Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2020/00815

 

О.Нарантуяа, Г.Отгонбаяр, Ц.Очирбат нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/00015 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 425 дугаар магадлалтай,

О.Нарантуяа, Г.Отгонбаяр, Ц.Очирбат нарын нэхэмжлэлтэй,

Оюутолгой ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Ц.Очирбатад сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Тунгалагтуяа, Л.Банзрагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Өнөрмаа, өмгөөлөгч Б.Өлзийцэрэн, Д.Баттулга, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...О.Нарантуяа нь Оюутолгой ХХК-д 2016 оны 12 сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан Кэмп сайтын үйлчилгээний хэлтсийн Арга хэмжээ оффисын үйлчилгээ хариуцсан ахлах ажилтнаар, Г.Отгонбаяр нь 2016 оны 12 сарын 16-ны өдрөөс Кэмп, уурхайн талбарын үйлчилгээний хэлтсийн тээврийн супервайзор албан тушаалд ажлын байранд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй ажилласаар ирсэн. Гэтэл Оюутолгой ХХК-ийн 2019 оны 8 сарын 22-ны өдөр HR 4241 дугаартай захирлын тушаалаар О.Нарантуяа, HR 4240 дугаартай тушаалаар Г.Отгонбаярыг хөдөлмөрийн гэрээг тус тус цуцласан. О.Нарантуяаг 2019 оны 7 сарын 25-ны өдөр Оюутолгой ХХК-ийн уурхайн талбарын оршин суугчдын хэсгийн өөрийн байрлаж байсан SS2-24 тоот байрандаа согтууруулах ундааг зөвшөөрөлгүй авчирсан, мөн Кэмпийн соёлд харшлах уулзалтыг зөвшөөрөлгүй зохион байгуулсан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж, Г.Отгонбаярыг уурхайн талбарын оршин суугчдын хэсэгт буюу байранд согтууруулах ундаа зөвшөөрөлгүй авчирсан, хэрэглэсэн үзэж тус тус Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. О.Нарантуяа Оюутолгой ХХК-аас зөрчил гэж үзэж буй үйлдлийг хийгээгүй, ...уг тушаалын 8 дугаар зүйлийн 8б-д заасан Компанийн хууль ёсны аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх гэсэн заалтыг зөрчсөн гэдэг нь тушаалын үндэслэл болжээ. Гэтэл уг зөрчлийг гаргаагүй төдийгүй энэ нь хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох ноцтой зөрчил биш юм. Г.Отгонбаяр Оюутолгой ХХК-иас зөрчил гэж үзэж буй үйлдлийг хийгээгүй буюу согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Ц.Очирбатын тухайд Оюутолгой ХХК-ийн Кэмп, уурхайн талбарын үйлчилгээний хэлтсийн Нисэх онгоцны буудлын зохицуулагч ажлын байранд ажилладаг бөгөөд уурхайн талбар дахь согтууруулах ундаа хэрэглэх, хадгалахыг хориглосон газар болох оршин суугчдын хэсэгт ажилтнууд согтууруулах ундааг зөвшөөрөлгүй авчруулсан, хэрэглэсэн зөрчлийг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан гэж үзэж бичгээр өгөх эцсийн сануулах шийтгэл ноогдуулсан. Ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүстэй хамт байгаагүй төдийгүй тааралдаагүй болно. Ийнхүү хэн нэгэн зөрчил гаргасан эсэхийг мэдээгүй байхад мэдсэн, улмаар мэдсэн атлаа мэдүүлээгүй гэж үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Зөрчил гаргаагүй байхад сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй. Иймд О.Нарантуяа, Г.Отгонбаяр нарыг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулж, Ц.Очирбатад сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч О.Нарантуяа, Г.Отгонбаяр нар нь Хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг гаргасан. О.Нарантуяа болон Г.Отгонбаяр нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасны ...хөдөлмөрийн гэрээг цуцлах хангалттай үндэслэл болохоор, яг ямар зөрчлийг ноцтойд тооцохоо харилцан тохиролцож тусгасан. Мансууруулах бодис ба согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах журмын 3.1 Оюутолгой ХХК-ийн аль ч ажлын байранд компанийн зөвшөөрөлгүйгээр согтууруулах төрлийн ундааг авчрах эсвэл хадгалахыг хатуу хориглоно. Оюутолгой ХХК-ийн байранд (нийт оффисууд болон уурхайн талбарын оршин суугчдын хэсгийг оролцуулан) зөвшөөрөлгүй согтууруулах ундаа авчирсан, хэрэглэсэн, хадгалсан этгээдэд хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэлх сахилгын шийтгэл ногдуулна, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 10.2.5-д Кэмпийн өдөр тутмын үйл ажиллагаа, аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, Кэмпид байрлах ажилтан, зочдын амгалан тайван байдал, Кэмпийн соёл, хувь хүний эрх, эрх чөлөөнд саад болохуйц үдэшлэг, уулзалт, цуглаан болон бусад арга хэмжээг зөвшөөрөлгүйгээр зохион байгуулах гэж заасныг тус тус зөрчсөн гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан. Оюутолгой ХХК-ийн О.Нарантуяа, Г.Отгонбаяр нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1-т Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох Ноцтой зөрчлүүдийг нэг бүрчлэн тоочиж заасан байх ба Хөдөлмөрийн гэрээний 10.2.1.и-д Компанийн аливаа бодлого, дүрэм, журмуудад Ноцтой зөрчил гэж тооцсон, эсхүл ажлаас халах арга хэмжээ авахаар, эсхүл зөрчил гаргасан даруй ажлын талбай, төслийн талбар болон тэдгээрт хамаарах нутаг дэвсгэрээс явуулахаар заасан зөрчил гаргасан, 10.2.1.б.5-д ...зөвшөөрснөөс бусад ажлын байр, талбайд согтууруулах ундаа хэрэглэх гэж заасныг зөрчсөн ноцтой үйлдэл гаргасан нь хэрэгт авагдсан баримтууд болон үзлэг, гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Харин нэхэмжлэгч Ц.Очирбат нь уурхайн талбар дахь согтууруулах ундаа хэрэглэх, хадгалахыг хориглосон газар болох оршин суугчдын хэсэгт ажилтнууд согтууруулах ундааг зөвшөөрөлгүй авчруулсан, хэрэглэсэн зөрчлийг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-т заасны дагуу сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Ц.Очирбат болон Оюутолгой ХХК-ийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 8.б-д Компанийн хууль ёсны аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх 8.в-д журмуудад заасан ажилтны ёс зүй болон мэргэжлийн зан төлөвийн талаарх стандартыг ханган ажиллах, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 18.1.1.16-д Энэхүү журмыг зөрчсөн, зөрчсөн байж болох эсхүл зөрчиж болзошгүй байгаа тохиолдолд мэдэгдэх, Мансууруулах бодис ба согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах журмын Үүрэг, хариуцлага хэсгийн 1 зүйлийн 5-д ...энэхүү журмыг зөрчсөн аливаа тохиолдлын талаар тэр дундаа хамтран ажиллаж буй бусад ажилчид уг бодлогыг зөрчсөн тохиолдолд ажилтан энэ тухай өөрийн шууд удирдлагадаа нэн даруй мэдэгдэнэ гэж тус тус заасан үүргийг биелүүлээгүй буюу оршин суугчдын хэсэгт ажилтнууд согтууруулах ундааг зөвшөөрөлгүй авчруулсан, хэрэглэсэн зөрчлийг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан гэж сануулах шийтгэл ногдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/00015 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7., 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Оюутолгой ХХК-д холбогдох О.Нарантуяа, Г.Отгонбаяр нарыг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Ц.Очирбатад сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч О.Наратуяа, Г.Отгонбаяр, Ц.Очирбат нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 425 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/00015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Тунгалагтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3 дах хэсэгт заасан үндэслэл бүхий эргэлзээ үүссэн учраас энэ тухай тайлбарлаж шүүгчээс татгалзах үүргийн дагуу мэдэгдэж хүсэлт гаргасан боловч шүүгч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж өөрөөс нь татгалзсан нэхэмжлэгч талын хүсэлтийг өөрөө шийдвэрлэж, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн. Дээрх гомдлыг давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах үндэслэл илэрвэл хэргийн оролцогч энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй болохоос бус шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах боломжгүй гэж буруу тайлбарлаж үндэслэлгүй төдийгүй ойлгомжгүйгээр дүгнэлт хийсэн. Хариуцагч компани нь нэхэмжлэгч О.Нарантуяаг ...уурхайн талбарын оршин суугчдын хэсгийн өөрийн байрлаж байсан SS2-24 тоот байрандаа согтууруулах ундааг зөвшөөрөлгүй авчирсан, мөн кэмпийн соёлд харшлах уулзалтыг зөвшөөрөлгүй зохион байгуулсан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул гэж үзэн түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч бүрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол, Хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл бүрийг тусад нь авч үзэхгүй нийтэд нь ерөнхийд нь дүгнэж, үндэслэлтэй байна гэсэн л үндэслэлээр нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчиж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч О.Нарантуяаг хүртэл согтууруулах ундаа хэрэглэсэн мэтээр дүгнэж хэргийг хэт нэг талыг барьж илтэд буруу шийдвэрлэсэн байна. Учир нь О.Нарантуяаг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг холбогдох журмын дагуу шалгаж драгер үлээлгэхэд согтолтын хэмжээ 0 гэж гарсан байхад шүүх яагаад түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн мэтээр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтээс харвал нэхэмжлэгч нь өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандсан боловч харин ч эсрэгээрээ бүр нөхцөл байдлыг дордуулан нэхэмжлэгчийн эсрэг гаргаагүй зөрчлийг гаргасан мэтээр илт үндэслэлгүй дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Магадлалын 9 дэх талд эдгээр нөхцөл байдлаас дүгнэхэд О.Нарантуяа Г.Отгонбаяр нар нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр кэмпийн өдөр тутмын үйл ажиллагаа, аюулгуй байдал, аюулгүй ажиллагаа, кэмпед байрлах ажилтан, ...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, уурхайн талбарын оршин суугчдын хэсгийн өөрийн байрандаа гэх үйл баримт тогтоогдсон байна. Энэхүү үйл баримт буюу зөрчил нь Хөдөлмөрийн гэрээний 10.2.1б-ийн 5, 10.2.1.и-д заасан ноцтой зөрчилд хамаарч байна гэж дүгнэжээ. Үндэслэл болгосон Хөдөлмөрийн гэрээний 10.2.1 и дэх хэсэгт Компанийн аливаа бодлого, дүрэм, журамд ноцтой зөрчил гэж тооцсон, эсхүл ажлаас халах арга хэмжээ авахаар, зөрчил гаргасан даруй ажлын талбай, төслийн талбар болон тэдгээрт хамаарах нутаг дэвсгэрээр явуулахаар заасан зөрчил гаргасан гэж нийт 13 журмыг тусгаж яг аль журмыг ямар байдлаар зөрчсөнийг ноцтой зөрчил гэж үзэх талаар огт байхгүй, энэ журмын аль хэсэг хамаарч байгаа нь ч ойлгомжгүй, нэг бүрчлэн тохироогүй, тодорхойгүй зохицуулалтыг үндэслэл болгосон. Мөн дээрх заалтаас харахад тус журмууддаа тусгайлан ноцтой зөрчил гэж зохицуулсан заалт нь хамаарна гэж байгаа боловч нэхэмжлэгч О.Нарантуяаг ажлаас чөлөөлсөн хууль бус тушаалын үндэслэл болгосон заалт нь тус журамдаа ноцтой зөрчил гэж мөн зохицуулагдаагүй ажлаас халах хүртэл сахилгын шийтгэл ногдуулна гэсэн байгаа нь зөвхөн ажил олгогчийн хүсэлтээр ямар ч шийтгэл ногдуулж болох дур зоргын шинжтэй зохицуулалтыг журамлаж түүнийг нь үндэслэж ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөрийн хуулийг зөрчиж ажил олгогчийн талд хэргийг шийдвэрлэсэн үйлдэл болсон юм. Учир нь нэхэмжлэгч О.Нарантуяагийн хувьд хөдөлмөрийн гэрээнд тусгайлан урьдчилан харилцан тохиролцсон ноцтой зөрчлийг гаргаагүй. Ноцтой зөрчил гэж юуг ойлгох, ямар байдлаар харилцан тохиролцох ёстойг хууль тогтоох байгууллага нарийвчлан хуульчлан өгч зохицуулсан байхад, шүүх ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхолд харш, хэрэглэх боломжгүй Хөдөлмөрийн гэрээний заалтыг үндэслэл болгон ажил олгогчийн шийдвэрийг зөвтгөсөнд гомдолтой байна. Нэхэмжлэгч Г.Отгонбаярын нэхэмжлэлийн шаардлагыг шүүх Оюутолгой ХХК-ийн уурхайн талбарын оршин суугчдын хэсэгт буюу байранд согтууруулах ундааг зөвшөөрөлгүй авчирсан, хэрэглэсэн хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан хэмээн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй, хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх дээрх дүгнэлтийг гаргахдаа гэрчийн мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл эдгээр баримтууд нь ямар байдлаар нэхэмжлэгч Г.Отгонбаярыг согтууруулах ундаа хэрэглэсэн бэ гэдгийг хэрхэн нотолж байгааг тогтоохгүйгээр урьдаас төрсөн дотоод итгэл үнэмшлээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх ямар үндэслэлээр тогтоогдсон гэж үзэж байгаагаа тусгаагүй бөгөөд ажил олгогч тал үндэслэл болгоод байгаа Мансууруулах бодис ба согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах журмаар Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтооно, тус журмаар тогтоогдсон тохиолдолд ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг цуцална, түүний дагуу цуцалсан гэж байгаа ч энэ журмаа огт хэрэглээгүй болохыг нь анхаарч үзээгүй. Тус журмыг бүрэн хэрэглэх боломжтой байсан хэрэв нэхэмжлэгч Г.Отгонбаяр шалгуулахаас татгалзсан бол тэмдэглэл үйлдэх ёстой байсан боловч тухайн журмыг хэрэглээгүй гэхдээ согтуу байсан гэсэн таамаглал дээр үндэслэж согтууруулах ундааг хэрэглэж болох хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэсэн байсан гэсэн тайлбарыг үндэслэж шүүх тогтоосон. Мөн нэхэмжлэгч Г.Отгонбаяр зугтаагүй, шалгуулахаас татгалзсан зүйл байдаггүй, анхан шатны шүүх хуралдаан дээр асуугдсан гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Нэхэмжлэгч Ц.Очирбатыг зөрчил гаргаагүй байхад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг үндэслэлтэй байна хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй юм. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч О.Нарантуяа, Г.Отгонбаяр нар ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийг, Ц.Очирбат сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг тус тус хариуцагч Оюу толгой ХХК-д холбогдуулан гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх О.Нарантуяа, Г.Отгонбаяр, Ц.Очирбат нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны үндэслэлд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

О.Нарантуяа Оюу толгой ХХК-д Кэмп, уурхайн талбарын үйлчилгээний хэлтсийн арга хэмжээ, оффисын үйлчилгээ хариуцсан ахлах ажилтны, Г.Отгонбаяр Тээврийн супервайзорын, Ц.Очирбат Нисэх онгоцны буудлын зохицуулагчийн албан тушаалд тус тус хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсныг зохигч маргаагүй ба тус компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн HR4240, HR4241, HR4235 дугаар тушаалуудаар О.Нарантуяа, Г.Отгонбаяр нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах, Ц.Очирбатад сануулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан байна.

HR4240 дугаар тушаалд О.Нарантуяа, Г.Отгонбаяр нарыг Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.б болон 10 дугаар зүйлийн 10.2.1б5, 10.2.1.и, Мансууруулах бодис ба согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах журам-ын 3 дугаар зүйлийн 3.1, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм-ийн 10 дугаар зүйлийн 10.2.5 дах заалтад заасан ноцтой зөрчил гаргасан гэж, Ц.Очирбатыг Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.б болон 8.в, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1.16 болон Мансууруулах бодис ба согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах журам-ын Үүрэг, хариуцлага хэсгийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалтуудад заасан зөрчлийг гаргасан гэж үзжээ.

Ажил олгогч, ажилтны хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр нэрлэн тохирсон ноцтойд тооцогдох зөрчлийг ажилтан гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцалж болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан байна.

Ажилтан тухайн ноцтой зөрчлийг гаргасан нь тогтоогдсон, зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа хэтрээгүй тохиолдолд ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болно.

Тушаалд тодорхойлон тусгасан О.Нарантуяа, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Оюу толгой ХХК-ийн уурхайн талбарын оршин суугчдын хэсгийн өөрийн байрлаж байсан байрандаа согтууруулах ундааг зөвшөөрөлгүй авчирсан, мөн кэмпийн соёлд харшлах уулзалт зөвшөөрөлгүй зохион байгуулсан, Г.Отгонбаяр дээрх ажиллагаанд оролцсон, согтууруулах ундаа хэрэглэсэн, Ц.Очирбат нь согтууруулах ундааг зөвшөөрөлгүй авчруулсан, хэрэглэсэн зөрчлийг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй сахилгын зөрчлийг тус тус гаргасан нь тогтоогдсон гэж хоёр шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч өөрийн шаардлагаа, хариуцагч татгалзлаа тус тус нотлох үүргийг хүлээдэг ба нэхэмжлэгч нарын гаргасан зөрчлийн талаархи хариуцагчаас шүүхэд ирүүлсэн баримтыг няцаах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1-д ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлах ноцтой зөрчлүүдийг нэрлэсний дотор 10.2.1.б 5-д ажил олгогчийн зөвшөөрснөөс бусад ажлын байр, талбайд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон байна. Мөн хөдөлмөрийн гэрээний 10.2.1 и-д компанид мөрдөгдөж буй Мансууруулах бодис ба согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах журам, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэмд ноцтой гэж үзэх зөрчил гаргасныг хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд хамааруулсан байна. Мансууруулах бодис ба согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах журмын 3.1-д компанийн аль ч ажлын байранд үүнд уурхайн талбарын оршин суугчдын хэсгийг оролцуулан компанийн зөвшөөрөлгүйгээр согтууруулах төрлийн ундааг авчрах, эсвэл хадгалах, хэрэглэхийг хатуу хориглосон. Зөрчил гарсан бол ноцтой зөрчил гэж үзэхийг тодорхойлжээ.

Ажил олгогч, ажилтны хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ нь тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл, харилцан тохиролцсон нөхцөл болох бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлийг талууд гэрээнд заахдаа тусгай журмаар ноцтойд тооцогдох зөрчлийг оруулахаар болсон нь хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

Хариуцагч Оюу толгой ХХК олон ажилчидтай, онцгой объект болохын хувьд мансууруулах бодис, согтууруулах ундаатай холбоотой асуудлыг тусдаа журмаар зохицуулж, уг журамдаа ...уурхайн талбарын оршин суугчдын хэсгийн байранд согтууруулах ундааг зөвшөөрөлгүй авчирсан-г ноцтойд тооцохоор тогтож, ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайн журмуудаар ноцтойд тооцох зөрчлийг заасан нь тодорхой бус, хэт өргөжүүлсэн, ажилтны эрх ашигт нийцээгүй гэх боломжгүй байна.

Харин ажил олгогч нь ноцтойд тооцогдох зөрчлийг журамласан компанийн хууль ёсны аливаа журам, дүрмийг ажилтанд тодорхой танилцуулсан байх үүрэгтэй.

Мансууруулах бодис ба согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах журам, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийг танилцсан тухай баримт хэрэгт авагдсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т ажилтан сахилгын зөрчлийг гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасныг Оюу толгой ХХК зөрчөөгүй байна.

Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал шүүгчээс татгалзсан, шүүгч уг асуудлыг хүлээн авах боломжгүй гэж үзэн, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн нь хууль зөрчөөгүй талаар давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой тусгажээ.

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/00015 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 425 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Тунгалагтуяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ