Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2022/00041

 

 

Л.Чулуунцэцэг, Б.Энхжаргал нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/00008 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 469 дүгээр магадлалтай, 

Л.Чулуунцэцэг, Б.Энхжаргал нарын нэхэмжлэлтэй

Ц.Мягмарсүрэн, Я.Ганзориг нарт холбогдох  

Зээлийн гэрээний үүрэгт 680,992,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын өмгөөлөгч Г.Тамирын гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд, Д.Болормаа, хариуцагч Ц.Мягмарсүрэн, Я.Ганзориг, тэдний өмгөөлөгч Г.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. Л.Чулуунцэцэг, Б.Энхжаргал нар нь Ц.Мягмарсүрэн, Я.Ганзориг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 680,992,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/00008 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Я.Ганзориг, Ц.Мягмарсүрэн нараас 297,788,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Чулуунцэцэгт олгож, үлдэх 383,204,000 төгрөгийн нэхэмжлэлийг болон Б.Энхжаргалын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,720,860 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Ганзориг, Ц.Мягмарсүрэн нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,646,890 төгрөг гаргуулан Л.Чулуунцэцэгт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 469 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/00008 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 297,788,000 гэснийг 421,032,000 гэж, 383,204,000 гэснийг 259,960,000 гэж, 2 дахь заалтын 1,646,890 гэснийг 2,263,110 гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,073,970 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,646,890 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

3. Хариуцагч нарын өмгөөлөгч Г.Тамир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хуульд заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг баримтлаагүй. Хариуцагч 2014 онд 7 удаагийн үйлдлээр 160,000,000 төгрөгийг, 2015 онд 8 удаагийн үйлдлээр 235,000,000 төгрөгийг зээлсэн байдаг. Ингээд хариуцагч 2014-2015 онуудад нийт 395,000,000 төгрөгийг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн зээлж, Л.Чулуунцэцэг, Я.Ганзориг нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан. Талуудын хооронд 2014-2015 онуудад байгуулагдсан зээлийн гэрээ нь анхнаасаа бичгээр байгуулагдаагүй учир Л.Чулуунцэцэг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү шаардах эрхгүй гэж үзэж байна. Гэтэл давж заалдах шүүхийн хянавал хэсэгт ...Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан журмын дагуу 2014-2015 онуудад бичгээр гэрээ хийгээгүй учраас уг гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөнд хүү төлөх үүрэг үүсэхгүй боловч Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасан. Иймээс хариуцагчийн 2016.05.01-ний өдрийг хүртэл зээлийн хүү төлөв гэсэн агуулгаар зээлийг төлж байсныг буюу зээлийн хүүг өөрөө хүлээн зөвшөөрч төлсөн байгааг шүүхийн зүгээс хүү төлөх үндэслэлгүй гэж үндсэн зээлээс хасах боломжгүй. 2016.05.01-ний өдрийн байдлаар хариуцагч нар үндсэн зээлийн 395,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна" гэж дүгнэн хариуцагчийн 2014-2015 онуудад төлж байсан зээлийг шууд зээлийн хүүнд тооцсон.

3.1 Хуулийн 199 дугаар зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаас үзвэл нэгэнт үүссэн үүргийн харилцаанд хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэсэн агуулгатай байна. Тэгвэл хүү тохиролцсон зээлийн гэрээг байгуулахад тавигдах хэлбэрийн шаардлагыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж хуульчилсан байдаг. Иймд Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т заасныг үндэслэн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй ч хүчин төгөлдөр гэж үзэж болох боловч хариуцагч Я.Ганзориг 2014.07.08-ны өдрөөс 2014.12.25-ны хооронд 19 удаагийн үйлдлээр нийт 38,940,000 төгрөг, 2015 онд 15 удаагийн үйлдлээр 89,798,000 төгрөгийн төлж, нийт 2014-2015 онуудад 128,738,000 төгрөгийг төлсөн бөгөөд хариуцагчийн төлсөн 128,738,000 төгрөгийг Иргэний хуулийн 199.3-т заасныг үндэслэн шууд зээлийн хүү гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хүүтэй зээлийн гэрээ нь хариу төлбөртэй гэрээ байх бөгөөд зээлийн хүүгийн хэмжээ, хүү төлөх хугацааг талууд тохиролцсон тохиолдолд хүү шаардах эрх үүснэ. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл талуудын хооронд 2014-2015 онуудад байгуулагдсан зээлийн гэрээ анхнаасаа бичгээр байгуулагдаагүй бөгөөд талууд сард хэдэн хувиар хүү төлөх хүүгийн хэмжээг тохиролцсон, зээлийн гэрээний хугацаа тогтоосон талаар баримт байдаггүй, мөн хариуцагч хүү төлөв, зээл төлөв, зээлээс хасч тооцов гэх мэтээр 128,738,000 төгрөгийг төлж байсан. Иймд Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т заасныг үндэслэн зээлийн хүүг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Гэтэл хоёр шатны шүү үүн дээр огт дүгнэлт өгөлгүй, шууд л хариуцагчийн төлсөн 128,738,000 төгрөгийг зээлийн хүүд тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

3.2 Түүнчлэн нэхэмжлэгч 2016.05.01-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлд 298,000,000 төгрөг, зээлийн хүү 175,304,000 төгрөг, алданги 149,000,000 төгрөг, нийт 680,992,000 төгрөгийг нэхэмжилдэг. Харин хариуцагч зээлийг төлж барагдуулсан гэж маргадаг боловч давж заалдах шатны шүүхийн хянавал хэсэгт "...хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч нар 395,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Учир нь 578,000,000 төгрөгт үндсэн зээл 395,000,000 төгрөгөөс гадна хүү, алданги тооцон нэмэгдсэн тул зээлдэгчийг 578,000,000 төгрөгийг буцаах, уг дүнтэй тооцож хүү, алданги төлөх үүрэгтэй гэж үзэх боломжгүй 2016.05.01-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 395,000,000 төгрөг, 7 сарын хүү 165,900,000 төгрөг, нийт 560,900,000 төгрөгөөр хариуцагчийн үүргийг тодорхойлох нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт заасанд нийцнэ" гэж дүгнэж байгаагаас үзэхэд шүүх талуудын маргаж буй гол зүйл дээр үндэслэлтэй дүгнэлт өгч чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй гэж үзэхээр байна. Хэрэв шүүх хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт заасныг баримталж хариуцагчийг хүү төлөх үүрэгтэй гэж дүгнэж байгаа бол Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх дарааллыг баримталж хариуцагчийн төлсөн зээлийг үндсэн зээлээс хасч тооцох учиртай. Хариуцагч 2016.05.01-ний өдрийн байдлаар 128,738,000 төгрөг төлсөн нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй байх учраас үндсэн зээл 395,000,000 төгрөгөөс үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу хасч тооцохоор 266,262,000 төгрөг үлдсэн байдаг. Иймд хариуцагч Я.Ганзориг 2016.05.01-ний өдөр зээлийн гэрээ гэх зүйл үйлдэх үед 266,262,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан байна. Түүнээс биш 395,000,000 төгрөгийн зээл төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь шүүх үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн гэж үзэж байна. Харин Л.Чулуунцэцэг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар хүү шаардах эрхгүй боловч Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасны дагуу хүү шаардах эрхтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар хүү шаардахын тулд Я.Ганзориг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байх ёстой болж байна. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Я.Ганзоригийн үүрэг гүйцэтгэх хугацааг 2016.05.01-ний өдрийн зээлийн гэрээ гэх баримтад л зааж өгсөн байдаг. Өөр үүрэг гүйцэтгэх хугацааг зааж өгсөн баримт байхгүй. Мөн Ц.Мягмарсүрэнгийн үйлдсэн 2015.08.19-ний өдрийн баримтаас үзвэл түүнийг зээлийн гэрээний хугацаа, хүүг тохирсон гэж үзэхээргүй байна. Учир нь Ц.Мягмарсүрэнгийн үйлдсэн 2015.08.19-ний өдрийн баримтад зээлдэгч Я.Ганзоригийг гарын үсэг байхгүй бөгөөд Ц.Мягмарсүрэн Я.Ганзоригийг төлөөлөх эрхгүй байна. Иймээс нэхэмжлэгч 2014-2015 оны зээлийн гэрээнд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар хүү шаардах эрхгүй. Харин Я.Ганзориг 2016.05.01-ний өдрийн байдлаар 266,262,000 төгрөг төлөх үүрэгтэй байснаас Я.Ганзориг нь 2016.05.09-ны өдөр 150,000,000 төгрөг, 2016.06.02-ны өдөр 110,000,000 төгрөг, 2016.07.04-ний өдөр 20,000,000 төгрөг, нийт 280,000,000 төгрөг төлсөн байна. Гэтэл 2016.05.01-ний өдрийн зээлийн гэрээ гэх баримтыг талууд үйлдсэн боловч тухайн өдөр зээлийг бэлнээр олгоогүй, харин зээлийн хүүг 6 хувь гэж, хугацааг бичсэн байгаа учраас Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар энэ өдрөөс эхлэн зээлийн гэрээний үлдэгдэл 266,262,000 төгрөгөөс нэг сарын 6 хувийн хүү шаардах эрхтэй гэж харагдаж байна. Хариуцагч 2016.05.09-2016.06.02-ныг хүртэл сард 260,000,000 төгрөг төлсөн учир 266,262,000 төгрөгт сарын 6 хувийн хүү болох 15,975,720 төгрөг төлнө. Харин үлдэгдэл 6,262,000 төгрөгийг 2016.07.04-нд төлсөн тул 6,262,000 төгрөгийн нэг сарын 6 хувийн хүү болох 375,720 төгрөг, нийт хоёр сарын хугацаанд 16,351,440 төгрөгийн хүүг төлөхөөр байна. Алдангийн тухайд 2014-2015 оны зээлийн гэрээнд алдангийн талаар тохиролцоогүй учраас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д зааснаар алданги шаардах эрхгүй. Харин сүүлд байгуулсан 2016.05.01-ний өдрийн зээлийн гэрээ гэх баримтад алданги 0.5 хувь гэж бичсэн боловч аль үнийн дүнгээс алданги тооцох талаар тохиролцоогүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцээгүй байна. Иймд алданги төлөх үүрэг үүсэхгүй. Мөн хариуцагч Я.Ганзориг 2016.05.09-2016.07.04-ний хооронд үүргээ гүйцэтгэж дууссан тул хамаарахгүй гэж үзэж байна.

3.3 Нэхэмжлэгч нар нь хариуцагч Я.Ганзориг, Ц.Мягмарсүрэн нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 680,992,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Хариуцагч Ц.Мягмарсүрэн зээлдэгч биш нөхөр Я.Ганзориг нь өөрийнх нь дансыг ашиглан мөнгө авдаг байсан гэж тайлбарладаг, мөн Ц.Мягмарсүрэн шүүх хуралдаанд хариу тайлбар, татгалзлаа тайлбарлахдаа Л.Чулуунцэцэг, Б.Энхжаргал, Я.Ганзориг, Ц.Мягмарсүрэн нар цуг уулзаж, хэзээ ч баримт үйлдэж байгаагүй, мөн Б.Энхжаргал гэх хүнийг нэг ч удаа харж байгаагүй, танихгүй, Б.Энхжаргал гэдэг хүнтэй нэг ч удаа уулзаж хүсэл зоригоо илэрхийлж байгаагүй, Л.Чулуунцэцэг эгч энэ баримтыг нөхөж үйлдсэн байна гэж хэлдэг боловч хоёр шатны шүүх үүнийг эргэлзээгүй талаас нь анхаарч үзээгүйд гомдолтой байна. Мөн хариуцагч Я.Ганзориг, Ц.Мягмарсүрэн нарыг хамтран зээлдэгч гэж үзсэн хирнээ нэхэмжлэлийн шаардлагыг хэн хэдэн хувиар хариуцаж байгаа талаар дүгнэлт өгөөгүй. Энэ бүхнээс үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ: 

4. Хариуцагч нарын өмгөөлөгч Г.Тамирын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу Я.Ганзориг, Ц.Мягмарсүрэн нараас 297,788,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Чулуунцэцэгт олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх 421,032,000 төгрөг болгон өөрчилжээ. 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 259,960,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хангагдсан буюу 421,032,000 төгрөгийн нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.

5. Нэхэмжлэгчийн шаардах эрх, хэргийн үйл баримтын талаар. 

5.1. Нэхэмжлэгч ...2016.05.01-ний өдөр өгсөн авснаа тооцож, өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 578,000,000 төгрөгөөр зээлийн гэрээ байгуулж, 578,000,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сард багтаан сарын 6 хувийн хүүтэйгээр төлөхөөр, 2016 оны 12 дугаар сард багтаан төлөөгүй тохиолдолд хоногийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон. ...зээлийн үлдэгдэл төлбөрт ...680,992,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна... гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ ...хариуцагч Ц.Мягмарсүрэн нь нэхэмжлэгчтэй ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй гэж, ...хариуцагч Я.Ганзориг нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулж, зээл авсан ба уг зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү, алданги төлөх үүрэг хүлээгээгүй, авсан зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусгасан... гэж тайлбарлан мэтгэлцжээ.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт 680,992,000 төгрөг гаргуулахыг хариуцагч нараас шаардсан байх бөгөөд уг зээлийг хариуцагч төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ. 

5.2. Л.Чулуунцэцэг, Б.Энхжаргал болон Ц.Мягмарсүрэн, Я.Ганзориг нарын хооронд 2016.05.01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 578,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай тохиролцсон, 2017.03.20-ны өдөр тооцоо нийлж, нийт 376,900,000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сард буцаан төлөхөөр тохиролцсон үйл баримт зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогджээ.  

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг бүхий зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. 

Нэхэмжлэгч 2014-2016 оны зээлийн гэрээний дагуу 417,500,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкин дахь Л.Чулуунцэцэгийн 5135117001 дугаар харилцах дансны гүйлгээний хуулгаар нотлогдож байх тул зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлжээ. 

5.3. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж хуульчлан заажээ. 

Зохигчид 2014 оноос 2015 онуудын зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл үндсэн зээлийг нэгтгэн тооцож, 2016.05.01-ний өдрийн гэрээг байгуулсан гэж тайлбарласан байх бөгөөд зээлдэгч 2016.05.01-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүүг зөвшөөрч, хүү гэж нэхэмжлэгчид мөнгө төлж байсан нь хэрэгт авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна. 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан журмын дагуу 2014-2015 онуудад бичгээр гэрээ хийгдээгүй учраас уг гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөнд хүү шаардах эрх үүсэхгүй.  

Харин Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасан байна. 

Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан гэрээ, талуудын хүсэл зориг, хариуцагчаас 2016.05.01-ний өдрийг хүртэлх хугацаанд мөнгөний үндсэн зээл болон хүүг төлөхдөө банкны шилжүүлгийн баримтад хүү төлөв гэсэн агуулгаар мөнгө төлж байсан тул хариуцагч зээлийн хүүг өөрөө хүлээн зөвшөөрч төлсөн гэж үзнэ. 

Дээрх үнлэслэлээр давж заалдах шатны шүүхээс зээлийн хүү төлснийг үндсэн зээлээс хасах боломжгүй гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцсэн байна.  

5.4. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж үүрэг гүйцэтгэх газар, хугацааг зохицуулан хуульчилжээ. 

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зохигчдын тайлбар, зээлийг төлж байсан байдал зэрэг баримтыг үндэслэж, давж заалдах шатны шүүхээс 2016.05.01-ний өдрийн байдлаар хариуцагч нар үндсэн зээлийн 395,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. 

Учир нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотлох үүргийг хэргийн оролцогч хүлээдэг бөгөөд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд зохигчийн тайлбарын талаар дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 37-44 дүгээр зүйлд зохицуулан заасантай нийцэхээс гадна мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үздэг. 

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, талуудын хооронд байгуулсан 2016.05.01-ний өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч нар 395,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг үүссэн, 578,000,000 төгрөгт үндсэн зээл 395,000,000 төгрөгөөс гадна хүү, алданги тооцогдон нэмэгдсэн тул зээлдэгчийг 578,000,000 төгрөгийг буцаах, уг дүнгээр тооцож хүү алданги төлөх үүрэгтэй гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. 

Давж заалдах шатны шүүх хэргийн баримтын хүрээнд, бүрэн эрхийн дагуу талуудын хооронд байгуулсан 2016.05.01-ний өдрийн бичгээр байгуулсан гэрээний биелэлтэд үндсэн зээл 395,000,000 төгрөг, 7 сарын хүү 165,900,000 төгрөг, нийт 560,900,000 төгрөгөөр хариуцагч нарын төлөх үүргийг тодорхойлсон нь 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т тус тус заасныг зөрчөөгүй байна

Дээрх төлбөрөөс хариуцагч нарын гэрээний хугацаа дуусахаас өмнө төлсөн 280,212,000 төгрөгийг хасч, төлөгдөөгүй 280,688,000 төгрөгөөс нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй буюу 140,344,000 төгрөгийн алданги тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцжээ

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч нараас 421,032,000 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 242 дугаар зүйлийн 242.3-т заасан зохицуулалт, тэдгээрт заасан ойлголт, шаардлага, агуулгыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх бөгөөд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсан үндэслэлээ тодорхой заасан, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Тамирын гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 469 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Тамирын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,263,110 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Х.ЭРДЭНЭСУВД  

                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                    Г.АЛТАНЧИМЭГ

                                        ШҮҮГЧИД                    П.ЗОЛЗАЯА 

                                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                              Д.ЦОЛМОН