Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 401

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/00401

 

 

Д.С ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03378 дугаар шийдвэртэй, Д.С ийн нэхэмжлэлтэй, Ж.Б д холбогдох, орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 781 685 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж.Б тай 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулж, барьцаа 300 000 төгрөг авч, түрээсийн төлбөр 1 сарын 650 000 төгрөгийг cap бүрийн 20-ны өдөр авахаар тохиролцсон. Ж.Б  нь хүүхдүүдийн хамт 2018.09.05-2019.01.31-ний өдрийг хүртэл байранд амьдарсан. Гэвч Ж.Б  гэрээний үүргээ зөрчиж 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр сүүлийн 1-р сарынхаа төлбөрийг хийгээгүй бөгөөд өмнөх саруудад төлбөрөө гэрээгээр тохирсон хугацаанаас байнга хойшлуулж хийдэг, алданги тооцохгүй авдаг байсан. 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 8 хоногийн хугацаа хэтэрч 28-ны өдөр төлбөр болон гэрээний дагуу хугацаа хэтэрсэн алдангийн хамт нэхэхэд, Ж.Б ын дүү нь гээд үл таних эмэгтэй утасны цаанаас элдэв бусаар хараан зүхэж, голомтыг чинь самарна, муусайн гуйлгачид, сайн явахыг чинь харнаа, цагдаа шүүхэд өгнө гэх мэтчилэн байж боломгүйгээр доромжилсон. Үнэн хэрэг дээрээ хүний байранд орж суучихаад, төлбөр мөнгөө төлөхгүй, хараан зүхэж, санааны зоргоороо хүн доромжлоод сурчихсан, энэ төрлийн аргаар гэр бүлээрээ  нийлж луйвар, залилан хийдэг, мэргэшсэн, бүр цайчихсан хүмүүс гэдэг нь харагдсан тул 2019 оны 01 дүгээр сарын 28-ны орой гэрт нь очиж Ж.Б ын охин гэх н.Мөнхзултай уулзан болсон явдлын талаар хэлж, гэрээгээ цаашид үргэлжлүүлэх боломжгүй тул 2019 оны 01-р сарын 31-ний өдөр хүртэл байраа суллах хугацаа өгч, тооцоогоо хийх талаар анхааруулсан. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний орой очиж байраа хүлээж авъя суллаарай гэж дахин дахин анхааруулсаар байхад ажилтай байна, Дарханд байна гэдэг худлаа шалтгаанаар хаалгаа тайлж өгөөгүй, орцны жижүүр шөнө 01 цагт нөгөө айл чинь нүүж байна гэж утсаар хэлсэн. Шөнө 01:30 минутад манай хүргэн очиход бүх юмаа аччихсан, мөнгө төгрөг өгөхгүй, чаддаг юм бол аваарай, та нарыг цагдаа, шүүхэд өгнө гэж орилоод хаалга өшиглөөд гарсан гэж хүргэн маань хэлсэн. Иймд түрээсийн гэрээгээ цуцалсанд тооцож байгаа тул, 1-р сарын түрээсийн төлбөр 650 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 3,250 төгрөг, 2019.01.20-ноос 2019.02.20 хүртэл нийт 30 хоногийн алданги 97 500 төгрөг, ашиглалтын зардал СӨХ-ны төлбөр 12, 1 cap нийт 65 200 төгрөг, ус, дулааны төлбөр 12, 1 cap нийт 91 967 төгрөг, 1-р сарын цахилгааны төлбөр 21 254 төгрөг, обой сольж наасан үнэ 13 000 төгрөг, юнивишн төхөөрөмж шатаасан үнэ 120 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 22 764 төгрөг, нийт 1 081 685 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс барьцааны 300 000 төгрөгийг хасаж үлдэгдэл 781 685 төгрөгийг хариуцагч Ж.Б аас гаргуулж, учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Д.С тэй 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол Да хүрээ гудамж 11а байрны 61 тоот хаягт байршилтай 54.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 жилийн хугацаатай, сарын 650.000 төгрөгөөр хөлслөхөөр болсон. Төлбөрийг тухайн сарын 20-ны өдөр төлөх, ингэхдээ уг төлбөр нь дараа сарын 20-ны өдрийг буюу урьдчилсан байдлаар төлөхөөр тохиролцож  төлбөрөө төлж байсан. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр болж 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх төлбөрөө хийх болоход аав минь төлбөртэй эмнэлэгт хэвтэж орон сууц хөлслөх төлбөрөө хийж чадаагүй бөгөөд энэ талаар Л.Буянтогтоход хэлэхэд за гэсэн. Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Л.Буянтогтохын охин н.Совингэрэл нь утастаж банкны төлбөр хийх хугацаа хэтэрсэн, танайхаас хүү алданги авна, төлөхгүй бол нүүгээрэй гэсэн. Тухайн үед төлбөрийг төлье гэсэн ч заавал хүү алдангитай хамт авна тэгэхгүй бол нүү гээд тог ус бүхнийг тасалж хаасан тул арга буюу 2019 оны 01 дүгээр сарын 31-ний орой нүүсэн.  2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх бүх төлбөр тооцоог хийсэн байсан бөгөөд гагцхүү 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх төлбөрийг урьдчилан хийж чадалгүй хэд хоносны улмаас ийнхүү ус тогоо таслуулан харанхуйд нүүсэн юм. Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 31-нийг хүртэлх 10 хоногийн төлбөрийн төлөх ёстой бөгөөд уг төлбөр нь барьцаа болох 300,000 төгрөгт тооцогдож байгаа болно. Өөрөөр хэлбэл 1 сарын байр хөлслөх төлбөр нь 650,000 төгрөг бөгөөд 10 хоногт 216,666 төгрөг болж байна. Үүн дээр мөн 10 хоногт тооцогдох байр ашиглалт болон СӨХ-ны төлбөр тус тус нэмж тооцогдож 300,000 төгрөгт хүрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Д.С ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Буянтогтохын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ж.Б аас орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 376 266.26 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.С д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 405 418.74 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23 110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11 938 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс 2019 оны 1 сарын 10-ны өдрөөс 31-ний өдрийг хүртэл 21 хоногийн хөлс төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь орон сууц хөлслөх гэрээний 2.3-т “...сар сард нь төлөх ба сар бүрийн 20-ны өдөр талууд төлөхөөр тохиролцсон...” зааснаар үүргийн гүйцэтгэлийг 2019 оны 1 сарын 20-ны өдрөөс хойш шаардах эрх үүснэ. Тийм учраас үүргийн гүйцэтгэлийг 21 хоногоор тооцож 448 467.06 төгрөг гэж тооцсон тооцоолол буруу байгааг зөвтгөж өгнө үү. Нэхэмжлэгч нь дангаараа гэрээг цуцалж тог, усыг салган 2019 оны 1 сарын 31-ний өдөр хөөж гаргасан. Үүнээс хойш  тухайн сууцыг эзэмшиж ашиглаагүй байхад үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох 0,5 хувийн алданги 30 хоногоор нэхэмжилсэн түүнийг нь ханган шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03378 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгч Д.С  нь хариуцагч Ж.Б д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 781 685 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Д.С , Ж.Б  нар нь  2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол Да хүрээ гудамж 11а байр, 61 тоот хаягт байршилтай 54.5 м.квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хөлслүүлж, сард 650 000 төгрөгийн хөлс төлөх, орон сууцны ашиглалтын зардлыг хөлслөгч хариуцан төлөхөөр тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон./хх-8/

Талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Зохигчид гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон хариуцагч нь орон сууцыг суллаж өгсөн талаар маргаагүй боловч төлөөгүй үлдэгдэл хөлс, хэтэрсэн хугацааны алдангид маргасан байна.

Хэргийн 8 дугаар талд авагдсан Орон сууц хөлслөх гэрээний 3.2-т “ хөлслөгч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хөлслүүлэгчид хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцно” гэж заасан үйл баримт тогтоогдож байх тул хариуцагчийг гэрээний 3.2-т заасан үүргээ биелүүлээгүй нь гэрээний заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги төлөх гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хариуцагчийн гаргасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох 0,5 хувийн алданги 30 хоногоор тооцож нэхэмжилснийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь буруу гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн хариуцагч “Ж.Б ын хувьд 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх бүх төлбөр тооцоог хийсэн байсан бөгөөд гагцхүү 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх төлбөрийг урьдчилан хийж чадалгүй хэд хоносны улмаас ийнхүү ус цахилгаанаа таслуулан харанхуйд нүүсэн. 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 31-нийг хүртэлх 10 хоногийн төлбөрийн төлөх ёстой бөгөөд уг төлбөр нь барьцаа болох 300 000 төгрөгт тооцогдож байгаа. Өөрөөр хэлбэл 1 сарын байр хөлслөх төлбөр нь 650 000 төгрөг бөгөөд 10 хоногт 216 666 төгрөг, үүн дээр мөн 10 хоногт тооцогдох байр ашиглалт болон СӨХ-ны төлбөр тус тус нэмж тооцогдож 300 000 төгрөгт хүрч байгаа” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх талуудын хоорондох орон сууц хөлслөх гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Шүүх Ж.Б аас Орон сууц хөлслөх гэрээний 3.2-т зааснаар 30 хоногийн алданги 49 078 төгрөг, төлөгдөөгүй хөлс 327 188 төгрөгийг нэмж 376 266 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03378 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Ж.Б ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй..

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ш.ОЮУНХАНД

                                      ШҮҮГЧИД                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                       Б.НАРМАНДАХ