Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 011

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 24 өдөр                   Дугаар 183/ШШ2020/00011                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Т нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З /,

Хариуцагч: Г нарт холбогдох,  

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 28,500,000 /хорин найман сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Учрал, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат, нарийн бичгийн дарга Б.Сарангуа нар оролцов.

                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Т болон З.Э нарын хооронд 2017.11.21-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулагдсан, энэ талаар талууд маргаангүй. Дээрх гэрээний дагуу Д.Т нь 19.000.000 төгрөгийг Эд мөн өдрөөс 2018.11.22-ны өдөр хүртэл барьцаагүй, хүүгүй зээлдүүлэхээр тохиролцсон. Ингээд Д.Т 19.000.000 төгрөгийг З.Эын Хаан банкан дахь 5024210459 дансанд шилжүүлсэн ч З.Э өнөөдрийг хүртэл зээлийг эргүүлэн төлөөгүй байна. Иргэний хуулийн 232.6-д заасны дагуу оногт 0.5 хувийн алданги тооцохоор гэрээнд тохиролцсон тул алданги тооцоход 232.4-т заасан хуулийн заалтын дагуу үндсэн үнийн дүнгийн 50 хувьд буюу 9.500.000 төгрөг хүрээд зогсож байна. Иймд гэрээний үндсэн үнийн дүн 19.000.000 төгрөг, алданги 9,500.000 төгрөг нийт 28.500.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нарын төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд зээлийн гэрээг байгуулсан, гэхдээ эхлээд орон сууц хөлслөх талаар хүсэл зоригоо илэрхийлж, зээлийн хүүнд хөлслөхөөр тохирсон. 2018 оны 10 сард зээл төлж чадахгүй байгаа, зээлийн гэрээг сунгах талаар нэхэмжлэгчид утсаар мэдэгдсэн, тэгээд орон сууцаа зараад төлье гэхээр хүн оруулдаггүй, эсвэл их хүйтэн байр гэх мэтээр хэлээд зарах боломж олгоогүй. Алдангийн хувьд шаардах эрх нь хэзээ үүсээд хэзээг хүртэл тооцсон зэрэг нэхэмжлэл үндэслэлгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Д.Т нь З.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 28,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Тыг хамтран хариуцагчаар оролцуулжээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ зээлийг эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй тул алданги тооцох үндэслэлтэй гэж, хариуцагч нар нь орон сууц хөлсөлж, хүүнд нь хөлс тооцохоор тохиролцож зээл авсан, зээлийн гэрээг мөн хугацаагаар сунгах хүсэлтээ хэлж, орон сууцанд сууж байгаа тул алданги тооцох хугацааг тооцох боломжгүй, гэрээ сунгагдсан гэж маргалаа.

 

Зохигч 2017 оны 11 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулан, 19,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлүүлэх, Хан-Уул дүүрэг, 15 хороо, Рапид харш, 23 байр, 118 тоот орон сууцыг зээлийн хугацаанд хөлслөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасанд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээ хүчин төгөлдөр болжээ. 

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргасан, хариуцагч орон сууц хөлслөх гэрээний хувьд сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч нь зээлийг шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн, хариуцагч нь мөнгийг аваагүй талаар маргаагүй, хариуцагч тал мөн хугацаагаар зээлийн гэрээг сунгах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч тал үгүйсгэж чадахгүй байна.

 

Учир нь Хан-Уул дүүрэг, 15 хороо, Рапид харш, 23 байр, 118 тоот орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа гэж нэхэмжлэгч тайлбарласан тул зээлийн гэрээг  мөн хугацаагаар сунгагдсан гэж үзнэ.

 

Иймд зээлийг буцаан төлөх хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байх бөгөөд зээлийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч нь зээлийг шаардах эрхтэй байна.

 

Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүйгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги” гэж тодорхойлсонд нийцжээ.

 

Гэвч нэхэмжлэгч нь зээлийн гэрээг сунгагдсан хугацаанд зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

 

Зээлийг З.Эд Д.Т нь шилжүүлсэн байх тул мөнгийг хүлээн аваагүй Г.Тд зээлийг буцаан төлөх үүрэг үүсэхгүй тул түүнд холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэхэд хариуцагчаас үндсэн зээлийн үүрэгт 19,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, шаардлагаас үлдэх 9,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 300,450 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 252,950  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Хариуцагч нь орон сууц хөлслөх гэрээтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдлаа.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Заас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 19,000,000 /арван есөн сая/ төгрөг гаргуулан, Д олгож, шаардлагаас үлдэх 9,500,000 төгрөг гаргуулах болон Г.Тд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 300,450 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 252,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хариуцагч нь орон сууц хөлслөх гэрээтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ