Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2015/0044/З |
Дугаар | 221/МА2017/0704 |
Огноо | 2017-10-04 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2017/0704
Б.Д-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Будхүү, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 557 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Д-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 557 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан “...Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 494 тоот захирамжийн У.Ж-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 дугаар захирамжийн Л.М-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий иргэн Б.Д-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.Д нь давж заалдах гомдолдоо: “...Б.Д миний бие гэр бүлийн хамт 1995 оноос хойш өнөөдрийг хүртэл бодитоор оршин суусаар ирсэн. Тухайн үед амьдарч буй газраа өөрийн нэр дээр авахаар төрийн байгууллагуудын холбогдох хүмүүст удаа дараа хүсэлтээ гаргаж байсан болно. Мөн түүнчлэн тухайн үед Соёлын төвийн барилгыг ахмадын зөвлөлд шилжүүлж, хүлээлгэн өгсөн байдаг ба Б.Д надад миний амьдарч буй газрыг хувьчилж өгсөн тухай ахмадын зөвлөлийн даргын тодорхойлолтоор тогтоогдож байгаа юм. Түүнчлэн соёлын төвийн барилгын хажууд ахмадын зөвлөлийн шийдвэрийн дагуу өнөөдрийг хүртэл хувьчилж авсан айлууд ч байгаа бөгөөд энэ сансрын зургаас ч харагддаг.
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д зааснаар газар эзэмших тухай хүсэлт гаргасан газар дээр иргэн аж ахуй нэгж байгууллага бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа эсэхийг сайтар нягтлан шалгасны үндсэн дээр шийдвэрээ гаргахаар хуульчилсан байна. Гэтэл газар дээр нь Б.Д миний бие гэр бүлийн хамт бодитоор эзэмшиж, албан ёсоор тухайн газар дээр бүртгүүлэн амьдарч байхад хариуцагчийн зүгээс очиж нягталж шалгалгүйгээр бусдад эзэмшүүлснээр давхцал үүсч тухайн газар дээр амьдарч байгаа миний болон гэр бүлийн маань эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, хохироосон хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Энэ нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь миний бие уг амьдарч буй газраа өрийн нэрээр эзэмших, өмчлөх тухай хүсэлтээ удаа дараа төрийн байгууллагуудад гаргаж байсан. Мөн 1995 оноос албан ёсоор гэр бүлийн хамт бодитойгоор эзэмшиж, амьдарч ирсэн байхад хариуцагчийн зүгээс газар эзэмшихэд шударга ёс, тэгш байдлыг хангах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 54 дүгээр тогтоолын дагуу Төрийн өмчийн хорооноос 2007 оны 5 дугаар сард зарлан явуулсан дуудлага худалдааны үр дүнд Төрийн өмчийн хорооны 2007 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 278 дугаар тогтоол гарч хилийн 0119 дүгээр ангийн соёлын төвийн барилгыг гуравдагч этгээдэд худалдсан. Ийнхүү шилжүүлэхдээ агуулахын зориулалттай 324 м.кв талбайтай объект, эдэлбэр газрын байршлыг нь тодорхой заасан. Харин Нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 дугаар захирамжаар иргэн Л.М-т газар эзэмшүүлэхдээ эдэлбэр газрын хэмжээ, байршлыг өөрчилж, манай эзэмшиж байсан газартай давхцуулан газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь хууль бус байна. Анх Төрийн өмчийн хорооноос дуудлага худалдаагаар гуравдагч этгээдэд худалдсан соёлын төвийн барилгын эдэлбэр газрын хэлбэр нь тэгш өнцөгт хэлбэртэй байсныг Нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Г хэлбэртэй болгон байршлыг өөрчилж олгосон.
Энэ нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612, 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 494 дүгээр захирамжуудаар гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх олгохдоо миний амьдарч буй газартай давхцуулан олгосон болох нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1/4613 дугаартай шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 54 дүгээр тогтоол, Хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн хилийн цэргийн 0119 дүгээр ангийн соёлын барилгын гадна талын фото зураг зэргээр тогтоогдож байна.
Иймд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 557 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Төрийн өмчийн хорооны 2007 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 278 дугаар тогтоолоор Хилийн цэргийн 0119 дүгээр ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Соёлын төвийн барилгыг өмчлөх эрхийг дуудлага худалдааны ялагч Л.М-т шилжүүлж, мөн тогтоолоор Соёлын төвийн сахиул Б.Д-д 1.321.000 төгрөгийн хөдөлмөрийн хөлсийг хувьчлалын орлогоос олгохоор шийдвэрлэжээ.
Уг тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 дугаар захирамжаар гуравдагч этгээд Л.М-т Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд 756 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байх бөгөөд Л.М нь уг газрынхаа 444 м.кв газрыг У.Ж-д шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжаар У.Ж-д 444 м.кв газрыг, Л.М-т 312 м.кв газрыг тус тус эзэмшүүлсэн байна.
Нэхэмжлэгч Б.Д-ын эзэмших ёстой байсан гэж маргаж байгаа 317 м.кв газар нь Төрийн өмчийн хорооны 2007 оны дуудлага худалдаагаар худалдсан Соёлын төвийн барилгын эдэлбэр газар буюу Л.М-ын газартай, дараа нь шилжүүлэн авсан У.Ж-ны газартай давхацсан ба нэхэмжлэгч 1997 оноос Соёлын төвийн барилгын сахиулаар уг газарт олон жилийн турш амьдарч байсан бодит байдал нь түүнд тухайн газрыг эзэмших хууль ёсны ашиг сонирхол үүссэн гэж үзэх боломжгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул Б.Д-ын гаргасан “...миний бие гэр бүлийн хамтаар бодитоор эзэмшиж, албан ёсоор тухайн газар дээр бүртгүүлэн амьдарч байхад хариуцагчийн зүгээс очиж нягталж шалгалгүйгээр бусдад эзэмшүүлснээр давхцал үүсч тухайн газар дээр амьдарч байгаа миний болон гэр бүлийн маань эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, хохироосон хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.
Мөн нэхэмжлэгч Б.Д нь Төрийн өмчийн хорооноос Хилийн цэргийн 0119 дүгээр ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байсан 324 м.кв талбай, 756 м.кв эдэлбэр газартай Соёлын төвийн барилгыг нийтийн дуудлага худалдаанд оруулж, уг дуудлага худалдаагаар Л.М-р барилгын өмчлөгч, газрын эзэмшигч болсны дараа 2010, 2012 онуудад газар эзэмших хүсэлт гаргаж байсан болох нь Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны “Ирсэн өргөдөл хүсэлтийн бүртгэлийн дэвтэр 5216 дугаарт бүртгэгдсэн бүртгэл” /холбогдох баримт архивт хадгалагдан үлдээгүй/, Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 450 дугаар албан бичиг зэргээр тогтоогдсон байна.
Түүнчлэн нэхэмжлэгч гомдолдоо “...тухайн үед Соёлын төвийн барилгыг ахмадын зөвлөлд шилжүүлж, хүлээлгэн өгсөн байдаг ба Б.Д надад миний амьдарч буй газрыг хувьчилж өгсөн тухай ахмадын зөвлөлийн даргын тодорхойлолтоор тогтоогдож байгаа” гэх боловч ахмадын зөвлөл аливаа нэг шийдвэрээр газар эзэмшүүлэх эрхийг Газрын тухай хуульд зааснаар эдлэх этгээд биш тул энэ талаарх гомдлыг мөн хүлээн авах үндэслэлгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА