ХХК нь 2013 оны 11 сарын 07-ны өдөр гэрээ байгуулаад гэрээнд заасны дагуу ажлын гүйцэтгэл тутамд хөлсийг гүйцэтгэгч Тэргүүн ресурс" ХХК-д төлсөн. Гэтэл 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний 2 дахь хэсэгт нөөцийн тайлан бичиж дуусгаж Эрдэс баялагын зөвлөлд материал хүлээлгэн өгсөн, нөөцийн тайлангийн 1 хувийг захиалагч талд хэвлэмэл байдлаар хүлээлгэн өгсний дараа 40 сая /дөчин сая/ төгрөг гэж тодруулсаар байтал нөөцийн тайланг Эрдэс баялагын зөвлөлд мөн захиалагч талд хүлээлгэн өгөөгүй байдаг. Иймд нэхэмжлэгч Тэргүүн ресурс" ХХК нь ажлыг гэрээнд заасны дагуу зохих ёсоор шударгаар гүйцэтгээгүй маш их цаг хугацаа алдаж удсан учир захиалагч М.Г ХХК ажлыг өөр компаниар гүйцэтгүүлж дуусгасан. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан тайлбартаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Эрдэст баялагын зөвлөлд материалыг хүлээлгэн өгөхийг шаардаад байна шүү дээ. Танайх хүлээлгэн өгсөн юм уу гэхэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Эрдэст баялагын зөвлөлд хүлээлгэн өгсөн зүйл байхгүй гэж хариулсан, мөн 1хх- 199 хуудасны дээрээс 15 дахь мөрөнд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхийн 2018 оны 9 дугаар сарын 21-ний өдрийн 2053 дугаар шүүх хурлын тэмдэглэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Хайгуулын ажлын материалаа аваагүй атлаа хайгуулын ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан байгаа нь эргэлзээтэй байна гэж, мөн 199 хуудасны ар талын 26 дахь мөрөнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэрээний 3.1-д зааснаар мөнгөө төлсөн бол бид бичсэн тайлангаа эрдэс баялагын зөвлөлд хүлээлгэн өгөөд ашиглалтын зөвшөөрөл авах үйл ажиллагаа цаашид үргэлжлэх байсан, гэтэл тайланг хариуцагч тал ямар нэгэн байдлаар хүлээн аваагүй атлаа өөр компаниар хийлгээд" гэж тус тус тайлбарыг шүүхийн шатанд өгсөн байдаг юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйл 42.1 дэх хэсэгт зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж заасан. Гэтэл шүүхийн шийдвэрт 2014 оны 08 сард бичигдсэн 118-125,6 метрийн гүнтэй 3 цооног буюу нийт 366.2 тууш метр цооног өрөмдөх ажлыг хийж үр дүнг тайлагнасан Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Зүүн далан хайгуулын тусгай зөвшөөрөлтэй ХҮ-010669 талбайд 2014 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан гэх жишээний хэргийн оролцогчид танилцагдаагүй нотлох баримтууд, бодит байдлаас зөрүүтэйгээр шүүхийн шийдвэрт үнэлэгдсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйл 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасан байдаг. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйл, 168.1, 168.1.2 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Т.Р ХХК нь хариуцагч М.Г ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 40 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарт шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн гэж үзсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид энэ талаар мэдэгдээгүй, баримтад гарын үсэг зураагүй, хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн гэж давж заалдах гомдол гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ..., 77.2 дахь хэсэгт Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна гэж заасан.
Хэргийн 61, 64 дүгээр талд авагдсан 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр болох шүүх хуралдааны товыг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлсэн байх боловч уг хаягаас нүүсэн, хаашаа нүүснийг нь мэдэхгүй талаар тэмдэглэжээ. Үүнээс үзвэл шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн болох нь эргэлзээтэй байхад түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дээрх журмын дагуу шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудас, мөн бусад аргаар хүргүүлсэн гэх баримт хэрэгт байхгүй байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хэрэгт авагдсан нотлох баримттай бүрэн танилцаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох зэрэг хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ. /1 хх-ийн 228, 2хх-ийн 57 дугаар тал/
Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, түүнийг шүүх хуралдаанд оролцуулах боломжоор хангаагүй, хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй атлаа түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т зааснаар эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, тэдгээрт тайлбар өгөх хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй, шүүх хэргийн оролцогч, зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох, мэтгэлцэх боломжоор хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх, зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжтой юм.
Түүнчлэн хэрэгт иргэний хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчийг томилсон ерөнхий шүүгчийн захирамж байхгүй, хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсгийг зөрчсөн байна.
Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн гэх үндэслэлгүй, хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрх зөрчигдсөн гэж үзэхээр байх тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3, 168.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00039 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 357 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Б.НАРМАНДАХ