Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 379

 

“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын

улсын байцаагч Д.Н, А.Т нарт

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Б.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

                                                    Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                            Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:              Д.Мөнхцэцэг    

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Н, А.Т нарын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 230013832 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0388 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2018/0426 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, 

Хариуцагч А.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0388 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4, Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дугаар зүйлийн 29.1.1, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 47 дугаар зүйлийн  47.2, 47.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “У” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ц-гийн “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Н, А.Т нарын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 230013832 тоот актыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2018/0426 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0294 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4, Татварын ерөнхий хуулийн 29 дугаар зүйлийн  29.1.1, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 47 дугаар зүйлийн  47.2, 47.4, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.31-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “У” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ц-гийн “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Н, А.Т нарын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 230013832 тоот актыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол     

3. “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Н, А.Т нарын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 230013832 дугаар актыг хүчингүй болгуулах захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б би Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 128/ШШ2018/0388 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн дугаар 221/МА2018/0426 дугаар магадлалд дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

4. Нэгдүгээрт: “У” ХХК нь шүүхэд гомдол гаргахдаа захиргааны байгууллагын хяналт шалгалт хийх эрх байсан эсэх болон актын үндэслэлийн талаар гомдол гаргаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх энэ талаар үнэлэлт дүгнэлт өгч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Учир нь гомдлын үндэслэл бол компанийг төлөөлөх эрхгүй этгээдэд хяналт шалгалтын актыг танилцуулж гардуулсан нь хууль бус болохыг тогтоолгож актыг хүчингүй болгуулах агуулгатай. Захиргааны ерөнхий хууль, Компанийн тухай хууль болон Иргэний хуульд компанийг хэрхэн яаж хэн төлөөлөх талаар тодорхой заасан.

Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйл. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрх зүйн чадамж

14.1. Хуульд заасан эрх зүйн чадамжтай иргэн, хуулийн этгээд болон хуулиар эрх олгогдсон этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрхтэй.

14.2. Оролцогчийг хуульд заасан эрх зүйн чадвар, чадамжтай байхыг шаардана.

17 дугаар зүйл. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд төлөөлөх

17.1. Оролцогч захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд өөрийн төлөөлөгчийг оролцуулж болно.

17.2. Хуульд өөрөөр заагаагүй бол оролцогчийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх бөгөөд итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна.

17.3. Итгэмжлэлээр төлөөлж байгаа этгээдийн бүрэн эрхийг оролцогч тодорхойлно.

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6-д “Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн бүрэн эрх нь дуусгавар болсон өдрөөс хойш байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, 83 дугаар зүйлийн 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасан.

5. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно” гэж заасан холбогдох хуулийн заалтуудыг хэрэглээгүй тул шүүхийн шийдвэр магадлал үндэслэл бүхий болж чадаагүй.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татварын хяналт шалгалтын үйл ажиллагаанд хуучин захирал Г.Г оролцоогүй талаар мэдэгдсэн бөгөөд үүнийг заавал тодруулж хэргийг шийдвэрлэх талаар хүсэлт, гомдол гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Татварын хяналт шалгалтын үйл ажиллагаанд компанийг төлөөлж хэн гэдэг хүн орж ирснийг татварын алба шалгаж тогтоогоогүй ба үүнийг нь шүүх хүртэл тодруулах шаардлагагүй гэж үзэж байгаа нь илт хууль зөрчсөн үйлдэл болж байна. Татварын улсын байцаагчийн актыг хэн гэдэг иргэн гардан авсныг тодруулахгүйгээр шүүхийн шийдвэр магадлал гарсан нь өөрөө илт хууль бус болох шинжийг агуулж байна.

7. Хоёрдугаарт: Шүүхээс “У” ХХКомпанийг Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д “хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол татвар төлөгч нь хуулийн этгээдийн мэдээлэл, хувийн хэрэгт тусгагдсан зүйл өөрчлөгдөх бүрд өөрчлөлт орсноос хойш ажлын 20 өдрийн дотор татварын албанд мэдэгдэж, бүртгэл, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгэнэ”, 18 дугаар зүйлийн 18.1.9-д “татвар ногдох эд хөрөнгө, эрхээ бусдын өмчлөлд шилжүүлсэн тухай баримтыг татварын албанд гаргаж өгөх үүрэгтэй байсан” гэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Учир нь Татварын ерөнхий хуулийн /тухайн үед мөрдөгдөж байсан/ 75 дугаар зүйлийн 75.1.2-д “энэ хуулийн 13.5-13.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн бол хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээний төгрөгөөр торгох”, 75.1.6-д дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татварын улсын байцаагч албаны үүргээ гүйцэтгэхэд саад учруулсан хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэн хэмжээний төгрөгөөр торгох: 75.1.6.а. шаардлагатай нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын мэдээ, холбогдох баримт бичгийг гаргаж өгөхгүй байх” гэж заасны дагуу татварын алба холбогдох хариуцлагыг авах хууль зүйн бүрэн зохицуулалт бий. Хуулийн дагуу бол мэдээллээ цаг тухайд нь гаргаж өгөөгүй бол холбогдох арга хэмжээг авах талаар зохицуулсан байтал хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчсөн.

8. Гуравдугаарт: Анхан шатны шүүх гомдлын үндэслэлийн талаар ямар нэгэн тайлбар гаргаагүй харин давж заалдах шатны шүүх тайлбар хийхдээ “төлөөлөх эрхгүй этгээдэд танилцуулж гардуулсан гэх асуудал нь шийдвэр гаргах ажиллагааны зөрчил болохоос биш “илт хууль бус” алдаанд тооцогдохгүй” гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэж заасан бөгөөд татварын хяналт шалгалт хийж эхлэх, танилцуулах, гардуулах бүхий л үйл ажиллагаанд компанийг төлөөлөх эрхгүй этгээд оролцсон байтал шүүх зөвхөн энэхүү зөрчлийг шийдвэр гаргах ажиллагааны зөрчил гэж үзэн хууль дээдлэх зарчмыг үгүйсгэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн болно. Шүүхээс актыг гардуулсан үйлдлийг зөрчил гэж үзвэл хяналт шалгалт эхнээсээ дуусах хүртлээ хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрсөн үйлдэл болно.

9. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 18-ны өдрийн дугаар 128/ШШ2018/0388 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2018/0426 дугаар магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хууль, Татварын ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.

11. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 230013832 тоот актаар 5,467,361,8 төгрөгийн нөхөн татвар, 1,640,208.5 төгрөгийн торгууль, 1,157,167 төгрөгийн алдангийг “У” ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэжээ.

12. Нэхэмжлэгчээс “...230013832 тоот актыг өмнөх гүйцэтгэх захирал Г.Г-т танилцуулж гардуулан өгсөн нь Монгол улсын холбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн...” гэж, хариуцагчаас “...Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д “Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол татвар төлөгч нь хуулийн этгээдийн мэдээлэл, хувийн хэрэгт тусгагдсан зүйл өөрчлөгдөх бүрд өөрчлөлт орсноос хойш ажлын 20 өдрийн дотор татварын албанд мэдэгдэж, бүртгэл, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгэнэ”, 18 дугаар зүйлийн 18.1.9-д “татвар ногдох эд хөрөнгө, эрхээ бусдын өмчлөлд шилжүүлсэн тухай баримтыг татварын албанд гаргаж өгөх” гэж заасны дагуу...баримтаа гаргаж өгөх үүрэгтэй...” гэж тус тус тайлбарлан маргасан байна.  

13. Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, ... татвар төлөх үүрэг хүлээсэн ... хуулийн этгээд татвар төлөгч байна”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Татварын хуулиар татвар төлөх, татвар суутгах үүрэг хүлээсэн ...хуулийн этгээд татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлнэ”, 13.6-д “Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол татвар төлөгч нь хуулийн этгээдийн мэдээлэл, хувийн хэрэгт тусгагдсан зүйл өөрчлөгдөх бүрт өөрчлөлт орсноос хойш ажлын 20 өдрийн дотор татварын албанд мэдэгдэж, бүртгэл, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгэнэ” гэж тус тус заажээ.

14. Татварын улсын байцаагчийн 2015 оны 230013832 тоот актаар тогтоосон төлбөрийг компанийн захирлаар ажиллаж байсан Г.Г-аар төлүүлэхээр заагаагүй, “У” ХХК нь Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр бүртгүүлэхээр хүсэлт гаргаж татвар төлөгчөөр бүртгэгдсэн байх бөгөөд татвар төлөгч хуулийн этгээд болох нэхэмжлэгч  “У” ХХК-иас  дээр дурдсан хуулийн зохицуулалтын дагуу компанийн удирдлага өөрчлөгдсөн талаарх мэдээллийг хуульд заасан хугацаанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь хариуцагчийн  хяналт шалгалтыг явуулах, акт үйлдэх бүрэн эрхийг үгүйсгэхгүй юм.

15. “Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 9Д/2933 дугаар албан бичгээр “...хий бичилттэй падаан ашигласан “У” ХХК-ийн санхүүгийн баримтад хяналт, шалгалт хийхийг” Татварын ерөнхий газарт мэдэгдсэний дагуу Хан-уул дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын хэлтсийн даргын томилолтоор татварын улсын байцаагч Д.Н, А.Т нар нь нэхэмжлэгч “У” ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны санхүүгийн баримтад хэсэгчилсэн татварын хяналт шалгалт хийсэн нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 47 дугаар зүйлийн 47.2, 47.4-т заасантай нийцсэн байх төдийгүй хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт шалгалт хийж, нэхэмжлэгч “У” ХХК-д төлбөр төлүүлэхээр тогтоосон актыг илт хууль бус гэж үзэх боломжгүй” гэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байна.

16. Захиргааны актыг “илт хууль бус”-д тооцох үндэслэл нь илэрхий, ноцтой хор уршиг бүхий, засах боломжгүй байхыг ойлгоно. Тухайн тохиолдолд итгэмжлэх эрхгүй этгээдэд маргаан бүхий актыг гардуулсан гэдэг нь тухайн актыг бүхэлд нь илт хууль бус захиргааны актад тооцох хангалттай үндэслэл болохгүй юм.

17. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

18. Харин магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтад анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо, дугаарыг алдаатай бичиж, хамааралгүй хууль хэрэглэсэн байгааг өөрчилж зөвтгөх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2018/0426 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0294 дүгээр...” гэснийг “...2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0388 дугаар...” гэж өөрчлөн, “...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9...” гэсний дараах “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4,” гэснийг хасч, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН