Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 0057

 

А.Т-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор Г.Э 

Шүүгдэгч А.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э/цахим/

Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч У.М-н гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч А.Т-д холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч овогт А-н Т, 

А.Т нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр У.М-г байнгын шинжтэй үйлдлээр буюу 2021 оны 07 сард архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ     аймгийн      сумын      баг     тоотод хоолойг нь боож зодсон, 2021 оны 10 дугаар сард      аймгийн     сумын     багийн        тоотод газар унагаж, зүүн хөлийн өвдөг хэсэгт хөлөөрөө дэвсэж, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж зодсон, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ     аймгийн     сумын Т амралтын газрын орчим хоолойг нь боомилж ухаан алдуулан, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан 2 тарчлаан зодсон, 2021 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ    аймгийн     сумын    баг     тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, зүүн талын 7 ба 10-р хавиргануудыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: А.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Ч овгийн А-н Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож харгис хэрцгий харьсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Шүүгдэгч А.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-н цагдан хоригдсон 28 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч У.М давж заалдах гомдолдоо: ... миний бие охин Т.Т-тэй амьдардаг. Охин минь байнга аавыгаа хайж асууж нэхэж гэртээ аавтайгаа баймаар байна гэж ярих болсон. Цагдан хорих хугацаанаас эхлэн өдийг хүртэл охин минь аавыгаа байнга санаж ярьж байгаа учир охин бид хоёр аав болох Т-н ял шийтгэлийг хөнгөлж өгөхийг хүсэж байна. Энэ хугацаанд их зүйл ойлгож ухаарсан нь ойлгогдсон учир одоо охинтойгоо ойр байж эцгийн үүргээ хүлээхэд нь тусалж ял шийтгэлийг нь хөнгөлж өгөөч гэж хүсэж байна” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.Т 3 тайлбартаа: ... хийсэн хэргийг гэм буруугаа хүлээж байна, ухаарч байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э тайлбартаа: ... Хохирогчийн давж заалдах гомдлыг хүлээн авч А.Т-д оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Э дүгнэлтдээ: ... А.Т-н үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаа тогтоогдсон. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь үйлдсэн гэмт хэрэгт тохирсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хохирогч У.М-н давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ч овогт А-н Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Т-н үйлдсэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр У.М-г байнга зодсон, харгис, хэрцгий хандсан, догшин авирласан, тарчлаасан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдлүүдийн талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийж, дээрх үйл баримтыг тогтоож түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хохирогч У.М нь ... ял шийтгэлийг нь хөнгөлж өгнө үү ... гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргасан боловч анхан шатны шүүх шүүгдэгч А.Т-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Шударга ёсны зарчимд нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 4 1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч У.М-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР