Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01037

 

Ц.Цэвэлмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/00020 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 545 дугаар магадлалтай,

Ц.Цэвэлмаагийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Цэвэлмаа, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.14-ний өдрийн 1221 тоот шийдвэрээр хариуцагч Ц.Цэвэлмаагаас 189,363,555 төгрөгний төлбөр гаргуулан, Транс капитал ББСБ ХХК-д олгох 1023 тоот гүйцэтгэх баримт бичгийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж, Хан-Уул дүүргийн 190 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Б.Хүрлээ нь хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад олон хууль зөрчсөн ажиллагааг хийж, төлбөр төлөгч миний болон эд хөрөнгө өмчлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг дараах байдлаар ноцтой зөрчиж байна. Үүнд нэгдүгээрт шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгө хураах ажиллагааг хууль зөрчиж гүйцэтгэсэн. Шийдвэр гүйцэтгэгч Б.Хүрлээ нь дээрх шүүхийн шийдвэрийн төлбөрт гаргуулахаар Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 хороолол, 65 байрны 170 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо, Баянголын ам, Бор толгой 1-1 тоотын урд, хойд талд байрлах нэг бүр нь 202 м.кв бүхий 2 /хоёр/ амины сууц, Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо, Баянголын ам, Бор толгой 1-1 тоот байрлах 3370 м.кв газар зэрэг 4 үл хөдлөх эд хөрөнгийг хураан авахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж, хууль бус ажиллагаа явуулсан. Үл хөдлөх хөрөнгүүд хураах явцад хөндлөнгийн гэрчүүд огт оролцоогүй бөгөөд үүнийг Ц.Цэвэлмаа миний бие болон шийдвэр гүйцэтгэгч Б.Хүрлээ бид хоёулаа мэдэж байсан. Дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь УБ хотоос 21 км зайтай, уулын аманд байрладаг тул тэр өдөр хөндлөнгийн гэрчүүд олдоогүй юм. Эд хөрөнгө хураан авах ажиллагаанд хөндлөнгийн гэрчийг оролцуулах талаарх хуулийн заалтыг би тухайн үед мэдээгүй тул гарын үсгээ зурсан. Гэтэл саяхан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр очиж материалтайгаа танилцахад Ч.Амгаланбаатар, Б.Лхагвасүрэн гэх 2 хөндлөнгийн гэрчийг үл хөдлөх эд хөрөнгө хураах ажиллагаанд оролцсон мэтээр нөхөж гарын үсэг зуруулсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэх, эсхүл хувийн ашиг сонирхлоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах хэмээн заасан зөрчлийг гаргаж, 41 дүгээр зүйлийн 41.1-д Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна хэмээн хуульчилсныг биелүүлээгүй тул энэ талаар Сонгинохайрхан дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандаж гомдлоо гаргасан боловч үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Мөн түүнчлэн Ц.Цэвэлмаагийн өмчлөлийн 3 ширхэг үл хөдлөх хөрөнгө хураагдах ёстой боловч 2018.10.17-ны өдрийн 17290940/10 тоот тогтоол дээр ...байрлалтай 202 м.кв 2 хувийн сууц, 3370 м.кв газрын хамт гэж бичсэн байгаа нь миний үл хөдлөх хөрөнгүүдийг төрөл, шинж байдал, тоо ширхэгийг тусгасан жагсаалт гэж үзэх боломжгүй бөгөөд надад хураан авсан эд хөрөнгийн жагсаалтын хувийг гардуулаагүй. Шийдвэр гүйцэтгэгчийн энэ үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-54.3-т заасныг зөрчсөн байна. Иймд Эд хөрөнгө хураах ажиллагаа хууль зөрчсөн тул 2018.10.17-ны өдрийн 17290940/10 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Хоёрдугаарт эд хөрөнгийн үнэлгээг танилцуулаагүй, гомдол гаргах эрхийг зөрчсөн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар ийнхүү хууль зөрчин хураан авсан эд хөрөнгүүдийг төлбөрт тооцуулах төлбөр төлөгч болон өмчлөгчөөс үнийн санал аваагүй. Төлбөр төлөгч миний бие болон уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс үнийн санал авах нь үнэ тогтоох ажиллагааны эхний шат бөгөөд энэ ажиллагаа хийгдээгүй байна. Шууд шинжээч томилж дээрх эд хөрөнгүүдийн үнэлгээг гаргуулсан бөгөөд 2018 оны 12 сард Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 4 үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн байдаг. Үнэлгээний компанийн үнэлсэн үнэлгээ болон тухайн цаг үеийн интернэт зарын сайт болон үл хөдлөх хөрөнгө зуучлалын газруудаар зарагдаж буй ижил төстэй хөрөнгийн үнэлгээг харьцуулж үзэхэд, зөрүүтэй байгаа юм. Ингэж доод тал нь 15 сая, дээшээ 80 орчим сая төгрөгийн зөрүүтэй бага үнэлгээ хийж, үл хөдлөх эд хөрөнгүүдийн бодит үнэлгээг тогтоож чадаагүйгээр барахгүй, хүний өмчийг үнэгүйдүүлж, луйвардаж авах гэж байна гэж миний бие үзэж байна. Хамгийн гол нь энэ Хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч надад болон Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 хороолол, 65 байрны 170 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцны өмчлөгч С.Дуламсүрэнд танилцуулаагүй. Энэ эс үйлдэхүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө, 55.1 Талуудад эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэсэн заалтыг зөрчиж, төлбөр төлөгч болон өмчлөгчийн эрхийг хязгаарласан юм. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй тул энэ ажиллагааг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Гуравдугаарт, Эд хөрөнгийн өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлд Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудыг тодорхойлж өгсөн бөгөөд 32.5-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болно. Үүргийн гүйцэтгэлийн барьцаанд байгаа буюу одоо төлбөр гаргуулахаар хураан авсан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 хороолол, 65 байрны 170 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц нь иргэн С.Дуламсүрэнгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө бөгөөд үүнийг шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа эхлэхдээ л мэдэж байсан ч орон сууцыг хураан авахаар очсоноос өөрөөр С.Дуламсүрэнг ажиллагаанд оролцуулаагүй байна. С.Дуламсүрэнг өмчлөгчийн хувьд өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн үнийн санал хэлэх, үнэлгээ хийсэн дүгнэлттэй танилцах, саналаа хэлэх, эд хөрөнгийг нь зарах гэж буй албадан дуудлага худалдаанд оролцох зэрэг эрхүүдийг эдлэх ёстой байсан ч эрх ашиг нь хөндөгдөж, зөрчигдөхөд хүрч буй С.Дуламсүрэнг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаанд оролцуулалгүй эрхийг нь зөрчиж байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. Дөрөвдүгээрт, Албадан дуудлага худалдааг төлбөр төлөгч болон өмчлөгч нарт мэдэгдээгүй. 2019.03.15-ны өдөр 10 цагт дуудлага худалдаанд оруулахаар ШШГЕГ-ын сайтад мэдээлэл тавигдсан байгаа талаар олж мэдлээ. Энэ албадан дуудлага худалдааны тогтоолыг надад болон өмчлөгч С.Дуламсүрэнд мэдэгдээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ гэж заасныг зөрчиж, талуудын эрхийг зөрчиж байна. Транс капитал ББСБ-д төлөх ёстой төлбөр 189,363,555 төгрөг байхад албадан дуудлага худалдаагаар оруулах үнийн дүн энэ төлбөрийн хэмжээнд хүрэхгүй байдлаар тавигдсан байгаад үнэхээр гомдолтой байна. Анхнаасаа надаас болон С.Дуламсүрэнгээс үнийн санал аваагүй бөгөөд Хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр 4 үл хөдлөх эд хөрөнгийг бага үнээр үнэлснээс албадан дуудлага худалдаанд хамаагүй бага үнээр оруулж, үнэ цэнэ бүхий надад байгаа бүх хөрөнгийг үнэгүйгээр шахам бусдад өгөх гэж байна. Тиймээс эд хөрөнгийн үнэлгээнд гомдолтой байгаа. Дээрх үндэслэлүүдээр уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан хариу тайлбарт: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 хороолол, 65 байрны 170 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг 2017.10.31-ний өдрийн 17290910/02 дугаар тогтоолоор битүүмжилж, хөндлөнгийн гэрчээр Н.Хулан, Г.Оюун-Эрдэнэ нарыг байлцуулан 2018.10.18-ны өдрийн 17290910/11 дүгээр тогтоолоор хурааж өмчлөгч С.Дуламсүрэнд тогтоолын хувийг гардуулж, мөн өдрийн 4/17270 дугаар албан бичгээр үнийн санал өгөхийг мэдэгдсэн. Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо, Баянголын ам, Бор толгой 1 дүгээр гудамж 1 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201043234, Ү-2201043235 дугаарт бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2017.10.31-ний өдрийн 17290910/03 дугаар тогтоолоор битүүмжилж, хөндлөнгийн гэрчээр Ч.Амгаланбаатар, Б.Лхагвасүрэн нарыг байлцуулан 2018.10.17-ны өдрийн 17290940/10 дугаар тогтоолоор хурааж, тогтоолын хувийг төлбөр төлөгч Ц.Цэвэлмаад гардуулж, 4/17239 дугаар албан бичгээр үнийн санал өгөхийг мэдэгдсэн. Төлбөр төлөгч болон өмчлөгчөөс мэдэгдэлд дурдсан хугацаанд үнийн санал ирүүлээгүй тул хөндлөнгийн шинжээчээр Вендо ХХК-ийг томилоход Баянгол дүүрэгт байрлах орон сууцыг 75,366,667 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүрэгт байрлах 2 үл хөдлөх хөрөнгө нь тус бүр 122,720,963 төгрөгөөр, нийт 245,441,926 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээг төлбөр төлөгч Ц.Цэвэлмаад 2018.12.19-ний өдөр 99194356 дугаар утсаар мэдэгдэж, зарлан дуудсан боловч ирээгүй тул мөн өдрийн 4/940 дугаар мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч Ц.Цэвэлмаа нь шууданг өөрөө очиж авна, хөдөө орон нутагт явж байна гэх тайлбарыг өгсөн нь Монгол шуудан ТӨХКомпаний магадлагаагаар тогтоогдож байна. Төлбөрт хураагдсан хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай 2019.01.29-ний өдрийн 1/6, 1/31 дүгээр тогтоол, 4/3509 дүгээр мэдэгдлийг 2019.01.31-ний өдөр төлбөр төлөгч Ц.Цэвэлмаад гардуулж, өмчлөгч С.Дуламсүрэнд баталгаат шуудангаар хүргүүлсэн нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Анхны албадан дуудлага худалдаагаар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүд худалдан борлогдоогүй тул 2019.03.15-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай 2019.02.28-ны өдрийн 3/5, 3/27 дугаар тогтоол, 4/6163 дугаар мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасан. Төлбөр төлөгч Ц.Цэвэлмаад үнэлгээг мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор нэхэмжлэл гаргаагүй, албадан дуудлага худалдааг мэдэгдээгүй гэх нь үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/00020 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1221 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 195 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 420 дугаар тогтоолын дагуу хариуцагч Ц.Цэвэлмаагаас 189,363,555 төгрөгний төлбөр гаргуулан, Транс капитал ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн 1023 тоот гүйцэтгэх баримт бичгийн дагуу Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 хороолол, 65 байрны 170 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо, Баянголын ам, Бор толгой 1-1 тоот тоотын урд, хойд талд байрлах нэг бүр нь 202 мкв бүхий 2 /хоёр/ амины сууц, Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо, Баянголын ам, Бор толгой 1-1 тоот байрлах 3370 мкв газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүд дээр явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Цэвэлмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Цэвэлмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 545 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/00020 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн 2019.12.25-ны өдрийн 181/ШШ2020/00020 дугаар шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2020.03.09-ний өдрийн 545 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.14-ний өдрийн 1221 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.01.13-ны өдрийн 195 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн 2017.04.13-ны өдрийн 420 тоот тогтоолоор хариуцагч Ц.Цэвэлмаагаас 189,363,555 төгрөг гаргуулан Транс капитал ББСБ-д олгох 1023 тоот гүйцэтгэх баримт бичгийн дагуу Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 хороолол, 65 байрны 170 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо, Баянголын ам, Бор толгой 1-1 тоот тоотын урд, хойд талд байрлах нэг бүр нь 202 м.кв бүхий 2 /хоёр/ амины сууц, Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо, Баянголын ам, Бор толгой 1-1 тоот байрлах 3370 м.кв газар зэрэг үл хөдпөх эд хөрөнгүүд дээр явуулж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус, өмчлөгчийн эрхийг болон хууль зөрчсөн ажиллагааг явуулж, төлбөр төлөгч миний болон эд хөрөнгө өмчлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг дараах байдлаар ноцтой зөрчиж байна. Үүнд:

Нэг. Шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгө хураах ажиллагааг хууль зөрчиж гүйцэтгэсэн. Хан-Уул дүүргийн 190 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Хүрлээ нь дээрх шүүхийн шийдвэрийн төлбөрт гаргуулахаар Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 хороолол, 65 байрны 170 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо, Баянголын ам, Бор толгой 1-1 тоот тоотын урд , хойд талд байрлах нэг бүр нь 202 м.кв бүхий 2 /хоёр/ амины сууц, Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо, Баянголын ам, Бор толгой 1-1 тоот байрлах 3370 м.кв газар зэрэг 4 /дөрвөн/ үл хөдлөх эд хөрөнгийг хураан авахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж, хууль бус ажиллагаа явуулсан. Үл хөдлөх хөрөнгүүд хураах явцад хөндлөнгийн гэрчүүд огт оролцоогүй бөгөөд дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь УБ хотоос 21 км зайтай, уулын аманд байрладаг тул тэр өдөр хөндлөнгийн гэрчүүд олдоогүй юм. Гэтэл хөндлөнгийн гэрч Ч.Амгаланбаатар, Б.Лхагвасүрэн нараас гэрчийн мэдүүлэг авч хэрэгт хавсаргасан байх ба нэг гэрч энэ ажиллагааны талаар юу ч мэдээгүй, нөгөө гэрч мэдэн будилсан мэдүүлэг өгсөн байхаас харахад хууль ёсны байсан гэж үзэх үндэслэлгүй байна. Ингэж шийдвэр гүйцэтгэгч Б.Хүрлээ нь хуурамч баримт бүрдүүлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д хуульчилсныг зөрчсөн байна. Мөн түүнчлэн Ц.Цэвэлмаа миний өмчлөлийн 3 ширхэг үл хөдлөх хөрөнгө хураагдах ёстой боловч 2018.10.17-ны өдрийн 17290940/10 тоот тогтоол дээр "... байрлалтай 202 м,кв 2 хувийн сууц, 3370 м.кв газрын хамт гэж бичсэн байгаа нь миний үл хөдлөх эд хөрөнгүүдийг төрөл, шинж байдал, тоо ширхэгийг тусгасан жагсаалт гэж үзэх боломжгүй бөгөөд надад хураан авсан эд хөрөнгийн жагсаалтыг хувийг гардуулаагүй. Шийдвэр гүйцэтгэгчийн энэ үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54 дүгээр зүйлийн 54.1-54.3-т заасныг зөрчсөн байна. Иймд Эд хөрөнгө хураах ажиллагаа хууль зөрчсөн тул 2018.10.17-ны өдрийн 17290940/10 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Хоёр. Эд хөрөнгийн үнэлгээг танилцуулаагүй, гомдол гаргах эрхийг зөрчсөн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар ийнхүү хууль зөрчин хураан авсан эд хөрөнгүүдийг төлбөрт тооцуулах төлбөр төлөгч болон өмчлөгчөөс үнийн санал аваагүй. Төлбөр төлөгч миний бие болон уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс үнийн санал авах нь үнэ тогтоох ажиллагааны эхний шат бөгөөд энэ ажиллагаа хийгдээгүй байна. Шууд шинжээч томилж дээрх эд хөрөнгүүдийн үнэлгээг гаргуулсан бөгөөд 2018 оны 12 сард Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 4 үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн байдаг. Үнэлгээний компанийн үнэлсэн үнэлгээ болон тухайн цаг үеийн интернэт зарын сайт болон үл хөдлөх хөрөнгө зуучлалын газруудаар зарагдаж буй ижил төстэй хөрөнгийн үнэлгээг харьцуулж үзэхэд, дор зөрүү харагдаж байгаа юм. Ингэж доод тал нь 15 сая, дээшээ 80 орчим сая төгрөгийн зөрүүтэй бага үнэлгээ хийж, үл хөдлөх эд хөрөнгүүдийн бодит үнэлгээг тогтоож чадаагүйгээр барахгүй, хүний өмчийг үнэгүйдүүлж, луйвардаж авах гэж байна гэж миний бие үзэж байна. Хамгийн гол нь энэ Хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч надад болон Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 хороолол, 65 байрны 170 тоот хаягт байрлах, 2 өрөо орон сууцны өмлөгч С. Дуламсүрэнд танилцуулаагүй. Энэ эс үйлдэхүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7 дахь заалтыг зөрчиж, төлбөр төлөгч болон өмчлөгчийн эрхийг хязгаарласан юм. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй тул энэ ажиллагааг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

Гурав. Эд хөрөнгийн өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлд Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудыг тодорхойлж өгсөн бөгөөд 32.5-д Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болно. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.2, 175.3-т зааснаар тухайн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны улмаас эрх нь зөрчигдөж болзошгүй бөгөөд эрхээ хамгаалахын тулд бие даасан шаардлага гарган оролцогч буюу өмчлөгчийн эрхийг хуульчилж өгсөн. Миний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд байгаа буюу одоо төлбөр гаргуулахаар хураан авсан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 хороолол, 65 байрны 170 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц нь иргэн С.Дуламсүрэнгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө бөгөөд үүнийг шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа эхлэхдээ л мэдэж байсан ч орон сууцыг хураан авахаар очсоноос өөрөөр С.Дуламсүрэнг ажиллагаанд оролцуулаагүй байна. С.Дуламсүрэнг өмчлөгчийн хувьд өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн үнийн санал хэлэх, үнэлгээ хийсэн дүгнэлттэй танилцах, саналаа хэлэх, эд хөрөнгийг нь зарах гэж буй албадан дуудлага худалдаанд оролцох зэрэг эрхүүдийг эдлэх ёстой байсан ч эрх ашиг нь хөндөглөж, зөрчигдөхөд хүрч буй С.Дуламсүрэнг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаанд оролцуулалгүй эрхийг нь зөрчиж байна. Эрх ашиг нь хөндөгдөж буй гуравдагч этгээдээр татан оролцуулах ёстой байсан гэж үзэж байна.

Дөрөв. Албадан дуудлага худалдааг төлбөр төлөгч болон өмчлөгч нарт мэдэгдээгүй.

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 хороолол, 65 байрны 170 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо, Баянголын ам, Бор толгой 1-1 тоот тоотын урд, хойд талд байрлах нэг бүр нь 202 м.кв бүхий 2 /хоёр/ амины сууц, Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо, Баянголын ам, Бор толгой 1-1 тоот байрлах 3370 м.кв газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2019.03.15-ны өдөр 10 цагт дуудлага худалдаанд оруулахаар ШШГЕГ-ын сайтад мэдээлэл тавигдсан байгаа талаар олж мэдлээ. Энэ албадан дуудлага худалдааны тогтоолыг надад болон өмчлөгч С.Дуламсүрэнд мэдэгдээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасныг зөрчиж, талуудын эрхийг зөрчиж байна. Миний Транс капитал ББСБ-д олгох төлөх ёстой төлбөр 189,363,555 төгрөг байхад апбадан дуудлага худалдаагаар оруулах үнийн дүн энэ төлбөрийн хэмжээнд хүрэхгүй байдлаар тавигдсан байгаад үнэхээр гомдолтой байна. Анхнаасаа надаас болон С.Дуламсүрэнгээс үнийн санал аваагүй бөгөөд Хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр 4 үл хөдлөх эд хөрөнгийг бага үнээр үнэлснээс албадан дуудлага худалдаанд хамаагүй бага үнээр оруулж, үнэ цэнэ бүхий надад байгаа бүх хөрөнгийг үнэгүйгээр шахам бусдад өгөх гэж байгаад үнэхээр гомдолтой байна. Тиймээс би эд хөрөнгийн үнэлгээнд гомдолтой байгаа.

Тав. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гарсан зөрчлийн талаарх баримтууд хэрэгт байсаар байхад нэхэмжлэгч энэ талаар ярьж тайлбарласан боловч дүгнэлт хийсэнгүй. Өөрөөр хэлбэл, хөндлөнгийн гэрч Ч.Амгаланбаатар, Б.Лхагвасүрэн нараас гэрчийн мэдүүлэг үл хөдлөх эд хөрөнгө хураах ажиллагаа хууль зөрчиж явагдсаныг нотолдог. Анхан шатны шүүхээс дээрх хууль зөрчсөн ажиллагаануудад ямар ч дүгнэлт хийсэнгүй, Ц.Цэвэлмаа нь шүүхэд нэхэмжлэл гаргахаар хуульд заасан хугацаа хэтрүүлсэн байна гэсэн үндэслэлээр хууль бус ажиллагааг өөшгүүлэн өнгөрөөлөө. Шүүхийн дээрх дүгнэлт ч мөн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэл болж чадсангүй гэж үзэж байна. Учир нь эд хөрөнгийг хуульд зааснаар хураан аваагүй, эд хөрөнгийн үнэлгээ танилцуулаагүй, 1 дэх албадан дуудлага худалдааны талаар мэдээгүй байсан нөхцөлд 2019.02.28-ны өдрийн 2 дах албадан дуудлага худалдааны мэдэгдлийг мэдсэн тухайд гомдлоо хуульд зааснаар гаргаж шийдүүлж байгаа. Нөгөө талаар энэ нэхэмжлэлийн шаардлага зөвхөн үнэлгээ, зөвхөн хураах ажиллагаа эсвэл зөвхөн албадан дуудлага худалдааны мэдэгдэл дээр гомдоод байгаа биш шийдвэр гүйцэтгэх дээрх ажиллагаанууд бүгд зөрчилтэй байгаад гомдож байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 55 дугаар зүйлийн 55.7 дугаар хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлүүдээр Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2020/00020 дугаар шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 545 дугаар магадлалыг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах зарчмуудыг зөрчиж, оролцогчдын эрх тэгш байдлыг хангуулж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.14-ний өдрийн 1221 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.01.13-ны өдрийн 195 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн 2017.04.13-ны өдрийн 420 тоот тогтоолтой, хариуцагч Ц.Цэвэлмаагаас 189,363,555 төгрөг гаргуулан Транс капитал ББСБ-д олгох 1023 тоот гүйцэтгэх баримт бичгийн дагуу Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 хороолол, 65 байрны 170 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо, Баянголын ам, Бор толгой 1-1 тооттоотын урд, хойд талд байрлах нэг бүр нь 202 м.кв бүхий 2 /хоёр/ амины сууц, Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо, Баянголын ам, Бор толгой 1-1 тоот байрлах 3370 м.кв газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүд дээр явуулж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.Цэвэлмаа нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Цэвэлмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрээр Ц.Цэвэлмаагаас 189,363,555 төгрөгийг гаргуулан Транс капитал ББСБ-д олгож, барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2201043234 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам бор толгой 1 дүгээр гудамж 1 тоот 202 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй, Улсын бүртгэлийн Ү-2204000976 дугаарт бүртгэлтэй, хойд болон урд талын үл хөдлөх эд хөрөнгийг, 18628316006273 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн хамт, Баянгол дүүрэг 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж 65 дугаар байрны 170 тоот хаягт байршилтай 30.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн баримт хэрэгт авагджээ.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар шүүхийн шийдвэрт заагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2017.10.31-ний өдөр битүүмжилж, 2018.10.17-ны өдөр хураасан, төлбөр төлөгч нь дээрх ажиллагааны талаар холбогдох албан тушаалтанд гомдол гарган шийдвэрлүүлсэн тухай баримт хэрэгт авагдсан ба шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг хүчинтэй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Шийдвэр гүйцэтгэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналаа ирүүлэхийг төлбөр төлөгчид 2018.10.17-ны өдөр, эд хөрөнгийн өмчлөгчид 2018.10.18-ны өдөр  тус тус мэдэгдсэн боловч үнийн санал ирүүлээгүй байх тул 2018.11.12-ны өдрийн 283 дугаар тогтоолоор Вендо ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт нийцжээ.

Шинжээчээр томиогдсон Вендо ХХК нь 2018.12.17-ны өдөр Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж 65-170 тоот орон сууцыг 75,366,667 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам бор толгой 1 дүгээр гудамж 1 тоот 202 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг 122,720,963 төгрөгөөр, Баянголын ам бор толгой 1 дүгээр гудамж 1 тоот, 3370 м.кв газрыг 35,705,952 төгрөгөөр тус тус үнэлж, хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан дээр дурдсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй тухай хоёр шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хийсэн шинжээчийн үнэлгээний талаар төлбөр төлөгч Ц.Цэвэлмаад 2018.12.19-ний өдөр утсаар болон мэдэгдлээр мэдэгдсэн байх тул ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчийн эрх зөрчигдсөн гэсэн нь үндэслэлгүй тухай хоёр шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, мөн эд хөрөнгө үнэлэх тухай нэхэмжлэгчийн үнийн саналыг аваагүй гэх боловч энэ талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаагүй буюу өөрийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй, үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд гаргах хуульд заасан хугацаа хэтрүүлсэн тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтын хүрээнд хийгдсэн байна.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/00020 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 545 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.СОНИНБАЯР

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД