| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 101/2019/04842/и |
| Дугаар | 740 |
| Огноо | 2020-04-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 740
| 2020 оны 04 сарын 01 өдөр | Дугаар 210/МА2020/00740 |
Х.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/00228 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Б ХХК-ийн хариуцагч Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23 760 244 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд, Т.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М.Мөнхцас болон Б.Б нар Х.Бтай 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ/201642868660 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 14.300.000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нар нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлэнд 550.574 төгрөг, хүүгийн төлбөрт 312.404 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 717 төгрөг, нийт 863.695 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч М.Мөнхцас 2017 онд нас барсан бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлбөр төлөх үүргээ удаа дараа зөрчсөн. Зээлдэгчтэй уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээ авсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд төлбөрөө төлөөгүй. Иймд банк 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ/201642868660 тоот барьцаат зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.7 дахь заалт болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т заасныг үндэслэн Б.Бгээс зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж нэхэмжлэл гаргасан. 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар үндсэн зээл 13.749.426 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8.912.786 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1.093.532 төгрөг, нотариатын төлбөр 4.500 төгрөг, нийт 23.760.244 төгрөгийг гаргуулж, барьцааны бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ананд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Б ХХК болон зээлдэгч М.Мөнхцас, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Б нарын хооронд байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ-201642868660 тоот барьцаат зээлийн гэрээний зээлдэгч М.Мөнхцас нь 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан. Зээлдэгч нас барснаас хойш 2017 оны 2 дугаар сарын төлөх хуваариас эхлэн эхнэр Б.Б нь өөрийн орлогогүй болж зээлийг үргэлжлүүлэн төлж чадаагүй. Х.Бны хувьд хуульд зааснаар гомдлын шаардлага гаргаагүй. Нэхэмжлэгч нь зээлдэгчийг нас барсан өдрөөс хойш 1 жилийн дотор буюу 2018 оны 1 дүгээр сарын 23-ны дотор гомдлын шаардлага гаргах байсан. Түүнчлэн гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш 1 жилийн буюу 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргахаар хуульчилсан байтал 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж үзэж байна. Зээлийн гэрээнд үүргээс хэр хэмжээгээр хариуцах нөхцлийг заагаагүй. Түүнчлэн зээлийг бүхэлд нь М.Мөнхцасын зээлийн дансанд олгосон бөгөөд Б.Бд олгоогүй. Хариуцагч Б.Б нь 2018 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ба тэтгэврээс өөр ямар ч орлогогүй. Иймд нэхэмжилж буй үүрэг нь хуваагдаж шинж чанартай үүрэг тул зээлийн тал хувь болох 6.874.713 төгрөгийг хариуцах нь хуульд нийцнэ. Зээлдэгчийн авсан зээл нь зээл, хүү төлөх үүрэг нь иргэний хувьд зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой гэж үзнэ, учир нь зээлдэгч нь өөрийн санхүүгийн эх үүсвэр болох орлогоо нотолж түүний үндсэн дээр зээл, түүний хүүг төлөхөөр гэрээгээр тохиролцсон. Иймд зээлдэгчийн нас барсан өдрийн дараагийн өдөр болох 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс зээлдэгч М.Мөнхцасын хувьд зээлийг ашиглаж чадаагүй, зээлийн хүү төлөх үүрэг дуусгавар болох үндэслэлтэй байтал Х.Б ХХК зээлийн хүүг шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл бүтэн тооцон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн хамтран үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тэнцүү хариуцах тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Барьцаат зээлийн гэрээний хүү нь жилийн 22.8 хувь, зээлийн хэмжээ нь 14.000.000 төгрөг байна. Тус зээлийн гэрээний хавсралтаар тохиролцсон төлбөрийн хуваарийн дагуу зээлийн хүү нь 3 жилийн хугацаанд 5.362.802,25 төгрөг бодогдохоор байсан байна. Гэтэл Х.Б ХХК-ийн нэхэмжлэлд зээлийн хүүг 8.912.786 төгрөг болгон нэмэгдүүлж тухайн дүнгээс мөн нэмэгдүүлсэн хүү тооцжээ. Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар банкны хүү бодох аргачлалыг баталсан бөгөөд ямар аргачлалаар бодож зээлийн хүүг 3.549.983,75 төгрөгөөр нэмэгдүүлсэн, мөн нэмэгдүүлсэн хүүг 8.912.786 төгрөгөөс тооцож 1.093.532 төгрөг гэж тооцсон нь үндэслэлгүй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Б.Бгээс 18.757.085 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Бинд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5.003.159 төгрөгт холбогдох хэсгийг болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Бны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 346.952 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгээс 251.735 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Бинд олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд давж заалдах гомдолдоо: Зээлдэгчийн үүргийн биелэлтэнд доголдол гарсан нөхцөлд банк гэрээний 7 дугаар зүйлд заасан арга хэмжээг аваагүй." гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэтэрхий нэг талыг барьсан гэж үзэж байна. Хуульд зааснаар зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөх үүрэгтэй байхаар зохицуулсан тул хариуцагч Б.Б нь нэхэмжлэгчид шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцож нэхэмжилсэн хүү, нэмэгдүулсэн хүүг зээлдүүлэгчид төлөх нь хууль зүйн үндэслэлтэй. Гэтэл шүүх гэрээний хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс 5 003 159 төгрөгийг хасч шийдвэрлэсэн нь буруу юм. Хэрвээ хариуцагч нар зээлийн төлбөр төлөх боломжгүй болсон, гэрээгээ үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзвэл өөрсдөө ч шүүхэд нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой, эрх нь ч нээлттэй. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийн биелэлтэд доголдол гарсан нөхцөлд банк гэрээний 7 дугаар зүйлд заасан арга хэмжээг аваагүй нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх зарчимтай нийцэхгүй байна" гэжээ. Зээлдэгч болон зээлдүүлэгч нарын хооронд байгуулсан гэрээнд зээлдүүлэгчид олгогдсон эрх, боломж бөгөөд энэ нь заавал биелүүлэх үүргийн шинж чанартай биш. Нэхэмжлэгчийн гэрээгээр олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хуульд заасан зарчимтай нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/00228 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Нэхэмжлэгч Х.Б нь ХХК хариуцагч Б.Бгээс зээлийн гэрээний үүрэгт 23 760 244 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Х.Б ХХК болон М.Мөнхцас, Б.Б нар нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, 14 300 000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл, түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн. Зээлийн гэрээний дагуу 2016 оны 12 сарын 15-ны өдөр Х.Б ХХК зээлдэгч М.Мөнхцасын 5085079792 тоот данс руу 14 300 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-10-14/
Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Дээрх гэрээг талууд барьцаат зээлийн гэрээ гэж нэрлэн ирээдүйд орж ирэх натариатын орлого, гэрийн эд хогшилыг барьцаалахаар тохиролцсон. Энэ талаар зохигчид маргаагүй.
Зээлдэгч нар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг болон зээлийн гэрээний 4.2.2-д заасан зээл, зээлийн хүүг буцаан төлөх үүргээ зөрчиж эргэн төлөлтийг бүрэн хийгээгүй байх тул зээлдүүлэгч үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.
Шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг хамтран зээлдэгч буюу Б.Бгээс шаардах эрхтэй гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ. Талууд зээлийн гэрээний 4.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсон тул хариуцагч Б.Б нь зээлийн гэрээний үүргийг хариуцах учиртай.
Мөн зээлдэгч М.Мөнхцас нь 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр өвчний улмаас нас барснаас хойш өрхийн орлогогүй болж гэрээний үүргээ биелүүлж чадахгүй болсон, мөн хариуцагч Б.Б нь 2018 оны 3 дугаар сараас өндөр насны тэтгэвэр тогтоолгон тэтгэвэр авч байгаа гэх тайлбар нь зээлийн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй юм.
Шүүх зээлдэгч Б.Б нь зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хамтран үүрэг гүйцэтгэгч тул Иргэний хуулийн 536 дугаар зүйлд заасан зохицуулалт хамаарахгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Хэргийн 16, 17 дугаар талд авагдсан зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтаар хариуцагч тал гэрээний хугацаанд зээлийн үндсэн төлбөрт 550 574 төгрөг, зээлийн хүүнд 312 404 төгрөг, торгуулийн хүүгийн төлбөрт 717 төгрөг, нийт 863 695 төгрөг төлсөн, зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ 2017 оны 2 дугаар сараас зөрчиж биелүүлээгүй, үндсэн зээлд 13 749 426 төгрөг, зээлийн хүүнд 8 912 786 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 093 532 төгрөг төлөх үлдэгдэлтэй болох нь нотлогдсон.
Анхан шатны шүүх зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийн биелэлтэд доголдол гарсан нөхцөлд банк гэрээний 7 дугаар зүйлд заасан арга хэмжээг авалгүй, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэл гарган 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацааны хүү, хэтэрсэн хугацааны хүү нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх зарчимтай нийцэхгүй байна гэж дүгнэсэн нь буруу болно. Хариуцагчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5 003 159 төгрөгийг хасч тооцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцэхгүй байна.
Түүнчлэн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.8, 7.1.9-д талууд гэрээ дуусгавар болох, цуцлах нөхцөлийг тодорхойлсон байх бөгөөд энэхүү зохицуулалтаар зээлдүүлэгч заавал биелүүлэх үүрэг хүлээсэн гэж үзэхэд учир дутагдалтайгаас гадна зээлдэгчийн зүгээс гэрээг хугацаанаас өмнө цуцлах, төлбөрийн чадваргүй болсон талаар мэдэгдэж хүсэлт гаргасан талаар хэрэгт авагдсан баримтгүй байна. Гэтэл шүүх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг үндэслэсэн багасгаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч компани нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 61/13264, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 61/0114025 дугаар бүхий Зээл төлөх тухай мэдэгдлүүдээр хариуцагч нарыг үүргээ биелүүлэхийг шаардаж байжээ. Улмаар хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хандаж нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөр зээлийн тооцоо хийсэн байх тул буруутгах боломжгүй, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцэх юм.
Талууд гэрээний 2.1.6-д нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасанд нийцжээ. Эдгээрээс дүгнэхэд хариуцагч нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэлд тодорхойлсон хэмжээгээр тооцон гаргуулах үндэслэл тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангах үндэслэлтэй.
Иймд хариуцагчаас үндсэн зээл 13 749 426 төгрөг, зээлийн хүүд 8 912 786 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 093 532 төгрөг, нийт 23 755 743 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцнэ гэж үзлээ.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаат зээлийн гэрээний 6.1-д заасан барьцаа хөрөнгийн жагсаалтад зээлийн гэрээний үүрэг бүрэн хангагдах хүртэлх хугацааны нотариатын орлого болон гэрийн эд хогшлыг барьцаалсан гэж тусгасан боловч зээлдүүлэгч нь бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардсан нь зээлдэгчийн ямар хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байгаа нь тодорхой бус, барьцаа хөрөнгийн жагсаалтад гэрийн эд хогшил гэж тусгасан боловч чухам ямар хөрөнгөөр нь үүргийн гүйцэтгэл хангуулахыг хөрөнгө тус бүрээр нь тодорхойлон зааж гэрээндээ тусгаагүй гэх үндэслэлээр бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дах хэсгийг зөв хэрэглэжээ.
Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт мөнгөн хөрөнгө гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хоёр шаардлага гаргасан байхад шүүх нэхэмжлэлийн нэг шаардлагад иргэний хэрэг үүсгээгүй нь алдаатай байх боловч хэргийн шийдэлд нөлөөлөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй болно.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/00228 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 18 757 085 гэснийг 23 760 244 гэж, олгож гэснийг олгосугай. гэж, 5 003 159 төгрөгийн болон ... тус тус гэснийг хасч, 2 дахь заалтын 251 735 гэснийг 276 751 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95 001 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
Б.НАРМАНДАХ