Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2020/00219

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 10 өдөр        Дугаар 101/ШШ2020/00219          Улаанбаатар хот

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “И ББСБ” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Г

Хариуцагч: Г.П

Зээлийн гэрээний үүрэгт 36,813,451 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: *******,*******, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.

                       

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Г, Д.П нар нь 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр И ББСБ ХХК-тай 20,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 3,4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.10-т зааснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2015 оны 06 сарын 27-ны өдрийн дотор төлж дуусгах үүрэгтэй байсан. Гэвч зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй. Манай байгууллагын зүгээс зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгч нараас төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Бидний зүгээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Гоос зээлийн гэрээний үүрэгт холбогдуулан нэхэмжлэл гаргахаар зээлдэгчийн хаягийн дагуу удаа дараа очсон боловч тухайн хаягт оршин суудагтүй нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байсан тул Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлдэгч Д.Гийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 10 сарын 03-ны өдрийн 182/ШШ2018/01920 дугаар шийдвэрээр Д.Гийг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсний дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2019 оны 06 сарын 14-ний өдрийн 25/ 3110 тоот албан бичгээр хаягийг тогтоож бидэнд мэдэгдсэний дагуу харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд 2019 оны 06 сарын 24-ний өдрийн зээл хүүгийн тооцооллын дагуу зээлдэгч Д.Г, Д.П нараас үндсэн зээлийн төлбөр 14,396,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 18,681,209 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,736,242 төгрөг, нийт 36,813,451 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Гийн төлөөлөгч Ц.Төмөрцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2014 онд зээл авсан. Нэг жилийн хугацаатай, сарын 3,4 хувийн хүүтэй 20 сая төгрөг зээлсэн. Үүнийгээ алдаг оног төлбөрөө төлж байсан. Төлбөрийн чадваргүй болоод ирэхээр нь ******* гэсэн машиныг нэг жилийн дараа хурааж авсан. Машин хурааж авсан учраас зээл хаагдсан гэсэн ойлголттойгоор хариуцагч маань явж байсан. Гэтэл 2019 онд шүүхэд 30 хэдэн сая төгрөг гаргуулахаар нэхэмжлээд байгааг манайх бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зээлийн гэрээнийй үүргийг үүргийн гүйцэтгэлээр хангасан. ИХ-ийн 75-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа бол 3 жил байдаг. Гэтэл бүхэл бүтэн 4 жилийн дараа Д.Гийг эрэн сурвалжлуулахаар өгсөн байсан. Гэрээн дээр байгаа хаягтаа бол амьдардаггүй гэхдээ хариуцагч утсаа огт солиогүй байдаг юм. Нэг удаа залгаж зээлийн талаар ярьж байгаагүй. Хүнээс машиныг нь авчхаад эзэнд нь зарлаа гэж хэлэхгүйгээр зарсан хэрнээ мөнгө нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И ББСБ ХХК, хариуцагч Д.Г, Д.П нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36,813,451 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Д.Г нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, зээлийн төлбөрт 36-78 УНЯ улсын дугаартай, Land rover маркийн автомашинаа өгсөн гэх тайлбарыг гаргажээ.

Хариуцагч Д.П 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа шүүхэд гаргаагүй байна.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч И ББСБ ХХК 2014 оны 06 дугаар сарын 24-ны өдөр 65 тоот зээлийн гэрээгээр хариуцагч Д.Гт 20,000,000 төгрөгийг, нэг сарын 3.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар автомашин барьцаалж зээлдүүлжээ. Зээлийн гэрээнд хариуцагч Д.П хамтран зээлдэгчээр оролцжээ. Мөн өдрийн 65 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ээр хариуцагч 36-78 УНЯ улсын дугаартай, арлын ******* дугаартай, Land rover маркийн суудлын автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шижлүүлжээ.

Нэхэмжлэгч дээрх зээлийн гэрээний үүрэгт 14,396,000 төгрөгийн үндсэн зээл, үндсэн хүү 18,681,209 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,736,242 төгрөг, нийт 36,813,451 төгрөг гаргуулахаар хариуцагч Д.Г, Д.П нараас шаарджээ.

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөгийг хариуцагч Д.Гт бэлнээр шилжүүлсэн, мөнгөн шилжүүлгийг баримтыг нотлох баримтаар гаргасан нь нэхэмжлэгч гэрээнд заасан хэмжээгээр, тус хугацаанд зээлийг олгосон гэж үзнэ.

Хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хариуцагч Д.П зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч түүнд зээлийг олгосон талаархи баримтгүй, энэ талаар талууд маргахгүй нь хуульд зааснаар нэхэмжлэгч И ББСБ ХХК, хариуцагч Д.Г нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг хамтран хүлээх үндэслэлийг “гэрээнд гарын үсэг зурснаараа” бий болгохгүй.

Иймд нэхэмжлэгч И ББСБ ХХК, хариуцагч Д.П нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч Д.Пийг 2014 оны 06 дугаар сарын 24-ны өдөр 65 тоот зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээх үүрэгтэй гэж үзэхгүй.

Харин нэхэмжлэгч И ББСБ ХХК, хариуцагч Д.Г нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ.

Нэхэмжлэгч И ББСБ ХХК, хариуцагч Д.Г нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 24-ны өдөр байгуулсан 65 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний дагуу тус 36-78 УНЯ улсын дугаартай, арлын ******* дугаартай, Land rover маркийн суудлын автомашиныг 2014 оны 12 дугаар сарын 24-ны өдөр нэхэмжлэгчийн нэр дээр бүртгүүлсэн. Нэхэмжлэгч 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр автомашиныг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Гэрэгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээгээр тус автомашин 15,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн байна.

Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хуульчилсан ба нэхэмжлэгч мөн хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6-д заасан “үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/” аргыг сонгожээ. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх буюу фидуцийн гэрээг хуульд өөрөөр заагаагүй бол бичгээр байгуулах ба бичгийн гэрээнд үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцдог байна.

Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу нэхэмжлэгчийн зүгээс автомашиныг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөгийн төлбөрт тооцох үед хариуцагч 34,259,999.9 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөртэй байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан зээл, хүүгийн тооцооллоос илэрхийлэгдэж байна. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заасны дагуу хариуцагч Д.Г 34,259,999.9 төгрөгийн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаар нэхэмжлэгч дээр дурдсан автомашиныг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар зохигчийн хоорондын зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний үүрэг дуусгавар болжээ.

Нэхэмжлэгч талын зүгээс автомашины үнэлгээ 15,500,000 төгрөгөөр тогтоогдсон, талууд автомашиныг 20,000,000 төгрөгийн төлбөрт тооцохоор тохирсон тухай тайлбарлаж байгаа ч талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргыг тохиролцон сонгосон, тухайн сонгосон аргыг хэрэгжүүлсэн байна. Талуудын тухайн сонгосон аргын онцлогоос хамааран мөнгө төлөх үүрэг, шилжүүлэн авсан хөрөнгийн үнийн зөрүүг харилцан шаардах эрхийг үгүйсгэдэг. Гагцхүү үүрэг гүйцэтгэгч мөнгө төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитой шилжүүлэн авснаар үүрэг гүйцэтгэгдсэнд тооцдог хуулийн зохицуулалттай бөгөөд хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний үүргийн баталгаа болгон нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн автомашин нь зээл болон зээлийн төлөгдөөгүй үнийн дүнгээс бага байх нь хэргийг хянан шийдвэрлэхэд дээрх шалтгаанаар ач холбогдолгүй юм.

Иймд хариуцагч Д.Г, Д.П нараас зээлийн гэрээний үүрэгт 36,813,451 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.П хариуцах үндэслэлгүй, хариуцагч Д.Г, нэхэмжлэгч И ББСБ ХХК нарын хооронд үүссэн гэрээний үүрэг дуусгавар болсон үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

              ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.4-т заасныг баримтлан хариуцагч Д.Г, Д.П нараас 36,813,451 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 342,020 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.ЭНЭБИШ