Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01541

 

Л.Ганбаатарын нэхэмжлэлтэй

                          иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Л.Атарцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/02684 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 436 дугаар магадлалтай,

 Л.Ганбаатарын нэхэмжлэлтэй,

*******-д холбогдох,

 Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 50,560,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Учрал, Б.Хүрэлтулга нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Соёлмаа, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Учрал, Б.Хүрэлтулга, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. 

Нэхэмжлэгч Л.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би өөрийн эзэмшлийн Хово маркийн УНС 59-08, УНН 69-27 улсын дугаартай хоёр автомашинаар Өмнөговь аймгийн нутагт байрлах Таван толгой ХК-ийн хөрс хуулалтын ажлыг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд хийж гүйцэтгэж дуусахаар *******-тай 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 20 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ажилласан. Сүүлд нь УБС 95-33, УНП 53-96 улсын дугаартай хоёр автомашиныг нэмж нийт 4 автомашин ажилласан. Талууд хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д зааснаар нэг машины хий 1 сарын ажлын хөлс нь 1,200,000 төгрөг байхаар тохиролцсон. Гэрээний дагуу УНС 59-08 дугаартай автомашин 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал 40 хоног ажиллаж 16,000,000 төгрөг, УНН 69-27 дугаартай автомашин 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал 40 хоног ажиллаж, 16,000,000 төгрөг, УБС 95-33 улсын дугаартай автомашин 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 10 хоног ажиллаж 4,000,000 төгрөг, УНП 53-96 улсын дугаартай автомашин 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал 24 хоног ажиллаж 9,600,000 төгрөг, нийт 45,600,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байна. Үүнээс хувь хүний орлогын албан татвар 10 хувь буюу 4,560,000 төгрөгийг гэрээний дагуу хасахад эцсийн гүйцэтгэл 41,040,000 төгрөг болж байна. Энэ хугацаанд надад *******-иас гэрээнд зааснаар 41,040,000 төгрөг өгөхөөс 11.000.000 төгрөг өгч үлдэгдэл болох 30.040.000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 25-нд өгөх ёстой байтал маргааш өгнө гэж удаа дараа хэлж хуурсан. Ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар төлбөрийг төлөлгүй 270 хоног болсон байгаа тул алданги тооцоход 24,332,400 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтын дагуу алдангийг багасгаж 20,520,000, нийт 50,560,000 төгрөгийг хариуцагч *******-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Ганбаатартай 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулан түүний 59-08 УНС, 69-27 УНМ улсын дугаартай 2 ширхэг Хово марзийн самосвал маркийн автомашиныг Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь орон нутгийн өмчит Таван толгой ХК-ийн нүүрсний уурхайд хөрс тээвэрлэлтийн ажил хийлгэхээр тохиролцсон. Би хэдийгээр дээрх гэрээнд заагдаагүй ч түүний машиныг ажлын талбайд ирэхээс өмнө буюу 2018 оны 09 дүгээр сарын 30-нд 2,000,000 төгрөг, мөн 2018 оны 10 дугаар сарын 03-нд дахин 2,000,000 төгрөгийг түүнд итгэл үзүүлэн, нэг ч м.куб шороо ачиж зөөгөөгүй байхад нь ажлын урьдчилгаа болгон өгсөн. Мөн 2018 оны 10 дугаар сарын 19-нд дахин 2.,000,000 төгрөгийг гэрээ байгуулалгүй өгч 2018 оны 10 дугаар сарын 21-нд 53-96 УНП, 95-33 УБС улсын дугаартай 2 автомашиныг нэмж ажиллуулсан. Гэвч Л.Ганбаатар нь гэрээний зүйл заалтуудыг үл тоомсорлон, тавигдсан шаардлагуудыг огт биелүүлэлгүй явсаар гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2018 оны 11 дүгээр сарын 14-нд ажлын талбайг орхин явснаар дээрх гэрээ цуцлагдаж дуусгавар болсон. Гэрээний гол заалт болох 2.4 болон 3.2-т зааснаар машин нь өдөрт 2 ээлжийн жолоочтой 22 цаг ажиллана гэсэн заалтыг огт биелүүлээгүй ба ажиллах хугацааныхаа туршид бүх машинууд нь нэг жолоочтой байсан. Энэ нь тэдний ажлын бүтээмжийг бууруулаад зогсохгүй компанид экскаваторын сул зогсолт үүсгэн биднийг алдагдалд оруулж гэрээний биелэлтийг бүхэлд нь хангах боломжгүй болгосон. Мөн гэрээний 3.1-т заасан захиалагч талын ажлын шаардлага хангасан машинаар ажлыг гүйцэтгэнэ гэсэн заалтыг биелүүлэлгүй, машиныхаа тэвшний өндөрлөгөөг огт хийлгүй ажилласан. Энэ байдал нь мөн ажлын бүтээмжийг бууруулан, гүйцэтгэх ажлын хэмжээнээс бага хөрс тээвэрлэн биднийг түлшний алдагдалд оруулж байсан. Энэ байдлаа засахыг удаа дараа шаардсан ч огт биелүүлэхгүй байсаар ажлыг орхин явсан. Мөн гэрээний 3.4, 3.7 дугаар заалтуудыг ноцтой зөрчиж байсан.

Иймд дээрх зөрчлүүдийн улмаас гэрээний 5.3, 5.4, 5.10, 5.11 дүгээр заалтуудыг хэрэгжүүлэн гэрээний дагуу Л.Ганбаатарт төлбөр төлөх боломжгүй болсон болно.  Сүүлд гэрээний хугацаагаа дуусахаас өмнө ажлаа хаяж явахдаа жолооч нарынхаа хамтаар миний ажлын байранд дээрэлхүү зангаар олуулаа орж ирэн хүчээр мөнгө төлнө гэсэн утгатай бичиг хийлгэн компанийн тамгыг даруулж авсан. Бага ч гэсэн ажилласан гэдгийг нь үнэлэн ажлаа хаяж явсных нь дараа 2018 оны 11 дүгээр сарын 27-нд 5,000,000 төгрөгийг түүнд шилжүүлснээр дээрх гэрээ дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/02684 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас 45,060,000 /дөчин таван сая жаран мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Ганбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 410,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 383,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Шинэбаярт олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 436 дугаар магадлалаар:  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/02684 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 45,060,000 гэснийг 36,900,000 гэж, 5,500,000 гэснийг 13,660,000 гэж, 2 дахь заалтын 383,250 гэснийг 342,450 гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн өмгөөлөгчийн 310,850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Учрал, Б.Хүрэлтулга нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/02684 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар 21-ний өдрийн 436 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Л.Ганбаатар нь гэрээний 2.3, 2.4, 2.9, 3.1, 3.2, 3.4, 3.7-д заасныг тус тус зөрчсөнөөс гадна гэрээний хугацаа дуусахаас 21 хоногийн өмнө буюу 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш ажиллаагүй бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажлын талбайг орхин явснаар дээрх гэрээ цуцлагдаж дуусгавар болсон. Тодруулбал, гэрээний 2.6-д заасан ажлын хөлс буюу төлбөр төлөх хугацаа болоогүй байхад төлбөрөө төлөөгүй гэх үл ялих шалтаг тоочин гэрээнд заасан үүргээ биелүүлэхээс татгалзаж, ажлын талбайг орхин явснаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах нөхцөл байдал үүссэн. Шүүхүүд талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулж байх тул хөлсөөр ажиллах гэрээ гэж үзнэ хэмээн дүгнэсэн бөгөөд хуулийн зохицуулалтаас харахад ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлөхөөр байна. Дээрхээс харахад хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн гэрээний үүргээ зөрчсөн үйлдлээс үл хамааран нэхэмжлэгчийн хийсэн ажилд нь тохирох ажлын хөлсийг төлөхөөр тохиролцсоны дагуу 24,600,000 төгрөгийг л төлөх үндэслэлтэй байна. Гэтэл шүүхүүд нэгэнт цуцлагдаж, дуусгавар болсон гэрээний 5.1 дэх заалтыг баримтлан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алданги шаардах эрхтэй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд шийдвэр, магадлалд тус тус өөрчлөлт оруулж, 12.300.000 төгрөгийн алданги тогтоосон хэсгийг хүчингүй болгож, төлбөрийн хэмжээг 24.600.000 төгрөг болгон бууруулж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч Л.Ганбаатар, *******-ийн хооронд 2018.09.28-ны өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ-ээр Л.Ганбаатар нь өөрийн эзэмшлийн Хово маркийн авто сомасвалаар хариуцагч *******-ийн хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж байгаа Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Таван толгой ХК-ийн уурхайн талбайгаас хуулсан хөрсийг тээвэрлэх ажлыг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гүйцэтгэж, нэг автомашинд сарын 1,200,000 төгрөгийн хөлс авахаар тохирчээ.

Л.Ганбаатар нь 2018.11.14-ний өдрийг хүртэл ажилласан, ажлын хөлсөнд 45,600,000 төгрөгийг авахаас 11,000,000 төгрөгийг авсан, хувь хүний орлогын албан татварыг хасч 30,040,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж үүн дээр гэрээний дагуу алданги 20,520,000 төгрөг нийт 50,560,000 төгрөгийг *******-аас гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагч нь ...гэрээний заалт зөрчсөн, ...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргасан байна.  

Анхан шатны шүүх ...алдангийг хариуцагчийн төлсөн 11,000,000 төгрөгийг хасалгүйгээр 41,040,000 төгрөгөөс тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцээгүй гэж дүгнэн, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 30,040,000 төгрөгөөс тооцож, 45,060,000 төгрөгийг гаргуулж, 5,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн. 

Давж заалдах шатны шүүх ...24,600,000 төгрөгийг төлөхөөр тооцоо нийлж байсан баримттай... гэж дүгнэж, энэ үнээс алдангийг тооцож, 36,900,000 төгрөгийг *******-аас гаргуулж, Л.Ганбаатар олгох, 13,660,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ.  

Хяналтын шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзэв .  

Хоёр шатны шүүх ... талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж үзэн гэрээ байгуулсан байх боловч хэргийн үйл баримт, талуудын тайлбар, тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээний агуулга, шинж зэргээс үзэхэд хариуцагч ******* нь нэхэмжлэгч Л.Ганбаатараар уурхайн талбайгаас хуулсан хөрсийг түүний эзэмшлийн авто сомасвалыг ашиглан тээвэрлүүлэх ажлыг гүйцэтгүүлсэн, Л.Ганбаатар нь гүйцэтгэсэн ажлын хэмжээнээс үл хамааран хөрс тээвэрлэн ажлын хөлс авахаар тохиролцсон... энэ нь хөлсөөр ажиллах гэрээний үндсэн шинжийг агуулсан... гэж тодорхойлсон нь зөв байна. 

Өөрөөр хэлбэл, шүүх талуудын хоорондох эрх зүйн харилцааг хөлсөөр ажиллах гэрээний харилцаа гэж дүгнэн, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь маргааны үйл баримтад нийцсэн, энэ хуулийн дагуу нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй.  

Мөн талууд алданги төлөхөөр гэрээгээр тохиролцсон, хариуцагч нь ажлын хөлсийг хугацаандаа төлөөгүй нь тогтоогдсон тул давж заалдах шатны шүүх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 24,600,000 төгрөгөөс тооцож алданги 12,300,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, , 232.6-д хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасантай нийцжээ. 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчдоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, эдгээр нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв байна.  

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн ...алданги тооцсон нь буруу..., төлбөрийг 24,600,000 болгон багасгаж өгнө үү гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 436 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

  Х.СОНИНБАЯР 

Д.ЦОЛМОН