Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 426

 

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2020/00426

 

 

Т.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2020/00020 дугаар шийдвэртэй, Т.Дгийн нэхэмжлэлтэй, Б.К ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Б.К ХХК-тай Орон сууцны хөрөнгө оруулалтын 69 дугаартай гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, Д байрны 7 давхрын Ж тоотод байрлах 52,8 м.кв талбай бүхий орон сууцыг 52 800 000 төгрөгийг гэрээний нөхцөлд зааснаар Б.К ХХК-д хэсэгчлэн төлөхөөр тохирч төлсөн. Ажил гүйцэтгэгч Б.К ХХК нь ажлын үр дүн болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж 47Е байрны 53 тоот хаягт байрлалттай 52,8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2018 оны 10 дугаар сард хүлээлгэн өгөхөөр тохиролцож орон сууцыг хүлээн авсан. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах албан бичиг, тодорхойлолт, хүсэлтийг гаргаж өгөхгүй байгаагийн улмаас Хан-Уул дүүргийн бүртгэлийн газарт мэдүүлэг гаргаж чадахгүйд хүрээд байна. Иймд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 47Е байрны 53 тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.К ХХК-ийн төлөөлөгч А.Мөнх-Өлзий шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Капитал банктай хамтран ажиллаж барилгын ажлыг явуулах шаардлагатай болсон. Улмаар тус банкнаас зээл авч баригдаж байгаа барилгаа барьцаалсан. Тухайн зээлийн гэрээний дагуу барьцаанаас чөлөөлөх асуудал тус банкны дампууралтай холбоотой хойшилсон. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Эрх хүлээн авагчийн барьцаанаас чөлөөлөх шийдвэр гарахаар 2020 оны 2 дугаар сарын 20-ны дотор орон сууцыг өмчлөлд нь шилжүүлэх боломжтой гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 47Е байрны 53 тоот орон сууцны өмчлөгчөөр Т.Дг тогтоож, хариуцагч Б.К ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421 950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.К ХХК-аас 421 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч болон нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэх агуулгаа тодорхойлон хүсэлтээ гарган өгсөн шүүх хуралдааны явцад ч эвлэрэх саналаа гарган тэмдэглэлд тусгуулан зөвхөн энэ хүрээнд тайлбар хэлсэн байдаг. Гэтэл шүүгчийн хувьд ямар нэг асуулт тодруулга тайлбар хэлэлгүйгээр шүүх хуралдааныг маш ойлгомжгүй байдлаар явуулж шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийг хангах байдлаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-д заасныг зөрчсөн. Хуулийн хүрээнд талууд эвлэрэх санал төслөө ирүүлсэн байхад батлахгүй байгаа нь зохигчдын эрхийг олголгүй хязгаарласан, нөгөө талаар мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. 74.2.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж заасныг тус тус зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, талуудын эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч Б.К ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсаныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.

Т.Д болон Б.К ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 69 дугаар Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулан, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, Д байрны, 7 давхарт Ж тоотод байрлах 52.8 м.кв талбайтай орон сууцны байрыг 52 800 000 төгрөгөөр тохирч, 2018 оны 10 дугаар сард ашиглалтад оруулах, төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /х.х-ийн 4-6 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн эрх зүйн харилцааг ажил гүйцэтгэх гэрээ гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байхаас гадна тухайн үр дүн бий болох үйл явц нь гэрээний харилцааны нэг хэсэг болдог. Ажлын үр дүнг бий болгоход ажил гүйцэтгэгчийн хөдөлмөр, үйл ажиллагаа орсон байдаг нь ажил гүйцэтгэх гэрээний онцлог юм. Ажил гүйцэтгэх гэрээний төрлийг тодорхойлох зүйл нь ажлын үр дүн байдаг тул тухайн үр дүн нь ямар шинж чанар, тоо хэмжээтэй байх талаар гэрээний талууд харилцан тохиролцсон байх учиртай.

Харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Худалдах худалдан авах гэрээний зүйл нь ажил гүйцэтгэх гэрээний зүйлийн адил тодорхой эд хөрөнгө байдаг боловч уг эд хөрөнгө бий болох ажиллагаа буюу хэрхэн яаж гүйцэтгэх зэрэг нь худалдах худалдан авах гэрээний агуулгад хамаарахгүй ба тухайн эд хөрөнгийг бий болоход худалдан авагч талын ямар нэг оролцоо байдаггүй шинжээр ажил гүйцэтгэх гэрээнээс ялгаатай болно.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь оновчгүй болжээ. Учир нь дээрх гэрээний агуулга, талуудын тохиролцоо зэргээс үзэхэд нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээний үүргийг шаардсан байхад шүүх тухайн маргаанд хамааралгүй зохицуулалтыг үндэслэн тайлбарласан нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Нэхэмжлэгч орон сууцны үнийг бүрэн төлсөн, хариуцагч байгууллага орон сууцыг хүлээлгэн өгсөн талаар талууд маргаагүй болно.

Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ-ний 2.1-т Уг сууцны барилгыг 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр орон сууцыг Т.Дд хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогджээ. Түүнчлэн Б.К ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар зөвхөн орон сууцыг төдийгүй түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй. Хариуцагч энэхүү үүргээ зохих ёсоор биелүүлснээр нэхэмжлэгч тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг эрх бүхий байгууллагад бүртгүүлж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжтой болох юм. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу Т.Д нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж 47Е байрны 53 тоот орон сууцны өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авах үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ... өмчлөгчөөр тогтоолгох ... гэж тодорхойлсон боловч худалдах худалдан авах гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулах агуулгатай байна.

Зохигчид 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх боловч хариуцагч шүүх хуралдааны явцад маргааны зүйл болж буй орон сууц нь Капитал банкны зээлийн барьцаанд байгаа, банкны эрх хүлээн авагчийн барьцаанаас чөлөөлөх шийдвэр гарсны дараа өмчлөлд нь шилжүүлж өгөх тайлбар гаргаж, эвлэрлийн гэрээ /хх-17,25/-нд тусгаснаас өөр агуулгатай хүсэл зоригийг илэрхийлсэн байх тул зохигчдыг эвлэрлийн гэрээнд заасан нөхцлөөр бүрэн эвлэрсэн гэж үзэх үндэслэлгүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.6 дахь хэсэгт заасан иргэний хэргийг хялбаршуулан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй болно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангах боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх дээрх маргааныг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасныг хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулан, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2020/00020 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.К ХХК-аас Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж 47Е байрны 53 тоот орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргуулж, нэхэмжлэгч Т.Дд олгосугай гэж найруулан өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Б.НАРМАНДАХ