Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 437

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/00437

 

 

Д.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/00011 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Тын нэхэмжлэлтэй, хариуцагч З.Э, Г.Т нарт холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 28 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Учрал, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Т болон З.Э нарын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Зээлийн гэрээ байгуулагдсан, энэ талаар талууд маргаангүй. Дээрх гэрээний дагуу Д.Т нь 19 000 000 төгрөгийг Энхжаргалд мөн өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл барьцаагүй, хүүгүй зээлдуүлэхээр тохиролцсон. Ингээд Д.Т 19 000 000 төгрөгийг З.Эын Хаан банкан дахь 5024210459 дансанд шилжүүлсэн ч З.Э өнөөдрийг хүртэл зээлийг эргүүлэн төлөөгүй байна. Иргэний хуулийн 232.6-д заасны дагуу оногт 0.5 хувийн алданги тооцохоор гэрээнд тохиролцсон тул алданги тооцоход 232.4-т заасан хуулийн заалтын дагуу үндсэн үнийн дүнгийн 50 хувьд буюу 9 500 000 төгрөг хүрээд зогсож байна. Иймд гэрээний үндсэн үнийн дүн 19 000 000 төгрөг, алданги 9 500 000 төгрөг, нийт 28 500 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд зээлийн гэрээг байгуулсан, гэхдээ эхлээд орон сууц хөлслөх талаар хүсэл зоригоо илэрхийлж, зээлийн хүүнд хөлслөхөөр тохирсон. 2018 оны 10 сард зээл төлж чадахгүй байгаа, зээлийн гэрээг сунгах талаар нэхэмжлэгчид утсаар мэдэгдсэн, тэгээд орон сууцаа зараад төлье гэхээр хүн оруулдаггүй, эсвэл их хүйтэн байр гэх мэтээр хэлээд зарах боломж олгоогүй. Алдангийн хувьд шаардах эрх нь хэзээ үүсээд хэзээг хүртэл тооцсон зэрэг нэхэмжлэл үндэслэлгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.Эаас зээлийн гэрээний үүрэгт 19 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Тод олгож, үлдэх 9 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300 450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 252 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Тод олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Д.Т 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 19 000 000 төгрөг, алданги 9 500 000 нийт 28 500 000 төгрөгийг хариуцагч З.Э, Г.Т нараас гаргуулахаар нэхэмжилсэн. Шүүх шийдвэрийн үндэслэлдээ Нэхэмжлэгч нь зээлийг шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн, хариуцагч нь мөнгийг аваагүй талаар маргаагүй, хариуцагч тал мөн хугацаагаар зээлийн гэрээг сунгах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч тал үгүйсгэж чадахгүй байна гэжээ. Харин ч шүүхэд нэхэмжлэгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гэрээний хугацаа дуусмагц нэхэмжлэгч зээлсэн мөнгөө буцаан авах, хариуцагч байраа зарах, түрээслэх байдлаар зээлийн төлбөрөө төлөхөөр хүмүүст үзүүлж байсан гэдэг үйл баримтыг аль аль тал нь хулээн зөвшөөрсөн. Хариуцагч талаас нэг ч удаа гэрээ сунгах талаар хүсэлт гаргаж байгаагүй учраас энэ талаар шүүхэд гаргаж өгөх ямар ч нотлох баримт байхгүй байхад шүүх нотлох баримтаас хальж хийсвэр дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай огт нийцэхгүй байна. 

Түүнчлэн хариуцагч тал шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараа ямар нэгэн нотлох баримтаар нотлоогүй, нотлох баримт гаргаж өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч Д.Т нь байр авахаар зээлийн урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж байсан бөгөөд зээлийн гэрээний хугацаанд мөнгөө хуримтлуулан хугацаа дуусахад 19 000 000 төгрөгөө аваад хуримтлуулсан мөнгөө нэмж төлөвлөж байсан урьдчилгаагаа бүрдүүлнэ гэж тооцсон байдаг. Гэтэл хариуцагч нарын гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж өндөр хүүтэй зээл авч бүрдүүлэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн дарамтад орсон. Мөн шүүх үндэслэлдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ..., Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүйгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж тодорхойлсонд нийцжээ гэж дүгнэсэн атлаа ямар нотлох баримтыг үндэслэн гэрээ сунгах хүсэлт гарсаныг, гэрээ сунгагдсан гэж үзэж байгаагаа мөн алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан. 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэж дүгнэгдсэн Зээлийн гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.1 Зээлийн хэмжээ 19 000 000 төгрөгийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зээлэхээр тохиролцов, 2.2 Зээлийн хугацаа 2017 оны 11 сарын 21-ний өдрөөс 2018 оын 11-р сарын 22-ны өдөр хүртэл барьцаагүй, хүүгүй зээлдүүлэхээр тохиролцов, мөн зүйлийн 2.6-д Зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд зээлдэгч нь зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэлх хугацаанд ХУД-ийн 15-р хороо, Рапип харш Махатма ганди гудамж, 23-р байр, 118 тоот хаягт байршилтай 50.67 м.кв тайлбайтай 2 өроө орон сууцанд амьдрах ба гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоногийн 0,5 хувиар алданги тооцно гэсэн алданги тооцох маш тодорхой заалтыг яаж ойлгохоороо гэрээний хугацаанд хүүгүй байх нөхцөлтэй хольж, адилтгаж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн хамтран хариуцагч 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээ-нд гарын үсэг зурсан Г.Тд холбогдох шаардлагыг мөнгө хүлээн аваагүй гэдгээр хэрэгсэхгүй болгосон нь тодорхой үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн гэрээний үүргийн гүйцэтгэлээ хангуулахад эрсдэл үүсгэж байна. Нэхэмжлэгч Иргэний хууль, гэрээнд заасан алдангийг гэрээний хугацаа дууссан өдрөөс тооцох эрхтэй бөгөөд гэрээний 2.6-д зааснаар тодорхой заасан 9 500 000 төгрөгийн алдангийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/00011 дугаартай шийдвэрийн алдангид 9 500 000 төгрөг гаргуулах болон Г.Тд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон хэсгийг "... 9 500 000 төгрөгийн алдангийн хамт нийт 28 500 000 төгрөгийг хариуцагч З.Э, Г.Т нараас гаргуулан Д.Тод олгож... гэж өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад тал бүрээс нь бодитой дүгнэлт хийгээгүй, Иргэний хуулийн зохих зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч З.Э, Г.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19 000 000 төгрөг, алданги 9 500 000 төгрөг, нийт 28 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар алдангийг эс зөвшөөрч маргажээ.

Д.Т нь З.Э, Г.Т нартай 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 12 сарын хугацаатай, 19 000 000 төгрөгийг зээлж, зээлийн хугацаанд Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш, 23 дугаар байр, 18 тоот орон сууцыг үнэ төлбөргүй ашиглахаар тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 5 дугаар тал/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.6-д Зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд зээлдэгч нь зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэлх хугацаанд Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш, 23 дугаар байр, 18 тоот орон сууцанд амьдрах ба гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоногийн 0,5 хувиар алданги тооцох талаар заасан байна. Талууд анзын талаар бичгээр хэлцэл хийж тодорхой тохиролцсон, нэхэмжлэгч анз авах эрхээ алдаагүй байхад анхан шатны шүүх анз авах эрхгүй гэж дүгнэсэн нь буруу бөгөөд нэхэмжлэлийн зарим шаардлагыг буюу алдангийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд зохих ёсоор гүйцэтгэх учиртай. Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зээлийн гэрээний 2.2-т заасан хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч үндсэн зээл, алдангийг хариуцагч нараас гаргуулахаар шаардах эрхтэй.

Харин хэргийн нөхцөл байдал, талуудын тайлбар, гэрээний агуулга, хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч зээлдэгч нарыг мөнгөө төлөөгүй тохиолдолд хариуцагч нарын өмчлөлийн орон сууцыг үнэ төлбөргүй ашиглах буюу орон сууцанд амьдарч болох талаар гэрээгээр тохиролцсон, одоог хүртэл орон сууцанд амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзвэл алдангийн хэмжээг хэт их гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан ба хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд ногдох алдангийн хэмжээ болох 9 500 000 төгрөгийн 50 хувиар багасгаж хариуцагч нараас 4 750 000 төгрөгийг алдангид гаргуулах үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд зээлдэгч нарын төлбөл зохих үүргийг 23 750 000 /19 000 000+4 750 000/ төгрөгөөр тооцвол зохино.

Түүнчлэн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно гэж заасан. Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд Г.Т гарын үсэг зурж, хамтран үүрэг хүлээсэн байхад түүнд зээлийг буцаан төлөх үүрэг үүсээгүй гэж шүүх үзсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт нийцээгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/00011 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгийг баримтлан З.Э, Г.Т нараас 23 750 000 /хорин гурван мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулан Д.Тод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 750 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын 252 950 гэснийг 276 700 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Б.НАРМАНДАХ