Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00874

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/03602 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 402 дугаар магадлалтай, 

*******ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор  

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов. 

Нэхэмжлэгч *******а шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.21-ний өдрийн 101/ШШ2017/00981 дугаар шийдвэрээр *******а надтай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа билээ. 101/ШШ2017/00981 дугаар шийдвэрээр *******а надаас 472,133,333 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар миний өмч болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 79г байрны 3 тоот хаягт байрлах, 120 м.кв талбайтай орон сууцыг 265,871,636 төгрөгөөр, уг байрны 18 м.кв талбайтай авто зогсоолыг 26,000,000 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 57/2 дугаар байрны 43 тоот хаягт байрлах, 89.65 м.кв байрыг 136,824,149 төгрөгөөр тус тус шинжээч томилуулж үнэлүүлсэн байна. *******а миний бие үнийн санал өгөөгүй байхад миний өмчийг шинжээч томилон үнэлүүлж үнэгүйдүүлж байгаа нь Монгол улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасантай нийцэхгүй байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болормаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Дээд шүүхийн 2017.10.17-ны өдрийн 01195 дугаар тогтоолоор *******аас 476,958,500 төгрөгийг гаргуулж Эм Даблви Кредит ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар *******ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан тэнгэр рашаан гудамжны 79/Г байрны 3 тоот 120 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, зоорийн давхрын 36 тоот авто зогсоол, Баянгол дүүргийн 6 дугаар хороо 57/2 дугаар байрны 43 тоот 89.65 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжилж, хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийг томилон үнэлгээ тогтоолгосон. Үнэлгээг төлбөр төлөгчид 2018.06.05-ны өдөр мэдэгдсэн бөгөөд үнэлгээтэй холбоотой гомдлыг *******а 2019.04.25- ны өдөр тус шүүхэд гаргаж, 2019.06.25-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч *******а нь үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэлээ 3 дах удаа гаргаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д үнэлгээтэй холбоотой гомдлыг 7 хоногийн дотор гаргана гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх саналыг түүнээс авсан байх тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/03602 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/00981 тоот шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн Эрхийн улсын бүртгэлийн Y-2206041865 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Тэнгэр рашаан гудамж, 79/г байр, 3 тоот хаягт байршилтай, 120 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн Y-2206041866 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Тэнгэр рашаан гудамж, 79/б байр, зоорийн давхрын 36 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай Авто зогсоолын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн Y-2205032344 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 57-2 дугаар байр, 43 тоот хаягт байршилтай, 89.65 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг тус тус үнэлсэн Дамно ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №18-Ш09 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 402 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/03602 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: *******а анхан шатны шүүхэд хандан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар барьцааны хөрөнгийг үнэлэхдээ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалтыг зөрчиж төлбөр төлөгчөөс үнийн санал авалгүйгээр шинжээч томилон үнэлгээ хийлгэсэн учир Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэтэл анхан шатны шүүх Үнийн санал аваагүй болохыг хариуцагч тал нотлоогүй... гэсэн дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч нараас үнийн санал авсан эсэх талаарх нотлох баримтыг үнэ тогтоолгосон субъект болох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гаргаж өгөх үүрэгтэй болохоос нэхэмжлэгч тал гаргаж өгөх үүрэггүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ алдааг давж заалдах шатны шүүх хууль ёсны шийдвэр хэмээн үзэж нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хүлээн аваагүй болно.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нотлох үүргийг нэхэмжлэгч *******ад хүлээлгэн шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч *******а Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

1.   Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017.10.17-ны өдрийн 001/ХТ2017/01195 дугаартай тогтоолоор *******аас 466,133,333 төгрөгийг гаргуулан Эм Даблви Кредит ББСБ ХХК-д олгуулахаар, хариуцагч зээлийн үүргийг сайн дураар биелүүлээгүй бол Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан Тэнгэр рашаан гудамж, 79Б байр, зоорийн давхрын 26 тоот, 79Г байр, 3 тоот хаягт байрлах 120 м.кв талбайтай орон сууц, 18 м.кв талбай бүхий автозогсоол, Баянгол дүүргийн дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 57-2 байр 43 тоот 89.65 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

2.   Хариуцагч төлбөрийг сайн дураар төлөөгүй, нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасныг үндэслэн 2017.12.20-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн,төлбөр төлөгдөөгүй тул шийдвэрт заагдсан хөрөнгийг битүүмжлэн, хурааж, албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн саналаа ирүүлэхийг талуудад мэдэгджээ.

Төлбөр төлөгч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тэнгэр рашаан гудамжны 79Г байрны 03 тоот орон сууцыг автозогсоолын хамт 450,000,000 төгрөгөөр, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 57-2-43 тоот орон сууцыг 250,000,000 төгрөгөөр тус тус үнэлэхээр саналаа ирүүлснийг төлбөр авагч эс зөвшөөрч, шинжээч томилж үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргасан тул шийдвэр гүйцэтгэгч үнэлгээг тогтоолгохоор Дамно ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

3.   Шинжээч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тэнгэр рашаан гудамжны 79Г байрны 03 тоот орон сууцыг 265,871,636 төгрөгөөр, авто зогсоолыг 28,000,000 төгрөгөөр, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 57-2-43 тоот орон сууцыг 138,824,149 төгрөгөөр тус тус үнэлсэн тухай Хөрөнгийн үнэлгээний тайлан ирүүлснийг шийдвэр гүйцэтгэгч хүлээн авч, 2018.06.05-ны өдрийн 4/9705 дугаартай мэдэгдлээр мэдэгдсэн байна.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ..төлбөр төлөгчөөс үнийн санал авалгүйгээр эд хөрөнгийг үнэлүүлсэн... гэсэн, харин хариуцагч тайлбартаа ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, ...нэхэмжлэгч нь энэ талаар шүүхэд хандаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ... гэжээ.

Анхан шатны шүүх ...шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хууль зөрчөөгүй, ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, үнэлгээ үндэслэл бүхий гарсан... гэх үндэслэл зааж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

5.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангасан гэж үзэхийн зэрэгцээ төлбөр төлөгч үнийн саналаа өгсөн нь баримтаар нотлогдсон, шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилсон ажиллагаа хууль зөрчөөгүй гэж дүгнэн, шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т зааснаар нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцжээ.

6.Хэргийн 33, 36 дугаар талуудад төлбөр төлөгч *******ын Үнийн санал гаргах тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт авагдсан, хүсэлтэд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тэнгэр рашаан гудамжны 79Г байрны 3 тоот орон сууцыг автомашины зогсоолын хамт 450,000,000 төгрөгөөр, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 57-5-43 тоот орон сууцыг 250,000,000 төгрөгөөр тус тус үнэлэхээр саналаа гаргаж, гарын үсэг зуржээ.

Дээрх үнэлгээг төлбөр авагч эс зөвшөөрч, хөндлөнгийн шинжээч томилж, хөрөнгийг үнэлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн нэр бүхий хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Иймд ...шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж, төлбөр төлөгчийн саналыг авалгүйгээр шинжээч томилсон... талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, шүүх Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/03602 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 402 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяраас 2020.03.24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                                                                  ШҮҮГЧИД                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                                                         Б.УНДРАХ

                                                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД