Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 662

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2020/00662

 

 

Ч  ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/00377 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч  ХХК хариуцагч Б.Б-ид холбогдуулан гэрээний үүрэгт 192 222 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, дулаан зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг, зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зүмбэрэл, хариуцагч Б.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Ч  ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зүмбэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Ч  ХХК нь Б.Б-той 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ЭЦ-Б-113 дугаар орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр Ч  ХХК нь Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамжинд баригдсан Энэрэл цогцолборын 24А байр, 2 дугаар орц, 9 дүгээр давхарт 113 тоот 164.72 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг ашиглалтанд хүлээлгэн өгөх, Б.Б- нь 354.148.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. Б.Б- нь уг гэрээний 2.2 дахь хэсэгт зааснаар дээрх төлбөрийг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон боловч 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 235.000.000 төгрөг төлж, үлдэгдэл 119.148.000 төгрөгийг төлөөгүй. Энэхүү гэрээний 5.1 дэх хэсэгт зааснаар төлөгдөөгүй төлбөр 119.148.000 төгрөгт ногдох алданги 59.574.000 төгрөг болжээ. Мөн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦ-БГ-004 дугаар дулаан зогсоол захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээгээр 24А байрны 04 тоот автомашины дулаан зогсоолын төлбөр 25.000.000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх үүрэг хүлээснээс 16.000.000 төгрөг төлж, үлдэгдэл 9.000.000 төгрөг, түүнд ногдох алданги 4.500.000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үндсэн үүргийн гүйцэтгэл 119.148.000 төгрөг, түүнд ногдох алданги 59.574.000 төгрөг, дулаан зогсоол захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 13.500.000 төгрөг, нийт 192.222.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Шүүхийн хэлэлцүүлгийн үед хариуцагч нь харилцан тохиролцсоны үндсэн дээр орон сууцны төлбөрт шилжүүлсэн 9.000.000 төгрөгийг автозогсоолын төлбөрт шилжүүлсэн гэсэн тул дээрх хүсэлтийг нь хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг дараах байдлаар тодруулж байна. Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 5.1 дэх хэсэгт зааснаар төлөгдөөгүй төлбөр болох 128.148.000 төгрөг, ногдох алданги 64.074.000 төгрөг байна. Иймд орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үндсэн үүргийн гүйцэтгэл 128.148.000 төгрөг, алданги 64.074.000 төгрөг, нийт 192.222.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б- шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн ба шударга ёсны үндэслэл байхгүй. Учир нь уг орон сууцны барилгыг барьж байсан Ч  ХХК нь Клиникийн нэгдсэн 2 дугаар эмнэлгийн хашаан дотор хамгийн сайн байрлалтай гэж давуу талаа тулган м.кв-ын үнийг 2.150.000 төгрөгөөс буулгахгүй гэж илэрхийлж байсан. Гэтэл уг эмнэлгийн ажилтнуудад орон сууцыг 1 м.кв-ыг 850.000 төгрөгөөр худалдсан гэдгийг хожим сонсч, үнийн хувьд маш их зөрүү байгаад гайхсан. Компанийн захирал Ц.Отгонцэцэг нь нэг м.кв-ын үнийн асуудлаар ямар ч буулт хийхгүй, авбал ав, авахгүй бол боль гэж байсан тул аргагүй байрлал нь сайн, хүүхдүүд сургуульдаа явахдаа зам хөндлөн гарахгүй, аюулгүй, автобус унааны буудал ойр гэх мэт шалтгаануудыг бодож гэрээ хийсэн. Гэтэл Ч  ХХК орон сууцны баруун талд өндөр барилга барьж, цонхны нарны гэрэл, үзэгдэх орчныг хаасан байсан. Нэгэнт гэрээ хийж зохих хэмжээний төлбөр төлсөн ч намайг уг орон сууцанд оруулахгүй байснаас бид байр түрээслэн амьдарч байгаад 2014 оны 12 дугаар сард Д.Даваадорж байранд орохыг зөвшөөрснөөр орсон. Орон сууцанд орж амьдарсан үеэс хувцасны шүүгээ, зурагтын тавиур гэх мэт тавилга тавихад шал нь далий, нэг түвшинд бус, өөр өөр хэмжээнд хийсэн байсан учир шүүгээний хаалга бүрэн хаагдахгүй, өрөөний хаалгууд ч хаагдахгүй байсан. Энэ нь худалдан авсан хөрөнгө минь чанарын доголдолтой гэж энгийн нүдээр харахад мэдэгдэж байсан. Мөн Ч  ХХК дээрх гэрээг байгуулах үед барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй байсан, түүнийг төлөөлөн гэрээ байгуулсан гүйцэтгэх захирал Ц.Отгонцэцэг Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй учир уг гэрээ хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулсан гэж үзэж байна. Дулаан зогсоол захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 25.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Гэрээний дагуу миний гүйцэтгэсэн үүргийг зөв тооцоолж гаргаагүй атлаа их хэмжээний төлбөрийн үлдэгдэл гаргаж, үлэмж хэмжээний алданги тооцоод шүүхэд нэхэмжлэл гаргах нь хууль зүйн болон ёс суртахууны эрх, үндэслэл мөн үү. Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дугаар зүйлд тохирсноор талууд шүүхээс өмнө хэрэгжүүлж болох урьдчилсан арга хэмжээ зөвшилцлийг тогтоосон атлаа Ч  ХХК нь үүнийг дангаараа зөрчиж, шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй, тийм эрхгүй гэж үзнэ. Нэхэмжлэлийн шаардлагыг дурдсан үндэслэлээр зөвшөөрөхгүй, шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ч  ХХК-тай ЭЦ-БГ-004 тоот дулаан зогсоол захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Гэрээгээр Баянзүрх дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Энэрэл цогцолборын 24А байрны 4 тоот дулаан зогсоолыг 25.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирсон. Барилга баригдаж дуусаагүй байсан ба зах зээлийн хямралт байдал, санхүүүгийн төвөг бэрхшээл байсан ч миний бие энэхүү 25.000.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэхэд төлж дуусгасан. Тус компанийн захирал Д.Даваадоржтой утсаар удаа дараа ярьж дулаан зогсоолынхоо төлбөрийг төлсөн тул өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулан авъя, байрны үлдэгдэл төлбөр мөнгийг шийдвэрлэхэд зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ ядахдаа хэрэгтэй гэдгийг банкны ажилтан шаардаж байна, гэрчилгээ гаргуулж өгнө үү гэхэд ямар ч шалтгаангүйгээр тиатгалзсан. Одоо Ч  ХХК дулаан зогсоолын мөнгийг төлөөгүй гэж төлүүлэх, алданги тооцон нэмэгдүүлсэн байдлаар нэхэмжлэл гаргасан тул энэхүү зохисгүй байдлыг эсэргүүцэж, Ч  ХХК-ийн нэхэмжлэлд холбогдуулан дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Ч  ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ЭЦ-БГ-004 тоот гэрээний үнэ 25.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул 04 дугаартай дулаан зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг Ч  ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ч  ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зүмбэрэл нар шүүхийн хэлэлцүүлэгт сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ... Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тооцохоор байх ёстой. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага автозогсоолын төлбөр байсан, түүнийг орон сууцны төлбөр болгож тодруулсан. Автозогсоолын төлбөрийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байхад түүнийг дагаж гарсан сөрөг нэхэмжлэлийн шаардлага мөн адил хэрэгсэхгүй болох зохицуулалттай. Энэ нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцох боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-оос 128.148.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 64.074.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч  ХХК-д холбогдуулан гаргасан дулаан зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгах тухай хариуцагч Б.Б-ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.119.060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-оос 798.690 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч  ХХК-д, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас 70.200 төгрөг буцаан гаргуулж, хариуцагч Б.Б-ид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах үндэслэлээ төлөөлөх эрхгүй этгээд хэлцэл хийсэн, тусгай зөвшөөрөлгүй этгээд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл хийсэн, урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн, гэрээний зүйл доголдолтой байсан, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэснээр маргасан. Гэтэл дээрх үндэслэлүүдээр шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн атлаа хариуцагч алдангийг багасгуулах хүсэлт гаргаагүй байхад талуудын зарчмыг зөрчиж, санаачилгаараа 64 074 000 төгрөгийн алдангаас чөлөөлсөн нь үндэслэл муутай байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэснээр алдангийг харилцан тохиролцож, тохиролцсон алданги нь гүйцэтгээгүй үнийн дүнгээс давсан байхад хуулиар хязгаарлуулж тавин хувьд нь тооцож нэхэмжлэл гаргасан байхад шүүх дахин гэрээний талуудын чөлөөт байдалд халдаж, алдангаас бүрэн чөлөөлсөн нь хуулиар шүүгчид олгогдсон эрх гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн хуулиар тогтоосон 64 074 000 төгрөгийн алдангийг гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Гэрээний агуулгыг талууд хамтран тохиролцож, зөвшөөрсөн, гэрээ хүчин төгөлдөр байтал шүүх гэрээний 7.3-т заасныг зөрчсөн, зөвшилцөх арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, нэг талын эрх ашгийг шууд зөрчиж байгаа нэхэмжлэгчийн байр суурийг хүндэтгэн үзэх аливаа шалтгаангүйгээр хүлээн авч, түүний талд орон, шүүхээс өмнөх шатанд авч хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн этгээдийг үүргээс нь хууль зүйн ямар нэг үндэслэлгүйгээр шууд чөлөөлж, нэхэмжлэлийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хуулийн 26 дугаар зүйл нь зөвхөн хуулийн этгээд буюу компанийг үүсгэн байгуулж, дүрмээ баталж, улсын бүртгэлд бүртгүүлэх асуудал хамаарна, үүнд гүйцэтгэх захирлын бүртгэл хамаарахгүй гэж шүүх дүгнэсэн. Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал тухайн компанийг гадаад, дотоодын бүхий л хүрээнд төлөөлнө, үүнд итгэмжлэл шаардлагагүй, учир нь компани бол зохион байгуулалтын нэгдэл тул гүйцэтгэх захирал компанийн эрх ашгийн төлөө төрөл бүрийн гэрээ хэлцэл байгуулах гэх мэт өргөн эрхтэй субьект учраас тухайн этгээдийн иргэний эрх зүйн чадварыг гагцхүү хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх тухай хууль тогтоогчийн байр суурийг анхан шатны шүүх буруу тайлбарлаж, нэхэмжлэгч Ч  ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Отгонцэцэгийн гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээ байхгүй, хуулийн этгээдийн улсын бүртгэл хийгдээгүй байх үед хийсэн гэрээг зөвтгөсөн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон. Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд худалдах худалдан авах гэрээ гэж тодорхойлоод, худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь гэрээний зүйлийг барьж гүйцэтгэх үүрэг хүлээхгүй учир нэхэмжлэгчид барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байх шаардлага тавигдахгүй гэсэн нь үндэслэлгүй болсон. 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 1.1-т гүйцэтгэгч Ч  ХХК барилгын ажлыг гүйцэтгэнэ гэж тодорхойлсноос гадна гэрээ байгуулах үед Барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй байсан этгээд дараа нь тусгай зөвшөөрлөө авсан тухай нотлох баримт хэрэгт авагдсаар байхад анхан шатны шүүх тусгай зөвшөөрлийн шаардлагагүй гэж дүгнэсэн нь хэтэрхий өрөөсгөл дүгнэлт болсоноос гадна Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.3-т заасныг зөрчсөн. 2013 оны 6 сарын 04-ний өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 2.8-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон. Гэтэл шүүх нэгдүгээрт нэхэмжлэгч өөрөө эдлэх ёстой эрхээ хэрэгжүүлээгүйгээс үүссэн хууль зөрчсөн байдлыг анзаарахгүй байдлаар дэмжиж, нэхэмжлэгчийн эрхийг нь хамгаалж, тэгш бус байдлыг үүсгэн, хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хоёрдугаарт дээр дурдсанаар талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд хуульчилсан худалдах худалдан авах гэрээний харилцаа гэж дүгнэсэн атлаа шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны асуудал дээр үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаанд хамаарна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, өөрөө өөрийгөө үгүйсгэсэн шийдвэр болсонд гомдолтой байна. 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дулаан зогсоол захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу миний бие 25 сая төгрөгийг бүрэн төлж барагдуулан, үүргээ гүйцэтгэсэн. Харин Ч  ХХК орон сууц болон дулааны зогсоолын төлбөрийн баримтыг хольж хутган нэгтгэн нэхэмжлэл гаргасныхаа дараа нотлох баримтууд гарч ирсэнээр дулаан зогсоолын төлбөрийг нэгэнт өтлж дуусгасан тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан олгохыг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 -т хамаатуулан хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй. Миний бие 2019 оны 11 сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхэд хүсэлт гаргасан боловч, хүсэлтийг минь шийдвэрлээгүй, хэрхэн шийдвэрлэсэн эсэх тухай надад юу ч мэдэгдэлгүйгээр шүүх хуралдаан хийж, хэргийг буруу шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1-т заасныг зөрчсөн, хэргийн зохигчийн эрхийг эдлүүлэхгүйгээр хавчин гадуурхаж, ялгаварласан гэж үзэхэд хүргэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн зохих зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Ч  ХХК нь хариуцагч Б.Б-ид холбогдуулан гэрээний үүрэгт 192 222 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч Б.Б- нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, дулаан зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгах тухай сөрөг шаардлага гаргажээ.

Зохигчдын хооронд 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ЭЦ-Б-113 дугаар бүхий орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, Ч  ХХК нь Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, Энэрэл цогцолбор, 24а байр, 2 дугаар орц, 9 дүгээр давхар, 113 тоот хаягт байршилтай, 164.72 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьж гүйцэтгэх, хариуцагч Б.Б- нь орон сууцны үнэд 354 148 000 төгрөг төлөхөөр тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, Дулаан зогсоол захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх-ийн 6-13 дугаар тал/

Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцнэ.

Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу орон сууцыг 2014 оны 12 дугаар сард хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн, хариуцагч нь гэрээний үнэд нийт 226 000 000 төгрөг төлөгдсөн талаар зохигчид маргаагүй. Харин орон сууцны болон зогсоолын үнэ бүрэн төлөгдөгдсөн эсэх, алданги төлөх эсэхэд маргаж мэтгэлцжээ.

Худалдан авагч орон сууцны үнийг бүрэн төлөөгүй, 128 148 000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болох нь төлбөр төлсөн баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон./хх-36-50/ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар тэрээр худалдах худалдан авах гэрээний үнэ төлөх үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор биелүүлэх учиртай.

Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т талууд төлбөрөө хугацаанд нь төлөхгүй тохиолдолд хоног тутам төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,2 хувийн алданги тооцохоор тохиролцсон байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан алдангийг шаардах эрхтэй болно. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан.

Анхан шатны шүүх хариуцагчийн эрүүл мэндийн байдал, түүнээс шалтгаалсан санхүүгийн боломж зэргийг харгалзан түүнийг гэрээний хариуцлагаас бүрэн чөлөөлж шийдвэрлэсэнийг шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Хууль буюу гэрээнд заасан алдангийг бүрэн чөлөөлөх эрхийг хуулиар шүүхэд олгоогүй бөгөөд харин шүүхээс хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг багасгах боломжтой юм.

Хариуцагч Б.Б- нь үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй байх хугацаанд эрүүл мэндийн шалтгаантай байсан нөхцөл байдал нь Улсын 3 дугаар төв эмнэлэгийн 2019 оны 03 сарын 01-ний өдрийн албан бичигт 2018 оны 3 дугаар сард хүзүүний нугалмын орчмын хавдар оношлогдож, 4 удаа мэс заслын эмчилгээ хийгдсэн, эмчилгээний комиссын дүгнэлтээр тархины дахисан хавдар оношоор гадаад оронд эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар тодорхойлсон, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу тахир дутуугийн тэтгэмж тогтоогдсон зэргээр нотлогдсон./хх-82,83/ Хариуцагч алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар төлөх ёстой ч хэргийн нөхцөл байдал, түүний эрүүл мэндийн байдал, түүнээс шалтгаалсан санхүүгийн хүндрэл, төлбөрийн чадвар зэргийг харгалзан шүүхээс 5 000 000 төгрөгийг алдангид гаргуулахаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь нэхэмжлэгч нь дулаан зогсоолын үлдэгдэл төлбөрийг шаардаж, зохигчид уг төлбөрийг аль гэрээтэй холбоотой суутгасан талаар мэтгэлцсэн, нөгөө талаар хариуцагч Б.Б- дулаан зогсоолын төлбөрийг бүрэн төлсөн, нэхэмжлэгч Ч  ХХК нь уг төлбөрийн үлдэгдэлийг шаардсан шаардлагаасаа татгалзсан зэрэг нь хэргийн 51,52-55, 132 дугаар талд авагдсан төлбөр төлсөн орлогын мэдүүлэг, нэхэмжлэлийн шаардлага тодруулсан баримтаар тогтоогдсон, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах эрх нь нээлттэй байхад үндсэн нэхэмжлэлтэй холбоогүй гэх үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ. Энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээний үүргийг шаардсан байхад шүүх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хугацаагаар дүгнэсэн нь буруу болжээ.

Гэвч Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт үүрэг хүлээсэн этгээд урьчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардсаныг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж тодорхойлсон. Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болох боловч хариуцагч үүргийг хүлээн зөвшөөрч 2018 оны 3 дугаар сарын 6, 22, 5 дугаар сарын 14-ний өдрүүдэд төлбөр төлж байсан үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй ба энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй./хх-37,49-50/

Түүнчлэн, зохигчид маргааныг зөвшилцлийн журмаар шийдвэрлүүлэхээр гэрээнд тохирсон боловч энэ нь нэхэмжлэгчийн үндсэн хуульд заасан шүүхэд хандах эрхийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалах эрхийг хязгаарлах болон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй. Талуудын зөвшилцөх тохиролцоог шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх хуулиар тогтоосон журам гэж үзэхгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/00377 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 128 148 000 гэснийг 133 148 000 гэж, 64 074 000 гэснийг 59 074 000 гэж, 2 дахь заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч  ХХК-аас Б.Б-ид Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, Энэрэл цогцолборын 24А байрны 4 тоот дулаан зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгасугай гэж, 3 дах заалтын 798 690 гэснийг 823 690 гэж, ... буцаан гаргуулж гэснийг ... хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч  ХХК-аас 70 200 төгрөг гаргуулж, хариуцагч Б.Б-ид олгосугай гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлсөн 478 320 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Б.НАРМАНДАХ