Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 469

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/00469

 

Л.Ч нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/00008 дугаар шийдвэртэй, Л.Ч, Б.Э нарын нэхэмжлэлтэй, Ц.М, Я.Г нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 680 992 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчдын өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Ч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Г, Ц.М нартай 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 578 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэйгээр, 7 сарын хугацаатай буюу 2016 оны 12 дугаар сард багтаан төлөхөөр тохиролцож зээлдүүлсэн, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тооцоо нийлж, нийт 376 900 000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сард багтаан төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. 2014 оноос эхлэн Ц.М, Я.Г нарыг Архангай аймагт орон сууцны барилгын ажил гүйцэтгэж байх үеэс эхлэн таньдаг болсон. Ингээд тэрээр 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хариуцагч нарын гуйлтаар өөрийн болон танил хүмүүсээр дамжуулан хүүтэй зээл олж өгч эхэлсэн. Зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Л.Ч нь өөрийн Хаан банкны 5135691792 тоот данснаас 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 30 000 000 төгрөг, 6 дугаар сарын 13-ны өдөр 50 000 000 төгрөг, 7 дугаар сарын 07-ны өдөр 30 000 000 төгрөг, 7 дугаар сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөг, 8 дугаар сарын 14-ний өдөр 25 000 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 60 000 000 төгрөг, 02 дугаар сарын 13-ны өдөр 560 000 төгрөгийг дансаар, 4 440 000 төгрөгийг Ц.Мгийн 5029943287 тоот данс руу бэлнээр, 3 дугаар сарын 16-ны өдөр 50 000 000 төгрөг, 3 дугаар сарын 30-ны өдөр дансаар 17 500 000 төгрөг, Ц.Мгийн Хаан банкны 5029943287 тоот данс руу бэлнээр 82 500 000 төгрөгийг, 4 дүгээр сарын 03-ны өдөр бэлнээр 20 000 000 төгрөг, 5 дугаар сарын 01-ний өдөр 5 000 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2 500 000 төгрөгийг тус тус хариуцагч нарт шилжүүлэн өгсөн. Мөн 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 15 000 000 төгрөг нэхэмжлэгчийн охин Б.Эын 5063072498 тоот данснаас Ц.Мгийн 5029943287 тоот дансруу шилжүүлсэн. 1 сарын 30-ны өдөр 15 000 000 төгрөг /өөрийн танил дүү Л.Нямдоржоос авах байсан мөнгөө түүний 5034329916 тоот данснаас Ц.Мгийн 5029943287 тоот данс руу шууд шилжүүлэг хийлгүүлсэн/, нийт 417 500 000 төгрөгийг 2015 оны 9 сарын 30-ны өдрийг дуустал сарын 5-7 хувийн хүүтэй, 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор зээлийг төлж барагдуулаагүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр талууд харилцан тохиролцон зээлийн гэрээ байгуулан нэхэмжлэгч тал мөнгийг шилжүүлэн өгсөн байдаг. Дээрх зээлсэн мөнгөн дүнгээс 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 10 000 000 төгрөгийн зээлийг хариуцагч тал 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Ц.Мгийн 5029943287 тоот данснаас гурван хэсэг 3 000 000 төгрөгөөр, нэг удаа 1 000 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулсан, мөн 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зээлсэн 2 500 000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Я.Гийн 5099690990 тоот дансаар 3 000 000 төгрөг болгон төлж барагдуулсан тул бичгээр хийсэн зээлийн гэрээнд бичигдээгүй болно. Мөн 02 дугаар сарын 13-ны өдөр 560 000 төгрөг, 4 440 000 төгрөг, 5 дугаар сарын 01-ний өдөр 5 000 000 төгрөг нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд бичилгүй өгсөн тул хүү алдангийн тооцоололд ороогүй болно. Гэтэл хариуцагч нар гэрээгээр тохиролцсон хугацаанд зээлийн гэрээний үндсэн төлбөр болон хүүнд нийт 129 940 000 төгрөгийн үүргээ гүйцэтгэн үлдэх төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул талууд 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Зээлийн гэрээ-ний тооцоог нийлж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 648 000 000 төгрөг гэж үзэн үүнээс бичгээр дахин гэрээ байгуулан 578 000 000 төгрөгийг 2016 оны 12 сард багтаан сарын 6 хувийн хүүтэй, 2016 оны 12 сарын дотор зээлийг төлж барагдуулаагүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоног тутам 0,5 хувийн алданги тооцон төлөхөөр ярилцаж, тохиролцон зээлийн гэрээг байгуулсан. Харин үлдэх 70 000 000 төгрөгийг хариуцагч Ц.М, Я.Г нарын барьсан орон сууцнаас нэхэмжлэгч Л.Чийн дүү Ч.Жаргалангийн худалдан авалт хийсэн төлбөрийг нэхэмжлэгч Л.Чт шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл Ч.Жаргаланд Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ-гээр 58 800 000 төгрөгийн зээл гарч тус зээлийн төлбөрийг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч Ц.Мгийн 5029943287 тоот данс руу шилжүүлсэн боловч хариуцагч тал ...мөнгөний хэрэг гарсан тул дараа өгнө... гэж хэлээд шилжүүлэн өгөөгүй байдаг. Тиймээс энэ төлбөр нь 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн бичгээр байгуулсан Зээлийн гэрээ-ний үнийн дүнд бичигдээгүй тул хүү, алданги тооцохгүй үнийн дүнгээр нэхэмжилж байгаа болно. Харин бичгээр байгуулсан Зээлийн гэрээ-ний 578 000 000 төгрөгөөс хариуцагч тал 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 212 000 төгрөгийг зээлийн хүүнд, 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 150 000 000 төгрөг, 6 дугаар сарын 02-ны өдөр 110 000 000 төгрөг, 7 дугаар сарын 4-ний өдөр 20 000 000 төгрөгийг үндсэн зээлээс тус тус гүйцэтгэсэн болно. Иймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг тус тус үндэслэн 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээ-ний үүрэгт дараах үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нараас нэхэмжилж байна. Үндсэн зээл 298 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал зээлийн хүү 175 092 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл алданги 149 000 000 төгрөг, хүү, алданги тооцоогүй зээлийн төлбөр 58 900 000 төгрөг, нийт 680 992 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.М болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийг төлсөн, би өөрийнхөө зүгээс зээл аваагүй. Манай нөхөр Я.Г нэхэмжлэгчээс зээл авахдаа миний дансаар л авдаг байсан тул энэ хэргийн хариуцагч нь би биш. Я.Г нь Архангай аймагт орон сууцны барилга барих явцдаа Л.Чээс мөнгө зээлдэг байсан. Үүний тохиролцоонд Я.Г нь нэхэмжлэгчийг орон сууц авахад нь 8 хувийн зээлэнд хамруулж өгнө гэсэн тохиролцоо хийсэн байдаг. Барилга угсралтын явцад мөнгө хэрэгтэй болоход Л.Чтэй шууд утсаар яриад тэдэн төгрөг хэрэгтэй болчихлоо гэдэг байдлаар ярьж мөнгө авдаг байсан. Ингээд мөнгийг эхнэр Ц.Мгийн дансаар авч байсан. Мөнгө зээлэх явцад хүү тооцох зүйл байхгүй. Учир нь зээлийн гэрээг бичгээр үйлдээгүй. Энэ зээлийн харилцаа бол Л.Ч болон Я.Г нарын хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцэл. Я.Г нь 2014-2015 онуудад нийт 15 удаагийн хэсэгчилсэн зээлээр нийт 395 000 000 төгрөгийн зээл авсан байдаг. 2016 оноос хойш Чулуунцэцэг нь хүү тооцно гэж маргаан үүсгэж эхэлсэн. Зээлдэгч Л.Ч, Я.Г нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан ч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Л.Чээс авсан бүх мөнгөө төлж дуусгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.Г, Ц.М нараас 297 788 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Чт олгож, үлдэх 383 204 000 төгрөгийн нэхэмжлэлийг болон нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 720 860 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Г, Ц.М нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 646 890 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Чт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Болормаа давж заалдах гомдолдооЛ.Ч нь 2014 оноос эхлэн Ц.М, Я.Г нарын гуйлтаар өөрийн мөнгө хөрөнгөөс болон танил хүмүүсээр дамжуулан хүүтэй зээл олж өгч эхэлсэн. Нэхэмжлэгч тал хариуцагчид мөнгө шилжүүлэн өгсөн хугацаанаасаа шалтгаалан сарын 5-7 хувийн хүүтэй байсан бөгөөд 2015 оны 9 сарын 30-ны өдрийн дотор зээлийг төлж барагдуулаагүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр талууд харилцан тохиролцон зээлийн гэрээ байгуулсан байдаг.. Нэхэмжлэгч талаас.талуудын хооронд байгуулсан 2016 оны 05 сарын 01-ний өдрийн бичгээр байгуулсан Зээлийн гэрээ-ний дагуу нийт 680 992 000 төгрөгийг нэхэмжилсэн. 2014-2016 оны хооронд хариуцагч нарт зээлсэн гэх 417 500 000 төгрөгтөө хүү тооцож, 2016 оны 05 дугаар сарын 01-нии өдрийн байдлаар хариуцагч нь зээлийн үндсэн төлбөрт болон хүүнд нийт 578 000 000 төгрөгний үлдэгдэл төлбөртэй гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж үзлээ ... гэж зөв дүгнэлтийг хийсэн атлаа ... энэхүү зээлийн гэрээний дагуу 578 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлээгүй байх бөгөөд 2014 оноос хойш өгч авалцсан мөнгийг тооцоод 578 000 000 төгрөгийн үлдэгдэл байна гэж тохиролцон уг үнийн дүнгээр зээлийн гэрээ байгуулсан байх тул уг зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэхгүй. Харин талуудын хооронд өмнө нь байгуулагдсан зээлийн гэрээг дүгнэсэн гэж үзэх ... гэх ...2016 оны 5 сарын 01-ний өдрийн байдлаар 578 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан гэж үзэхээр байх тул уг зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэгч Л.Ч нь хариуцагч нараас зээлийн хүү, алданги шаардах эрхгүй гэж дүгнэж зээл, зээлийн хүү, алданги болох 324 304 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь дээр хийсэн дүгнэлтээ үгүйсгэсэн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан болно. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн үйл баримт, нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй байдлаас нь үнэлэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж агуулагийн хувьд дүгнэсэн дүгнэлттэйгээ илтэд зөрүүтэй дүгнэлтүүдийг хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. дахь хэсгийн шаардлагад нийцээгүй. Учир нь хариуцагч тал барилгын ажлын гүйцэтгэлээ гүйцэтгэхийн тулд мөнгөн хөрөнгө нэн шаардлагатай байсан тул зээл авах хэрэгцээ шаардлага байсан зээлийн төлбөрийг хүлээн авсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг, харин нэхэмжлэгч тал төлбөрийг хүүтэйгээр хариуцагч талд шилжүүлэн, буцаан хариу үүрэг хүлээн ашиг сонирхол байсан нь талуудын хооронд хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн гэж үзнэ. Иймээс Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд 2016 оны 5 сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээ-г байгуулан гэрээний хугацаа, хүү, алданги тохиролцсон нь Иргэний хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт заасантай нийцэж байгаа болно. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т заасан хуулийн суурь зохицуулалтаас үзвэл хариуцагч талуудын үүрэг гүйцэтгэх хугацаа 2015 оны 9 сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон бөгөөд энэ нь нэхэмжлэгч талд үүргийг хүлээн авах эрх үүссэн. Харин хариуцагч талаас хүсэл зоригийн илэрхийллээ гаргаснаар талууд ИХ-ийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээг чөлөөтэй байгуулан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон Зээлийн гэрээ-г дахин байгуулсан байдаг. Гэтэл анхан шатын шүүх энэхүү гэрээг талуудыг хооронд байгуулагдсан гэж үзэхгүй, нэхэмжлэгч хариуцагч нараас хүү, алданги шаардах эрхгүй гэж дүгнэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан Зээлийн гэрээ нь зээлдэгч хариу үүрэг хүлээсэн тохиолдолд мөн хуулийн 225 дугаар зүйлд заасан хоёр талын гэрээ болно. Хариу үүргийн хувьд зөвхөн тохиролцсон хөлсийг тухайлбал, зээлийн хувьд зээлийн хүүг хариу үүрэг гэж үзнэ. Харин талуудын хооронд үүссэн харилцаа нь тохиролцсон хугацаа дуусгавар болоход зээлдсэн мөнгө, эсхүл хүлээн авсан хөрөнгийг ижил төрлийн, ижил хэмжээний хөрөнгөөр буцааж өгөх үүрэг нь хариу үүрэг биш, энэ нь зээлийн гэрээний өөрийн мөн чанартай холбоотой бөгөөд энэ тохиолдолд зээлдүүлэгч нь зээлдүүлснээсээ илүүг олж авахгүй байгаа учраас энэ нь хариу үүрэг биш юмаа. Хариуцагч нар 2014 оноос хойш нэхэмжлэгчийн 417 000 000 төгрөгийг өөрийн эзэмшилд бүрэн захиран зарцуулсны төлөө 47 152 000 төгрөгийг хүү төлсөн бөгөөд энэ нь бүтэн 6 жилийн хугацаанд бусдын хөрөнгийг ашигласны төлөө төлж буй хариу үүргийн тохиролцсон дүнд хүрэхгүй байдаг. Гэтэл хариуцагчийг 2016 оны 5 сарын 01-ны өдрөөс хойш ямар нэг хариу үүрэг гүйцэтгэхгүйгээр зээлийн төлбөрийг төлөх шийдвэр гаргаж байгаа анхан шатны шүүхийн шийдвэр хэт нэг талыг баримталсан, хуулийг буруу тайлбарлан үндэслэлгүй шийдвэр гаргаж байна. Зээлийн гэрээг байгуулсан гэж үзэхэд гэрээний хүчинтэй санал болон саналыг хүлээн авсан тухай хүчинтэй мэдэгдэл шаардлагатай бөгөөд гэрээг хүчин төгөлдөр байгуулахад зээлийн гэрээний зүйлийн талаар хангалттай санал нэгдсэн байх шаардлагатай. Үүнд гэрээний хугацаа болон хариу үүрэг болох хүүгийн төрөл болон түүний хэмжээг ойлгоно. Өөрөөр хэлбэл мөнгөн зээлийн ашиглах боломжийн хариу үүргийг хүү гэж нэрлэдэг бөгөөд талууд үүнийг тохиролцсон байх шаардлагатай. Гэтэл ямар нэг харилцан хамааралгүй, гэр бүлийн гишүүн биш хариуцагч нарт нэхэмжлэгч нь удаан хугацаагаар хүүгүйгээр бусдаас зээл авч, өөрийн хадгаламжийг барьцаалан банкнаас зээл авч тэдэнд мөнгө шилжүүлэн өгөх шаардлага байхгүй болно харин нэхэмжлэгчийн хүсэл зориг бол хариуцагч нараас хүү болох хариу үүрэг хүлээн авах хүсэл зоригтой байсан. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж дүгнэж чадалгүйгээс нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон, хариуцагч талыг мөнгөн хөрөнгийг завших боломж олгох дүгнэлтийг гаргасан талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...нэхэмжлэгч нь хариуцагч нарын иргэн Ч.Жаргаланд төлөх ёстой байсан гэх 58 900 000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд иргэн Ч.Жаргалан нь энэхүү мөнгийг өөрийнх нь өмнөөс нэхэмжлэх эрхийг Л.Чт шилжүүлсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна 58 900 000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй байна ... гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2014 оны 6 сарын 03-ны өдрөөс хойш зээлсэн мөнгийг 2015 оны 9 сарын 30-ны өдөр хүртэлх хүүгийн тооцоолол хэд болох, алданги хэдэн төгрөг болж хариуцагч талаас хэдэн төгрөг төлснийг хасаж тооцвол хариуцагчийн төлөх үнийн дүн тодорхой гарна. Энэ тооцооллыг нэхэмжлэгч талаас мөн хэрэгт гарган өгсөн байдаг. Тэгвэл төлөх үнийн дүнгээс 2016 оны 5 сарын 01-ны өдрийн бичгээр байгуулсан Зээлийн гэрээ-ний үнийн дүнг хасч тооцвол 70 000 000 төгрөгийн зөрүү гарч байдаг бөгөөд энэ тооцооллыг анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй шууд хасч тооцон шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна. Мөн хариуцагч Ц.Мгийн 2017 оны 3 сарын 20-ны өдрийн гар утсанд бичсэн хүсэлтэд "Чулуунцэцэг эгчийн 60 000 000 төгрөг, дүүгийнх нь 58 900 000 төгрөгийн хамт 4 сард багтааж өгнө ..." гэх нотлох баримтыг үнэлж үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 58 900 000 төгрөгийг хариуцагч тал төлөх тухайгаа илэрхийлж байсан нь тодорхой харагдах байсан. Гэтэл анхан шатны шүүх тухайн нотлох баримтыг үнэлж үзэхгүйгээр дүгнэлт хийж шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Мөн нэхэмжлэгч талаас ИХШХШтХ-ийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гар утсанд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд тус хүсэлтээр хариуцагч талыг хүүтэйгээр мөнгө зээлүүлэх тухай, дүү Ч.Жаргалангийн худалдан авсан орон сууцны төлбөрийг буцаан шилжүүлэн, мөнгө хэрэг болсон тул түр хугацаанд хойшлуулаад буцаан өгнө, мөнгө хэрэгтэй байгаа тул дахин зээлийн гэрээ байгуулна, хүүтэй мөнгө олоод өгөөч гэх мэт олон мессэж байдаг бөгөөд үүгээр 2016 оны 5 сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээ-г байгуулах хүсэл зориг хариуцагч талд байсан, мөн Ч.Жаргалангийн худалдан авсан байрны төлбөрийг нэхэмжлэгч хүлээн авах эрхтэй этгээд гэдгийг нотлох баримт болох байсан боловч шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахаас татгалзан нэхэмжлэгчийн ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүйгээр шийдвэр гаргаж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна. Иймд 2019 оны 12 сарын 23-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2020/00008 дугаар шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагын 383 204 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Чулуунцэцэг Энхжаргал нарын нэхэмжлэлтэй хариуцагч Ганзориг, Мягмарсүрэн нар холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт: 680 992 000 төгрөг гаргуулах, үндсэн зээлийн төлбөрт 298 000 000 төгрөг, зээлийн хүүнд 175 092 000 төгрөг, алданги 149 000 000 төгрөг, хүү алданги тооцоогүй зээлийн төлбөрт 680 992 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрдөггүй зээлийн төлбөрийг бүрэн төлж дууссан гэж маргадаг. Гэтэл шүүх дээрх маргааны үйл баримтыг эргэлзээгүй талаас нь үндэслэлтэй дүгнэж шийдвэрлээгүй. Шүүх иргэний хуульд заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг баримтлаагүй шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нар нь 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 09.26-нийг хүртэл нийт 7 удаа 160.000 000 төгрөгийг, харин 2015 онд 8 удаа хэсэгчлэн 235 000 000 төгрөгийг зээлсэн. Ингээд нийт хариуцагч Мягмарсүрэнгийн дансаар 395 000 000 төгрөгийг дамжуулан 2 жилийн хугацаанд хэсэгчлэн шилжүүлсэн. Чулуунцэцэг, Ганзориг нарын хооронд иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан. Харин нэхэмжлэгч Чулуунцэцэг нь иргэний хуулийн 282.3 дах хэсэгт зааснаар хүү шаардах эрхгүй боловч иргэний хуулийн 222 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлэх, 222.5 дах хэсэгт заасны дагуу Чулуунцэцэг нь ИХ-н 222.5-1 зааснаар хүү шаардахын тулд хариуцагч Ганзориг нь үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн байх ёстой. Хэрэгт авагдсан үйл баримтуудаас үзвэл Ганзоригийн үүрэг гүйцэтгэх хугацаа 2016.05.01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ гэх баримтан дээр гарын үсэг зурсан. Мөн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн баримтаас үзвэл түүнийг зээлийн гэрээний хүү хугацаа тохирсон гэж үзэх үндэслэл болохгүй байна. Зээлийн гэрээний нэг тал нь Ганзориг байдаг гэтэл зээлдэгч Ганзориг хүсэл зоригоо илэрхийлж, хүү тохирч зээлийн гэрээний хугацааг тохирсон гэж үзэхээргүй байна. Мягмарсүрэнгийн үйлдсэн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн баримтаас зээлдэгч Ганзоригийн гарын үсэг байхгүй бөгөөд Мягмарсүрэн нь Ганзориг түүнийг төлөөлж зээлийн гэрээний хүү тохирох эрхгүй байна. Зээлдэгч Ганзоригт дээрх баримт нь хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үүрэг байна. Зээлийн гэрээг анхнаасаа бичгээр байгуулаагүй учир нэхэмжлэгч нь хүү алданги шаардах эрхгүй. Чулуунцэцэг, Энхжаргал, Ганзориг, Мягмарсүрэн нар нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бичгээр зээлийн гэрээ гэх баримт үйлдэж хүүгийн хэмжээг 6 хувь гэж бичсэн боловч тухайн өдөр зээлийг бэлнээр олгоогүй харин зээлийн хэмжээ, болон үүрэг гүйцэтгэх хугацааг бичсэн байгаа учраас ИХ-н 222.5-д зааснаар энэ өдрөөс эхлэн зээлийн гэрээний үлдэгдэл 266 262 000 төгрөгөнд нэг сарын 6 хувийн хүү шаардах эрхтэй гэж харагдаж байна. Тэгвэл хариуцагч Ганзориг нь 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс-2016 оны 06 дугаар сарын 02-ныг хүртэл нэг сарын дотор 260 000 000 төгрөгийг төлсөн учир 266 262 000 сая төгрөгт 1 сарын 6 хувийн хүү болох 15 975 720 төгрөгийг төлнө. Харин үлдэгдэл 6 262 000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 04-нд төлсөн тул 6 262 000 төгрөгөнд нэг сарын 6 хувийн хүү болох 375 720 төгрөг нийт 2 сарын хугацаанд 16 351 440 төгрөгийн хүүг төлнө. Алдангийн тухайд бол 2014, 2015 онд зээлийн гэрээг талууд бичгээр байгуулаагүй бөгөөд анзын талаар бичгээр тохиролцоогүй байна. Иймд ИХ-н 232 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасантай нийцээгүй тул ИХ-н 32 дугаар зүйлийн 7 дах хэсэгт зааснаар анз шаардах эрхгүй байна. Харин сүүлд зээлийн гэрээ гэх 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээнд алдангийн талаар 0,5 хувийн алданги төлнө гэсэн боловч дээрх заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 6 дах хэсэгт заасантай нийцээгүй байна. Учир нь алдангийг 232.6-д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээнээс тохиролцож хэрэглэдэг. Гэтэл дээрх хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэсэн аль үнийн дүнгээс бодох талаар тохиролцоогүй учраас алдангийн тохиролцоо биш бөгөөд хуульд нийцээгүй гэж үзэж байна. Мөн хариуцагч Ганзориг нь 2016.05.09-07.04-ний хооронд үүргээ гүйцэтгэж дууссан тул хамаарахгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт шүүх зээлийн гэрээний дагуу 578 000 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлээгүй байх бөгөөд 2014 оноос хойш өгч авалцсан мөнгийг тооцоод 578 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж тохиролцсон, уг үнийн дүнгээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй, харин талуудын хооронд өмнө нь байгуулагдсан зээлийн гэрээг дүгнэсэн баримт гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл энэхүү зээлийн гэрээ гэх баримтыг үндэслэн хариуцагч нар нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 578 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан гэж үзэхээр байх тул уг зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэгч Л.Ч нь хариуцагч нараас зээлийн хүү, алданги шаардах эрхгүй гэж дүгнэсэн байгаа нь нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2014 оноос хойш үүссэн үүргийн эрх зүйн харилцаанд үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр зөвхөн 578 000 000 төгрөгийн баримт үйлдсэн байгаа тул үүнээс хариуцагч Ганзоригийн 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл төлсөн 280 212 000 төгрөгийг төлсөн учраас 578 000 000-280 212 000 төгрөгийг хасаад үлдэгдэл 297 788 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримтанд үндэслэлтэй дүгнэлт хийж чадсангүй гэж үзэж байна. Мөн хариуцагч Ганзоригийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бямбадорж нь шүүх хуралдаанд хариу тайлбар татгалзлаа тайлбарлахдаа Чулуунцэцэг, Энхжаргал, Ганзориг, Мягмарсүрэн нар нь цуг уулзаж хэзээ ч ийм баримт үйлдэж байгаагүй Энхжаргал гэдэг хүнийг нэг ч удаа харж байгаагүй танихгүй гэж хэлдэг. Харин хариуцагч Мягмарсүрэн нь шүүх хуралдаанд хариу тайлбартаа мөн Чулуунцэцэг, Энхжаргал, Ганзориг, Мягмарсүрэн нар нь цуг уулзаж хэзээ ч ийм баримт үйлдэж байгаагүй харин миний хувьд бол Чулуунцэцэг эгчтэй баримт үйлдэж гарын үсэг зурж байсан миний гарын үсэг мөн байна гэхдээ Ганзориг байгаагүй байхад яагаад Ганзоригийн гарын үсгийг зурсан байгааг ойлгохгүй байна. Мөн дөрвөн хүн байсан гэж гарын үсэг зурсан байна. Энхжаргал гэдэг хүнийг нэг ч удаа харж уулзаж гэрээ байгуулж, хүсэл зоригоо илэрхийлж байгаагүй Чулуунцэцэг эгч энэ баримтыг нөхөж үйлдсэн байна учир нь Чулуунцэцэг эгчийн бичиг байна гэж хэлдэг. Шүүх үүнийг эргэлзээгүй талаас нь анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн №00008 дугаар шийдвэрээр 297 788 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Чулуунцэцэгт олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Л.Ч, Б.Э нар нь хариуцагч Ц.М, Я.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 680 992 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Л.Ч, Б.Э болон Ц.М, Я.Г нарын хооронд 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 578 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай тохиролцсон, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр тооцоо нийлж, нийт 376 900 000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сард буцаан төлөхөөр тохиролцсон үйл баримт зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх-ийн 5-6, 41 дүгээр тал/

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг бүхий зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч 2014-2016 оны зээлийн гэрээний дагуу 417 500 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкин дахь Л.Чийн 5135117001 дугаар харилцах дансны гүйлгээний хуулгаар нотлогдсон /хх-ийн 48-67, 140-176 дугаар тал/ Энэ талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Зохигчид 2014 оноос 2015 онуудын зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл үндсэн зээлийг нэгтгэн тооцож 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг байгуулсан гэж тайлбарласан. Зээлдэгчийн хувьд 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлийн гэрээний дагуу хүлээн зөвшөөрч хүү гэж нэхэмжлэгчид мөнгө төлж байсан болох нь хэрэгт авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдсон.

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан журмын дагуу 2014-2015 онуудад бичгээр гэрээ хийгдээгүй учраас уг гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөнд хүү төлөх үүрэг үүсэхгүй. Гэвч Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасан.

Иймээс хариуцагчийн зүгээс 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх зээлдэгчээс авсан мөнгөний үндсэн зээл болон хүүг төлөхдөө шилжүүлгийн баримт бичгүүд дээр хүү төлөв гэсэн агуулгаар мөнгө төлж байсныг буюу зээлийн хүүг өөрөө хүлээн зөвшөөрч төлсөн байгааг шүүхийн зүгээс хүү төлөх үндэслэлгүй гэж үндсэн зээлээс хасах боломжгүй. Хариуцагч нарын өмгөөлөгчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй юм.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэрэг /хх-19,40,41/ баримтаас үзэхэд 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар хариуцагч нар үндсэн зээлийн 395 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тодруулбал, 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч нар 395 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг үүссэн. Учир нь 578 000 000 төгрөгт үндсэн зээл 395 000 000 төгрөгөөс гадна хүү, алданги тооцогдон нэмэгдсэн тул зээлдэгчийг 578 000 000 төгрөгийг буцаах, уг дүнгээр тооцож хүү алданги төлөх үүрэгтэй гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн талуудын хоорондын 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдэгч зээлдүүлэгчид 578 000 000 төгрөгийг буюу мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлж өгөөгүй болох нь ... 578 000 000 төгрөгт үндсэн зээлээс гадна түүнд бодогдох хүү, алданги тооцогдсон гэх зохигчдын тайлбараар нотлогдсон ба энэ үйл баримтын талаар талууд маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нь хэргийн нотлох баримтад тооцогдон үнэлэгдэх учиртай.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, өмнөх гэрээгээр зээлдэгчээс зээлдүүлэгчид бодитоор шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн дүнгээс гэрээгээр төлөхөөр тохирсон хүүг тооцон хариуцагчийн үүргийг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин үндсэн зээлийн үлдэгдлийг зөв тооцон тогтоож чадаагүй болно. Энэхүү тооцоог хийхдээ 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн бичгээр байгуулсан гэрээний дагуу үндсэн зээл 395 000 000 төгрөг, 7 сарын хүү 165 900 000 төгрөг, нийт 560 900 000 төгрөгөөр хариуцагч нарын төлөх үүргийг тодорхойлох нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дах хэсэгт нийцнэ. Хариуцагч нар энэ зээлийн гэрээгээр 165 900 000 /395 000 000 *6%=23 700 000*7 сар/ төгрөгийн хүү төлөх үүрэгтэй. Гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлдэгч нарын зүгээс 280 212 000 төгрөг төлөгдсөн болох нь тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй. Үүнээс үзэхэд хариуцагч нар 280 688 000 /560 900 000-280 212 000/ төгрөгийг төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тул алдангийг нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй буюу 140 344 000 /280 688 000:2/ төгрөгөөр тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцнэ. Зээлдэгч нар нийт 421 032 000 /280 688 000+140 344 000/ төгрөгийг төлөх үндэслэлтэй байна. Хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан үеэс эхлэн үндсэн зээлийн үлдэгдэлд хүү тооцон гаргуулах нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцнэ.

Иймээс, шүүхийн шийдвэрт хариуцагч нараас 421 032 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох талаар зохицуулсан тул хариуцагч нарын зээлийг хариуцахгүй, гэрээ байгуулагдаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан зээлийн гэрээнд зурагдсан гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, өөрөө зураагүй гэх зэргээр мэтгэлцээгүй тул Я.Г, Ц.М нарыг хариуцагчаар тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн нь зөв болно.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/00008 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 297 788 000 гэснийг 421 032 000 гэж, 383 204 000 гэснийг 259 960 000 гэж, 2 дах заалтын 1 646 890 гэснийг 2 263 110 гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 073 970 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 646 890 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Б.НАРМАНДАХ