Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 425

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2020/00425

 

 

О.Н, нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/00015 дугаар шийдвэртэй, О.Н,, Г.О, Ц.О нарын нэхэмжлэлтэй, О.Т  ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Ц.Оад сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Н,, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Тунгалагтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Өнөрмаа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Баттулга, Б.Өлзийцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Очирбатын Нарантуяа нь О.Т  ХХК-д 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан Кемп сайтын үйлчилгээний хэлтсийн Арга хэмжээ оффисын үйлчилгээ хариуцсан ахлах ажилтнаар, Ганзоригийн Отгонбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс Кемп, уурхайн талбарын үйлчилгээний хэлтсийн тээврийн супервайзор албан тушаалд ажлын байранд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй ажилласаар ирсэн. Гэтэл О.Т  ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр HR 4241 дугаартай захирлын тушаалаар О.Н,, HR 4240 дугаартай тушаалаар Г.Оыг хөдөлмөрийн гэрээг тус тус цуцласан. О.Н,г 2019 оны 7 сарын 25-ны өдөр Оюутолгой ХХК-ийн уурхайн талбарын оршин суугчдын хэсгийн өөрийн байрлаж байсан SS2-24 тоот байрандаа согтууруулах ундааг зөвшөөрөлгүй авчирсан, мөн кемпийн соёлд харшлах уулзалтыг зөвшөөрөлгүй зохион байгуулсан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж, Г.Оыг уурхайн талбарын оршин суугчдын хэсэгт буюу байранд согтууруулах ундаа зөвшөөрөлгүй авчирсан, хэрэглэсэн үзэж тус тус Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. О.Н, О.Т  ХХК-аас зөрчил гэж үзэж буй үйлдлийг хийгээгүй, ...уг тушаалын 8 дугаар зүйлийн 8б-д заасан Компанийн хууль ёсны аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх гэсэн заалтыг зөрчсөн гэдэг нь тушаалын үндэслэл болжээ. Гэтэл уг зөрчлийг гаргаагүй төдийгүй энэ нь хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох ноцтой зөрчил биш юм. Г.О О.Т  ХХК-иас зөрчил гэж үзэж буй үйлдлийг хийгээгүй буюу согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Ц.Оын тухайд О.Т  ХХК-ийн Кемп, уурхайн талбарын үйлчилгээний хэлтсийн Нисэх онгоцны буудлын зохицуулагч ажлын байранд ажилладаг бөгөөд намайг уурхайн талбар дахь согтууруулах ундаа хэрэглэх, хадгалахыг хориглосон газар болох оршин суугчдын хэсэгт ажилтнууд согтууруулах ундааг зөвшөөрөлгүй авчруулсан, хэрэглэсэн зөрчлийг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан гэж үзэж бичгээр өгөх эцсийн сануулах шийтгэл ноогдуулсан. Ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүстэй хамт байгаагүй төдийгүй тааралдаагүй болно. Ийнхүү хэн нэгэн зөрчил гаргасан эсэхийг мэдээгүй байхад мэдсэн, улмаар мэдсэн атлаа мэдүүлээгүй гэж үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Зөрчил гаргаагүй байхад сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй. Иймд О.Н,, Г.О нарыг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулж, Ц.Оад сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Нэхэмжлэгч О.Н,, Г.О нар нь Хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг гаргасан. О.Н, болон Г.О нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасны ...хөдөлмөрийн гэрээг цуцлах хангалттай үндэслэл болохоор, яг ямар зөрчлийг ноцтойд тооцохоо харилцан тохиролцож тусгасан. Мансууруулах бодис ба согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах журмын 3.1 О.Т  ХХК-ийн аль ч ажлын байранд компанийн зөвшөөрөлгүйгээр согтууруулах төрлийн ундааг авчрах эсвэл хадгалахыг хатуу хориглоно.О.Т  ХХК-ийн байранд (нийт оффисууд болон уурхайн талбарын оршин суугчдын хэсгийг оролцуулан) зөвшөөрөлгүй согтууруулах ундаа авчирсан, хэрэглэсэн, хадгалсан этгээдэд хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэлх сахилгын шийтгэл ногдуулна, Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 10.2.5-д Кемпийн өдөр тутмын үйл ажиллагаа, аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, кемпид байрлах ажилтан, зочдын амгалан тайван байдал, кемпийн соёл, хувь хүний эрх, эрх чөлөөнд саад болохуйц үдэшлэг, уулзалт, цуглаан болон бусад арга хэмжээг зөвшөөрөлгүйгээр зохион байгуулах гэж заасныг тус тус зөрчсөн гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан. О.Н,, Г.О нар нь Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлж, компанийн хууль ёсны аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх үүрэгтэй. О.Т  ХХК-ийн О.Н,, Г.О нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1-т Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох Ноцтой зөрчлүүд-ийг нэг бүрчлэн тоочиж заасан байх ба Хөдөлмөрийн гэрээний 10.2.1.и-д Компанийн аливаа бодлого, дүрэм, журмуудад Ноцтой зөрчил гэж тооцсон, эсхүл ажлаас халах арга хэмжээ авахаар, эсхүл зөрчил гаргасан даруй ажлын талбай, төслийн талбар болон тэдгээрт хамаарах нутаг дэвсгэрээс явуулахаар заасан зөрчил гаргасан, 10.2.1.б.5-д ...зөвшөөрснөөс бусад ажлын байр, талбайд согтууруулах ундаа хэрэглэх гэж заасныг зөрчсөн ноцтой үйлдэл гаргасан нь хэрэгт авагдсан баримтууд болон үзлэг, гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Харин нэхэмжлэгч Ц.О нь уурхайн талбар дахь согтууруулах ундаа хэрэглэх, хадгалахыг хориглосон газар болох оршин суугчдын хэсэгт ажилтнууд согтууруулах ундааг зөвшөөрөлгүй авчруулсан, хэрэглэсэн зөрчлийг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна. 131.1.1.сануулах, гэж заасны дагуу ажил олгогч нь Хөдөлмөрийн гэрээ, холбогдох журмыг зөрчсөн гэдэг үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуүлсан. Ц.О болон О.Т  ХХК-ийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 8.б-д Компанийн хууль ёсны аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх 8.в-д журмуудад заасан ажилтны ёс зүй болон мэргэжлийн зан төлөвийн талаарх стандартыг ханган ажиллах, Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 18.1.1.16-д Энэхүү журмыг зөрчсөн, зөрчсөн байж болох эсхүл зөрчиж болзошгүй байгаа тохиолдолд мэдэгдэх, Мансууруулах бодис ба согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах журмын Үүрэг, хариуцлага хэсгийн 1 зүйлийн 5-д ...энэхүү журмыг зөрчсөн аливаа тохиолдлын талаар тэр дундаа хамтран ажиллаж буй бусад ажилчид уг бодлогыг зөрчсөн тохиолдолд ажилтан энэ тухай өөрийн шууд удирдлагадаа нэн даруй мэдэгдэнэ гэж тус тус заасан үүргийг биелүүлээгүй буюу Оршин суугчдын хэсэгт ажилтнууд согтууруулах ундааг зөвшөөрөлгүй авчруулсан, хэрэглэсэн зөрчлийг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан гэж сануулах шийтгэл ногдуулсан. Иймд О.Н,, Г.О болон Ц.О нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7., 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан О.Т  ХХК-д холбогдох О.Н,, Г.О нарыг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Ц.Оад сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч О.Наратуяа, Г.О, Ц.О нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэхэмжлэгч талын зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3 дах хэсэгт "хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал шүүх хуралдааны өмнө эсхүл шүүх хуралдааны явцад мэдэгдэж татгалзан гаргах үүрэгтэй гэж хуульчилсны дагуу тус хэргийг шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ үүссэн учраас энэ тухай тайлбарлаж шүүгчээс татгалзах үүргийн дагуу мэдэгдэж хүсэлт гаргасан боловч шүүгч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж буюу ИХШХШтХ-ийг ноцтой зөрчиж өөрөөс нь татгалзсан нэхэмжлэгч талын хүсэлтийг өөрөө шийдвэрлэж, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн. Хариуцагч компани нь нэхэмжлэгч О.Н,г ....уурхайн талбарын оршин суугчдын хэсгийн өөрийн байрлаж байсан 532-24 тоот байрандаа согтууруулах ундааг зөвшөөрөлгүй авчирсан, мөн кэмпийн соёлд харшлах уулзалтыг зөвшөөрөлгүй зохион байгуулсан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул гэж үзэн түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч бүрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол, Хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл бүрийг тусад нь авч үзэхгүй нийтэд нь ерөнхийд нь дүгнэж, үндэслэлтэй байна гэсэн л үндэслэлээр нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчиж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх дүгнэхдээ 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр О.Т  ХХК-ийн уурхайн талбарын оршин суугчдын хэсгийн өөрийн байрлаж байсан 382-24 тоот байрандаа согтууруулах ундааг зөвшөөрөлгүй авчирсан, мөн кемпийн соёлд харшлах уулзалтыг зөвшөөрөлгүй зохион байгуулсан хэмээн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй, хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна гэжээ шүүхийн энэхүү шийдвэрийг хэт нэг талыг барьж огт хууль зүйн үндэслэл, баримтгүйгээр дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч О.Н,гын хувьд Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан урьдчилан харилцан тохиролцсон ноцтой зөрчлийг гаргаагүй. Ноцтой зөрчил гэж юуг ойлгох, ямар байдлаар харилцан тохиролцох ёстойг хууль тогтоох байгууллага нарийвчлан хуульчлан өгч зохицуулсан байхад, шүүх ажилтаны эрх, хууль ёсны ашиг сонирхолд харш, хэрэглэх боломжгүй Хөдөлмөрийн гэрээний заалтыг үндэслэл болгон ажил олгогчийн шийдвэрийг зөвтгөсөнд гомдолтой байна. О.Н, болон хариуцагч компанийн хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 10.2.и хэсэгт Бусад гээд Компанийн аливаа бодлого, дүрэм журам (Үүнд; Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм, Мансууруулах бодис ба Согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах стандарт гэх мэт) гэж яг аль журмыг ямар байдлаар зөрчсөнийг ноцтой зөрчил гэж үзэх талаар огт байхгүй, энэ журмын аль хэсэг хамаарч байгаа нь ч ойлгомжгүй, нэг бүрчлэн тохироогүй, тодорхойгүй зохицуулалт байхад энэ үндэслэлээр нэхэмжлэгч О.Н,гын хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Нэхэмжлэгч Г.Оын нэхэмжпэлийн шаардлагыг шүүх Оюутолгой ХХК- ийн уурхайн талбарын оршин суугчдын хэсэгт буюу байранд согтууруулах ундааг зөвшөөрөлгүй авчирсан, хэрэглэсэн хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан хэмээн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй, хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна гэж шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх дээрх дүгнэлтийг гаргахдаа гэрчийн мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна. Гэтэл эдгээр баримтууд нь ямар байдлаар нэхэмжлэгч Г.Оыг согтууруулах ундаа хэрэглэсэн бэ гэдгийг хэрхэн нотолж байгааг тогтоохгүйгээр урьдаас төрсөн дотоод итгэл үнэмшлээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн хариуцагч тал нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа мөн л Мансууруулах бодис ба согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах журам-ыг үндэслэсэн байх атлаа тухайн журамд заасан согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоох журмыг яагаад хэрэглэх боломжтой байхад хэрэглээгүй (шүүх хуралдаан дээр асуугдсан гэрчийн мэдүүлгээр нотлогдоно) атлаа, дараа нь Хөдөлмөрийн гэрээг цуцлахын тулд согтууруулах ундаа хэрэглэсэн болгож цуцалсан гэх зэрэг нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхэд шууд халдсан үйлдэл болсон юм. Нэхэмжпэгч Ц.Оын нэхэмжлэлийн шаардлагыг Уурхайн талбар дахь согтууруулах ундаа хэрэглэх, хадгалахыг хориглосон газар болох оршин суугчдын хэсэгт ажилтнууд согтууруулах ундааг зөвшөөрөлгүй авчруулсан, хэрэглэсэн гэх зөрчлийг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан хэмээн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй, хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна гэжээ. Гэвч, Ц.Оыг тус зөрчлийг гаргаагүй байхад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг үндэслэлтэй байна хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй юм. Мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нарыг зөрчил гаргасан гэж хэрэв үзсэн бол зөрчлийн хэр хэмжээ, эдгээр нь зөрчил нь хэрхэн тогтоогдсон, хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан Хөдөлмөрийн гэрээнд тухайлан нэг бүрчлэн урьдчилан тохиролцсон зөрчил мөн үү, хэрэв зөрчил гаргасан бол зөрчлөөс үүдэн ажил олгогчид ямар хэмжээний хохирол учирсан, сахилгын зөрчлийн хамгийн хүнд хэлбэр болох Хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох ямар ноцтой зөрчил гаргасан талаар дүгнэлт хийгээгүй хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/00015 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын хөдөлмөрийн эрх зүйн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч О.Н,, Г.О, Ц.О нар нь хариуцагч О.Т  ХХК-д холбогдуулан О.Н,, Г.О нарыг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Ц.Оад сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон болон сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн тушаал үндэслэлтэй гэж маргажээ.

О.Н,,Г.О нар нь 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр О.Т  ХХК-тай хөдөлмөрийн гэрээг тус тус байгуулжээ. /1хх-ийн 35-40,47-52/

Хариуцагч О.Т  ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн HR4241, HR42408, HR4235 дугаар Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гүйцэтгэх захирлын тушаалуудаар 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон О.Н,г Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ, Кемп, уурхайн талбарын үйлчилгээний хэлтсийн арга хэмжээ, оффисийн үйлчилгээ хариуцсан ахлахын ажил, албан тушаалаас, Г.Оыг Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ, Кемп, уурхайн талбарын үйлчилгээний хэлтсийн Тээврийн супервайзорын албан тушаалаас чөлөөлж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан, Ц.Оад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримт хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, тушаал, зохигчдын тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон. /1хх-ийн 8-10/

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугээр зүйлийн 40.1.4, 43 дугааар зүйлийн 43.1, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.б болон 10 дугаар зүйлийн 10.2.1б5, 10.2.1.и, Мансууруулах бодис ба согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах журам-ын 3 дугаар зүйлийн 3.1, Кемпийн дотоод журам,ёс зүйн дүрэм-ийн 10 дугаар зүйлийн 10.2.5 дах заалтыг үндэслэн О.Н, , Г.О нарыг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан гэж, Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.б болон 8.в, Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрэм-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1.16 болон Мансууруулах бодис ба согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах журам-ын Үүрэг, хариуцлага хэсгийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалтуудыг үндэслэн Ц.Оыг сахилгын зөрчил гаргасан тул сануулах сахилгын шийтгэл ногдуулсан гэж тус тус тайлбарласан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар зохицуулсан.

О.Т  ХХК-ийн ХН-Ж7.1: Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 10.1.10-т ... Ажилтан ажлын байранд согтуурсан, мансуурсан байдалтай байх, согтууруулах ундаа хэрэглэсэн гэх сэжиг илэрсэн тохиолдолд мансууруулах бодис ба согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах журмын дагуу арга хэмжээ авна... гэж, 10.2.5-д Кемпийн өдөр тутмын үйл ажиллагаа, аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, кемпид байрлах ажилтан, зочдын амгалан тайван байдал, кемпийн соёл, хувь хүний эрх, эрх чөлөөнд саад болохуйц үдэшлэг, уулзалт, цуглаан болон бусад арга хэмжээг зөвшөөрөлгүйгээр зохион байгуулах зөрчил гаргасан тохиолдолд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна гэж, 18.1.1.16-д ажилтан энэхүү журмыг зөрчсөн, зөрчсөн байж болох эсхүл зөрчиж болзошгүй байгаа тохиолдолд мэдэгдэх үүрэгтэй гэж, мөн ХН-СТ-02 Мансууруулах бодис ба согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах журмын 3.1-т О.Т  ХХК-ийн аль ч ажлын байранд /нийт оффисууд болон уурхайн талбарын оршин суугчдын хэсгийг оролцуулан/ компанийн зөвшөөрөлгүйгээр согтууруулах төрлийн ундааг авчрах эсвэл хадгалахыг хатуу хориглоно, зөвшөөрөлгүй согтууруулах ундаа авчирсан, хэрэглэсэн, хадгалсан этгээдэд хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэлх сахилгын шийтгэл ногдуулна гэж, 1 дүгээр зүйлийн 5-д Энэхүү журмыг зөрчсөн аливаа тохиолдлын талаар тэр дундаа хамтран ажиллаж буй бусад ажилчид уг бодлогыг зөрчсөн тохиолдолд ажилтан энэ тухай өөрийн шууд удирдлагадаа нэн даруй мэдэгдэнэ гэж тус тус заажээ./1хх-74,80,102,108/

Түүнчлэн, О.Н,, Г.О болон О.Т  ХХК-ийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.2.1б-гийн 5, 10.2.1и-д компанийн хууль ёсны аливаа бодлого, дүрэм, журам /үүнд Компанийн дотоод журам, Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрэм, Мансууруулах бодис ба Согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах стандарт ... /-д ноцтой зөрчилд тооцсон, эсхүл ажлаас халахаар заасан зөрчлүүдийг болон ажил олгогчийн зөвшөөрснөөс бусад газарт согтууруулах ундаа хэрэглэх зөрчлийг Ноцтой зөрчил-д тооцохоор тохиролцсон бөгөөд ажилтан уг зөрчлийг гаргасан тохиолдолд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар, 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр О.Т  ХХК, Ц.О нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8б,8в-д ажилтан компанийн хууль ёсны аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх, компанийн дотоод бодлого, журмуудад заасан ажилтны ёс зүй болон мэргэжлийн зан төлөвийн талаарх хэм хэмжээг ханган ажиллах үүрэгтэй гэж тус тус заасан байна./1хх-11-13,35-40, 47-52/

Хариуцагч О.Т  ХХК нь нэхэмжлэгч нарыг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан, уг зөрчлүүдийг шалган тогтоосон болохоо удаа дараа тайлбарлан холбогдох нотлох баримтыг ирүүлжээ. Хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн цагаан өнгийн сидиний дүрс бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлд юун баахан пиво уугаад байгаа юм, пивоны лаазнууд байна шдээ, ID-гаа шалгуул гэхэд, ID байхгүй, тэр нэг ID байна гээд орон дээр байгаа үнэмлэхийг авч камерт харуулахад Нарантуяа, Очирбат гэсэн нэртэй үнэмлэх байна .. гэх яриа, /1хх-178-187/, гэрч Т.Хулангийн мэдүүлэгт ... Нарантуяа залгаад пиво аваад ир гэж хэлсэн, би Энхтүвшингээр 1 кроп пиво өгөөд гэрийг нь зааж өгөөд явуулсан, өмнө нь бас пиво захиж авдаг байсан... гэх мэдүүлэг, /1хх-214/, гэрч А.Энхтүвшингийн мэдүүлэгт ... ахлах ажилтан Хулан намайг Нарантуяа руу нэг цүнхтэй цинтау пивийг аваачаад өгчих гэсэн, гэрт нь Отгонбаяр, Очирбат нар байсан... гэх мэдүүлэг /1хх-217/, Т.Хулангийн гар утсанд хийсэн үзлэгээр ... Чи миний хэлснээр дотор юу болсныг мэдээгүй гээд хэлчих, ердөө 4-5 лааз л байсан шдээ, ямар ч нотолгоо байхгүй, мэдэхгүй санахгүй байна гээд л болоо, арыг нь даана, өнөөдөр гүрийчих, айсандаа тэгж хэлсэн гээд хэлчих, тэгэхгүй бол та хэдэд туслахад хэцүү болно, тийм гэж хэллээ гээд хэнд ч туслахгүй, надад санаа зоволтгүй, ямар ч нотлох баримтгүй байж та нарыг айлгаж байгаад мэдүүлэг бичүүлээд авчих шиг боллоо, камерийн бичлэг байлаа гээд тэр дотор юу байсныг яаж мэдэж байгаан болдоо... гэсэн мессежүүд /1хх-219-225/, О.Т  ХХК-ийн хуульч П.Өнөрмаагийн цахим шууданд хийсэн үзлэгээр ... Очирбатын Нарантуяагаас 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр олгосон 48 ширхэг пивоны үнэ 120 000 төгрөг нэхэмжилсэн төлбөрийн хүсэлт ... /1хх-226-230/, зэрэг баримтуудаар нэхэмжлэгч О.Н,, Г.О нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, уурхайн талбарын оршин суугчдын хэсгийн өөрийн байрлаж байсан SS2-24 тоот байрандаа оруулсан, мөн кемпийн соёлд харшлах уулзалтыг зөвшөөрөлгүй зохион байгуулсан, Ц.О нь дээрх байдлыг мэдээллэх үүргээ биелүүлээгүй зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Мөн О.Н,, Г.О, Ц.О нарын дээрх үйлдэл нь шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.Бат-Эрдэнийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 01 цаг 05 минутын үед 24 тоотод хүмүүс чанга яриад байна гэсэн мэдээллийн дагуу шалгасан ... гэрт очиход хаалга нь цоожтой хүмүүс чанга чанга ярьж байсан, гэрт ороход 02 цаг 00 минут болж байсан. Тэнд 1 эмэгтэй, 2 эрэгтэй, 3 хүн байсан. Ширээн дээр пивоны сав, архи тамхины ихүүн үнэртэй байсан. Харуулын ахлах ажилтан ... шаардлага тавьсан, үүдээр Отгонбайр, Очирбат нар гараад явсан. Араас нь бид нар очиж шаардлага тавихад шууд явсан гэх мэдүүлгээр давхар нотлогдсон./2хх-27/

Эдгээр нөхцөл байдлаас дүгнэхэд О.Н,, Г.О нар нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Кемпийн өдөр тутмын үйл ажиллагаа, аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, кемпид байрлах ажилтан, зочдын амгалан тайван байдал, кемпийн соёл, хувь хүний эрх, эрх чөлөөнд саад болохуйц уулзалт, арга хэмжээг зөвшөөрөлгүйгээр зохион байгуулсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, уурхайн талбарын оршин суугчдын хэсгийн өөрийн байрандаа оруулсан гэх үйл баримт тогтоогдсон байна. Энэхүү үйл баримт буюу зөрчил нь Хөдөлмөрийн гэрээний 10.2.1б-гийн 5, 10.2.1и-д заасан ноцтой зөрчилд хамаарч байх бөгөөд тэдэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т, Ц.О нь дээрх зөрчлийн талаар мэдээллээгүй эс үйлдэлд хөдөлмөрийн гэрээний 8б,8в-д заасан үүргээ биелүүлээгүйгээс сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-т тус тус нийцсэн байна.

Нэхэмжлэгч нар компанийн холбогдох дүрэм, журамтай танилцаагүй, ямар зөрчлийг ноцтой гэх талаар мэдэхгүй, тохиролцоогүй гэх агуулгатай тайлбар, гомдол гаргах боловч О.Н,, Г.О нар нь 2014 оны 12 сарыг 9,11-ний өдрүүдэд компанид мөрдөгдөх дүрэм, журмуудыг хүлээн авсан нотолгоо ба зөвшөөрсөн тухай баримтад гарын үсэг зурж танилцжээ./1хх-245,246/

Иймд нэхэмжлэгч нарт хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болон сануулах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ. Шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлж Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн маргааныг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаан даргалагч болон нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж, хуульд заасан татгалзан гаргах эрх, үндэслэлийг тайлбарлан, татгалзал байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзах зүйлгүй гэжээ. /2хх-22/ Хуульд заасан журам, хуралдааны дэгийн дагуу шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаанд оролцогчдод эрх, үүргийг нь тайлбарлан өгч, шинэ нотлох баримт бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хүсэлт байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрч асуулгах хүсэлт гаргажээ. /2-хх23/

Хэргийн оролцогчоос гаргасан дээрх хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй. Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар хүлээн авахаас татгалзсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн аваагүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан байх ба шүүх шүүгчийг татгалзан гаргах эрх дуусгавар болсон гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээж аваагүй байна. /2-хх-23/ Хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд хангах эсэхийг шийдвэрлэдэг ба хүсэлтийг хангахаас татгалзсан шүүхийн ажиллагааг буруу гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй нөхцөлд хэргийн оролцогч шүүхийн хууль ёсны ажиллагааг шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийн үндэслэл болгосон гэж үзнэ.

Дээрхээс үзэхэд уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал гэх үндэслэл тухайн тохиолдолд хамааралтай гэж үзэхээр боловч шүүгчийн хүсэлт шийдвэрлэсэн хууль ёсны үйл ажиллагааг үндэслэл бүхий эргэлзээ-г бий болгосон гэж дүгнэх боломжгүй юм. Харин хэргийн оролцогч өөрийн хүсэлтийг хангаагүй үйл баримтыг шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болгож, хуралдааны тогтоосон дэгээс гадуур хүсэлт, шаардлага тавьсан байгаа нь шүүх хуралдааныг тасалдуулах үндэслэл болохгүй тул хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан шүүгчийн үйл ажиллагааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэх үндэслэл байхгүй байна.

Шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэхийг шүүх тухайн хэргийг хэлэлцэх ажиллагаанаас өмнө асуух хуульд заасан журам нь шүүх хуралдааныг дээрх үндэслэлээр хойшлуулах боломжийг урьдчилан тогтоосон агуулгатай болно. Харин шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах үндэслэл илэрвэл хэргийн оролцогч энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй болохоос бус шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах боломжгүй юм. Харин шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэлтэй гэж үзвэл шүүх хуралдааны аль ч үед үүргээ биелүүлэх боломжтой. Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, нөхцөл байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтад харьцуулан үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/00015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Б.НАРМАНДАХ