Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2016/0282

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “С*******” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар

Хариуцагч: Үнэлгээний хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “Бага оврын цэвэрлэх байгууламжийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ /Налайх дүүрэг 5 дугаар хороо/ ******* дугаар бүхий зөвлөх үйлчилгээний тендерт тус компанийн тендерээс татгалзсан үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгох, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас нарийвчилсан үнэлгээний ажлын хөлс 41 333 000 төгрөгийг гаргуулах”  шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн захирал Ц.Д*******, хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******, Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “...Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Бага оврын цэвэрлэх байгууламжийн байгаль орчины нарийвчилсан үнэлгээ нэртэй тендерт оролцох урилгыг хүлээн авч техникийн саналын зааврын дагуу өөрийн саналаа маягтаар бүрдүүлж битүүмжилж тендерт оролцсон.

Оролцогч бүрийг оноогоор шалгаруулах, үнэлгээний шалгуур үзүүлэлтээ баримтлаагүйн улмаас манай эрх ашиг хөндөгдсөн.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны  тендер сонгон шалгаруулалтын талаарх дүгнэлтийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам техникийн саналд 6.2, 6.4 гэсэн зааврын маятын дагуу онооны систем баримтлаагүй зөрчсөн болохыг дурьдаж тендер сонгон шалгаруулах ажиллагаа хууль зөрчсөн болохыг мэдэгдсэн. Иймд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны хууль бус актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  “...Бага оврын цэвэрлэх байгууламжийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо нь холбогдох тендерийн баримт бичгийг Сангийн сайдын 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 194 тоот тушаалаар батлагдсан Зөвлөх үйлчилгээний тендерийн жишиг баримт бичгийн дагуу боловсруулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 35-39 дүгээр зүйлд заасны дагуу Зөвлөх үйлчилгээний гүйцтэгэгч сонгох журмыг баримтлан тендер шалгаруулалтыг явуулсан болно.

Тендерт шалгаруулалттайгаар холбоотойгоор захиалагч байгууллага болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 6/4485 дугаар албан бичгээр ирүүлсэн. Тус албан бичигт “...байгаль орчины нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ” гэжээ. Захиалагчийн дээрх ажлын даалгаврын дагуу үнэлгээний хороо тендерийн баримт бичгийн ТӨЗ-ний 4.5-т “Тухайн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн гэрчилгээ ирүүлнэ” гэж заасан.

Мөн тухайн тендерт оролцогчид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцах өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж заасны дагуу өрсөлдөөнийг хязгаарласан тухай ямар нэгэн гомдол гаргаагүй болохыг дурдъя. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  “...Бага оврын цэвэрлэх байгууламжийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ /Налайх дүүрэг 5 дугаар хороо/ зөвлөх үйлчилгээний ажил нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны “Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 24/04 тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/446 дугаар захирамжжар хөрөнгө нь батлагдсан. Үнэлгээний хороо нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/501 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Байгаль орчин, Ногоон хөгжлийн Яамны 6/4485 дугаар дүгнэлт манай газар ирүүлсэн. Үнэлгээний хороо нь 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж Зөвлөх үйлчилгээний тухай зарлалыг 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хооронд дэлгэрэнгүй жагсаалт авхаар товлосон. Зарлалын дагуу “Ц*******” ХХК, “Н*******” ХХК, “С*******” ХХК, “Э*******” ХХК-ниуд материал ирүүлсэн. Үнэлгээний хороо 2015 оны 07 дугаар сарын 08-ны адрийн хурлаараа дээрх 4 компанийг хураангуй жагсаалтанд оруулж урилга хүргүүлэхээр шийдвэрлэсэн ба “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 39 дүгээр зүйлийн 39,12 дах заалтын дагуу зөвлөх үйлчилгээг бага үнийн аргаар явуулахаар шийдвэрлэсэн. Тендерийн материалийг 2015 оны 07 дугаар са рын 10-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээж авахад “Ц*******” ХХК, “С*******” ХХК, “Э*******” ХХК гэсэн 3 компани ирүүлсэн. Тендерийн техникийн саналын нээлт 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 30 минутанд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 1012 тоот өрөөнд болсон. Үнэлгээний хорооны гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын баталсан тендер шалгаруулах журам, тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байдлыг харгалзан техникийн саналыг үнэлсэн. Техникийн доод оноо 70 онооноос дээш гарч байгаа байгууллагуудын санхүүгийн саналыг 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 15.30 цагаас нээсэн.  Нээлтэнд “С*******” ХХК нь техникийн саналын авбал зохих доод оноог хангаагүй тул санхүүгийн саналыг нээлгүй буцааж үлдсэн хоёр компани болох авахад “Ц*******” ХХК,  “Э*******” ХХК-ниудын санхүүгийн саналыг нээж тэмдэглэл хөтөлсөн. Үнэлгээний хороо хуралдаж “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 39 дүгээр зүйлийн 39.14 дэх заалтын дагуу хамгийн бага үнэ ирүүлсэн “Э*******” ХХК-ныг шалгаруулж зөвлөмжийг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хүргүүлсэн. 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тендерт оролцогч "С*******" ХХК нь захиалагчийн шийдвэрт Сангийн Яаманд гомдол гаргасан. 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сангийн Яам гомдлыг хянаж үзээд 6/5525 дугаар албан тоотоор тендерийн бичиг баримтын 6,4 дэх заалтыг зөрчсөн тул тендер шалгаруулалтыг хүчингүй болгох албан бичиг ирүүлсэн. Үнэлгээний хороо 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 36 дугаар зүйлийн 39.17 дах заалтыг үндэслэн дахин хураангуй жагсаалт гаргасан. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 36 дугаар зүйлийн 36.5.2 дах заалтын дагуу Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын болон олон улсын зөвлөхийг сонгоно гэсний дагуу "Ц*******" ХХК, "Н*******" ХХК, "Э*******" ХХК гэсэн 3 байгууллагад урилга хүргүүлсэн. “С*******” ХХК-ны тухайд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дах заалтыг үндэслэн урилга хүргүүлхээс татгалзсан. 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тендерийг нээхэд "Э*******" ХХК нь тендерт материал ирүүлсэн. 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээний хорооны хурлаар гишүүдийн 100%-ийн саналаар “Бага оврын цэвэрлэх байгууламжийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ /Налайх дүүрэг 5 дугаар хороо/” ******* дугаартай зөвлөх үйлчилгээний ажлын гүйцэтгэгчээр “Э*******” ХХК-ийг шалгаруулж зөвлөмжийг Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газарт  хүргүүлэхээр шийдвэрлэн, 2015 оны 10 дугаар 05-ны өдөр Үнэлгээний хорооны зөвлөмжийг гаргаж Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газарт хүргүүлж 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулсан. Нэхэмжлэлийн тухайд:

Үнэлгээний хороо нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 39 дүгээр зүйлийн 39.13 дэх заалтын Бага үнийн арга хэрэглэхдээ энэ хуулийн 39.2-39.4-д заасны дагуу техникийн саналыг үнэлж, санхүүгийн саналыг нээнэ гэсэн заалтын дагуу үнэлсэн.

Сангийн Яамнаас ирүүлсэн 6/5525 дугаар албан тоот бичгээр Тендерийн бичиг баримтад Санхүүгийн саналыг нийтийн өмнө нээх, түүнийг онооны системээр үнэлэх:  6.4. Захиалагч техникийн саналыг үнэлэн техникийн доод онооны шалгуурыг хангаагүй, эсхүл ажлын даалгавар болон зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт заасан шаардлагад нийцээгүй санал ирүүлсэн зөвлөхөд энэ тухай мэдэгдэж, зөвлөхийг сонгох ажиллагаа дууссаны дараа тэдгээрийн санхүүгийн саналыг нээлгүй буцаах тухай дурдана. Үүний зэрэгцээ техникийн доод оноог хангасан зөвлөхөд санхүүгийн саналыг нээх өдөр, цагийг албан бичгээр болон утсан холбоогоор мэдэгдэнэ. Энэ өдөр нь дээрх мэдэгдлийг гаргасан өдрөөс хойш таваас багагүй  бөгөөд санал нээлтэнд оролцох хүсэлтэй зөвлөхөд энэ боломжийг олгохуйц хоногийн дараа байна гэж заасныг зөрчсөн тул тендерийг хүчингүй болгосон. Үүнд үнэлгээний хороо үнэлгээг буруу хийсэн талаар дурдаагүй болно.

Захиалагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Байгаль орчин, Ногоон хөгжлийн Яамны 6/4485 дугаар дүгнэлтийг манай газарт ирүүлсэн. Дүгнэлтэнд Ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудаст заасан нарийвчилсан үнэлгээний явцад тодруулах асуудал, онцгойлон анхаарах чиглэлийг харгалзан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний төслийг боловсруулан 2015 оны 2 дугаар улиралд багтаан Байгаль орчин, ногоон хөгжлийн Яаман ирүүлэхийг үүгээр мэдэгдье гэсний дагуу үнэлгээний хороо тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТӨЗ-4.5-д Тухайн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн гэрчилгээ ирүүлэх тухай шаардлага тавьсан. Иймд уг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан “Бага оврын цэвэрлэх байгууламжийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ /Налайх дүүрэг 5 дугаар хороо/ ******* дугаар бүхий зөвлөх үйлчилгээний тендерт тус компанийн тендерээс татгалзсан үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгох” шаардлага гаргаж шүүх хуралдааны явцад “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас нарийвчилсан үнэлгээний ажлын хөлс 41 333 000 төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Хэргийн материалд авагдсан, маргаан бүхий захиргааны акт болох Үнэлгээний хорооны дүгнэлт /шийдвэр/-т “С*******” ХХК-ийг техникийн саналын авбал зохих доод оноог хангаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн гэрчилгээ ирүүлээгүй, ижил төстэй гүйцэтгэсэн ажлуудын гэрээний хуулбар  ирүүлээгүй, төслийн ахлагч нь тухайн мэргэжлээр 3-аас доошгүй жил ажилласан байхыг нотлох баримтыг ирүүлээгүй гэсэн үндэслэлүүдээр тус компанийн тендерээс татгалзжээ.  

Нэхэмжлэгч уг захиргааны актыг хууль бус гэж үзэж буй үндэслэлээ “бага оврын цэвэрлэх байгууламжийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд Байгаль орчны яамны тусгай зөвшөөрөл шаардах нь буруу, цэвэрлэх байгууламжийн асуудлыг Барилга хот байгуулалтын яам хариуцаж байдаг ба тус яамнаас тусгай зөвшөөрөл олгодоггүй...үнэлгээний журмаа баримтлаагүй” гэж тодорхойлон маргаж байна.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороо ******* дугаар бүхий Бага оврын цэвэрлэх байгууламжийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ /Налайх дүүрэг 5 дугаар хороо/ ******* дугаар бүхий зөвлөх үйлчилгээний тендерийг 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нээхэд С******* ХХКомпанийн тендер техникийн саналын авбал зохих онооны доод оноог хангаагүй буюу доод тал нь 70 оноо авах ёстойгоос 55 оноо авснаар тус тендерийн үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар С******* ХХК-ийн санхүүгийн саналыг нээлгүйгээр тэмдэглэл хөтлөн буцаахаар шийдвэрлэжээ.

Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Сангийн яаманд гомдол гаргаснаар 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 6/5525 дугаар албан бичгээр “С*******” ХХК-д техникийн доод оноог авч чадаагүй талаар санхүүгийн саналд үнэлгээ хийсний дараа мэдэгдэл хүргүүлсэн нь тендерийн баримт бичгийн 6.4-т заасныг зөрчсөн гэж дүгнэн дээрхи тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгосон байна.

Ийнхүү тендер хүчингүй болсноор хариуцагч үнэлгээний хорооноос зөвлөхийн хураангуй жагсаалтыг дахин гаргаж улмаар Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий 3 компанид урилга хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.17-д заасан “зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалт амжилтгүй болсон тохиолдолд зөвлөхийн хураангуй жагсаалтыг дахин гаргаж санал ирүүлэх хугацааг ажлын 5  ба түүнээс дээш өдрөөр тогтооно” гэж заасантай нийцжээ.

Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийг Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалаар батлагдсан “Зөвлөх үйлчилгээний тендерийн жишиг баримт бичиг”-ийн дагуу боловсруулсан, нэхэмжлэгч энэ тендерийн баримт бичгийг худалдан авч тендерийн баримт бичгийг энэхүү жишигийн дагуу боловсруулж оролцсон байх тул тендерийн баримт бичгийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 6/4485 дугаар албан бичгээр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хандаж “байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний төслийг боловсруулан 2015 оны 2 дугаар улиралд багтаан ирүүлэхийг мэдэгдсэн”-ийг үндэслэн тендерт оролцогчдод байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхтэй байхыг шаардсан хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй.

 Түүнчлэн нэхэмжлэгч нь дээр дурдсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн гэрчилгээ ирүүлээгүй тул С******* ХХК-ийг эрх бүхий этгээд биш гэж үзсэн үнэлгээний хорооны дүгнэлт зөв бөгөөд “...бага оврын цэвэрлэх байгууламжийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд Байгаль орчны яамнаас тусгай зөвшөөрөл шаардах нь буруу, цэвэрлэх байгууламжийн асуудлыг Барилга хот байгуулалтын яам хариуцаж байдаг ба тус яамнаас тусгай зөвшөөрөл олгодоггүй” гэх нэхэмжлэлийн үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн /ТӨХ/-ийн 4.5-д заасан техникийн саналтай холбоотой нэмэлт мэдээлэлд шаардсан эрхийн гэрчилгээ, ижил төстэй ажлуудын гэрээний хуулбар зэргийг тендерийн баримт бичигт хавсаргаж ирүүлээгүй нь тогтоогдож байх тул дээр дурдсан үндэслэлүүдээр С******* ХХК-ийн тендерээс татгалзсан үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас ажлын хөлс болох 41 333 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч маргаж буй Үнэлгээний хорооны дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  36 дугаар зүйлийн 36.1, 36.12, 36.17 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.ДУЛАМСҮРЭН