Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 593

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/00593

 

 

Д.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/00015 дугаар шийдвэртэй, Д.Бын нэхэмжлэлтэй, Ч.Чт холбогдох, Хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлтэнд 5 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Б, Ч.Чт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлтэнд 5.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Д.Б, З.Дуламсүрэн нарыг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Ч.Чтай, Ц.Болормаа гэдэг хүн танилцуулсан. Ингэж танилцуулах явцдаа Ч.Ч Баян-Эрдэнэ трейд компаниа 8 нэрийн дэлгүүрийн хамт зарна гэж хэлсэн. Үүний дагуу 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр эксковатор үзэхээр Д.Бын эзэмшлийн 81-09 УБЕ улсын дугаартай Toyota prima маркийн автомашинаар Архангай аймгийн Цэнхэр сум руу н.Болормаа, С.Өлзийхишиг, н.Отгон нар хамт яваад, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Ч.Ч трайлер ирээд сар хүлээж байна, мөнгө байдаггүй, чи машинаа зараад мөнгө өгчих, би машиныг чинь 7 дугаар сарын 11-ний өдрийн дотор дунд гарын жип машин болгож өгнө гэж хэлсэн. Ингээд Ч.Чын хэлсэн амлалтанд итгээд, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр банк бус санхүүгийн байгууллагад барьцаалагдсан машинаа 9.800.000 төгрөгөөр зарж, 5.500.000 төгрөгийг Ч.Чт бэлнээр өгөөд, мөнгө хүлээлцсэн баримтан дээр Баян-Эрдэнэ трейд ХХК-ийн тамга дарагдсан болохоос уг мөнгийг тухайн хуулийн этгээдийн данс руу шилжүүлээгүй учраас хуулийн этгээдэд хамааралгүй, зөвхөн иргэн Ч.Чтай эрх зүйн харилцаанд орж байсан гэж үзэхээр байна. Дээрх мөнгийг Увс аймгийн Тариалан суманд алт олборлоход хамтран ажиллана гэж амаар тохиролцон, алт олборлоход хөрөнгө оруулалт хийнэ гэсэн байдлаар өгөөгүй, анхнаасаа тийм хүсэл зориг байгаагүй тул Ч.Чын бэлнээр авсан 5.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 онд Баян-Эрдэнэ трейд ХХК, иргэн н.Батбуян, П.Булган-Эрдэнэ, С.Өлзийхишиг нартай Увс аймгийн Тариалан сумын нутагт орших ашигт малтмалын зөвшөөрөл бүхий газар олборлолтын үйл ажиллагаа явуулахаар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, талууд ашгаа тэнцүү хуваан авахаар тохиролцсон. Ингэхдээ манай компани Увс аймгийн Тариалан суманд нөхөн сэргээх ажилд түлшний хөрөнгө оруулалт хийж, Петро Чайна Дачин Тамсаг ХХК-тай гэрээ байгуулан, ажлаа эхэлсэн. Д.Б гэдэг хүнийг би анхнаасаа таньдаггүй байсан. С.Өлзийхишиг над дээр дагуулж ирсэн. Энэ хүн надтай хамтарч ажиллаагүй. С.Өлзийхишигтэй ажилласан. Дагуулж ирсэн шалтгаан нь би ломбардад байгаа автомашинаа алдах гээд байна, автомашинаа зараад зөрүү мөнгийг чамд өгч ашиглуулъя гээд 5.500.000 төгрөг өгснийг нь би буцаагаад С.Өлзийхишигт өгсөн, авсан баримт хэрэгт байж байна. Бидний хоорондын тохироо бол тал талаасаа мөнгө нийлүүлж алт олборлоно гээд нийлцгээсэн. Автомашиныг зарахад би яваагүй. С.Өлзийхишиг явсан. Энэ бол тодорхой зүйлүүд. Намайг аваад идчихсэн юм шиг яриад байх юм. Авсан баримт, авсан эзэн нь байж байна. Иймд надаас энэ мөнгийг нэхэмжлэх ямар ч үндэслэл байхгүй, С.Өлзийхишигтэй Д.Б учраа олох байх болсон процесс гэвэл энэ. Гэхдээ эхний ээлжинд гарсан алтыг Д.Б, С.Өлзийхишигээс оруулсан хөрөнгө оруулалт гэж авч яваад, эргэж ирж ажиллаагүй. Мөнгөө алт болгоод аваад явсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 479 дугаар зүйлийн 479.1 дэх хэсэгт заасныг баримтлан Гөрөөчин овогт Дунгарын Бадамхандын нэхэмжлэлтэй, хариуцагч Булгадор овогт Чойнхорын Чулуунбаатарт холбогдох хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлтэнд 5.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй, хэрэгт огт хамааралгүй нотлх баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэл үгүй. Хэрэгт хамааралгүй нотлох баримтууд хоорондоо ямар холбоотой талаар дүгнэлт хийгээгүй. Баянх-Эрдэнэ трейд ХХК, иргэн С.Өлзийхишиг нарын хоорондын хамтран ажиллах гэрээ энэ хэрэгт хамааралгүй байхад хамааралтай гэж нэхэмжлэгчийг С.Өлзийхишигтэй хамтран ажилласан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хавтаст хэрэгт авагдсан ямар ч нотлох баримтаар нотлогдохгүй байгаа. Гэрч З.Дуламсүрэнгийн С.Өлзийхишигийн талаар өгсөн мэдүүлэг эргэлзээтэй, С.Өлзийхишиг байсан санагдаж байна гэж хэлсэн болохоос нэхэмжлэгчээс С.Өлзийхишиг мөнгө авсан, хамтран ажиллахаар болсон гэдгийг шууд нотлоогүй. Гэрч Т.Булган-Эрдэнэ нь хариуцагчтай өмнө эд хөрөнгийн харилцаатай, зарим нэгэн өр төлбөр нь дуусаагүй байхад хариуцагч өөрийн талд мэдүүлэг өгүүлсэн, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн төлөөлөгч энэ талаар асуусан байдаг. Хариуцагч 5.5 сая төгрөгийг бэлнээр нь аваад Баян-Эрдэнэ трейд ХХК-тай тамга дарсан болохоос нэхэмжлэгч хуулийн этгээдтэй ямар нэгэн эрх зүйн харилцаанд оролцоогүй байхад шүүх нэхэмжлэгч Баян-Эрдэнэ трейд ХХК-аас мөнгө гаргуулахаар нэхэмжилсэн гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй. Хариуцагч 5.5 сая төгрөгийг авахдаа Ховдоос трайлер ирээд сар хүлээгдлээ жолоочид мөнгөний хэрэгтэй байна, машинаа зараад 5.5 төгрөг өгчих, машиныг чинь дунд гарын жип машин болгож өгье гэж авсан байдаг. Зохигчдын дунд өөр ямар нэгэн хамтран ажиллах гэсэн ямар ч тохиролцоо болоогүй. Хариуцагч хариу тайлбартаа уг мөнгийг Дуламсүрэн авсан гэж дурдсан байхад шүүх С.Өлзийхишигт бэлнээр өгсөн гэсэн үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 00015 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ч.Чт холбогдуулан 5 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Д.Б нь 2017 оны 05 сарын 19-ний өдөр Ч.Чт 5 500 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, Ч.Ч нь уг мөнгийг хүлээн авсан болох нь зохигчдын тайлбар, гэрч З.Дуламсүрэнгийн ...5 сарын дундуур мөнгийг Чингис хоолны газарт Ч.Чт аваачиж өгсөн ... 5 500 000 төгрөг тоолж өгсөн ... гэх мэдүүлэг, бэлэн мөнгөний зарлагын баримт зэргээр тогтоогдсон байна./хх-ийн 18, 115, 156 дугаар тал/

Хэргийн 18 дугаар талд авагдсан бэлэн мөнгөний зарлагын баримтад нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг шилжүүлэхдээ машины үнэ гэж бичсэн байгаагаас үзэхэд түүнийг хамтран ажиллах гэрээний дагуу хувь оруулах зорилгоор мөнгө шилжүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээний үүрэгтэй холбоотой заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд учир дутагдалтай болжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан үнэлээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх ба хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзнэ.

Хариуцагч Ч.Ч нь 5 500 000 төгрөгийг С.Өлзийхишигт өгсөн гэж тайлбарладаг боловч, энэ нь түүнийг бусдын буюу нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгийг буцаах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ба өөрийн татгалзлал, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

Мөн шүүх нэхэмжлэгчийг Баян-Эрдэнэ трейд ХХК, иргэн н.Батбуян, П.Булган-Эрдэнэ, С.Өлзийхишиг нартай олборлолтын үйл ажиллагаа явуулахаар байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу түлшний үнэ, үйл ажиллагааны зардлыг хариуцаж, ашгаа тэнцүү хуваан авахаар тохиролцсон гэж үзсэн атлаа нэхэмжлэгч нь С.Өлзийхишигтэй хамтран ажилласан, түүнд 5 500 000 төгрөгийг өгсөн гэж өөр хоорондоо зөрүүтэй дүгнэлт хийсэн нь алдаатай болсон ба хэргийн нотлох баримтад нийцээгүй болно.

Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан мөнгө олгохыг хүссэн өргөдөл, зарлагын баримт болон гэрч З.Дуламсүрэнгийн ... 30 грамм алт гарсан шиг санаж байна. Үүнээс Ч.Ч дээжийг нь авна гээд нилээн том алтыг түрүүвчиндээ хийж авсан. Намайг сар гаруй хоол унд хийснийхээ хөлсийг нэхэхэд н.Болдбаатар гэдэг хүн 11 грамм алт өгч нэг граммыг 70 000 гаруй төгрөг болж цалинд тооцоод ирсэн...гэх, П.Булган-Эрдэнийн ... Эхний угаалтаар 32 грамм бил үү 52 грамм бил үү сайн санахгүй байна алт гарсан. Д.Б аваад цуг явсан найздаа өгсөн... гэх мэдүүлэг зэргийг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч 5 500 000 төгрөгөө алт болгоод авсан гэх хариуцагчийн тайлбар эргэлзээгүй нотлогдохгүй байна./хх-114-115,132,133,156-157 дугаар тал/

Уг шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь хамтран ажиллах гэрээний үүргийн дагуу шилжсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Ч.Чаас 5 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангавал зохино.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/00015 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ч.Чаас 5 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бад олгосугай гэж 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Чаас 102 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бад олгосугай гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Т.ТУЯА

Б.НАРМАНДАХ