Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 436

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/00436

 

 

Л.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/02684 дугаар шийдвэртэй, Л.Гын нэхэмжлэлтэй, В.Р ХХК нарт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 50 560 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Соёлмаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Хүрэлтулга, Ө.Учрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хово маркийн УНС 59-08, УНН 69-27 69-27 улсын дугаартай хоёр автомашинаар Өмнөговь аймгийн нутагт байрлах Таван толгой ХК-ийн хөрс хуулалтын ажлыг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд хийж гүйцэтгэж дуусахаар В.Р ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 20 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ажилласан. Сүүлд нь УБС 95-33, УНП 53-96 улсын дугаартай хоёр автомашиныг нэмж нийт 4 автомашин ажилласан. Талууд хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д зааснаар нэг машины хий 1 сарын ажлын хөлс нь 12 000 000 төгрөг байхаар тохиролцсон. Гэрээний дагуу УНС 59-08 дугаартай автомашин 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал 40 хоног ажиллаж 16 000 000 төгрөг, УНН 69-27 дугаартай автомашин 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал 40 хоног ажиллаж, 16 000 000 төгрөг, УБС 95-33 улсын дугаартай автомашин 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 10 хоног ажиллаж 4 000 000 төгрөг, УНП 53-96 улсын дугаартай автомашин 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал 24 хоног ажиллаж 9 600 000 төгрөг, нийт 45 600 000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Үүнээс хувь хүний орлогын албан татвар 10 хувь буюу 4 560 000 төгрөгийг гэрээний дагуу хасахад эцсийн гүйцэтгэл 41 040 000 төгрөг болж байна. Энэ хугацаанд иргэн 11 000 000 төгрөг өгч үлдэгдэл болох 30 040 000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 25-нд өгөх ёстой байтал маргааш өгнө гэж удаа дараа хэлж хуурсан, сүүлдээ утсаа авахаа больж, шүүхдээ өг гэж хэлээд одоог хүртэл өгөөгүй. Ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар төлбөрийг төлөлгүй 270 хоног болсон байгаа тул алданги тооцоход 24 332 400 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтын дагуу алдангийг багасгаж 20 520 000, нийт 50 560 000 төгрөгийг хариуцагч В.Р ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: В.Р ХХК нь Л.Гтай 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулан түүний 59-08 УНС, 69-27 УНМ улсын дагаартай 2 ширхэг Хово маркийн самосвал маркийн автомашиныг Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь орон нутгийн өмчит Таван толгой ХК-ийн нүүрсний уурхайд хөрс тээвэрлэлтийн ажил хийлгэхээр тохиролцсон. Дээрх гэрээнд заагдаагүй ч түүний машиныг ажлын талбайд ирэхээс өмнө буюу 2018 оны 09 дүгээр сарын 30-нд 2 000 000 төгрөг, мөн 2018 оны 10 дугаар сарын 03-нд дахин 2 000 000 төгрөгийг түүнд итгэл үзүүлэн, нэг ч м.куб шороо ачиж зөөгөөгүй байхад нь ажлын урьдчилгаа болгон өгсөн юм. Мөн 2018 оны 10 дугаар сарын 19-нд дахин 2 000000 төгрөгийг гэрээ байгуулалгүй өгч 2018 оны 10 дугаар сарын 21-нд 53-96 УНП, 95-33 УБС улсын дугаартай 2 автомашиныг нэмж ажиллуулсан. Гэвч Л.Г нь гэрээний зүйл заалтуудыг үл тоомсорлон, тавигдсан шаардлагуудыг огт биелүүлэлгүй явсаар гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2018 оны 11 дүгээр сарын 14-нд ажлын талбайг орхин явснаар дээрх гэрээ цуцлагдаж дуусгавар болсон. Л.Г нь гэрээний дээрх заалтуудыг огт биелүүлээгүй буюу зөрчсөн нь гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн юм. Үүнд: гэрээний гол заалт болох 2.4 болон 3.2-т зааснаар машин нь өдөрт 2 ээлжийн жолоочтой 22 цаг ажиллана гэсэн заалтыг огт биелүүлээгүй ба ажиллах хугацааныхаа туршид бүх машинууд нь нэг жолоочтой байсан. Энэ нь тэдний ажлын бүтээмжийг бууруулаад зогсохгүй компанид экскаваторын сул зогсолт үүсгэн биднийг алдагдалд оруулж гэрээний биелэлтийг бүхэлд нь хангах боломжгүй болгосон юм. Мөн гэрээний 3.1-т заасан захиалагч талын ажлын шаардлага хангасан машинаар ажлыг гүйцэтгэнэ гэсэн заалтыг биелүүлэлгүй, машиныхаа тэвшний өндөрлөгөөг огт хийлгүй ажилласан. Энэ байдал нь мөн ажлын бүтээмжийг бууруулан, гүйцэтгэх ажлын хэмжээнээс бага хөрс тээвэрлэн биднийг түлшний алдагдалд оруулж байсан. Энэ байдлаа засахыг удаа дараа шаардсан ч огт биелүүлэхгүй байсаар ажлыг орхин явсан. Мөн гэрээний 3.4, 3.7 дугаар заалтуудыг ноцтой зөрчиж байсан. Тухайлбал, Л.Гын жолооч нар нь ажлын шаардлагыг биелүүлдэггүй, ээлжийн жолоочгүйгээс тогтоосон ажлын нормд хүрдэггүй /өдөрт хоёр ээлжиндээ дор хаяж 20 рейс, сарын нийт гүйцэтгэл нь 540 рейсээс багагүй байх/, өглөө оройн ээлжинд цаг баримтлахгүй, өөрсдийн дураар орж гаран маш бага ажлын бүтээмжтэй ажиллаж байсан. Мөн 69-27 УНМ машины жолооч Өлзийсайхан нь удаа дараа архидан согтуурч, агсам тавин уурхайн дарга Хоролсүрэнтэй зодолдож байсан. Дээрх нөхцөл байдлыг засч жолооч нартаа хариуцлага тооцохыг удаа дараа шаардахад мөн л огт биелүүлээгүй. Мөн гэрээний 2.3 болон 2.9-т зааснаар ажлыг замын хуудсаар баталгаажуулна гэснийг үл тоомсорлон огт замын хуудас бичдэггүй байсныг сүүлд ажлаа хаяж явахын өмнөхөн жолооч Чинбатын гараар бичиж авсныг хавсаргасан. Үүнээс харахад тэдний ажлын бүтээмж хэр муу байсан нь харагдах юм. Иймд дээрх зөрчлүүдийн улмаас гэрээний 5.3, 5.4, 5.10, 5.11 дүгээр заалтуудыг хэрэгжүүлэн гэрээний дагуу Л.Гт төлбөр төлөх боломжгүй болсон. Миний хувьд Ганбаа ах хэмээн ахын ёсоор хандаж аливаа асуудалд хүлээцтэй хандаж ирсэн боловч надад маш их дээрэлхүү хандаж, гэрээний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 15-нд эхний ажилласан сарын төлбөрийг төлөх байсан боловч тэр хугацаанаас өмнө үргэлж мөнгө нэхэн, машинуудаа татлаа гэж удаа дараа дарамталдаг байсан. Сүүлд гэрээний хугацаагаа дуусахаас өмнө ажлаа хаяж явахдаа жолооч нарынхаа хамтаар миний ажлын байранд дээрэлхүү зангаар олуулаа орж ирэн хүчээр мөнгө төлнө гэсэн утгатай бичиг хийлгэн компанийн тамгыг даруулж авсан. Бага ч гэсэн ажилласан гэдгийг нь үнэлэн ажлаа хаяж явсных нь дараа 2018 оны 11 дүгээр сарын 27-нд 5 000 000 төгрөгийг түүнд шилжүүлснээр дээрх гэрээ дуусгавар болсон. Түүнийг гэрээнийхээ дагуу ажлаа бүрэн гүйцэд хийгээгүй байхад нэхэмжлэлийн дагуу төлбөр төлөх нь утгагүй асуудал юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч В.Р ХХК-аас 45 060 000 /дөчин таван сая жаран мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 500 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 410 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Р ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 383 250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Гт шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний 2.6-д заасан төлбөр төлөх хугацаа буюу 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө төлбөр төлөөгүй гэх үл ялих шалтаг тоочин ажлын байрыг дур мэдэн орхиж явснаар гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй тул гэрээнд заасан 0,3 хувийн алдангийг тооцох боломжгүйгээс гадна гэрээний 5.4-т зааснаар гүйцэтгэгч тал дангаар гэрээг цуцалсантай холбогдуулан гүйцэтгэлийн үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх торгуулийг хариуцагчид төлөх ёстой байна. Анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоолгүй, хэрэгт авагдсан нотлох баримт, хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэгт бүрэн дүүрэн дүгнэлт өгөлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Тухайлбал, анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн 69-27 УНН улсын дугаартай автомашины жолооч Б.Өлзийсайхан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан" гэж мэдүүлсэн бөгөөд түүнээс асуусан хариуцагчийн асуултад 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр явна гэдгээ хэлчихсэн байсан учир архи уусан талаараа ч мэдүүлсээр байтал нэхэмжпэгчийн нэхэмжпэлд дурдсанаар 69-27 УНН дугаартай автомашин 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал 40 хоног ажилласан гэж дүгнэсэн нь алдаатай байна. Хариуцагч В.Р ХХК-ийн захирал О.Ундрах нь хариу тайлбар, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотолсон баримт буюу Л.Гын гэрээний үүргээ биелүүлдэггүй үйлдлүүдтэй холбоотой баримтыг гаргаж өгөх үүрэгтэй байсан хэдий ч хуульд заасан үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Таван толгой ХК-ийн уурхайн талбайд байрлах кэмп шатаж, уг кэмпэд байсан санхүүгийн анхан шатны баримт, замын хуудас зэрэг холбогдох бүх баримт устаж үгүй болсноос шалтгаалж холбогдох баримтыг гаргаж өгч чадаагүй. Харин хариуцагчийн зүгээс 59-08 УНС улсын дугаартай автомашины жолооч М.Чинбатын бичиж өгсөн 4 машины нийт явсан рейсийг ажилласан хоног тус бүрээр харуулсан бичиглэлийг шүүхэд гаргаж өгсөн хэдий ч тус баримтыг анхан шатны шүүх үнэлэлгүй нэхэмжлэлд дурдагдсан ажилласан хоногийг үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Талууд гэрээгээр нэг автомашин сард 12 000 000 төгрөгийн ажлын хөлстэй байхаар тохиролцсоны дагуу 1 хоногт ажиллах хөлсийг бодоход 400 000 төгрөг болох бөгөөд 4 автомашины ажилласан нийт 91 хоногоор тооцоход 36 400000 төгрөг болж байна. Энэхүү дүнгээс гэрээний 5.4-т заасан 20 хувийн торгууль 7 280 000 төгрөг, хувь хүний орлогын албан татвар 3 640 000 төгрөг, хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн 11 000 000 төгрөгийг тус тус хасахад 14 180 000 төгрөг болж байна. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүй, зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар автомашинуудын ажилласан хоногийг тооцож, түүнээс төлбөрийн хэмжээг бодсон нь алдаатай байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/02684 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, төлбөрийн хэмжээг 14 480 000 төгрөг болгон бууруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч В.Р ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 50 560 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үндэслэлгүй гэж маргажээ.

Л.Г болон В.Р ХХК-ийн хооронд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Л.Г нь өөрийн эзэмшлийн 59-08 УНС, 69-27 УНН улсын дугаартай, Хово маркийн авто сомасвалаар хариуцагч В.Р ХХК-ийн хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж байгаа Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Таван толгой ХК-ийн уурхайн талбайгаас хуулсан хөрсийг тээвэрлэх ажлыг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гүйцэтгэж, нэг автомашинд сарын 12 000 000 төгрөгийн хөлс авахаар тохирсон, ажил гүйцэтгэх явцад талууд амаар тохиролцон 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс УБС 95-33, УНП 53-96 улсын дугаартай, Хово маркийн хоёр авто сомасвалыг нэмж ажиллуулсан үйл баримт нь зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, гэрээ зэргээр тогтоогдсон. /1хх-ийн 6-8 дугаар тал/

Талууд дээрх эрх зүйн харилцааг ажлын үр дүн, хөлстэй холбоотой ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж тодорхойлсон боловч, анхан шатны шүүх хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн гэж үзнэ. Уг гэрээний хүчин төгөлдөр байдал болон 11 000 000 төгрөгийн хөлс төлөгдсөн талаар зохигчид маргаагүй болно.

Харин шүүх зохигчдын өөрийн шаардлага татгалзлаа нотлохоор зааж буй нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэн үнэлж чадаагүй байна. Энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдол үндэслэлтэй юм.

Анхан шатны шүүх хөлсөөр ажилласан байдлыг хэрэгт нотлох баримтаар авагдсан дэвтрүүд болон гэрч нарын мэдүүлгээр 4 тээврийн хэрэгсэл хэрхэн ажиллуулсан болох нь нотлогдож байна гэж дүгнэж 45 060 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь жолооч нарын ажилласан өдрийн бүртгэлийн дэвтэр нь зөвхөн 2 тээврийн хэрэгслийн буюу 53-96УНП, 59-08УНС дугаарын автомашины тооцоотой холбоотой байх /хх-т хавсаргасан/ ба өөр бусад машины хөлсийг тооцох болон хэрхэн ажилласныг нотолсон баримтгүй байна.

Хэргийн 6-8 дугаар талд авагдсан талуудын хооронд байгуулсан гэрээний ард талд хариуцагч байгууллагын тамга дарагдсан бичвэрт 24 600 000 төгрөгийн хөлсийг төлөх үлдэгдэлтэй, 11 сард багтаан төлөх үүрэгтэй талаар тодорхойлсон баримт байна. Үүнийг талууд үүссэн өр төлбөрийн талаар харилцан тооцоо нийлсэн, төлөгдөөгүй үлдэгдэл хөлсийн хэмжээг тогтооход хамааралтай нотлох баримт гэж үзэх үндэслэлтэй.

Мөн зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т ... төлбөрийг энэхүү гэрээний 2.6-д заасны дагуу хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй байгаа тэрхүү үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөх-өөр тохиролцжээ. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алданги шаардах эрхтэй байна.

Иймд дээрх баримтад үндэслэн хөлсөөр ажиллах гэрээний дагуу хариуцагчийн зүгээс гүйцэтгээгүй үүрэг буюу үлдэгдэл төлбөрийг 24 600 000 төгрөгөөр тогтоох боломжтой ба алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлан тооцоход 36 900 000 /24 600 000+12 300 000/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцнэ.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/02684 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 45 060 000 гэснийг 36 900 000 гэж, 5 500 000 гэснийг 13 660 000 гэж, 2 дахь заалтын 383 250 гэснийг 342 450 гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн өмгөөлөгчийн 310 850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Б.НАРМАНДАХ