Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 419

 

Иргэн Д.Энхболдын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, гуравдагч этгээд “Уорлд трэвел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 0523 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2016/0617 дугаар магадлалтай, иргэн Д.Энхболдын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдад /хуучин нэрээр/ холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 0523 дугаар шийдвэрээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасныг баримтлан Д.Энхболдын нэхэмжлэлийг хангаж, “Уорлд трэвел” ХХК-д тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглуулах эрх олгосон Байгаль орчны Сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалын Д.Энхболдын амьдарч байгаа газарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2016/0617 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан Д.Энхболдын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд “Уорлд трэвел” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчны Сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалын Д.Энхболдын амьдарч байгаа 700 м.кв газарт давхацсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч Д.Энхболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж  байна. Давж заалдах шатны шүүхээс Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг баримталж буй шаардлага нь нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээг тогтооход оршин байна. Харин эзэмшил газрын хэмжээг тогтоохдоо хэрэгт авагдсан бичгийн баримтаар бүрэн нотлогдож, хариуцагч хүлээн зөвшөөрсөн газрын хэмжээ бүхий нотлох баримтыг илтэд үгүйсгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасныг зөрчсөн. Зүй нь Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар хуулийн дагуу зөвшөөрөл аваагүй боловч тусгай хамгаалалттай газар нутагт удаан хугацаагаар суурьшин амьдарч байгаа иргэдийн газар ашиглах эрхийн асуудлыг судалж шийдвэрлэхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайд болон Нийслэлийн Засаг дарга нарт даалгасны дагуу Сайдын 2015 оны А-235 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийн дүгнэлтэд нэхэмжлэгчийн газрын хэмжээг 1997 м.кв гэж тогтоосон нь бодит нөхцөл байдалд нийцсэн хэмжилт, дүгнэлт бөгөөд тухайн 1997 м.кв хэмжээ нь цаг хугацааны хувьд өөрчлөгдөж нэмэгдээгүй, газрын давхцал маргаан үүссэн гэх 2008 оны үед ч тухайн хэмжээгээр байсан болохыг хэрэгт авагдсан баримтаас харж болно. Дээрх үйл баримтаас нэхэмжлэгч нь 1973 оноос хойш 1997 м.кв газар эзэмшиж байгаа болох нь нийтэд илэрхий үйл баримтаар тогтоогдож байх тул давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг үндэслэн 0,07 га газраар тогтоож байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасныг зөрчсөн гэж үзнэ. Анхан шатны шүүх “хариуцагчаас газар ашиглуулах иргэдийн судалгаанд тусгагдсан хэмжээгээр нэхэмжлэгчид газар ашиглуулах шийдвэр гаргах эрх нь нээлттэй” гэж үндэслэлтэй дүгнэсэн боловч давж заалдах шатны шүүх төсөөтэй харилцааг зохицуулсан Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалтыг буруу хэрэглэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т эзэмшил газрын хэмжээг 0,1 га-аас илүүгүй байхаар заасан байхад хуульд заасан хамгийн доод хэмжээгээр тогтоож буй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд дордуулсан дүгнэлт болсон. Гуравдагч этгээд “Уорлд трэвел” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээ нь 2013 оноос хойш сунгагдаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул тус компанийг гуравдагч этгээдээр оролцуулан, тайлбар авах үндэслэлгүй байсан ба тус компанийн тайлбар, дүгнэлтийг хүлээн авч гомдлын зарим хэсгийг хангаж байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг зөрчсөн. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Уорлд трэвел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Нэхэмжлэгч Д.Энхболд нэхэмжлэлдээ “2009 оноос “Уорлд трэвел” ХХК тус газар дээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд тухайн үед ямар нэгэн асуудал үүсгээгүй тул хөрш залгаа амьдарч ирсэн” талаар дурдсан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч маргаан бүхий газар давхцалтай болохыг мэдэж байсан атлаа эрх бүхий байгууллагад хандаж маргаагүй атлаа 2015 онд ийнхүү захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байхад анхан  болон давж заалдах шатны шүүх энэ байдлыг анхаарч үзээгүй. Шүүх “хуулийн өмнө бүгд эрх тэгш байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам гуравдагч этгээдэд газар ашиглах зөвшөөрөл олгохдоо  тус газарт олон жил амьдарч байгаа иргэдийн эрх, хууль ёсны ашиг хөндөгдөж байгааг шалгах үүрэгтэй байсан” талаар дүгнэжээ. Гэвч хуулийн өмнө эрх тэгш байх зарчим нь гуравдагч этгээдийн хувьд мөн төрийн захиргааны зохих эрхээ хэрэгжүүлэх байгууллагын хувьд ч хамааралтай. Гуравдагч этгээдийн хувьд 2008 оноос хойш тус газрыг зохих журмын дагуу ашиглаж мөн давхцалтай хэсгийг үл харгалзан төрийн захиргааны байгууллагаас тогтоосон хэмжээгээр зохих төлбөрийг төлж ашиглаж ирсэн. Энэ талаас нь аваад үзвэл хууль шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн заалт зөрчигдсөн байх юм. Шүүхүүд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Газрын тухай хуулийн энэхүү шаардлага нь хүчин төгөлдөр эрхийн гэрээ, гэрчилгээний үндсэн дээр газар эзэмшиж буй этгээдэд хамаарна. Өөрөөр хэлбэл, тодорхой газрыг эзэмшиж, ашиглахыг хүсч гаргасан хүсэлтэд дурдсан газар нь бусад этгээдийн хүчин төгөлдөр эрхийн гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж буй газартай ямар нэг хэмжээгээр давхцалгүй байхыг шаардаж буй үндэслэл бүхий шаардлага юм. Энэ нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 3.1.4-т “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэсэн зохицуулалтаас урган гарч байгаа болно. Гэтэл манай тохиолдолд Д.Энхболд одоо амьдарч буй газрыг эзэмших, ашиглах хүчин төгөлдөр эрхийн гэрээ, гэрчилгээгүй, өнгөрсөн хугацаанд газрын төлбөр огт төлж байгаагүй бөгөөд тухайн газраа ашиглах, эзэмших хүсэлтийг төрийн захиргааны эрх бүхий этгээдэд гаргаж байгаагүй, энэ тухай нотлох баримт хэргийн материалд байхгүй. Иймд, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Д.Энхболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Д.Энхболд “бидний гэр бүл 1973 оноос хойш амьдарч байгаа газрыг “Уорлд трэвел” ХХК-д олгосон нь хууль бус” гэж Байгаль орчны Сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Д.Энхболдын өвөө Ч.Нанзад 1979 оноос Богдхан-Уулын Богины аманд байгаль хамгаалагчаар ажиллаж, одоогийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Задгай хаягаар маргаан бүхий газарт оршин сууж, түүнээс хойш гэр бүлийн гишүүд нь өнөөг хүртэл тус газар дээр амьдарч байгаа болох нь нотлогдсон байна.

Харин гуравдагч этгээд “Уорлд трэвел” ХХК-д 2004 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Байгаль орчны яамнаас улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт аялал жуулчлалын зориулалтаар 10 га газар ашиглах эрхийн гэрчилгээ олгож, улмаар Сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар газрын хэмжээг 30 га болгон нэмэгдүүлсэн нь нэхэмжлэгч Д.Энхболдын амьдарч буй газартай давхацжээ.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар газар эзэмших хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх учиртай.

Тухайн тохиолдолд, Байгаль орчны Сайд нэхэмжлэгчийн гэр бүлийн гишүүдийн 1973 оноос хойш амьдарч, бодитоор эзэмшиж ирсэн газрыг “Уорлд трэвел” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэхдээ хуульд заасан нөхцөл болзолд нийцүүлээгүй байх тул шүүх маргаан бүхий захиргааны актыг газрын давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгосон нь зөв байна.

Хэдийгээр нэхэмжлэгч, түүний гэр бүлийн гишүүд эрх бүхий этгээдээс олгосон эрхийн гэрчилгээгүй боловч гуравдагч этгээд “Уорлд тревэл” ХХК-д газар ашиглах эрх үүсгэхээс өмнө маргаан бүхий газарт суурьшин, өнөөг хүртэл амьдарч байгаа  тул тухайн газрыг ашиглах хууль ёсны ашиг сонирхол түрүүлж үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар иргэн, хуулийн этгээд нь захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан хууль бус захиргааны акт түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнийг мэдсэнээр /эсхүл уул захиргааны актыг хүлээн авсан/ нэхэмжлэл гаргах хугацаа тоологдоно.

Нэхэмжлэгч өөрийн амьдарч буй газрын зэргэлдээ “Уорлд трэвел” ХХК үйл ажиллагаа явуулж байгааг мэдэж байсан нь захиргааны байгууллага түүний газартай давхцуулан газар олгосныг мэдэж байсан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд шүүх Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10/6733 дугаар албан бичгээр маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгч мэдсэн гэж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тооцсон нь буруу биш байна.  

Иймд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгч хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй тухайн газарт хууль бусаар амьдарч ирсэн бөгөөд “Уорлд трэвел” ХХК-д газар олгосон асуудлыг мэдэж байсан атлаа хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргаагүй” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй.

Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах харилцааг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар, үүгээр зохицуулаагүй нийтлэг харилцаанд Газрын тухай хууль үйлчлэх бөгөөд Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй олгох газрын хэмжээг 700 м.кв-аас илүүгүй байх”-аар заажээ.

Өөрөөр хэлбэл, дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч гэр бүлийнхээ хэрэгцээнд зориулан үнэ төлбөргүй ашиглаж болох газрын хэмжээ 700 м.кв-аас илүүгүй байх учиртай бөгөөд давж заалдах шатны шүүх маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ямар хэмжээнд зөрчигдсөн болохыг хууль зүйн үндэслэлтэй тодорхойлсон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүх Газрын тухай хуулийн 29.1 дэх заалтыг буруу хэрэглэсэн” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, гуравдагч этгээд итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2016/0617 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас тус бүр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                            ШҮҮГЧ                                                                 Х.БАТСҮРЭН