Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 545

 

Ц.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/00020 дугаар шийдвэртэй, Ц.Цгийн нэхэмжлэлтэй, НШШГГт холбогдох, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1221 тоот шийдвэрээр хариуцагч Ц.Цгаас 189 363 555 төгрөгний төлбөр гаргуулан, Транс капитал ББСБ ХХК-д олгох 1023 тоот гүйцэтгэх баримт бичгийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа НШШГГт явагдаж, Хан-Уул дүүргийн 190 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Б.Хүрлээ нь хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад олон хууль зөрчсөн ажиллагааг хийж, төлбөр төлөгч миний болон эд хөрөнгө өмчлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг дараах байдлаар ноцтой зөрчиж байна. Үүнд нэгдүгээрт шийдвэр гүйцэтгэгч Эд хөрөнгө хураах ажиллагааг хууль зөрчиж гүйцэтгэсэн. Хан-Уул дүүргийн 190 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Хүрлээ нь дээрх шүүхийн шийдвэрийн төлбөрт гаргуулахаар Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 хороолол, 65 байрны 170 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо, Баянголын ам, Бор толгой 1-1 тоот тоотын урд, хойд талд байрлах нэг бүр нь 202 мкв бүхий 2 /хоёр/ амины сууц, Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо, Баянголын ам, Бор толгой 1-1 тоот байрлах 3370 мкв газар зэрэг 4 үл хөдлөх эд хөрөнгийг хураан авахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж, хууль бус ажиллагаа явуулсан. Үл хөдлөх хөрөнгүүд хураах явцад хөндлөнгийн гэрчүүд огт оролцоогүй бөгөөд үүнийг Ц.Ц миний бие болон шийдвэр гүйцэтгэгч Б.Хүрлээ бид 2-лаа мэдэж байсан. Дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь УБ хотоос 21 км зайтай, уулын аманд байрладаг тул тэр өдөр хөндлөнгийн гэрчүүд олдоогүй юм. Эд хөрөнгө хураан авах ажиллагаанд хөндлөнгийн гэрчийг оролцуулах талаарх хуулийн заалтыг би тухайн үед мэдээгүй тул гарын үсгээ зурсан. Гэтэл саяхан НШШГГ дээр очиж материалтайгаа танилцахад Ч.Амгаланбаатар, Б.Лхагвасүрэн гэх 2 хөндлөнгийн гэрчийг үл хөдлөх эд хөрөнгө хураах ажиллагаанд оролцсон мэтээр нөхөж гарын үсэг зуруулсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэх, эсхүл хувийн ашиг сонирхлоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах, хэмээн заасан зөрчлийг гаргаж, 41 дүгээр зүйлийн 41.1-д Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна хэмээн хуульчилсныг биелүүлээгүй тул энэ талаар Сонгинохайрхан дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандаж гомдлоо гаргасан боловч үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Мөн түүнчлэн Ц.Цгийн өмчлөлийн 3 ширхэг үл хөдлөх хөрөнгө хураагдах ёстой боловч 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17290940/10 тоот тогтоол дээр ...байрлалтай 202 мкв 2 хувийн сууц, 3370 мкв газрын хамт гэж бичсэн байгаа нь миний үл хөдлөх хөрөнгүүдийг төрөл, шинж байдал, тоо ширхэгийг тусгасан жагсаалт гэж үзэх боломжгүй бөгөөд надад хураан авсан эд хөрөнгийн жагсаалтын хувийг гардуулаагүй. Шийдвэр гүйцэтгэгчийн энэ үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-54.3-д заасныг зөрчсөн байна. Иймд Эд хөрөнгө хураах ажиллагаа хууль зөрчсөн тул 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17290940/10 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Хоёрдугаарт эд хөрөнгийн үнэлгээг танилцуулаагүй, гомдол гаргах эрхийг зөрчсөн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар ийнхүү хууль зөрчин хураан авсан эд хөрөнгүүдийг төлбөрт тооцуулах төлбөр төлөгч болон өмчлөгчөөс үнийн санал аваагүй. Төлбөр төлөгч миний бие болон уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс үнийн санал авах нь үнэ тогтоох ажиллагааны эхний шат бөгөөд энэ ажиллагаа хийгдээгүй байна. Шууд шинжээч томилж дээрх эд хөрөнгүүдийн үнэлгээг гаргуулсан бөгөөд 2018 оны 12 сард Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 4 үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн байдаг. Үнэлгээний компанийн үнэлсэн үнэлгээ болон тухайн цаг үеийн интернэт зарын сайт болон үл хөдлөх хөрөнгө зуучлалын газруудаар зарагдаж буй ижил төстэй хөрөнгийн үнэлгээг харьцуулж үзэхэд, зөрүүтэй байгаа юм. Ингэж доод тал нь 15 сая, дээшээ 80 орчим сая төгрөгийн зөрүүтэй бага үнэлгээ хийж, үл хөдлөх эд хөрөнгүүдийн бодит үнэлгээг тогтоож чадаагүйгээр барахгүй, хүний өмчийг үнэгүйдүүлж, луйвардаж авах гэж байна гэж миний бие үзэж байна. Хамгийн гол нь энэ Хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч надад болон Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 хороолол, 65 байрны 170 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцны өмчлөгч С.Дуламсүрэнд танилцуулаагүй. Энэ эс үйлдэхүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө, 55.1 Талуудад эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэсэн заалтыг зөрчиж, төлбөр төлөгч болон өмчлөгчийн эрхийг хязгаарласан юм. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй тул энэ ажиллагааг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Гуравдугаарт Эд хөрөнгийн өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлд Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудыг тодорхойлж өгсөн бөгөөд 32.5-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болно. Үүргийн гүйцэтгэлийн барьцаанд байгаа буюу одоо төлбөр гаргуулахаар хураан авсан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 хороолол, 65 байрны 170 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц нь иргэн С.Дуламсүрэнгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө бөгөөд үүнийг шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа эхлэхдээ л мэдэж байсан ч орон сууцыг хураан авахаар очсоноос өөрөөр С.Дуламсүрэнг ажиллагаанд оролцуулаагүй байна. С.Дуламсүрэнг өмчлөгчийн хувьд өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн үнийн санал хэлэх, үнэлгээ хийсэн дүгнэлттэй танилцах, саналаа хэлэх, эд хөрөнгийг нь зарах гэж буй албадан дуудлага худалдаанд оролцох зэрэг эрхүүдийг эдлэх ёстой байсан ч эрх ашиг нь хөндөгдөж, зөрчигдөхөд хүрч буй С.Дуламсүрэнг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаанд оролцуулалгүй эрхийг нь зөрчиж байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. Дөрөвдүгээрт Албадан дуудлага худалдааг төлбөр төлөгч болон өмчлөгч нарт мэдэгдээгүй. 2019 оны 3 сарын 15-ны өдөр 10 цагт дуудлага худалдаанд оруулахаар ШШГЕГ-ын сайтад мэдээлэл тавигдсан байгаа талаар олж мэдлээ. Энэ албадан дуудлага худалдааны тогтоолыг надад болон өмчлөгч С.Дуламсүрэнд мэдэгдээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ гэж заасныг зөрчиж, талуудын эрхийг зөрчиж байна. Транс капитал ББСБ-д төлөх ёстой төлбөр 189 363 555 төгрөг байхад албадан дуудлага худалдаагаар оруулах үнийн дүн энэ төлбөрийн хэмжээнд хүрэхгүй байдлаар тавигдсан байгаад үнэхээр гомдолтой байна. Анхнаасаа надаас болон С.Дуламсүрэнгээс үнийн санал аваагүй бөгөөд Хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр 4 үл хөдлөх эд хөрөнгийг бага үнээр үнэлснээс албадан дуудлага худалдаанд хамаагүй бага үнээр оруулж, үнэ цэнэ бүхий надад байгаа бүх хөрөнгийг үнэгүйгээр шахам бусдад өгөх гэж байна. Тиймээс эд хөрөнгийн үнэлгээнд гомдолтой байгаа. Дээрх үндэслэлүүдээр уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 хороолол, 65 байрны 170 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 17290910/02 дугаар тогтоолоор битүүмжилж, хөндлөнгийн гэрчээр Н.Хулан, Г.Оюун-Эрдэнэ нарыг байлцуулан 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17290910/11 дүгээр тогтоолоор хурааж өмчлөгч С.Дуламсүрэнд тогтоолын хувийг гардуулж, мөн өдрийн 4/17270 дугаар албан бичгээр үнийн санал өгөхийг мэдэгдсэн. Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо, Баянголын ам, Бор толгой 1 дүгээр гудамж 1 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201043234, Ү-2201043235 дугаарт бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 17290910/03 дугаар тогтоолоор битүүмжилж, хөндлөнгийн гэрчээр Ч.Амгаланбаатар /99755435/, Б.Лхагвасүрэн нарыг байлцуулан 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17290940/10 дугаар тогтоолоор хурааж, тогтоолын хувийг төлбөр төлөгч Ц.Цд гардуулж, 4/17239 дугаар албан бичгээр үнийн санал өгөхийг мэдэгдсэн. Төлбөр төлөгч болон өмчлөгчөөс мэдэгдэлд дурдсан хугацаанд үнийн санал ирүүлээгүй тул хөндлөнгийн шинжээчээр Вендо ХХКомпанийг томилоход Баянгол дүүрэгт байрлах орон сууцыг 75 366 667 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүрэгт байрлах 2 үл хөдлөх хөрөнгө нь тус бүр 122 720 963 төгрөгөөр, нийт 245 441 926 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээг төлбөр төлөгч Ц.Цд 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 99194356 дугаар утсаар мэдэгдэж, зарлан дуудсан боловч ирээгүй тул мөн өдрийн 4/940 дугаар мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч Ц.Ц нь шууданг өөрөө очиж авна, хөдөө орон нутагт явж байна гэх тайлбарыг өгсөн нь Монгол шуудан ТӨХКомпаний магадлагаагаар тогтоогдож байна. Төлбөрт хураагдсан хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 1/6, 1/31 дүгээр тогтоол, 4/3509 дүгээр мэдэгдлийг 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр төлбөр төлөгч Ц.Цд гардуулж, өмчлөгч С.Дуламсүрэнд баталгаат шуудангаар хүргүүлсэн нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Анхны албадан дуудлага худалдаагаар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүд худалдан борлогдоогүй тул 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 3/5, 3/27 дугаар тогтоол, 4/6163 дугаар мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасан. Төлбөр төлөгч Ц.Цд үнэлгээг мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор нэхэмжлэл гаргаагүй, албадан дуудлага худалдааг мэдэгдээгүй гэх нь үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн байх тул нэхмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГт холбогдох, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1221 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 195 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 420 дугаар тогтоолын дагуу хариуцагч Ц.Цгаас 189 363 555 төгрөгний төлбөр гаргуулан, Транс капитал ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн, 1023 тоот гүйцэтгэх баримт бичгийн дагуу Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 хороолол, 65 байрны 170 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо, Баянголын ам, Бор толгой 1-1 тоот тоотын урд, хойд талд байрлах нэг бүр нь 202 мкв бүхий 2 /хоёр/ амины сууц, Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо, Баянголын ам, Бор толгой 1-1 тоот байрлах 3370 мкв газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүд дээр явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр гүйцэтгэгч Эд хөрөнгө хураах ажиллагааг хууль зөрчиж гүйцэтгэсэн. Хан Уул дүүргийн 190 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Хүрлээ нь дээрх шүүхийн шийдвэрийн төлбөрт гаргуулахаар 4 /дөрвөн/ үл хөдлөх эд хөрөнгийг хураан авахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж, хууль бус ажиллагаа явуулсан. Үл хөдлөх хөрөнгүүд хураах явцад хөндлөнгийн гэрчүүд огт оролцоогүй бөгөөд дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь УБ хотоос 21 км зайтай, уулын аманд байрладаг тул тэр өдөр хөндлөнгийн гэрчүүд олдоогүй юм. Гэтэл хөндлөнгийн гэрч Ч.Амгаланбаатар, Б.Лхагвасүрэн нараас гэрчийн мэдүүлэг авч хэрэгт хавсаргасан байх ба нэг гэрч энэ ажиллагааны талаар юу ч мэдээгүй, нөгөө гэрч мэдэн будилсан мэдүүлэг өгсөн байхаас харахад хууль ёсны байсан гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн түүнчлэн Ц.Цгийн өмчлөлийн 3 ширхэг үл хөдлөх хөрөнгө хураагдах ёстой боловч 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17290940/10 тоот тогтоол дээр ... байрлалтай 202 м,кв 2 хувийн сууц, 3370 м2 газрын хамт гэж бичсэн байгаа нь миний үл хөдлөх эд хөрөнгүүдийг төрөл, шинж байдал, тоо ширхэгийг тусгасан жагсаалт гэж үзэх боломжгүй бөгөөд надад хураан авсан эд хөрөнгийн жагсаалтын хувийг гардуулаагүй. Шийдвэр гүйцэтгэгчийн энэ үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54 дүгээр зүйлийн 54.1-54.3 -д заасныг зөрчсөн байна. Иймд Эд хөрөнгө хураах ажиллагаа хууль зөрчсөн тул 2018 оны 10 дугаар сарын 17- ны өдрийн 17290940/10 дугаар Эд хөрөнгө хураах тухай Тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар ийнхүү хууль зөрчин хураан авсан эд хөрөнгүүдийг төлбөрт тооцуулах төлбөр төлөгч болон өмчлөгчөөс үнийн санал аваагүй. Төлбөр төлөгч миний бие болон уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс үнийн санал авах нь үнэ тогтоох ажиллагааны эхний шат бөгөөд энэ ажиллагаа хийгдээгүй байна. Шууд шинжээч томилж дээрх эд хөрөнгүүдийн үнэлгээг гаргуулсан бөгөөд 2018 оны 12 сард Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 4 үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн байдаг. Үнэлгээний компанийн үнэлсэн үнэлгээ болон тухайн цаг үеийн интернэт зарын сайт болон үл хөдлөх хөрөнгө зуучлалын газруудаар зарагдаж буй ижил төстэй хөрөнгийн үнэлгээг харьцуулж үзэхэд доод тал нь 15 сая, дээшээ 80 орчим сая төгрөгийн зөрүүтэй бага үнэлгээ хийж, үл хөдлөх эд хөрөнгүүдийн бодит үнэлгээг тогтоож чадаагүйгээр барахгүй, хүний өмчийг үнэгүйдүүлж, луйвардаж авах гэж байна гэж үзэж байна. Хамгийн гол нь энэ Хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч надад болон өмлөгч С. Дуламсүрэнд танилцуулаагүй. Энэ эс үйлдэхүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө 55.7.Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэсэн заалтыг зөрчиж, төлбөр төлөгч болон өмчлөгчийн эрхийг хязгаарласан юм. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй тул энэ ажиллагааг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Миний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд байгаа буюу одоо төлбөр гаргуулахаар хураан авсан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 хороолол, 65 байрны 170 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц нь иргэн С. Дуламсүрэнгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө бөгөөд үүнийг шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа эхлэхдээ л мэдэж байсан ч орон сууцыг хураан авахаар очсоноос өөрөөр С.Дуламсүрэнг ажиллагаанд оролцуулаагүй байна. С.Дуламсүрэнг өмчлөгчийн хувьд өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн үнийн санал хэлэх, үнэлгээ хийсэн дүгнэлттэй танилцах, саналаа хэлэх, эд хөрөнгийг нь зарах гэж буй албадан дуудлага худалдаанд оролцох зэрэг эрхүүдийг эдлэх ёстой байсан ч эрх ашиг нь хөндөглөж, зөрчигдөхөд хүрч буй С.Дуламсүрэнг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаанд оролцуулалгүй эрхийг нь зөрчиж байна. Эрх ашиг нь хөндөгдөж буй гуравдагч этгээдээр татан оролцуулах ёстой байсан гэж үзэж байна. Үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2019 оны 03 сарын 15-ны өдөр 10 цагт дуудлага худалдаанд оруулахаар ШШГЕГ-ын сайтад мэдээлэл тавигдсан байгаа талаар олж мэдлээ. Энэ албадан дуудлага худалдааны тогтоолыг надад болон өмчлөгч С.Дуламсүрэнд мэдэгдээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ гэж заасныг зөрчиж, талуудын эрхийг зөрчиж байна. Миний Транс капитал ББСБ-д олгох төлөх ёстой төлбөр 189 363 555 төгрөг байхад албадан дуудлага худалдаагаар оруулах үнийн дүн энэ төлбөрийн хэмжээнд хүрэхгүй байдлаар тавигдсан байгаад үнэхээр гомдолтой байна. анхнаасаа надаас болон С.Дуламсүрэнгээс үнийн санал аваагүй бөгөөд Хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр 4 үл хөдлөх эд хөрөнгийг бага үнээр үнэлснээс албадан дуудлага худалдаанд хамаагүй бага үнээр оруулж, үнэ цэнэ бүхий надад байгаа бүх хөрөнгийг үнэгүйгэр шахам бусдад өгөх гэж байгаад үнэхээр гомдолтой байна. Тиймээс би эд хөрөнгийн үнэлгээнд гомдолтой байгаа. Анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гарсан зөрчлийн талаарх баримтууд хэрэгт байсаар байхад нэхэмжлэгч энэ талаар ярьж тайлбарласан боловч дүгнэлт хийсэнгүй. Өөрөөр хэлбэл, гэрч хөндлөнгийн гэрч Ч.Амгаланбаатар, Б.Лхагвасүрэн нараас гэрчийн мэдүүлэг үл хөдлөх эд хөрөнгө хураах ажиллагаа хууль зөрчиж явагдсаныг нотолдог. Анхан шатны шүүхээс дээрх хууль зөрчсөн ажиллагаануудад ямар ч дүгнэлт хийсэнгүй, Ц.Ц нь шүүхэд нэхэмжлэл гаргахаар хуульд заасан хугацаа хэтрүүлсэн байна гэсэн үндэслэлээр хууль бус ажиллагааг өөгшүүлэн өнгөрөөлөө. Шүүхийн дээрх дүгнэлт ч мөн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хуувь зүйн үндэслэл болж чадсангүй гэж үзэж байна. Учир нь эд хөрөнгийг хуульд зааснаар хураан авахаагүй, эд хөрөнгийн үнэлгээ танилцуулаагүй, 1 дэх албадан дуудлага худалдааны талаар мэдээгүй байсан нөхцөлд 2019 оны 02 сарын 28-ны өдрийн 2 дах албадан дуудлага худалдааны мэдэгдлийг мэдсэн тухайд гомдлоо хуульд зааснаар гаргаж шийдүүлж байгаа. Нөгөө талаар энэ нэхэмжлэлийн шаардлага зөвхөн үнэлгээ, зөвхөн хураах ажиллагаа эсвэл зөвхөн албадан дуудага худалдааны мэдэгдэл дээр гомдоод байгаан биш шийдэр гүйцэтгэх дээрх ажиллагаанууд бүгд зөрчилтэй байгаад гомдож байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 55 дугаар зүйлийн 55.7 дугаар хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч НШШГГт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1221 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 195 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 420 дугаар тогтоолоор Ц.Цгаас 189 363 555 төгрөгийн төлбөр гаргуулан Транс капитал ББСБ-д олгож, барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2201043234 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам бор толгой 1 дүгээр гудамж 1 тоот 202 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй, Улсын бүртгэлийн Ү-2204000976 дугаарт бүртгэлтэй хойд, болон Ү-2201043235 урд талын үл хөдлөх эд хөрөнгийг, 18628316006273 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн хамт, Баянгол дүүрэг, 3 дугаар, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж 65 дугаар байрн 170 тоот хаягт байршилтай 30.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн хариуцагч НШШГГ нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 17290910 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ. /хх-ийн 26-28, 34 дүгээр тал/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Ц.Ц, С.Дуламсүрэн нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2205059461 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж 65-170 тоот орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2201043234 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам бор толгой 1 дүгээр гудамж 1 тоот 202 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, 3370 м.кв газрын хамт 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр битүүмжилж, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хураасан болох нь зохигчийн тайлбар, Эд хөрөнгийг хураасан тогтоолын хуулбараар тогтоогдсон бөгөөд уг ажиллагаанд төлбөр төлөгч нь холбогдох албан тушаалтанд гомдол гарган шийдвэрлүүлсэн байх ба шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хүчинтэй болно. /хх-ийн 10-11, 35-39, 41-42 дугаар тал/

Төлбөр төлөгч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх эд хөрөнгийг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцэх ба шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчид 2018 оны 10 сарын 17-ны өдөр, эд хөрөнгийн өмчлөгчид 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналаа ирүүлэхийг тус тус мэдэгдэхэд тэд үнийн саналыг ирүүлээгүй байна. /хх-40, 43 дугаар тал/

Хэргийн баримтаар 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 283 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Вендо ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Хариуцагчийн дээрх ажиллагаа нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн болох нь тогтоогдоогүй. /хх-ийн 45 дугаар тал/ Вендо ХХК-ийн шинжээч 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж 65-170 тоот орон сууцыг 75 366 667 төгрөгөөр үнэлсэн, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам бор толгой 1 дүгээр гудамж 1 тоот 202 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг 122 720 963 төгрөгөөр үнэлсэн, Баянголын ам бор толгой 1 дүгээр гудамж 1 тоот, 3370 м.кв газрыг 35 705 952 төгрөгөөр тус тус үнэлсэн. /хх-ийн 46-67 дугаар тал/

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан дээрх болон эд хөрөнгө үнэлэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хийсэн шинжээчийн үнэлгээний талаар төлбөр төлөгч Ц.Цд 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 99194356 дугаарын утсаар болон мэдэгдлээр мэдэгджээ. /хх-ийн 69 дүгээр тал/ Ийнхүү мэдэгдсээр атал шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч тал өөрөө эрх үүргээ хэрэгжүүлээгүйд шийдвэр гүйцэтгэгчийг буруутгах боломжгүй бөгөөд зах зээлийн үнэлгээ гэх үнэлгээг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, мөн эд хөрөнгө үнэлэх тухай нэхэмжлэгчийн үнийн саналыг аваагүй гэх боловч энэ талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаагүй буюу өөрийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй, үнэлгээний талаархи гомдлоо шүүхэд гаргах хуульд заасан хугацаа хэтрүүлсэн гэх анхан шатны шүүх дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Хариуцагч НШШГГ албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн, төлбөр төлөгчийн хуульд заасан эрхийг болон хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн маргаанд хамааруулан үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/00020 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Б.НАРМАНДАХ