Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 523

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Иргэн Д.Э*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайд,

Гуравдагч этгээд: У******* ХХК 

Нэхэмжлэлийн шаардлага: “У******* ХХК-д Богд уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглуулах эрх олгосон Байгаль Орчны сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалын Д.Э*******ын амьдарч байгаа газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батцэцэг нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:”... “Д.Э******* өвөө Ч.Н*******, эмээ Д.Д******* нарын хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богинын ам гэх газарт одоог хүртэл амьдарч байна. Энэ газарт 1973 оноос өвөө Ч.Н*******ыг Зайсангийн амны байгаль хамгаалагчийн ажилд томилогдсоноос хойш амьдарч эхэлсэн. Одоо амьдарч буй хаяг байршил нь 1973 оноос хойш тухай бүртээ Нийслэл, дүүргийн бүртгэл судалгаанд хамрагдаж оршин суух болон иргэний бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдэж ирсэн бөгөөд 1981 онд Улаанбаатар хотын Ажилчны районы 15 дугаар хороо 4 дүгээр хэсгийн задгай, 1993 онд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 5 дугаар хэсгийн задгай, 2008 онд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 5 дугаар хэсэг Богинын амны 1 дүгээр гудамжны 02 тоот гэх хаягуудыг засаг захиргааны байгууллагаас өгч хаягжуулан дээрх хаяг, байршлаар  иргэний бүртгэлийн болон бусад бүртгэл судалгаанд хамрагдаж ирсэн.

Улмаар Хан-Уул дүүргийн Засаг Даргаас 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 224 тоот захирамж гарган иргэн Д.Э******* миний амьдарч буй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 5 дугаар хэсэг Богины амны 1-2 тоотод орших 1101 м.кв газраас 800 м.кв газрыг нь гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргаж дүүргийн газрын харилцааны албанаас 2008 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 0183596 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг Д.Э*******од олгосон.

Гэтэл 2008 оны 09 дүгээр сараас эхлэн тус газарт У******* ХХК үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2015 оныг хүртэл тус компани ямар нэгэн маргаан үүсдэггүй байсан боловч 2015 оны 05 дугаар сараас эхлэн газар чөлөөлж өг гэсэн шаардлага тавьж бидний эрхийг зөрчиж эхэлсэн.

Иргэн Д.Э******* миний зүгээс У******* ХХК-ийн Богд уулын Богины ам гэх газарт явуулж буй үйл ажиллагаа нь манай гэр бүлийн эзэмшил газартай хамааралгүй гэж бодож ирсэн бөгөөд энэ байдлаараа 2008 оноос 2015 оныг хүртэл ямар нэгэн маргаан үүсгэлгүй явсаар ирсэн ч 2015 оны 05 дугаар сард тус компанийг шаардлага тавих үед Хан-Уул дүүрэг болон Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам зэрэг эрх бүхий байгууллагад хандахад тус компанид Байгаль Орчны Сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 тоот тушаалаар Богд уулын тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар 30 га газар ашиглуулах эрх олгогдож улмаар Байгаль орчины яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2008 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 797 тоот "Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах” гэрчилгээ олгож 2008 оноос хойш тухайн газрын эзэмшил газрын хэмжээ байршил нь удаа дараа өөрчлөгдөж эцэстээ миний гэр бүлийн амьдарч буй эзэмшил газар тухайн компанийн ашиглах газартай давхцан нэмэгдсэн болохыг олж мэдсэн.

Ингээд 2015 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд хандаж У******* ХХК-д олгосон газар ашиглах эрхийг нь цуцалж өгөхийг шаардсан гомдол гаргасан боловч 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10/6733 дугаартай албан бичгээр тус компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэсэн хариу ирүүлсэн тул өөрийн зөрчигдсөн эрх ашиг сонирхлоо хамгаалуулах зорилгоор захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч Байгаль Орчны сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн У******* ХХК-д Богд уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглуулах эрх олгосон 283 тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...У******* ХХК-д Богины Ам гэдэг газар 30 га газрыг эзэмшүүлэх шийдэр гаргасныг иргэн Д.Э*******од Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Богд-Уулын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа эсхүл Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар юм уу? магадгүй У******* ХХК-иас албан ёсоор 2008 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын тушаалыг гардуулж өгсөн талаар харагддаггүй. Үүнийг хэзээ олж мэдсэн гэхээр У******* ХХК нь иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад бид хэргийн материалаас нь ийм захирамж байна, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын тушаал байгаа талаар, Богд Хан-Уулын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанаас гэрчилгээжүүлээд олгосон байдаг талаар олж мэдсэн. 

Үүнд 2015 оны 06 сарын 27-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд өргөдлөө гаргасан. Үүнийг хуулийн хугацаанд шалгаж 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10/6733 дугаартай албан бичгийг хүлээж авсан. Өөрөөр хэлбэл Богд Хан-Уулын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны н.Б******* даргын гарын үсэгтэй албан бичгийг хүлээж авсан. Энэ албан бичигт тус компанид газар ашиглуулахаар тусгасан байгаа. Үүнийг танай давхцалтай газрыг чөлөөлөх боломжгүй гэсэн албан ёсны хариуг ирүүлсэн байдаг. Хуулийн хөөн хэлэлцэх асуудал яригдахгүй гэж үзэж байна. У******* ХХК-тай холбоотой хариу тайлбарт нэхэмжлэгчийн зүгээс нэг л хариу тайлбарыг өгдөг. У******* ХХК нь шүүхэд гуравдагч этгээдээр оролцох эрхтэй эсэх нь яригдана. Учир нь У******* ХХК нь 2004 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гурван талт гэрээ байгуулж газар ашиглах эрх үүссэн. Энэ гэрээг 2009 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 797 тоот гэрээг 30 га гэж  тусгаж мөн дуусгавар болсон. Үүнээс хойш тус компанид хугацаа сунган ашиглах талаар ямар нэгэн процесс хийгдээгүй байдаг. Өөрөөр хэлбэл 2014 оноос хойш тус компаний газар ашиглах эрх дууссан. Тэгэхээр У******* ХХК-ийн газартай давхцалтай гэхээсээ илүү У******* ХХК нь газар эзэмших эрхээ нэгэнт алдсан байна. У******* ХХК-ийг шүүхэд гуравдагч этгээдээр оролцуулах хууль зүйн үндэслэлгүй байна. У******* ХХК нь 10 га, 2009 онд 30 га газар эзэмшсэн гэж тайлбарладаг. 2011 оноос хойш Тусгай хамгаалалттай газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийн зөрчилтэй болсон. Газрыг зориулалт журмын дагуу эзэмшиж, ашиглах гэдгийг ноцтойгоор зөрчсөн. Үүнийг хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон гэж үзэж байна.

Хариуцагчийн гол тайлбар нь тус газар нь дархан цаазат газрын тусгай хамгаалалтай бүсэд ордог. Дээрх нутаг дэвсгэрт тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар эрхийн гэрчилгээ нь баталгаажсан хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх боломжтой, иргэнд газар ашиглуулах боломжгүй гэдэг ерөнхий тайлбарыг өгдөг. Гэтэл дээрх нөхцөл байдал үгүйсгэгдээд байдаг. Байгаль орчны яамнаас тушаал гаргаад газар эзэмших, ашиглах эрх үргэлжлээд явж байна. Зөвхөн иргэн болохоор ийм байр суурьтай хандаад байдаг юм уу, бусад иргэдэд 2008, 2013 онуудад зэргэлдээ оршиж байгаа газрыг ашиглуулаад явсан. Байгаль орчны яамнаас захирамжаа гаргаад холбогдох харьяа дүүргийн газрын албадад шилжүүлээд газар эзэмших, ашиглах асуудал нь үргэлжлээд явж байгаа. Өөрөөр хэлбэл хавтаст хэргийн 224 дүгээр хуудаст Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн захирамж байдаг. Энэ захирамжийг гуравдагч этгээд хууль бус гэдэг боловч ямар нөхцөл байдлын улмаас иргэдэд газар эзэмшүүлэх, хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх шалтгаан нөхцөлд үүссэн гэдэгт зөв дүгнэлт хийх ёстой. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудаст Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас гаргасан мэдэгдэл, танилцуулга байгаа. Үүнд мөн л хариуцагчийн хариу тайлбарт боломжгүй гэсэн хариултаа өөрсдөө үгүйсгэгдээд явсан байдаг. Өөрөөр хэлбэл 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10/6210 дугаартай Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны тусгай хамгаалалтай нутаг дэвсгэрийн хамгаалалтын захиргааны дарга н.Б*******ын албан бичигт “...Үүнд ийм нэр бүхий иргэд байна. Эдгээр иргэдийн газрыг Засгийн газрын хурлын протоколыг үндэслээд газар эзэмшүүлэх асуудлыг зохион байгуулж ажиллаж байна. Үүнд маргаантай асуудал байна. Өөрөөр хэлбэл иргэн Д.Э*******ын газар гэхчлэн...” өөрсдийн гаргаж байгаа байр суурь, хариу тайлбар нь хэд хэдэн удаа үгүйсгэгдээд яваад байна. Энэ нь өөрөө Монгол улсын нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч байгаа иргэн, хуулийн этгээд хэн бүр Монгол улсын үндсэн хуульд зааснаар эрх тэгш эрх үүрэг хүлээж Монгол улсын Үндсэн хуулийн дагуу нэг хуулийн зохицуулалттай амьдарна гэсэн зарчмыг алдагдуулаад байна гэж тайлбарлаж байна.

2015 онд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн болон Богины аманд амьдарч байгаа иргэдэд газар олгох талаар асуудлууд хөндөгдсөн. Үүнд мөн адил иргэн Д.Э*******ын гэр бүлийн амьдарч байгаа газрын судалгаанд хамрагдаад явсан. Үүнтэй холбоотойгоор хийгдсэн кадастрын зураг, хэмжилтүүд хэрэгт авагдсан.  Гуравдагч этгээд иргэн Д.Э*******ыг тухайн газарт хууль бусаар амьдардаг, хууль бус үйлдлээ халхавчлах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа мэтээр удаа дараа тайлбар хийдэг. Энэ асуудалд нэхэмжлэгчийн зүгээс ийм тайлбарыг өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл иргэн Д.Э*******од газар эзэмшүүлэх нь өөрөө давуу эрхийн асуудал байсан. 2008 онд газар олгож, 2015 онд газар эзэмшүүлэх иргэдийн судалгаанд хамрагдсан байгаа. Хэрэв маргаангүй байсан бол зүй ёсоор Д.Э*******од газар эзэмшүүлэх шийдвэр гаргах нөхцөл бүрдсэн. Энэ талаар санал хүсэлт нь байдаг. Шүүхэд хянагдаж байгаа маргаан бүхий асуудлаа шийдвэрлэсний дараа газар олгоход татгалзах зүйлгүй гэж амаар тайлбараа хэлсэн байдаг. 

Г.Шижирболд гэж байцаагч өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох байсан. Г.Шижирболд энэ талаар сайн мэдэж байгаа. Хууль бусаар амьдарна, хууль бус үйлдлээ халхавчилна гэсэн ойлголт өнөөдөр байж болохгүй. Монгол улсын газрын тухай хуульд зааснаар газар эзэмших, ашиглах, өмчлөх асуудал нь өөрөө шударга ёсны зарчмыг үндэслэнэ гэж заасан байдаг. Цаг хугацааны хувьд шударга ёсны хэмжүүрийг яаж тогтоох талаар нэхэмжлэгчийн зүгээс хэлэх нь зүйтэй. 1978 оноос хойш энэ газар амьдарч байсан гэдгийг өөрт байгаа нотлох баримтын хэмжээнд шүүхэд гаргаж өгсөн. Иймээс Газрын тухай хуулийн гол зарчмын дагуу иргэн Д.Э*******од дээрх газрыг эзэмшиж ашиглуулах асуудал нь 2008, 2015 онд дээрх үндэслэлээр тэргүүн ээлжид газар эзэмшүүлэх асуудал тавигдах бүрэн боломжтой байна. 

Н.Батсуурь гэдэг хүн иргэн Д.Э*******ыг газар дээрээс нь хөөдөг талаар дурдаж байсан. Гэтэл Н.Батсуурь мөн адил У******* ХХК-ийн газартай давхцалтай гэж эрх нь зөрчигдсөн байдаг. Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас гаргаж өгсөн бүртгэл судалгаанд байдаг. Иргэн Д.Э*******, Н.Батсуурь нар нь У******* ХХК-ийн газартай давхцалтай байна гэж гарсан байдаг. Н.Батсуурь өөрөө шүүхэд хандаж газар эзэмших эрх нь албан ёсоор үүссэн байна. Иймээс хариуцагчийн хариу тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна. Нэг талаар өөрийн гаргаж байгаа хариу тайлбар нь үгүйсгэгдээд байна. Гуравдагч этгээдийн байр суурь нь 2014 оноос хойш эрхийн гэрчилгээ, гэрээ нь сунгагдаагүй байна. Энэ газар эзэмших, ашиглах эрх нь хүчин төгөлдөр бус байгаа. Мөн Уорлд тэвел ХХК нь биднийг хууль бусаар байшин барилга бариад явж байгаа гэдэг боловч бид 2004 оноос хойш 2016 оныг хүртэл хугацаанд энэ газарт жинхэнэ зориулалтын дагуу ашиглаж байна уу гэдгийг нотлох баримтаар нотлохыг оролдсон. 2 дугаар хавтаст хэргийн 48-95 дугаар хуудаст авагдсан интернетийн Гүүглийн хайлтын системээс авагдсан гэрэл зураг байдаг. Д.Э******* анх аль газарт ямар хашаатай байсан, У******* ХХК нь хэзээ ирж ямар үйл ажиллагаа явуулсан тухай, У******* ХХК-тай холбогдолтой 2004 оноос олгосон газар зориулалтын дагуу байна уу гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсч байна. Цаана нь хувийн орон сууц баригдаад байдаг. У******* ХХК-ийн газар эзэмших эрх нь нэгэнт дууссан, хуулийн хүчин чадлаа алдсан. Нотлох баримтын хүрээнд харвал У******* ХХК нь зориулалтын бусаар газар ашиглах үр нөлөөгөөр газар эзэмших эрхээ хүчингүй болгох үр дагавартай байна. Магадгүй 2008, 2010 оноос эхлэлтэйгээр газар эзэмших эрхээ алдсан байх хууль зүйн үр дагавруудад дүгнэлт өгөх боломжтой. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсч байна.” гэв.

Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:“....”Тус нэхэмжлэлийн шаардлагыг дараах  үндэслэлээр  бүхэлд  нь  хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: 

1.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/235 дугаар тушаалаар удаан хугацаанд зөвшөөрөлгүй оршин сууж буй иргэдийн газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг 2015 оны 3 дугаар арын  23-ны   өдрийн   хуралдааны   тэмдэглэлийн   дагуу   зөвшөөрөл   авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд газар ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж,  байгууллагын газартай, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалгүй, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаагаагүй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан зориулалтын дагуу ашиглах хүсэлт гаргасан иргэнд газар ашиглах эрхийг олгосон.

Харин хууль ёсны дагуу газар ашиглах эрх авсан бусад аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхцалтай, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалтай, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаасан иргэдэд газар ашиглах эрх олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Учир нь хууль ёсоор ашиглах зөвшөөрөл бүхий газрын төлбөрөө төлж буй иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн.  

Нэхэмжлэгчийн амьдарч буй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг Богины амны газар нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаардаг бөгөөд 1994 онд батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулагдаж явдаг. Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд тус хуулийн 11 зүйлд заасанчлан аялал жуулчлал болон судалгаа шинжилгээний зориулалтаас бусад хэлбэрээр газар ашиглахыг хориглосон. Тусгай  хамгаалалттай  газар  нутгийн  тухай  хуулийн  33  дугаар  зүйлийн 33.1-т "Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно", 35 дугаар зүйлийн 35.1-д "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана", 37 дугаар зүйлийн 37.1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна" гэж заасныг тус тус зөрчин амьдарсан.

Түүнчлэн Байгаль орчны сайдын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар Засаг дарга нь санал өгөх эрхтэй, Тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшүүлэх шийдвэр гаргадаг эрх бүхий субъект биш юм. Монгол Улсын иргэний хувьд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг сахин биелүүлэх үүрэгтэй.

2. Нөгөө талаар нэхэмжлэгчийн өвөө нь Богдхан уулын дархан цаазат газрын Байгаль хамгаалагчаар ажиллаж байсан бөгөөд ажил үүргийн хуваарийн дагуу Богины аманд байрлан ажиллаж байсан. Энэ нь оршин суух эрх олгосон болон байнга оршин суух үндэслэл болохгүй.

3. У******* ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон байгаль орчны бусад хууль тогтоомжид заасны дагуу газар ашиглах хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлэн хууль ёсоор ашиглах эрх үүссэн байна. Эдгээр иргэдийн хууль ёсны газар ашиглах эрхийг хөндөж У******* ХХК-д газар ашиглах зөвшөөрөл олгосон бус харин тус компанийн хууль ёсны эрх ашиг, Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийг зөрчин, хууль бусаар оршин сууж байгаа болно,

Иймд иргэн Д.Э*******ын газар ашиглах эрхийг баталгаажуулах эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...”У******* ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжид заасны дагуу газар ашиглах хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлсэн 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 797 дугаар гэрчилгээгээр газар ашиглах эрх үүссэн байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зөвхөн аялал жуулчлал болон судалгаа шинжилгээний зориулалтаар тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад  тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заасны дагуу газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай гэрээний үндсэн дээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам олгодог байгаа.

Гэтэл нэхэмжлэгчийн өвөө нь Богдхан уулын дархан цаазат газрын Байгаль хамгаалагчаар ажиллаж байсан бөгөөд ажил үүргийн хуваарийн дагуу Богины аманд байрлан ажиллаж байсан. Энэ нь оршин суух эрх олгосон болон байнга оршин суух үндэслэл болохгүй бөгөөд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж зааснаар иргэн Д.Э******* нь зөвшөөрөлгүй амьдарч байгаа болно.

Тиймээс яам хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй /797 дугаар гэрчилгээний хугацаа 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 5 жилээр сунгагдсан/ хуулийн этгээдийн эрхийг хөндсөн шийдвэр гарах эрх зүйн үндэслэлгүй тул өмнөх тайлбараа дэмжиж, өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.  

Гуравдагч этгээд У******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”У******* ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын Богинын аманд 2004 оноос эхлэн 12 гэртэй жуулчны бааз болон өвлийн улиралд Нийслэлийн иргэдийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх цана,  чарганы төв байгуулан үйл ажиллагаа явуулж ирсэн.

У******* ХХК-д байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Богинын аманд газар ашиглах эрхийг олгосон бөгөөд энэхүү эрх нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа болно.  Газрын тухай Монгол Улсын хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, мөн зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл аливаа газрыг хууль ёсоор эзэмшихийн тулд төрийн захиргааны эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр эрхийн гэрчилгээ, гэрээний үндсэн дээр эзэмшдэг. Түүнээс бус тухайн газарт ямар ч гэрээ,  гэрчилгээгүй буюу тухайн газрын хуульд заасан журмын дагуу бус өөрийн дур зоргоор эзэмшиж байсан нь түүнийг зөвтгөх үндэслэл болохгүй. 

Д.Э*******ын нэхэмжлэлд дурдсаны дагуу тухайн газарт ямар ч гэрээ, гэрчилгээгүйгээр амьдарч ирсэн байдал нь түүнийг тухайн газрыг хууль ёсоор эзэмшиж байсан гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй. Нэхэмжлэгчийн хууль бусаар амьдарч буй газар нь Богдхан уулын дархан цаазат газарт хамаардаг. Дархан цаазат газарт газрын тусгай дэглэм үйлчилдэг бөгөөд дархан цаазат газарт газар эзэмших, ашиглах эрхийг олгох тухай журмыг Тусгай хамаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулсан байдаг. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгал газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон  сум, дүүргийн  Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасан. Өөрөөр хэлбэл дархан цаазат газарт хуулийн этгээдэд газар ашиглуулах тухай шийдвэрийг төрийн захиргааны төв байгууллага буюу байгаль орчны асуудал эрхэлсэн яам гаргах учиртай.

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас “У*******” ХХК-д тухайн газрыг ашиглах эрхийг 2004 онд олгосон бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгагдаж ирсэн.

Үүний учир нь Хан-уул дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжаар газар эзэмших эрх олгосон нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хүчин төгөлдөр бус болно. 

2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Ганзориг, Н.Эрдэнэбилэг, нар шалгалт хийж Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1,  27 дугаар зүйлийн 27.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулий 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн нь тогтоогдсон байгаа. Улмаар 01 дугаартай актаар Д.Э*******ын барилга угсралтын үйл ажиллагааг зогсоож, газрын нөхөн сэргээлтийг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхийг шаардсан байдаг. Гэвч Д.Э******* нь мөн энэ актыг хэрэгжүүлээгүй байдаг. 

Өнгөрсөн хугацаанд бид нэхэмжлэгч Д.Э*******од газар чөлөөлөх тухай мэдэгдлийг хүргүүлж байсан ба мөн Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагуудад Д.Э*******ын хууль бусаар газар эзэмшиж, ашиглаж буй үйлдлийн талаар гомдлоо гаргаж байсан. Манай компаниас гаргасан гомдлын дагуу нийслэлийн Хан-Уул дүүргийн газрын  албанаас 2010 онд газар чөлөөлөх тухай мэдэгдлийг нэхэмжлэгч Д.Э*******од хүргүүлж байсан.

Гэвч Д.Э******* газраа чөлөөлж өгөөгүй бөгөөд 2015 оны 04 дүгээр сараас эхлэн өөрийн хууль бусаар эзэмшиж буй газар дээрээ барилга барьж эхэлсэн. Үүний учир У******* ХХК нь газар албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг Д.Э*******од холбогдуулан харьяалах дүүргийн шүүхэд гаргасан. Д.Э******* нь хууль бусаар эзэмшиж, ашиглаж буй газар дээрээ 2015 оны 04 дүгээр сараас эхлэн  барилга барьж эхэлсэн. Түүнийг энэхүү хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон Богдхан уулын дархан цаазат  газрын  хамгаалалтын  захиргаа  удаа дараа  шаардсан  боловч тодорхой үр дүнд хүрээгүй.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, бусад хууль тогтоомжид иргэн эхлээд өөрөө оршин суух газрынхаа эзэмших эрхийг авдаг байх. Түүнээс биш тухайн газарт очиж сууж гэр байшингаа барьчхаад дараа нь эзэмших, ашиглах эрхээ авна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Тийм учраас Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “...газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”. Мөн хуулийн 27.4 дэх хэсэгт “...Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад удаа дараа дурдаад байгаа 1997 м.кв газрыг Д.Э*******од олгосон хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ гэж байхгүй, гэрээ ч байхгүй.  Яриад байгаа 2008 оны Загдсүрэн Засаг даргын газрын захирамж нь 300 м.кв газар байдаг, гэрчилгээн дээрээ 800 м.кв болгож зассан. Яг газрын байр байдал дээр нь очиход 1000 м.кв гаран газар болгож ашигласан. Тэгээд өөрийгөө хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй, хүчин төгөлдөр эзэмшиж байгаа гэдэг. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн газрын төлбөр төлж байгаагүй. Дээр нь дүүргийн Засаг дарга хэзээ ч тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмших эрх олгохгүй. Үүнийг бүгд мэдэж байгаа. Ийм учраас Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар бидний өргөдлийг хүлээн аваад Д.Э*******од газар олгосон захирамжийг хүчингүй болгох талаар Хан-Уул дүүргийн газрын албанд албан бичиг хүргүүлсэн. Тухайн албан бичиг очих үед энэ захирамж нь өөрөө хүчингүй болсон байсан. Үүнийг хууль бус гэдгийг нь биднээс гадна төрийн захиргааны байгууллага мэдээд явж байгаа. 

У******* ХХК-ийн хувьд хуулийн дагуу ажиллаж байгаа. Ерөнхий төлөвлөгөөг Байгаль орчны яам болон бусад төрийн захиргааны төв байгууллага нь батлаад ерөнхий төлөвлөгөөнд заасны дагуу барилга байгууламжаа бариад явж байгаа. Бүх барилга байгууламж нь зөвшөөрөлтэй, барилгын зураг төсөл нь барилгын бүтээцээр орж батлагдсан, ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газар юм. Тэрнээс биш Д.Э******* гэдэг хүний тэр газар  дур зоргоороо байшин барьсан зүйл биш. Бидний газар ашиглах эрхийн гэрчилгээг 2018 он хүртэл сунгасан. Гэрчилгээний хавсралтад байгаа. Газар ашиглах эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр байгаа. Гэрээ нь Хан-Уул дүүрэгт хянагдаж байна. Нэхэмжлэлд Д.Э******* удаа дараа газартаа өөрчлөлт хийлгэж манай газартай давхацсан гэдэг. Бид нэг удаа өөрчлөлт хийлгэсэн. Шалтгаан нь өөрөө У******* ХХК-ийн ашиглаж байсан 30 га газрын байгалийн зүгээр урд хэсгээр нь өндөр хүчдэлийн цахилгааны шугам дамжин өнгөрсөн. Үүнийг нь зайлшгүй хасах шаардлага гарсан. Байгалийн зүгээр хойд талаар нь нийслэлийн авто зам дайрсан. Ингээд давхацсан хэсгийг шилжүүлэх зорилгоор булангийн цэгүүдийг өөрчилсөн болохоос биш  давхцалгүй байж байгаад өөрчилсөөр байгаад давхцуулсан зүйлгүй юм. 2004 онд анх газар авахад давхцалтай байсан.

Д.Э******* нь тэнд Байгаль орчны хуулийг хэрэгжүүлэх, чиг үүрэгтэй албан тушаалтнаар ажиллаж байгаа. Албан тушаалтныхаа хувьд гэр барьсан болохоос биш өөрсдөө амьдрах газраа сонгоод гэр барьсан зүйл биш. Тухайн нутаг дэвсгэрийг хамгаалах чиг үүргээр 1970 онд очиж суурьшсан байгаа. Тэгээд үүргээс нь чөлөөлөхөд нүүх ёстой байсан айл өнөөдөр нүүгээгүй. Тухайн газарт хууль бусаар амьдраад, хууль бусаар ашиглаж байна. Мөн өнөөдөр 1997 м.кв гэдгийг юугаар үндэслэж байгаа талаар ойлгохгүй байна. Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй гэдэг. 300 м.кв газрын зөвшөөрөл байдаг. Ашиглаж байгаа газар нь түүнээс том хэмжээтэй. Хууль бусаар ашиглаад байгаа газрыг бид шүүх хурлаар хэлэлцээд хууль ёсны болгох уу?, үгүй юу гэдгийг шийдэх гэж байна. Иймд Д.Э*******ын газар эзэмших эрх нь хуулийн хүчин төгөлдөр бус байх тул түүний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э******* тус шүүхэд “У******* ХХК-д Богд уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглуулах эрх олгосон Байгаль орчны сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалын Д.Э*******ын амьдарч байгаа газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч  Д.Э******* Хан-уул дүүргийн Газрын албанд 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдөр газар эзэмших хүсэлт гаргаж, дүүргийн Засаг даргын  2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр  захирамжаар одоогийн амьдарч байгаа газартаа 300 м.кв газар эзэмших эрхтэй болсон бөгөөд мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/209 дүгээр захирамжаар эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг.

Ингэхдээ Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас тус шүүхэд ирүүлсэн 2016 оны 2 дугаар сарын 24-ны өдрийн  01/289 тоот  албан бичигт “...Тус дүүргийн 4, 11 дүгээр хороо Зайсангийн ам, Арцатын ам буюу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд удаан хугацаанд оршин сууж, газар ашиглаж байгаа иргэдийн газрыг бүртгэлжүүлж гэрчилгээжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А-235 дугаар тушаалаар байгуулсан, газар ашиглах гэрчилгээжүүлэх асуудлыг шийдвэрлэхэд дүүргийн Засаг даргын 2008 оны 224 дүгээр захирамж зөрчилдөж  газар ашиглах гэрчилгээ олгох боломжгүй байгаа талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 2015 оны 6 дугаар 15-ны өдрийн 10/3669 тоот албан бичгийг ирүүлсэн. Иймд тухайн хорооны иргэд газар ашиглах гэрчилгээ авах боломжийг хангах үүднээс дүүргийн Засаг даргын 2008 оны 224 дүгээр захирамжийг 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/209 дүгээр захирамжаар хүчингүй болгосон...” талаар тайлбарлажээ.  

Дээр дурдагдсан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар 12-ны өдрийн А/235 дугаар  тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаарах 4, 11 дүгээр хороонд зөвшөөрөлгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж гэрчилгээжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, явуулсан арга хэмжээний хүрээнд тус яамнаас нийт 411 иргэнд газар ашиглах эрх олгож гэрчилгээжүүлсэн бөгөөд Д.Э*******ын газрын иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай буюу У******* ХХК-ийн ашиглалтын газартай давхцалтай гэсэн үндэслэлээр гэрчилгээжүүлээгүй тухай 2015 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 10/6210 дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн Засаг даргад мэдэгдсэн байна.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн  “Тус хорооны Зайсангийн аманд Ч.Н******* нь байгаль хамгаалагчийн туслахаар 1973-1979 он хүртэл ажиллаж байсан. 1979-1993 он хүртэл Богинын амны байгаль хамгаалагчаар ажилласан. 1979-2008 он хүртэл Богинын  ам задгай гэсэн хаягаар амьдарч байгаад 2008 онд хаяг шинэчлэгдэж 5-р хэсэг Богинын ам 1-2 тоотод зээ хүү Б.Э*******ын хамт оршин суугаа нь үнэн болно.” гэсэн тодорхойлолт, 2004 оноос хойш нэхэмжлэгчийн амьдарч байсан газрыг харуулсан сансрын зургууд , шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэг зэргээр Д.Э******* нь маргаж буй газарт У******* ХХК-д газар ашиглуулахаас өмнө оршин сууж байсан нь нотлогддог тул Газрын тухай хуулийн З1 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага, 31.3-д зааснаар “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж зааснаар уг газарт  У******* ХХК-д газар ашиглуулахаар шийдвэрлэхдээ энэхүү давхцлыг харгалзан үзээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ. 

Иймд нэхэмжлэгч Д.Э*******ын гаргасан “У******* ХХК-д Богд уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглуулах эрх олгосон Байгаль орчны сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалын Д.Э*******ын амьдарч байгаа газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа “У******* ХХК-д Богд уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглуулах эрх олгосон Байгаль орчны сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалын Д.Э*******ын амьдарч байгаа 1997 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан боловч Д.Э*******ын амьдарч байгаа газрын хэмжээ Хан-Уул дүүргийн өмч газрын харилцааны албаны баталгаажуулсан кадастрын зургаар 850 м.кв, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас тус шүүхэд 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 10/1351 дугаар  албан бичгээр ирүүлсэн зураг, болон тус яамнаас гаргасан газар ашиглах хүсэлт гаргасан иргэдийн газрын байршлын судалгаанд 1997 м.кв хэмжээтэйгээр тусгагдсан байна. 

  Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана.” гэж зааснаар хариуцагчаас газар ашиглуулах иргэдийн судалгаанд тусгагдсан хэмжээгээр Д.Э*******од газар ашиглуулах шийдвэр гаргах эрх нь нээлттэй.   

Дээрх байдлуудыг дүгнээд У******* ХХК-д Богд уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглуулах эрх олгосон Байгаль орчны сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалын Д.Э*******ын амьдарч байгаа газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.2.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э*******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж,  У******* ХХК-д тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглуулах эрх олгосон Байгаль орчны сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалын Д.Э*******ын амьдарч байгаа газарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргаж хариуцагчид олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.АДЪЯАСҮРЭН