Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 641

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/00641

 

 

И  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/00219 дугаар шийдвэртэй, И  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Г, Д.П нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36 813 451 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрах-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ундрах-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Г, Д.П нар нь 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр И  ББСБ ХХК-тай 20,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 3,4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.10-т зааснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2015 оны 06 сарын 27-ны өдрийн дотор төлж дуусгах үүрэгтэй байсан. Гэвч зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй. Манай байгууллагын зүгээс зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгч нараас төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Бидний зүгээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Гоос зээлийн гэрээний үүрэгт холбогдуулан нэхэмжлэл гаргахаар зээлдэгчийн хаягийн дагуу удаа дараа очсон боловч тухайн хаягт оршин суудагтүй нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байсан тул Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлдэгч Д.Гийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 10 сарын 03-ны өдрийн 182/ШШ2018/01920 дугаар шийдвэрээр Д.Гийг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсний дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2019 оны 06 сарын 14-ний өдрийн 25/ 3110 тоот албан бичгээр хаягийг тогтоож бидэнд мэдэгдсэний дагуу харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд 2019 оны 06 сарын 24-ний өдрийн зээл хүүгийн тооцооллын дагуу зээлдэгч Д.Г, Д.П нараас үндсэн зээлийн төлбөр 14,396,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 18,681,209 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,736,242 төгрөг, нийт 36,813,451 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Гийн төлөөлөгч Ц.Төмөрцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2014 онд зээл авсан. Нэг жилийн хугацаатай, сарын 3,4 хувийн хүүтэй 20 сая төгрөг зээлсэн. Үүнийгээ алдаг оног төлбөрөө төлж байсан. Төлбөрийн чадваргүй болоод ирэхээр нь 3671УНЯ гэсэн машиныг нэг жилийн дараа хурааж авсан. Машин хурааж авсан учраас зээл хаагдсан гэсэн ойлголттойгоор хариуцагч маань явж байсан. Гэтэл 2019 онд шүүхэд 30 хэдэн сая төгрөг гаргуулахаар нэхэмжлээд байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээнийй үүргийг үүргийн гүйцэтгэлээр хангасан. ИХ-ийн 75-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа бол 3 жил байдаг. Гэтэл бүхэл бүтэн 4 жилийн дараа Д.Гийг эрэн сурвалжлуулахаар өгсөн байсан. Гэрээн дээр байгаа хаягтаа бол амьдардаггүй гэхдээ хариуцагч утсаа огт солиогүй байдаг юм. Нэг удаа залгаж зээлийн талаар ярьж байгаагүй. Хүнээс машиныг нь авчихаад эзэнд нь зарлаа гэж хэлэхгүйгээр зарсан хэрнээ мөнгө нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.4-т заасныг баримтлан хариуцагч Д.Г, Д.П нараас 36,813,451 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч И  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 342 020 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Д.П зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч түүнд зээлийг олгосон талаарх баримтгүй, Д.Пийг 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 65 тоот зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээх үүрэгтэй гэж үзэхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэнд гомдолтой. Талуудын хооронд 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан 65 дугаар зээлийн гэрээний 2.1.5 дахь заалтад зээл авах хэлбэрийг бэлнээр байхаар талууд харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч И  ББСБ ХХК нь зээлийн гэрээгээр тохиролцсон уг үүргийн дагуу Д.Гт 20 000 000 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр бэлнээр олгосон. Мөн дээрх зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалтад Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх ба Гэрээний бүх нөхцлийг мөрдөнө гэж заасан байхад шүүхээс хариуцагч Д.П нь нэхэмжлэгчийн өмнө гэрээний үүрэг хүлээхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч И  ББСБ ХХК нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт тус тус зааснаар аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Мөн анхан шатны шүүхээс Иргэннй хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 65 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтад өмчлөлд шилжүүлсэн фидуцийн зүйлийг борлуулсан орлого нь зээл. зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, фидуцийн зүйлийг шилжүүлж авах, хадгалах. хамгаалах. захиран зарцуулахтай холбогдон гарах зардал болон зээлийн гэрээнд заасны дагуу үүрэг гүйцэтгэхээс шаардах бусад төлбөрт хүрэхгүй бол үллэгдэл төлбөрийг үүрэг гүйцэтгэгчийн бусад эд хөрөнгөнөөс гаргуулах тухай заасан байхад шүүхээс ...нэхэмжлэгч автомашиныг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар зохигчийн хоорондын зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шшжүүлэх гэрээний үүрэг дуусгавар болжээ.. гэж дүтнэсэн нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Д.Гийн И  ББСБ ХХК-д ирүүлсэн өргөдлийн дагуу фидуцийн гэрээний зүйл (болох 36-78 УНЯ улсын дугаартай, ланд ровер маркийн тээврийн хэрэгслийг Гэрэгэ эстимэйт ХХК-иар үнэлүүлэхэд 15 500 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Харин талуудын хооронд байгуудагдсан фидуцийн гэрээний 2.2 дахь хэсэгт фидуцээр хангагдах үүргийн үнийн дүнг 20 000 000 төгрөгөөр тохирсон байдаг. И  ББСБ ХХК нь фидуцын гэрээнд заасан үнийн дүн буюу 20 сая төгрөгөөр зээлийн үнийн дүнгээс хасч үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн байхад зээлдэгчийн бүхий л үүргийг биелэгдсэн гэж үзсэнд гомдолтой. Иргэний хуулийн 235 дугаар зүнлийн 235.4 дэх хэсэгт эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болохоор заасан байхад шүүх зээлийн гэрээг дуусгавар болно гэж тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 236-р зүйлд заасан зохицуулалттай нийцэхгүй юм. И  ББСБ ХХК нь фидуцийн зүйлийг шилжүүлэн авснаар гүйцэтгэвэл зохих үүрэгт 20 сая төгрөг хүлээн авсан болохоос биш гэрээний үүргийг бүрэн хүлээн авсан гэсэн үт биш юм. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101 ШШ2020/00219 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул залруулан өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч И  ББСБ ХХК нь хариуцагч Д.Г, Д.П нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36 813 451 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

И  ББСБ ХХК болон Д.Г, Д.П нар нь 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 65 тоот зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 3.4 хувийн хүүтэйгээр зээлсэн. Мөн 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 65 дугаар фидуцийн гэрээ байгуулж 36-78 УНЯ улсын дугаартай, Ланд ровэр маркийн суудлын автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан зээлийн болон фидуцийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна./хх-13-15,35-36/

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр болох талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгчийн зүгээс Ланд ровэр маркийн суудлын автомашиныг 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 20 000 000 төгрөгийн төлбөрт тооцох үед зээлдэгч нар 34 259 999 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөртэй байсан нь хэрэгт авагдсан зээл, хүүгийн тооцооллын баримтаар нотлогдож байна. /хх-19/

Нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш фидуцийн гэрээний зүйлийг /машины үнэ 20 000 000 төгрөг/ үүргийн гүйцэтгэлд тооцож авахдаа үндсэн зээлийн 5 604 000 төгрөгөөс гадна зээлийн хүү 12 990 660 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 405 333 төгрөгийн төлбөрийг хамруулсан нь буруу бөгөөд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэх зохицуулалттай нийцээгүй байна. Иймээс Иргэний хууль дахь үүрэг гүйцэтгэх дарааллын талаарх шаардлагад нийцүүлбэл зээлдэгч нарын үндсэн зээлийн үлдэгдэл 20 000 000 төгрөг фидуцийн зүйлээр төлөгдөж дуусна.

Хавтаст хэргийн 19 дүгээр хуудсанд авагдсан зээлдэгч нарын зээлийн гэрээний зээл, хүүгийн тооцооллоос харахад зээлдэгч нар 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн хүү 12 990 666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 382 666 төгрөг буюу нийт 14 259 999 төгрөгийг хариуцагч нар төлөх үүрэгтэй байхад нэхэмжлэгч үндсэн зээлийн үлдэгдлийг 14 396 000 төгрөгөөр тогтоон 2019 оны 6 сарын 24-ний өдрийг хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож шаардаж байгаа нь үндэслэлгүй болно.

Талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээний 3.1.5-д Өмчлөлд шилжүүлсэн фидуцийн зүйлийн орлого нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, фидуцийн зүйлийг шилжүүлэн авах, хадгалах, хамгаалах, захиран зарцуулахтай холбогдон гарах зардал болон гэрээ, зээлийн гэрээнд заасны дагуу үүрэг гүйцэтгэгчээс шаардах бусад төлбөрт хүрэхгүй бол үлдэгдэл төлбөрийг үүрэг гүйцэтгэгчийн бусад эд хөрөнгөнөөс гаргуулах-аар тохиролцсон байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нарын хувьд зээлийн гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор биелүүлэх учиртай.

Дээрхээс дүгнэхэд зээлдэгч нар зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул үлдэгдэл төлбөр хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 14 259 999 /34 259 999-20 000 000/ төгрөгийн хэмжээгээр хариуцагч нарын зээлийн гэрээний үүргийг тодорхойлох нь Иргэний хуулийн 451 дүгэээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 253 дугаар зүйлийн 253.1 дахь хэсэгт нийцэх юм.

Анхан шатны шүүх хариуцагчийн зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үүргийг тогтоохдоо Иргэний хуулийн зохих заалтыг буруу тайлбарлан хэрэглэж алдаа гаргасан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд залруулах боломжтой болно.

Талууд зээлийн гэрээнд мөнгөн хөрөнгийг зээлдэгч нарын хэн нэгэнд тухайлан нэр заан шилжүүлэх талаар тохиролцоогүйгээс гадна гэрээний 3.3.1-т Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх ба Гэрээний бүх нөхцлийг мөрдөнө гэжээ. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох талаар зохицуулсан ба хариуцагч Д.П нь зээлийн гэрээнд зурагдсан гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, өөрөө зураагүй гэх зэргээр мэтгэлцээгүй байна. Гэтэл шүүх зээлийн гэрээний үүргийг хариуцах үндэслэлгүй гэж дүгнэн түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан бөгөөд мөн хуулийн 78, 79 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа зоссон, тасалдсан болох нь 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Д.Гийн И  ББСБ ХХК-д гаргасан ... 32,2 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болон ажлын хөлсийг орж ирэх үед боломжоороо төлөх ... тухай өргөдөл, 2016 оны 05 сарын 06-ны өдрийн Ланд ровэр автомашиныг ... 20 000 000 төгрөгт зарахад татгалзах зүйлгүй гэх тайлбар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Д.Гийг эрэн сурвалжилсан тухай шүүхийн шийдвэр зэргээс харахад нэхэмжлэгч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэлээ гаргасан нь нотлогдож байх тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. /хх-43-44,50, 51/

Иймд хариуцагч Д.П, Д.Г нараас 14 259 999 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/00219 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Г, Д.П нараас 14 259 999 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И  ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22 553 452 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын ...үлдээсүгэй гэснийг ... үлдээж, 220 987 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342 020 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Б.НАРМАНДАХ