| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 184/2017/02509/и |
| Дугаар | 741 |
| Огноо | 2020-04-01 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 741
| 2020 оны 04 сарын 01 өдөр | Дугаар 210/МА2020/00741 |
Д.Бийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2020/0174 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Бийн хариуцагч Г.Ж, Ж.Ч, Ж.Ч нарт холбогдуулан, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэгт 30 633 035 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль, хариуцагч Г.Ж, Ж.Ч, хариуцагч нарын өмгөөлөгч Ч.Анар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Иргэн Д.Б нь 1962 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Р.Дамдинсүрэнгийн ганц хүү болон төрсөн. Р.Дамдинсүрэн нь шаазан ваарны үйлдвэрт ажиллаж байгаад астам өвчний улмаас группэд орж гэр хороололд амьдарч чадахгүй болсон. Улмаар байр олгох хүсэлт удаа дараа гаргасны дагуу 1986 онд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34б байрны 3 дугаар орц, 75 тоотод 1 өрөө байр авсан. Уг байрны хууль ёсны эзэмшигч нь аав Р.Дамдинсүрэн, хойд ээж З.Долгорсүрэн, Д.Б бид нар юм. Хойд ээж З.Долгорсүрэнтэй таардаггүй байсны улмаас орон сууцандаа ирэн очин байдаг байсан. Аав Р.Дамдинсүрэн 2004 оны 04 дүгээр сарын 15-нд нас барсан түүнээс хойш хойд ээж З.Долгорсүрэн нь гэр хороололд амьдарч чадахгүй байр бол чинийх харин би үхтэлээ байрандаа байя гэж гуйсан учир хүсэлтээр нь байлгасан. 2015 онд нас барсныг хүүхдүүд нь надад хэлээгүй байсан. 2016 онд мэдээд байрандаа орох гэтэл хойд ээж З.Долгорсүрэнгийн зээ охиных нь зээ хүү Г.Ж нь эзэн суучихаад байгаа тул байрыг минь чөлөөлүүлэхийг хүссэн. 1990 оноос 1994 он хүртэл аав Р.Дамдинсүрэн, хойд ээж З.Долгорсүрэнгийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэгт тус байранд амьдарч байсан. Үүнээс хойш өөрийн гэр бүлийн хүнтэйгээ хамт тусдаа амьдарч эхэлсэн. Тусдаа амьдрах хугацаандаа амралтын өдрүүд болон баяр ёслолын үеэр очдог байсан. Г.Жг тус байрнаас гарах талаар хэлэхэд боломжгүй гэсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргасанаас хойш хойд эх З.Долгосүрэнгийн өвлөх эрхийн талаар баримтыг бүрдүүлэхэд хүү Ж.Ч, охин Ж.Ч нь тус байрны З.Долгорсүрэнд холбогдох хэсгийг өвлөж авсан нь тодорхой болсон учраас хамтран хариуцагчаар татсан. Уг байр нь Ж.Ч, Ж.Ч, Г.Ж нарын эзэмшил ашиглалтанд 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс хойш байгаа. Аав маань З.Долгорсүрэнтэй 1973 онд танилцаж байсан. Хамт амьдарч байгаад 1974 онд хамгийн том эгч Ж.Шүрэнцэцэг, Г.Жгийн ээж н.Гүндэгмаа манайд байж байгаад сургуулиа төгсөөд нутаг явсан. Г.Ж 8,9 настайдаа манайд ирсэн. Би хойд ээжтэй таарамж муутайгаас 1976 оноос ах дүүгийнхээ гэрээр амьдарч байгаад 1980 онд цэрэгт явж, 1982 онд ял шийтгүүлээд 1990 онд гарч ирсэн. Тэр хооронд хариуцагч нар аавыг дэмжиж тусалж байсныг үгүйсгэхгүй. 1994 онд эхнэр авч 1999 оноос Шар хаданд хаягаа шилжүүлж амьдрах болсон. 2005 онд би байрандаа ормоор байна гэхэд би гэр хороололд хөл гар муутай нойл орж чадахгүй гэхэд би байрандаа та байж бай гэж хэлээд тохиролцсоны үндсэн дээр ирэн очин байдаг байсан. Хамгийн сүүлд очиход Г.Жгийн эхнэр Ж.Ч ах мэднэ гээд утсыг нь өгсөн. Ж.Чтай яриад эвээр ойлголцох боломжгүйг мэдсэн. Одоо байраа биш байрнаас ногдох хувиа авах хүсэлтэй байна. Уг орон сууцыг шүүхээс үнэлсэн 2 дүгнэлт байдаг бөгөөд Итгэлт эстимэйт ХХК нь 46.949.553 төгрөг, Лэндс ХХК нь 45.949.553 төгрөгөөр тус тус үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК-ийн үнэлсэн 45.949.553 төгрөгөөс бодож, өөрт ногдох 30.633.035 төгрөгийг нэхэмжилж байгаа тул Ж.Ч, Ж.Ч, Г.Ж нараас гаргуулна гэжээ.
Хариуцагч Г.Ж шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эмээгийнхээ хамт уг байранд байсан. Одоо ч амьдарч байгаа болно. Эмэг эх З.Долгорсүрэнг нас барснаас хойш түүний төрсөн хүү Ж.Ч, Ж.Ч нар өвлөн авсан тул нэхэмжлэлийн хариуцагч биш болно. Иймд хариуцагчийг хуулийн дагуу сольж өгнө үү. Би тус орон сууцанд 1999 оноос хойш 6 настайгаасаа эхлээд өвөө, эмээ ээжийн хамт амьдарч байгаа. Өвөө 2004 онд нас барсан. Д.Б цагаан сараар хааяа ирдэг байсан. 2008 онд эхнэртэйгээ танилцаад 2010 оноос хүүхэдтэй болоод бага насны 3 хүүхдийн хамт амьдарч байна. Барилгын ажил хийж амьдардаг, өнөөгийн нийгэмд 5 ам бүл тэжээхэд хүндрэлтэй байгаа. Цалингийн зээлтэй үед энэ их хэмжээний мөнгийг төлөх боломжгүй. Яаж ийгээд 10.000.000 төгрөгийг өгөх л бодол байна. Байрны хувь авах байсан бол өвөө нас барснаас хойш 2004 онд нэхэхгүй 2017 онд нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Манайд байраа өг гэж бараг 10 гаран удаа ирсэн. Заримдаа согтуу хөлчүү ирж хүүхдүүд айлгаад байсан болохоор хаалгаа тайлаагүй. Энэ талаар хажуу айлууд ч сайн мэднэ гэжээ.
Хариуцагч болон хариуцагч Ж.Чийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь нэхэмжлэлдээ эх З.Долгорсүрэнтэй минь хамт амьдарч байсан мэтээр нэхэмжлэл гаргажээ. Гэтэл Д.Б нь 1980-аад оны үеэс хулгайн хэргээр удаа дараа шоронд орж хорих ял эдэлж байсан, эцэг болох Р.Дамдинсүрэн нь тэр үед хүнд өвчтэй групптэй байсан бөгөөд хүү нь гэгдэх Д.Б эцгээ нэг ч удаа эргэж тойрч байгаагүй. Хааяа нэг ирэхдээ хөөрөг цаг, мөнгө төгрөгийг нь хулгайлан явдаг байсан. 1986 онд уг байр ашиглалтанд орох үед ээж З.Долгорсүрэнгийн хамт бид 2 жил амьдарч байсан. 1988 оноос уг байранд эх З.Долгорсүрэн, Р.Дамдинсүрэн нар амьдрах болсон. Байранд орохын өмнө Баянгол дүүргийн Гандангийн дэнж Орхоны 6 дугаар гудамжны 13 тоот хаягт байрлах хашаанд зуны модон байшин, гэрт амьдардаг байгаад уг хашаа байшин, гэрээ Р.Дамдинсүрэн нь өөрийн хүү болох Д.Бдөө өгсөн билээ. Д.Б нь тун удалгүй хулгайн хэргээр баривчлагдсан тул дээрх хашаа байшин гэрийг зарж борлуулан төлбөрт нь өгсөн гэдэг. Иймд Д.Б нь өөрийн эцгээсээ зохих өмч хөрөнгийг өвлөн авсан болно. Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээнд Д.Бийн нэр байгаагүй бөгөөд 1998 онд өмч хувьчлалаар төрийн орон сууцууд хувийн өмчид шилжих явцад Р.Дамдинсүрэнгийн дүү болох цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан н.Лхагваа гэгч хүн бичиг баримтыг чинь зохицуулж өгнө гээд авсан. Настай хүмүүсийг элэг барин өмч хувьчлалыг нь хөөцөлдөж өгөх нэрийдлээр байрны эздээс асууж зөвшөөрөл авахгүйгээр дур мэдэж Д.Бийн нэрийг хамтран эзэмшигчээр оруулсан байсан. Д.Б нь өөрийн эцэг Р.Дамдинсүрэнг өвчтэй хэвтэрт олон жил болоход нэг аяга цай дөхүүлж өгөх нь бүү хэл согтуу хөлчүү ирээд 2 хөгшинг элдвээр дарамтлан тэтгэврийн мөнгө болон талх сүүний мөнгийг нь дээрэмдэн явдаг байсан. Эх З.Долгорсүрэнгийн гэрт зээ охин Н.Гүндэгмаа хүү Г.Жгийн хамтаар амьдарч ирсэн ба З.Долгорсүрэнг 2015 онд нас барсан цагаас хойш эхнэр 2 хүүхдийн хамтаар амьдарч байна. Энэ бүх хугацаанд дүү н.Гүндэгмаа хүү Г.Жгийн хамтаар хүнд өвчтэй Р.Дамдинсүрэнг асран халамжилж насан өөд болтол нь эм тариа хоол ундаар хангаж байсан. 2015 оны 07 дугаар сарын 06-нд эх З.Долгорсүрэн өөд болсон. 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 000504729 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Г.Ариунтуяа бичиж өгсөн байна. 1980 онд оюутан болоод Улаанбаатар хотод ээж дээрээ ирсэн Р.Дамдинсүрэн ээжийг элдвээр дарамтлаад хөөж туудаг байсан. 1984-1985 оны үед хотын орлогч дарга байсан ээжийн нутгийн хүн н.Бямбаа гуайтай олон уулзаж учирласны дүнд очерь дугааргүйгээр 75 тоот нэг өрөө орон сууцыг цохуулж авсан байдаг. Тухайн байр нь урагшаа хойшоо нэвт гарах ослын үеийн хаалгатай, техникийн үйлчилгээ, жижүүр слесарь, үйлчилгээний ажилчид байрлах хаалгагүй байсныг СОТ-2-ын удирдлагатай ярьж байж хүн сууж болохуйц болгон нэмэлт агааржуулалтын төмөр хоолойг суурилуулсан. Орон сууц ашиглалтын карт, хорооны ам бүлийн бүртгэл, оршин суугчийн хаягийн бүртгэл зэрэг бүртгэл дансуудад иргэн Д.Бийн нэр хэзээ ч байгаагүй, энэ хаягт харъяалагдаж байгаагүй болно. Шүүгчийн захирамжаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн тухайн байр орчимд зах зээлийн үнэ 1 м.кв нь 953.000 төгрөг байхаар тооцоолсон. Нийт өртөг 31.525.000 төгрөг, биет элэгдэл 20.086.180, үл хөдлөх хөрөнгийн нийт үнэ 17.575.000 төгрөг байна гэсэн тооцоог ирүүлсэн. Энд уг байрны сар бүрийн хөлс, засвар үйлчилгээ, арчлалт хамгаалалтанд зарцуулсан мөнгийг оруулж тооцоогүй. Сард 80.000-100.000 төгрөгийн ус дулаан халаалт, СӨХ-ны төлбөрт 15 жилийн туршид тооцвол 16.200.000 төгрөг, 3 удаагийн их засварын зардалд 10.500.000 төгрөг, нийт 26.700.000 төгрөг зарцуулжээ. Үүнийг шүүх анхаарч үзээсэй гэжээ. Би 1986-1988 оны хооронд уг байранд амьдарч байсан. Д.Бөд оногдох хувь болох 30.633.035 төгрөг арай их байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бийн хариуцагч Г.Жд холбогдох дундын эд хөрөнгөөс ноогдох хэсгийн үнэ 30.633.035 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 75 тоот хаягт байршилтай, 12 м.кв талбайтай, 1 өрөө, орон сууцны зориулалттай, Ү-2201003062 үл хөдлөх хөрөнгийн дугаартай, гэрчилгээний 000504729 дугаартай үл хөдлөх хөрөнгийг өвлөгч Ж.Ч, Ж.Ч нарын өмчлөлд үлдээж, хариуцагч Ж.Ч, Ж.Ч нараас тус орон сууцнаас ноогдох хэсгээс 30.633.035 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бөд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 381.320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ж.Ч, Ж.Ч нараас 311.120 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бөд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Ч, Ж.Ч нараас шинжээчийн зардалд 80.000 төгрөг гаргуулан Итгэлт Эстимэйт ХХК-д, 264.000 төгрөг гаргуулан Лэндс ХХК-д, 250.000 төгрөг гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Ж.Ч, Ж.Ч, хариуцагч нарын өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Дамдинсүрэнгийн хууль ёсны өвлөгч Д.Б, 3.Долгорсүрэн нараас хүү Д.Б нь орон сууцны өөрийн эцэгт холбогдох өвийг хүлээн авахаар өвлүүлэгчид ногдох хэсгийг өвлөх эрхийн 55 тоот гэрчилгээг 2018 оны 09 сарын 25 өдөр нотариатаар баталгаажуулан авсан байдаг ба харин эхнэр 3.Долгорсүрэн өв хүлээн авах талаар хүсэлтээ гаргаж байсан нь тогтоогдоогүй, нас барсан байх тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар түүнийг өв хүлээн авахаас татгалзсан гэж үзэж, харин тус орон сууцыг хууль ёсны өвлөгч Ж.Ч, Ж.Ч нарын өмчлөлд үлдээж, тус орон сууцнаас ногдох хэсгийн үнэд хариуцагч нараас 30 633 035 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бөд олгон шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болох, зохигчдын тайлбар, Орон сууц ашиглалтын карт, бусад баримт сэлтээс үзэхэд, 3.Долгорсүрэн агсан хуулийн 528.1-д зааснаар "өв хүлээн авахаас татгалзсан тухай мэдэгдэж байгаагүй", 528.2-т зааснаар тухайн "өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан" болох нь нотлогдсон байтал, шүүх түүнийг "өв хүлээн авахаас татгалзсан" гэж дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай байна. Шүүх Г.Жг "хууль ёсны өвлөгч биш" хэмээн дүгнэсэн нь мөн Иргэний хуулийн 520 дугаар зүйл /Хууль есны өвлөгч/-ийн 520.3-т "Энэ хуулийн 520.1, 520.2-т дурдсан иргэнээс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжинд байсан, хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжинд байсан этгээд нь тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө." гэж заасантай зөрчилдсөн. Тодруулбал, Г.Ж нь 1991 оны 05 сарын 06 өдөр төрсөн, Р.Дамдинсүрэн агсан 2004 онд нас барахад 13 настай, өвлүүлэгчийн асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн болох нь маргаангүй үйл баримт юм. Үүнээс үзэхэд, Г.Жг шүүхээс хууль ёсны өвлөгч биш гэж дүгнэх нь Иргэний хуулийн 520.3 болон 528.1, 528.2 дахь хэсэгт зохицуулсантай нийцэхгүй байна. Хууль ёсны өвлөгч нарыг шүүхээс буруу тодорхойлж түүндээ үндэслэн ногдох хэсгийг тогтоосноос уг маргааны үнэн зөв шийдэл бий болж чадаагүй гэж гомдож байна. Иргэний хуулийн 532.1-д заасан зохицуулалтаар шүүхээс өвлөгч бүрт ногдох хэмжээний талаар гарсан маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх бөгөөд харин Д.Бийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ногдох хэмжээг мөнгөн дүнгээр гаргуулах шаардах эрхийг олгоогүй байна. Иймд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл болох, шаардах эрхийг олгох зохицуулалтгүй заалтаар хэргийг шийдвэрлэж, хэргийн бодит байдлыг бүрэн дүүрэн үнэлж тогтоолгүйгээр хариуцагч нараас мөнгөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэнд хариуцагч талаас гомдолтой байгаа юм. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн ногдох хэсгийг эд хөрөнгөөр өгөх боломжгүй тохиолдолд үнийг төлөх зохицуулалт нь тусгайлсан зохицуулалт, урьдчилсан нөхцөлтэй байх бөгөөд чухам ямар шалтгаан, хуулийн зохицуулалтаар шүүх маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн 1/3-ийг хариуцагч нарт ногдох хэсэг гэж тодорхойлсон атлаа, 2/3-ийг ногдуулсан Д.Бөд хариуцагч тал мөнгөн төлбөр, үнийн дүнг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл, Д. Батмөнхөд ногдуулсан 2/3 хэсгийг шүүх 1/3 хэсэг ногдуулсан хариуцагч нарт худалдахыг тулгасан шийдвэр гаргасан нь ойлгомжгүй болжээ. Түүнчлэн маргаж буй Ү-2201003062 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлтэй холбоотой тодруулбал зохих олон тооны эргэлзээтэй үйл баримтыг хариуцагч талаас дурдаж, сөрөг нэхэмжлэл гаргаж, шалгуулах агуулгаар шүүхэд хандаж байсан боловч уг маргаантай үйл баримтыг бүрэн дүүрэн тодруулалгүйгээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй түүхчилсэн лавлагаа, хувийн хэрэг дэх нийт баримтыг гаргуулах, зөрүүтэй үйл баримтын талаар үнэлэх гэх мэт хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчим хангагдаагүй гэж үзэхэд хүргэдэг. Иймд Сонинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 14 өдрийн №184/ШШ2020/0174 дугаартай шийдвэрийг дээр дурьдсанаар хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ж.Ч, Ж.Жаргалдаваа, Ж.Ч нарт холбогдуулан дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэгт 30 633 035 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байна.
Нэхэмжлэгч 30 633 035 төгрөгийг шаардах үндэслэл нь дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөтэй холбоотой, эсхүл өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулахаар шаардаж байгаагийн аль нь болохыг шүүх тодруулаагүй, тодруулах ажиллагааг хийгээгүй. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга нь хариуцагч нараас өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулахаар шаардаж буй гэж үзэхээр байна. Шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулснаар дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн эсхүл өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг хариуцагч нар хариуцах эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай байжээ.
Шүүх зохигчийн эрх зүйн байдал болон талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлох нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хэрэгт хамааралтай хуулийн зохицуулалтуудыг зөв оновчтой сонгож хэрэглэх нөхцөл бүрдэнэ.
Д.Б Г.Жд холдогдуулан Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 75 тоот хаягт байршилтай, 12 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцнаас чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.Ч, Ж.Ч нарыг хамтран хариуцагчаар татаж, тус дундын эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсэг 30 633 035 төгрөгийг гаргуулахаар өөрчилж, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 75 тоот хаягт байршилтай, 12 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай шаардлагаасаа татгалзсан. Тэрээр эдгээр шаардлагаа нотлохоор хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, улсын бүртгэлийн лавлагаа, З.Долгорсүрэн, Р.Дамдинсүрэн нарын нас барсны лавлагаа, Р.Дамдинсүрэнгийн хүү мөн болохыг тодорхойлсон төрөл садангийн лавлагаа, Р.Дамдинсүрэн, З.Долгорсүрэн нарын гэрлэлтийн лавлагаа, Д.Бийн өвлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудыг гаргажээ. /1хх-4, 6-10, 149-150 дугаар тал/
Харин хариуцагч нар татгалзлаа нотолж хойд эцэг Р.Дамдинсүрэн эх З.Долгорсүрэн нар 1973 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болж, Р.Дамдинсүрэн 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр, З.Долгорсүрэн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нас барсан, хууль ёсны өвлөгч хүү Ж.Ч, охин Ж.Ч нар 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 33 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Маргаан бүхий орон сууцанд хариуцагч Г.Ж 1999 оноос хойш эзэмшиж ашиглаж байгаа, одоо 3 хүүхэд эхнэрийн хамт амьдардаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хэт өндөр байна, 10 000 000 төгрөг өгөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан.
Эдгээрээс үзвэл зохигчдын эрх зүйн байдал болон нэхэмжлэгч хариуцагч нарын хэнээс нь өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулахаар шаардсан, эсхүл дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ноогдох хэсгээ шаардаж буй зэрэг нь тодорхой бус байхад хэргийг Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт заасныг баримтлан эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Зохигчид нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, маргааны үйл баримт, хариуцагч нарын гэм буруу, татгалзлын талаар хангалттай бүрэн мэтгэлцсэн гэж үзэх боломжгүй байна.
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл энэ зохицуулалт нь дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн өмчлөгч нарын хоорондын маргааныг шийдвэрлэх юм.
Түүнчлэн, Д.Б, Г.Ж, Ж.Ч, Ж.Ч нар нь нэг өвлүүлэгчийн өвлөгч нар биш буюу Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт зөвхөн нэг өвлүүлэгчийн өвлөгч нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхээр зохицуулсан.
Хэрэгт авагдсан улсын бүртгэлийн Ү-2201003062 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 75 тоот хаягт байршилтай 12 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Р.Дамдинсүрэн, З.Долгорсүрэн, Д.Б нар бүртгэлтэй байна. Гэтэл нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Г.Ж, Ж.Ч, Ж.Ч нарт холбогдуулан хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад хариуцагч нараас дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийн үнэ 30 633 035 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцээгүй.
Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах, хэргийн үйл баримтад хууль хэрэглээний дүгнэлт хийх боломжгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2020/0174 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагч Ж.Чын 311 120 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
Б.НАРМАНДАХ