Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 348

 

Ж.Н-ийн нэхэмжлэлтэй,

нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын

даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:       Л.Атарцэцэг

Шүүгчид:                      Х.Батсүрэн

                                     Б.Мөнхтуяа

                                     Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүний нөөцийн ажил албан тушаалыг эрхлэн гүйцэтгэж байгаа ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0213 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0326 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Ж.Н, түүний өмгөөлөгч Д.Х

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Г.М нар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0213 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 14 дүгээр зүйлийн 14.1, 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг тус тус баримтлан иргэн Ж.Нийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ж.Нэд ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны олговор болох 11,814,884 төгрөгийг /үүнээс нэг удаагийн олгосон тэтгэмжийг хасч тооцож/ гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас “нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүний нөөцийн ажил албан тушаалыг эрхлэн гүйцэтгэж байгаа ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0326 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0213 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

          Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Захиргааны ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.2-т “дээд шатны захиргааны байгууллагаас гаргасан захиргааны шийдвэрийг анхан шатны захиргааны байгууллага гүйцэтгэнэ” гэж заасан. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн А/20 дугаартай “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дүрэм, бүтэц, орон тоо батлах тухай” захирамжаар манай газрыг Худалдан авах ажиллагааны хэлтэс, Цахим худалдан авалт, олон нийттэй харилцах хэлтэс, Зураг төсвийн хяналтын хэлтэс, Хуулийн хэлтэс, Захиргаа удирдлагын хэлтэс гэсэн 5 хэлтэстэй, 56 хүртэл орон тоотой байхаар баталсан байдаг. Улмаар нийслэлийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаартай захирамжаар бүтэц орон тоог өөрчлөн 4 хэлтэс, 35 орон тоотой байхаар баталсан. Үүний дагуу газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/46 дугаартай тушаалаар газрын зохион байгуулалтын бүтцийг баталж, Захиргаа, санхүүгийн хэлтэс, Хууль хяналтын хэлтэс, Худалдан авах ажиллагааг зохион байгуулах хэлтэс гэсэн 3 хэлтэс, 35 орон тоотой ажиллахаар болсон. Дээрх бүтцийн батлахад Захиргаа, санхүүгийн хэлтэст хүний нөөц хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдаж тухайн ажлын байрны чиг үүргийг 5 албан хаагчид хувааж шилжүүлсэн байдаг. 2017 оны 3 дугаар сарын 02-ны Б/13 дугаар тушаалаар ахлах мэргэжилтэнд хүний нөөцтэй холбоотой чиг үүргийг шилжүүлсэн. Тухайн үеийн батлагдсан бүтцээр хүний нөөц хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан учир Ж.Нийг чөлөөлж хуулийн дагуу 3 сарын тэтгэмж олгосон.

4. Нэхэмжлэлийн шаардлагаас “нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүний нөөцийн ажил албан тушаалыг эрхлэн гүйцэтгэж байгаа ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн нь 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Улсын Дээд шүүхийн 21 дүгээр тогтоолын 3.4-т заасан “...шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, биелэгдэх боломжтой байх бүх нөхцөлийг заасан байвал зохино” гэж заасан. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ажлаас чөлөөлсөн тушаал хүчингүй болоход ажлын байранд хэвээр үлдээх эсвэл эгүүлэн томилох нөхцөл үүссэн байна. Гэтэл нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүний нөөц хариуцсан мэргэжилтний ажлын байр байхгүй, Ж.Нийн хувьд бусад ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлагад мэргэжил, боловсрол нь тохирохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалт, давж заалдах шатны шүүхийн магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

6. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/159 дүгээр тушаалаар “бүтцийн өөрчлөлтөөр Захиргаа удирдлагын хэлтсийн хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан, өөрчлөгдсөн” гэх үндэслэл дурдаж Ж.Нийг төрийн албанаас чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн, нэхэмжлэгч Ж.Н нь “миний хэрэгжүүлж байсан албан тушаалын чиг үүрэг бүтцийн өөрчлөлтөөр хэвээр байхад хууль бус тушаал гаргасан” гэж, хариуцагчаас “...хүний нөөцийн мэргэжилтний орон тоо хасагдсан, ажлаас чөлөөлсөн тушаал хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

7. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаар захирамжаар нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрыг Захиргаа, санхүүгийн хэлтэстэй нийт 4 хэлтэс, 35 орон тоотой байхаар тогтоосон, уг захирамжийг үндэслэн нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/46 дугаар тушаалаар “Газрын зохион байгуулалтын бүтэц”-ийг шинэчлэн Захиргаа, санхүүгийн хэлтэст 1 ахлах мэргэжилтэн, тодорхой чиглэлийн ажил хариуцах 5 мэргэжилтнийг оролцуулан 12 албан тушаал баталснаар өмнөх бүтцийн Захиргаа удирдлагын хэлтсийн хүний нөөцийн асуудал хариуцах мэргэжилтний албан тушаал үгүй болж, уг орон тоо хасагдсан, өөр хэлтэст харьяалагдаж байсан зарим албан тушаалын орон тоо нэгтгэгдсэн, шинээр ахлах мэргэжилтэн болон сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний орон тоо бий болсон, дээрх А/46 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан ахлах мэргэжилтний албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэгт “орон тоо” нь хасагдсан хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний хэрэгжүүлж байсан чиг үүргийн ихэнх нь хамаарсан үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

8. Үүний зэрэгцээ Ж.Н нь өмнөх бүтцийн Захиргаа удирдлагын хэлтсийн хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд ажиллаж байхдаа тус хэлтсийн ахлах мэргэжилтний ажил үүргийг түүнийг ажилд томилсон  2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/54 дүгээр тушаалын дагуу давхар гүйцэтгэж байсан, маргаан бүхий захиргааны актыг гаргах үед шинээр зохион байгуулагдсан Захиргаа, санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтний орон тоо сул байсан, уг сул орон тоонд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар С.Рэнцэнмааг томилж, түүнийг “хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн” гэх албан тушаалаас чөлөөлж, сул орон тоог нөхсөн, шинээр бий болсон сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтний орон тоонд төрийн албанд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй байсан С.Рэнцэнмааг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/162 дугаар тушаалаар авч ажиллуулсан зэрэг нь тогтоогджээ.

9. Эдгээр нөхцөл байдлаас дүгнэвэл, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актад “орон тоо хасагдсан, өөрчлөгдсөн” гэсэн хоёрдмол агуулгатай үндэслэл зааж, Ж.Нийг төрийн албанаас шууд чөлөөлсөн нь төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааны талаарх Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих...” эрхийг хангаагүй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулан уг заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

10. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...ажлаас чөлөөлсөн тушаал хүчингүй болоход ажлын байранд хэвээр үлдээх эсвэл эгүүлэн томилох нөхцөл үүссэн байна, ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, биелэгдэх боломжтой байх нөхцөлийг хангаагүй” гэх агуулгатай гомдлыг хангах үндэслэлгүй, нэхэмжлэгч “ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэр, магадлалд гомдол гаргаагүй учир энэ талаар хяналтын шатны шүүх дүгнэлт хийхгүй.

11. Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоогоогүй атлаа ажилгүй байсан хугацааны олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримталж шийдвэрлэсэн нь буруу, тухайн маргааны хувьд  захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд хуульд хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0213 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0326 дугаар магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1” гэснийг “Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Л.АТАРЦЭЦЭГ

 

       ШҮҮГЧ                                                          Ч.ТУНГАЛАГ