Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2016/0073/З |
Дугаар | 455 |
Огноо | 2016-06-21 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 455
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 06 дугаар сарын 21-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн шүүх хуралдаанаар “Лонг Энд Лонг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.
Шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяасүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бадрал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Болдбаатар нар шүүх хуралдаанд оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 963 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, ХА-19812-001(NE026794) тоот өргөдлийн талбайн бусад өргөдөлтэй давхцаагүй хэсэгт өргөдлийг дахин бүртгэхийг даалгах, Ашигт малтмалын хайгуулын XV-020311 тоот тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгож өгнөүү” гэжээ.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Лонг Энд Лонг” ХХК нь 2015.10.30-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах, Хөвсгөл сумын нутаг дахь “Хар толгой” нэртэй газар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-019812-001 NE (NE026794)тоот өргөдөл гаргасан. Дээрх өргөдөлд тусгагдсан талбай нь ХА-019751-001-NE (NE026733) тоот өргөдлийн талбайтай хэсэгчлэн давхацсан учраас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015.11.03-ны өдрийн 963 тоот шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай Ашигт малтмалын газрын 2015.11.04-ний өдрийн 6/8720 тоот бичгээр манай компанид мэдэгдсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.5-д “хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргана.” гэж хуульчилсан байдаг. Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 963 тоот шийдвэр нь “Лонг Энд Лонг” ХХК-ийг энэхүү хуулиар олгогдсон эрхээр хангаагүй учраас тухайн үйлдлийг хууль зөрчсөн үйлдэл байна гэж үзээд 2015.11.05-ны өдөр буюу Ашигт малтмалын газраас татгалзсан албан бичгийг авснаас 1 хоногийн дараа 07 тоот албан бичгээр Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяад өргөдөлд тусгагдсан талбайтай давхцаагүй талбайд дахин өргөдөл гаргах хуулиар олгогдсон эрхээр хангаж өгнө үү гэж гомдол гаргасан.
Энэхүү хүсэлтийг хүлээн авснаас хойш 44 хоногийн дараа буюу Ашигт малтмалын газрын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1/10108 тоот албан бичгээр манай гомдлыг хүлээж авах боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д “”Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө.” гэж заасан байтал 44 хоногийн дараа бидэнд гомдлын хариу өгсөн нь мөн хууль зөрчсөн үйлдэл болсон. Мөн хуульд “Шаардлагатай тохиолдолд уг хугацааг байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болно.
Хугацаа сунгасан тухай гомдол гаргасан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэнэ.” гэж заасан хэдий ч манай компанид гомдлын хугацааг сунгасан талаар мэдэгдээгүй болохыг энд дурдмаар байна. Тиймээс “Лонг Энд Лонг” ХХК нь өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулах үүднээс Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015.11.03-ны өдрийн 963 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, ХА-19812-001 NE (NE-026794) тоот өргөдлийн талбайн бусад өргөдөлтэй давхцаагүй хэсэгт өргөдлийг дахин бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан. Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар дэмжиж байна. Үүнд:
”Ашигт малтмалын тухай” хуулийн 19.2-д “төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана.” гээд 19.2.2-д “хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 19.1.4-д заасан талбайтай давхцаагүй бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх”, 19.2.5-д “хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах” гэж хуульчилсан. Мөн хуулийн 19.3-т “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол” хэмээн тухайлан зохицуулж өгсөн нь хууль тогтоогчийн зүгээс Төрийн захиргааны байгууллага нь дээрх хоёр байдлаар өргөдөл гаргагчид тусгай зөвшөөрөл олгох боломжтой болохыг хуульчилсан ойлголт юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.5-д “өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах” гэж хууль тогтоогчийн зүгээс нарийвчлан хуульчилсан. Өөрөөр хэлбэл “Лонг Энд Лонг” ХХК нь тухайн талбайн давхцаагүй хэсэгтээ давуу эрхтэйгээр өргөдлөө гаргахыг зохицуулсан зохицуулалт юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 19.11-д “төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.2.1, 19.2.3, 19.2.4, 19.7-д заасан шийдвэр гаргасан бол өргөдөл түүнд хавсаргасан баримт бичгийг өргөдөл гаргасан этгээдэд буцааж өгнө.” гэж заасан бөгөөд зохицуулалтад 19.2.5-ыг хамааруулаагүй байгаа юм. Гэтэл Ашигт малтмалын газар дээрх хуулийн заалтуудыг гуйвуулан тайлбарлаж, хуулиар олгогдоогүй эрхийг эдлэн “Лонг Энд Лонг” ХХК-ийн дахин өргөдөлд өгөх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь хууль зөрчсөн үйлдэл болж байна.
“Лонг Энд Лонг” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан 2016.02.19-ний 6/1234 тоот албан бичгээр Ашигт малтмалын газраас “Ашигт малтмалын тухай” хуулийн 17.2.3, 19.2.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 963 тоот шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн хэмээн хариу тайлбар ирүүлсэн байдаг. Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 963 тоот шийдвэр нь 17.2.3-ыг үндэслэн шийдвэрлэсэн бөгөөд 19.2.5-ыг огт дурдаагүй.
Нөгөөтэйгүүр 19.2.3-д Төрийн захиргааны байгууллагын гаргах шийдвэрийг биш тухайн өргөдөлд тавигдах шаардлагыг дурдсан байтал Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 963 тоот шийдвэр нь 17.2.3-ыг үндэслэн шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Уулдалайн баялаг” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр буюу манай компани Ашигт малтмалын газарт дахин өргөдлөө бүртгүүлэх талаар гомдол гаргасан байх хугацаанд NE027250 дугаартай өргөдлийг гаргаж тус талбай дээр хайгуулын тусгай зөвшөөрөл авсан байсны мэдсэн.
Уг тусгай зөвшөөрөл авсан талбай нь манай компанийн өргөдөл гаргасан талбайн зарим хэсэгтэй давхцаж байгаа юм. “Лонг Энд Лонг” ХХК нь өөрийн хуулиар олгогдсон эрхээ хамгаалуулахаар Ашигт малтмалын газарт гомдол гаргасныг Ашигт малтмалын газар, Кадастрын хэлтэс мэдсээр байж уг талбайг нийтэд дахин зарлаж тусгай зөвшөөрөл олгох талбайд оруулан, ингэснээр тухайн талбайн зарим хэсгийг “Уулдалайн баялаг” ХХК-д олгосон нь хууль зөрчсөн үйлдэл болж, компанийн эрх ашгийг хохироож байгаа учраас 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Ашигт малтмалын хайгуулын XV-020311 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг гаргасан. Ийм учраас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 963 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, ХА-19812-001 NE (NE026794) тоот өргөдлийн талбайн бусад өргөдөлтэй давхцаагүй хэсэгт өргөдлийг дахин бүртгэхийг даалгаж, Ашигт малтмалын хайгуулын XV-020311 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарын агуулга: ““Лонг энд Лонг ХХК-аас шүухэд гаргасан "Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 963 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, ХА-19812-001/NЕ026794/ тоот өргөдлийн талбайн бусад өргөдөлтэй давхцаагүй хэсэгт өргөдлийг дахин бүртгэхийг даалгах" нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
"Лонг энд Лонг" ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах, Хөвсгөл сумын нутаг "Хар толгой" нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргаж, цахим дугаар авсан. “Лонг энд Лонг” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь тусгай зөвшөөрлийн өргөдлийн бүртгэлийн ХА-019812-001/NЕ-026794/ дугаарт бүртгэгдсэн.
“Лонг энд Лонг” ХХК-ийн өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хянан шийдвэрлэх журмаар дараах ажиллагааг явуулсан.
Өргөдлийг бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг шалгасан.
Гэвч нэхэмжлэгчийн өргөдлөөс түрүүлж бүртгүүлсэн “Болд повер” ХХК-ийн гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-019751/NЕ-026733/ дугаартай өргөдлийн талбайтай хэсэгчлэн давхцалтай байгаа нь тогтоогдсон.
Ийнхүү нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь түрүүлж ирүүлсэн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.2.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 963 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болно.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д "хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах" гэж заасан байдаг.
Энэ нь тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай хэсэгчлэн давхцалтай бол тухайн хүсэлт гаргагч хуулийн этгээд давхцалгүй хэсэгтээ өргөдлөө дахин/шинээр/ гаргахаар хуульчилсан зохицуулалт болно.
Өөрөөр хэлбэл, өргөдөл гаргагчийн анх гаргасан өргөдөлд дурдсан талбай нь түүнээс түрүүлж өргөдөл гаргасан этгээдийн хүсэлтэд дурдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол уг давхцалгүй хэсэгтээ дахин өргөдөл гаргах боломж/эрх/-той бөгөөд ингэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангуулсны үндсэн дээр өргөдлөө дахин гаргахыг Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.5-д заасан.
Энэ тохиолдолд буюу давхцаагүй хэсэгтээ өргөдөл гаргах боломж/эрх/-оо эдлэхдээ, уг давхцалгүй талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1/тухайлбал давхцалгүй талбайн булангийн цэгийг батлагдсан маягтын дагуу зургаар гаргаж хавсаргасан байх/, 17.2/давхцалгүй талбай нь дөрвөн өнцөгт хэлбэртэй байх, талбайн хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн байх/-д заасан шаардлагыг хангасны үндсэн дээр холбогдох маягтын дагуу, мөн хуулийн 18 дугаар зүйлд зааснаар өргөдлөө дахин гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Лонг энд Лонг ХХК-аас нэхэмжлэлдээ "...төрийн захиргааны байгууллага нь манай компанид шууд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай мэдэгдэхгүйгээр АМтХ-ийн 19.2.5 дахь хэсэгт зааснаар давхцаагүй хэсэгтээ давуу эрхтэйгээр дахин өргөдөл гаргах боломжтой тухай мэдэгдэх ёстой байсан юм.." гэсэн байна.
Ашигт малтмалын газраас нэхэмжлэгчид 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 6/8720 тоот албан бичгээр "өргөдөлд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн NЕ-026733 дугаартай өргөдлийн талбайтай хэсэгчлэн давхцалтай байна" тухай мэдэгдсэн.
Өргөдлөө дахин гаргах нь тухайн өргөдөл гаргагч аж ахуйн нэгжийн эрх бөгөөд энэ талаар Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д "...өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах" гэж тодорхой хуульчилсан байна.
Иймд "Лонг энд Лонг" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбарын агуулга: “Тус шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа “Лонг энд лонг” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгч компаниас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор дараах тайлбарыг хүргүүлж байна.
Нэхэмжлэгч Лонг энд лонг ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагаа "ашигт малтмалын хайгуулын ХV-020311 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох" гэж нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Лонг энд лонг ХХК-ийн хувьд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах, Хөвсгөл сумдын нутаг Хар толгой нэртэй 5815 га талбайд өргөдөл гаргасан бөгөөд тус компаниас түрүүлж ирүүлсэн ХА-019751 дугаартай өргөдлийн талбайтай давхцалтай байсан тул АМГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 963 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.
Дорноговь аймгийн Улаанбадрах, Хөвсгөл сумдын нутаг Улаанбулаг нэртэй 4755 га талбайд Уул далайн баялаг ХХК-аас 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан байна.
Өргөдлийг хүлээн аваад АМтХ-ийн 17, 18 дугаар зүйл заасны дагуу анхан шатны шүүлт хийж үзэхэд ямар нэгэн давхцал/хориглосон, хязгаарласан талбай, түрүүлж ирүүлсэн өргөдлийн талбайтай давхцал/ байгаагүй тул талбай байрших Дорноговь аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 6/9964 тоот албан бичгийг хүргүүлсэн байна.
Дорноговь аймгийн Засаг даргаас 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжсэн” санал ирүүлсэн тул АМтХуульд заасны дагуу Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 110 дугаар шийдвэрээр Х\/-020311 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн болно.
Тодруулбал, Уул далайн баялаг ХХК-д ашигт малтмалын хайгуулын Х\/-020311 дугаартай тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хийгдсэн хууль ёсны ажиллагаа тул уг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлгүй болно.” гэжээ.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн тайлбартай танилцаад дараах тайлбарыг өгч байна. “Лонг Энд Лонг” ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах, Хөвсгөл сумын нутаг “Хар толгой” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргаж, цахим дугаар авсан байдаг. Уг компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь тусгай зөвшөөрлийн өргөдлийн бүртгэлийн ХА-019812-001 /NE-026794/ дугаарт бүртгэгдсэн. “Лонг Энд Лонг” ХХК-ийн өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс “Ашигт малтмалын тухай” хуульд заасны дагуу хянан шийдвэрлэх журмаар дараах ажиллагааг явуулсан.
1.Өргөдлийг бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь “Ашигт малтмалын тухай” хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг шалгасан. Шалгахад нэхэмжлэгчийн өргөдлөөс түрүүлж бүртгүүлсэн “Болд повер” ХХК-ийн гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-019751/NЕ-026733/ дугаартай өргөдлийн талбайтай хэсэгчлэн давхцалтай байгаа нь тогтоогдсон.
Ийнхүү нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь түрүүлж ирүүлсэн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй тул “Ашигт малтмалын тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.2.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 963 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.
2.Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д "хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах" гэж заасан байдаг. Энэ нь тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай хэсэгчлэн давхцалтай бол тухайн хүсэлт гаргагч хуулийн этгээд давхцалгүй хэсэгтээ өргөдлөө дахин/шинээр/ гаргахаар хуульчилсан зохицуулалт болно. Өөрөөр хэлбэл, өргөдөл гаргагчийн анх гаргасан өргөдөлд дурдсан талбай нь түүнээс түрүүлж өргөдөл гаргасан этгээдийн хүсэлтэд дурдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол уг давхцалгүй хэсэгтээ дахин өргөдөл гаргах боломж/эрх/-той бөгөөд ингэхдээ “Ашигт малтмалын тухай” хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангуулсны үндсэн дээр өргөдлөө дахин гаргахыг Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.5-д заасан.
Энэ тохиолдолд буюу давхцаагүй хэсэгтээ өргөдөл гаргах боломж/эрх/-оо эдлэхдээ, уг давхцалгүй талбай нь “Ашигт малтмалын тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 17.1/тухайлбал давхцалгүй талбайн булангийн цэгийг батлагдсан маягтын дагуу зургаар гаргаж хавсаргасан байх/, 17.2/давхцалгүй талбай нь дөрвөн өнцөгт хэлбэртэй байх, талбайн хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн байх/-д заасан шаардлагыг хангасны үндсэн дээр холбогдох маягтын дагуу, мөн хуулийн 18 дугаар зүйлд зааснаар өргөдлөө дахин гаргах эрхтэй болно. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ашигт малтмалын газар өргөдөл дахин гаргах эрхээр хангаагүй гэж байна. Энэ өргөдөл дахин гаргах эрх нь Ашигт малтмалын газраас нээж өгдөг эрх биш хуулиар нэхэмжлэгчид олгогдсон эрх юм. Тиймээс энэхүү тайлбар нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "...төрийн захиргааны байгууллага нь манай компанид шууд тусгай зевшөөрөл олгохоос татгалзах тухай мэдэгдэхгүйгээр “Ашигт малтмалын тухай” хуулийн 19.2.5 дахь хэсэгт зааснаар давхцаагүй хэсэгтээ давуу эрхтэйгээр дахин өргөдөл гаргах боломжтой тухай мэдэгдэх ёстой байсан юм.." гэсэн байна. Ашигт малтмалын тухай хуульд давуу эрх гэдэг ойлголт хэд хэд дурдагддаг. Гэхдээ 19.2.5-д заасан өргөдлөө дахин гаргах тухайд ямар ч давуу эрхийн асуудал яригддаггүй. Нөөцөд бүртгүүлсэн, тусгай хэрэгцээнд авсан талбайн хугацаа дууссан эсвэл чөлөөлөгдсөн тохиолдолд давуу эрхээр дахин авна гэсэн ойлголт байдаг. Гагцхүү энэ тохиолдолд нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаачлан бусад этгээдтэй өрсөлдөхгүйгээр шууд авах эрх нь нээлттэй. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
6.Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбарын агуулга: Манай компанийн эзэмшдэг Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байрлах XV-020311 дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор шүүхэд гуравдагч этгээдээр дуудсан учир дараах тайлбарыг хүргүүлж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18, 19 дүгээр зүйлүүдийн дагуу шаардагдах материалуудыг бүрдүүлж, төлбөрийг төлснөөр энэхүү тусгай зөвшөөрлийг эзэмшсэн.
1.2015-12-08-ны өдөр тусгай зөвшөөрөл хүссэн NE-027250 дугаар бүхий өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн дагуу бүрдүүлж Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн.
2. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн дагуу Кадастрын хэлтэст хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явагдаж орон нутаг руу өргөдлийн санал хүргүүлж улмаар орон нутгаас тусгай зөвшөөрөл олгох хүсэлтийг дэмжсэн хариу ирж эхний жилийн төлбөр болох 693,000 төгрөг, тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээний хөлс болох 3,000,000 төгрөгүүдийг төлснөөр энэхүү тусгай зөвшөөрлийг 2019.02.28 хүртэл хугацаагаар эзэмшсэн.
Харин "Лонг энд Лонг" компани нь манай тусгай зөвшөөрөл авсан талбайд 2015.10.30-ны өдөр NЕ-026794 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахдаа "Болд Повер" компанийн 2015.10.27-ны өдөр гаргасан NЕ-026733 дугаар бүхий өргөдлийн талбайтай хэсэгчлэн давхцсан өргөдөл хүргүүлсэн. Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.5 заалтын дагуу тухайн талбайн давхцаагүй хэсэгт дахин өргөдөл гаргах эрхээ эдлэхдээ дахин өргөдлийн дугаар авч, талбайн мэдээллээ шинэчилсэн байдлаар бүртгүүлж өргөдөл гаргах журмыг зөрчин шууд давуу эрхээр дахин өргөдөл гаргах гэсэн нь хууль бус үйлдэл юм. Манай компани нь Ашигт малтмалын газрын кадастрын бүртгэлийн системээс өргөдөл авч болох, давхцаагүй талбайд хуулийн дагуу өргөдөл өгч энэхүү тусгай зөвшөөрлийг эзэмшсэн учир “Лонг энд лонг” компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ.
7.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд “Уулдалайн баялаг” ХХК 2015.12.08-ны өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн цахим дугаар авч, улмаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан. Тухайн үед “Ашигт малтмалын тухай” хуулийн 17, 18 дугаар зүйлд заасны дагуу тухайн өргөдлийн талбай нь түрүүлж өгсөн өргөдөл, тусгай хэрэгцээний болон ашигт малтмалыг эрэх, хайх, ашиглахыг хориглосон хязгаарласан талбайтай хэсэгчлэн буюу хэсэгчлэн давхцсан зүйл байгаагүй. Улмаар Ашигт малтмалын газар зураг зүйн болон эрх зүйн шүүлтийг хийж, Дорноговь аймгийн Засаг даргын саналыг авахаар 2015.12.14-ний өдөр 6/9964 тоот мэдэгдлийг хүргүүлсэн. 2016.01.21-ний өдөр Дорноговь аймгийн Засаг дарга дэмжсэн гэж хариу ирүүлсэн учраас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016.02.03-ны өдрийн 110 дугаар шийдвэрээр XV-020311 тоот тусгай зөвшөөрлийг “Уулдалайн баялаг” ХХК-д олгосон байдаг. Би өргөдөл гаргасан хугацаагаа онцолж хэлж байгаа учир нь нэхэмжлэгч Ашигт малтмалын газар маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэх гээд явж байсан, хариу өгөхгүй байсан гэж тайлбарлаж байгаа боловч 2015.12.08-ны байдлаар тухайн талбай шүүхэд маргаантай эсвэл урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна гэсэн тэмдэглэгээ бүртгэгдээгүй байсан. Нэхэмжлэгчийн хувьд урьдчилан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх эрхтэй байдаг. Энэ тохиолдолд маргааныг хянан шийдвэрлэж байгаа Төрийн захиргааны байгууллага буюу шүүх өөрийн санаачлагаар тухайн маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй тухай “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай” хуулийн 7.6, 45, 46 дугаар зүйлд тус тус заасан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс тухайн талбай дээр өргөдөл гаргах хүсэл зориг байгаа эсэх нь эргэлзээтэй гэж дүгнэж болохоор байгаа юм. Хэрвээ тухайн талбай дээр өргөдөл гаргах хүсэл зориг байсан бол гомдол гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад актын биелэлтийг түдгэлзүүлээд тухайн талбайд дахин өргөдөл оруулахгүй байх нөхцөл бололцоо бүрэн байсан. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн зүгээс захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн зүйл байхгүй. Тиймээс Төрийн захиргааны байгууллага бол тухайн талбайг өргөдлийн нээлттэй талбай гэж бүртгэх нь зүй ёсны асуудал гэж үзэж байна. Мөн хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна. “Ашигт малтмалын тухай” хуулийн 12 дугаар зүйлд дахин өргөдөл гаргах зохицуулалт байдаг. Дахин өргөдөл гаргах зохицуулалтын хувьд ямар нэгэн байдлаар давуу эрх эдлэх тухай байхгүй. Ашигт малтмалын газраас нэхэмжлэгчийн дахин өргөдөл гаргах эрхийг нь хязгаарлаагүй. Нотлох баримт шинжлэн судлах хүрээнд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд бүгд эрх тэгш цахим өргөдлийн дугаар авсны дараа өргөдлөө гаргах зохицуулалт байдаг. “Ашигт малтмалын тухай” хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д хууль тогтоомж гэдэгт “Үндэсний аюулгүй байдлын тухай” хуулийг тодотгон заасан байдаг. Тиймээс хариуцагчийн зүгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын хуралдаанд асуудал танилцуулсны үндсэн дээр Уул уурхайн яамнаас өргөдлийн цахим дугаар авах тухай зохицуулалтыг гаргаж, үүнийг Ашигт малтмалын газар хэрэгжүүлж ажилласан учир 2015.11.03-ний өдрийн 963 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болсон. Яагаад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг ойлгохгүй байна. XV-020311 тоот тусгай зөвшөөрөл нь хуулийн дагуу олгогдсон учраас хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Лонг Энд Лонг” ХХК нь “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 963 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, ХА-19812-001(NE026794) тоот өргөдлийн талбайн бусад өргөдөлтэй давхцаагүй хэсэгт өргөдлийг дахин бүртгэхийг даалгах” гэсэн нэхэмжлэлийг анх гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “...Ашигт малтмалын хайгуулын XV-020311 тоот тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэж нэмэгдүүлсэн.
Иймд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Нэхэмжлэгч компани Дорноговь аймгийн Улаанбадрах, Хөвсгөл сумын нутаг дахь “Хар толгой” нэртэй газар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-019812-001 NE (NE026794)өргөдөл 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргажээ. Нэхэмжлэгчийн өргөдөлд заасан талбай нь ХА-019751-001-NE (NE026733) гэсэн өргөдлийн өөр талбайтай хэсэгчлэн давхцсан үндэслэлээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 963 тоот шийдвэр /хх 29/-ээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ.
Нэхэмжлэгчийн өргөдөлд заасан талбай нь түрүүлж ирүүлсэн ХА-019751-001-NE (NE026733) өргөдлөөр олгогдох талбайтай бүхэлдээ бус хэсэгчлэн давхцсан гэдэг нь талбайн тойм зураг, зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолт /хх 30-32/, хэргийн оролцогчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:”, 19.2.5-д “хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах”, 19.3-т “Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтын дагуу тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ илэрхийлсэн нэхэмжлэгчийн ХА-019812-001 NE (NE026794)өргөдлийн талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдлийн ХА-019751-001-NE (NE026733) талбайтай хэсэгчлэн давхцсан байжээ. Үүний учир хариуцагч захиргааны байгууллагаас давхцаагүй хэсэгт нь тусгай зөвшөөрөл олгох боломжтойг нэхэмжлэгчид мэдэгдэж, дахин өргөдөл гаргах эрхийг нь хангахыг хариуцагчид хуулиар үүрэг болгосон.
Мөн нэхэмжлэгч өргөдөл гаргасан талбайн давхцаагүй хэсэгтээ тусгай зөвшөөрөл авах хүсэл, зоригтой байгаа бол дахин өргөдөл гаргах, хариуцагч байгууллага давхцаагүй талбайд түрүүнд өргөдөл гаргасан этгээдийнх нь хувьд өргөдлийн дарааллыг шалгах шаардлагагүй, гагцхүү хуулийн 17, 18-д заасан бусад шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол аймгийн Засаг даргад бичгээр мэдэгдэхээр зохицуулжээ.
Гэтэл Ашигт малтмалын газраас нэхэмжлэгчийн өргөдөлд дурдсан талбай нь хэсэгчлэн давхцалтай байхад уг талбайд бүхэлд нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргаж /хх 29/, улмаар энэ талаар мэдэгдэл /хх 10, 28/ хүргүүлжээ.
Түүнчлэн нэхэмжлэгчээс давхцаагүй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй байгаа бөгөөд өргөдлийн дугаар авахгүйгээр дахин өргөдөл гаргах боломжийг хангуулах талаар 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 07 тоот албан бичиг /хх 6-7/-ээр хариуцагчид хандсан байтал энэхүү өргөдлийг эцэслэн шийдвэрлээгүй атлаа тухайн талбайд гуравдагч этгээд “Уул далайн баялаг” ХХК-ийн өргөдлийг давхцуулан /хх 30, 31, 64-71, 74, 124/ хүлээн авч, улмаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 110 дугаар шийдвэр /хх 113/ гаргаж, XV-020311 тоот тусгай зөвшөөрөл /хх 63/ олгожээ.
Хариуцагчийн эдгээр үйлдэл нь дээр дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасантай нийцэхгүй байна. Тухайлан хэлбэл, хариуцагчийн үйлдэл нь түрүүлж өргөдөл гаргасан этгээдийн талбайтай давхцаагүй хэсэгт нэхэмжлэгчид өргөдөл гаргах боломж олгоогүй, өөрт хуулиар олгосон үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн дахин гаргасан өргөдлийг өмнөх өргөдөлтэй адил хүлээн авч, шийдвэрлэлгүй нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан гэж үзэхээр байна.
Үүний учир нэхэмжлэгчээс “Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу бусад этгээдийн талбайтай давхцаагүй хэсэгт дахин өргөдөл гаргах боломжтойг манай компанид мэдэгдэх байтал шууд татгалзсан нь хууль бус, дахин өргөдөл гаргах этгээдийг хуулиар “...өргөдөл гаргасан этгээд” гэж нарийвчлан зааж өгсөн” гэж маргаж байгаа нь үндэслэлтэй байна.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаагаа түргэн шуурхай болгож, сонирхсон этгээдэд тэгш боломж олгохоор тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг цахим хэлбэрээр авч байгааг буруутгах боломжгүй. Гэвч энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасан өргөдлийн талбай нь хэсэгчлэн давхцсан тохиолдолд дахин гаргаж байгаа өргөдлийг шинээр гаргаж байгаа өргөдлийн адил хүлээн авч тухайн давхцаагүй талбайд хүсэл зоригоо түрүүлж илэрхийлсэн этгээдийн өргөдлөө түрүүлж шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгааг зөвтгөх үндэслэлгүй юм.
Хариуцагч захиргааны байгууллага нь энэ шүүхийн шийдвэрийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д заасны дагуу нэхэмжлэгч “Лонг энд Лонг” ХХК-ийн анх гаргасан өргөдлийн давхцаагүй хэсэгт дахин гаргасан өргөдлийг хүлээн авч, тухайн талбайд түрүүлж хүсэл зоригоо илэрхийлсэн этгээдийн хувьд хуулийн 18.1-д заасан “хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн” гэж үзэж, харин хуульд заасан бусад шаардлагыг хангасан эсэхийг шалган тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхийг шийдвэрлэхээр байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1, 19.2.5, 19.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Лонг энд Лонг” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 963 дугаар шийдвэр, Ашигт малтмалын хайгуулын XV-020311 тоот тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг тус тус хүчингүй болгож, ХА-19812-001(NE026794) тоот өргөдлийн талбайн бусад өргөдөлтэй давхцаагүй хэсэгт өргөдлийг дахин бүртгэхийг Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргад даалгасугай.
2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ