Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 402

 

 

 

 

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/00402

 

 

Ц.Эрдэнэбямбын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/03602 дугаар шийдвэртэй, Ц.Эрдэнэбямбын нэхэмжлэлтэй, НШШГГт холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: НШШГГ Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/00981 дугаар шийдвэрээр Ц.Эас 472 133 333 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн ба холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа. НШШГГ хувийн өмч болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 79г байрны 3 тоот хаягт байрлах, 120 м.кв талбайтай орон сууцыг 265 871 636 төгрөгөөр, уг байрны 18 м.кв талбайтай авто зогсоолыг 26 000 000 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 57/2 дугаар байрны 43 тоот хаягт байрлах, 89.65 м.кв байрыг 136 824 149 төгрөгөөр тус тус шинжээч томилуулж үнэлүүлсэн байна. Үнийн санал өгөөгүй байхад өмчийг маань шинжээч томилон үнэлүүлж үнэгүйдүүлж байгаа нь Монгол улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасантай нийцэхгүй байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01195 дугаар тогтоолоор Ц.Эас 476 958 500 төгрөгийг гаргуулж Эм дабль ви кредит ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Ц.Эрдэнэбямбын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан тэнгэр рашаан гудамжны 79/Г байрны 3 тоот 120 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, зоорийн давхрын 36 тоот авто зогсоол, Баянгол дүүргийн 6 дугаар хороо 57/2 дугаар байрны 43 тоот 89,65 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжилж, хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийг томилон үнэлгээ тогтоолгосон. Үнэлгээг төлбөр төлөгчид 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдсэн бөгөөд үнэлгээтэй холбоотой гомдлыг Эрдэнэбямба 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхэд гаргаж 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ц.Э нь үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэлээ 3 дахь удаа гаргаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д үнэлгээтэй холбоотой гомдлыг 7 хоногийн дотор гаргана гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх саналыг түүнээс авсан байх тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч НШШГГт холбогдох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/00981 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн Эрхийн улсын бүртгэлийн Y-2206041865с дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Тэнгэр рашаан гудамж, 79/г байр, 3 тоот хаягт байршилтай, 120 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн Y-2206041866 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Тэнгэр рашаан гудамж, 79/б байр, зоорийн давхрын 36 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай Авто зогсоолын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн Y-2205032344 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 57-2 дугаар байр, 43 тоот хаягт байршилтай, 89.65 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг тус тус үнэлсэн Дамно ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №18-Ш09 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ц.Эрдэнэбямбын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Ц.Э нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шинжээч томилсон үнэлгээ хийлгэхдээ өмчлөгчөөс үнийн санал авах тухай Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хэрэгжүүлээгүй хэмээн буруутгаж шүүхэд хандсан. Гэтэл анхан шатны шүүх ...үнийн санал аваагүй...-тэй холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй хэмээн нэхэмжлэгчийг буруутгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шүүхийн энэ шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоо бүхий хуулийн шаардлагад нийцээгүй болно. Учир нь шинжээч томилж үнэлгээ хийлгэхээсээ өмнө төлбөр төлөгч, өмчлөгчөөс үнийн санал авсан байсныг хариуцагч нотлох үүрэгтэй. Үнийн санал авах ажиллагааг төлбөр төлөгч бус шийдвэр гүйцэтгэлийн байгууллага төлбөр төлөгч бус шийдвэр гүйцэтгэлийн байгууллага явуулдаг. Иймд хариуцагчийн татгалзсаныг нэхэмжлэгч тал нотлох үүрэггүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч НШШГГт холбогдуулан 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 124 тоот Шинжээч томилох тухай тогтоолын дагуу хийгдсэн Дамно ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 981 дугаар шийдвэрээр Ц.Эас 466 133 333 төгрөгийг Эм Даблви Кредит ББСБ ХХК-д олгож, 15 000 000 төгрөгийн үүргийг фидуцийн зүйл болох 17-85 УБП улсын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн Лексус RX 350 маркийн автомашинаар хангуулах, барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Тэнгэр рашаан гудамж, 79Б байр, зоорийн давхрын 36 тоот, 18 м.кв талбай бүхий авто зогсоол, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Тэнгэр рашаан гудамж, 9Г байр, 3 тоот хаягт байрлах 120 м.кв талбайтай орон сууц, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, гудамж 57-2 байр, 43 тоот хаягт байрлах 89.65 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандах эрхтэйг болохыг дурдаж шийдвэрлэсэн ба гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн хариуцагч байгууллага нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 18260083 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн үйл баримт хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 6-8, 21-23 дүгээр тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Ц.Эрдэнэбямбын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Тэнгэр рашаан гудамж, 79Б байр, зоорийн давхрын 36 тоот, 18 м.кв талбай бүхий авто зогсоол, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Тэнгэр рашаан гудамж, 9Г байр, 3 тоот хаягт байрлах 120 м.кв талбайтай орон сууц, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, гудамж 57-2 байр, 43 тоот хаягт байрлах 89.65 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр, 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр тус тус битүүмжилж, 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хураан авсан ба энэ ажиллагаанд төлбөр төлөгч гомдол гараагүй, шийдвэр гүйцэтгэгчийн эдгээр ажиллагаа хүчинтэй байна. /хх-ийн 28-37 дугаар тал/

Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт нийцэх ба төлбөр төлөгчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийг 450 000 000, 250 000 000 төгрөгөөр тус тус үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрч хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг тогтоолгох хүсэлтийг гаргаснаас үзэхэд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй гэж үзэхээр байна. /хх-ийн 33, 36, 38-39 дүгээр тал/

Хариуцагч байгууллагаас 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 124 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Хариуцагчийн дээрх ажиллагаа нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. /хх-ийн 40 дүгээр тал/

Дамно ХХК-ийн үнэлгээний тайлангаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Тэнгэр рашаан гудамж, 79Б байр, зоорийн давхрын 36 тоот, 18 м.кв талбай бүхий авто зогсоол, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Тэнгэр рашаан гудамж, 9Г байр, 3 тоот хаягт байрлах 120 м.кв талбайтай орон сууцыг 265 871 636 төгрөг, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, гудамж 57-2 байр, 43 тоот хаягт байрлах 89.65 м.кв талбайтай орон сууцыг 138 824 149 төгрөгөөр эд хөрөнгүүдийг үнэлжээ. /хх-ийн 43 дугаар тал/

Нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, мөн эд хөрөнгө үнэлэх тухай нэхэмжлэгчийн үнийн саналыг аваагүй гэх боловч энэ талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаагүй буюу өөрийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

Хариуцагч НШШГГ албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн, төлбөр төлөгчийн хуульд заасан эрхийг болон хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн маргаанд хамааруулан үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/03602 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Б.НАРМАНДАХ