Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 738

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/00738

 

 

Х.Б  ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/00311 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Б  ХХК-ийн хариуцагч Э.С, Т.Х нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50 355 223 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөө үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд, З.Бат-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 50 000 000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Үндсэн зээлийн 29 835 941 16 төгрөгийн, зээлийн хүү 17 579 874 43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 939 406 44 төгрөгийн үлдэгтэлтэй тул нотриатын зардал 19 900 төгрөгийн хамт 50 375 122 03 төгрөгийг гаргуулж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031092, Ү-2201031057, Ү-000495271 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан 19-р хороо 2-20-р байр 12 тоот байр 12 тоот хаягт байрлах 43 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хороолол, 2-р дан байрны 11 тоот хаягт байрлалтай 44 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо Зүүн салаанд байрлах 2609 м.кв эзэмших эрхтэй 18635319910097 нэгж талбарын дугаартай газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөр хангуулна. Зээлийн гэрээг байгуулахдаа зээлдэгчийн санал, боломжийг харгалзсан байдлаар зээлсэн үндсэн зээлийн төлбөрийн тодорхой хэсгийг, тухайн ашигласан хугацаанд нь хуримтлагдсан хүүгийн хамт сар бүр эргэн төлөх хуваарийг гарган зээлийн гэрээнд тусгадаг. Зээлдэгчийн сар бүр төлж буй төлбөрийн хэмжээнээс хамааран үндсэн зээлийн төлбөр буурдаг бөгөөд зээлийн хүү нь тухайн буурсан дүнгээс өдөр тутам бодогдон хуримтлагддаг. Иймд хариуцагч талын хариу тайлбарт дурдсан 81 000 000 гэдэг нь төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр болон үндсэн зээлийн үлдэглдлээс тооцон хуримтлагдсан хүү, хугацаа хэтрүүлсний торгууль буюу нэмэгдүүлсэн хүүгийн нийлбэр дүн болно. Зээлийн гэрээ байгуулах үед эргэн төлөлтийн хуваарьт тусгагдсан хүү болох 13 057 571 төгрөгийн хүү нь тухайн зээлээ гэрээнд тусгасан хуваарийн дагуу төлж барагдуулсан тохиолдолд банкинд төлөх хүүгийн хэмжээг харуулдаг. Өөрөөр хэлбэл харицлагч авсан зээлээ хугацаандаа төлсөн тохиолдолд уг дүнгээр төлөгдөх ба харин өмнө нь төлж дуусгасан бол зээлийн гэрээний эргэн төлөлтийн хувиаарьт тусгагдсан хүүгийн дүнгээс бага хүү төлөх бүрэн боломжтой гэсэн ойлголт юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Б ны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие зээл авснаас хойш 30 711 364 төгрөг төлсөн. Х.Б ны зүгээс одоо дахин 50 355 223 төгрөг гаргуулахаар шаардаж байгаагаас үзвэл миний төлөх дүн 30 711 364+ 50 355 223= 81 066 587 төгрөг болж байгаа нь зээлдэгч надад хэтэрхий хохиолтой байна. ....50 сая төгрөгийн зээл авсан атлаа 81 сая төгрөг болгож байгаа нь миний эрх ашигт нийцэхгүй юм. 2016.01.27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу Х.Б  надаас 13 057 571 төгрөгийн хүү авахаар гэрээгээр тохирсон. ....би одоогийн байдлаар 10 121 828.20 хүү төлөөд байгаа бөгөөд Х.Б ны хүүний төлбөрт дахиад 17 579 874.43 төгрөг нэхэмжилж байна. Х.Б тай байгуулсан зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу зээлдэгч нь 13 057 571 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй байхад Х.Б  нийтдээ 10 121 828 20+ 17 579 874 43=27 701 702 төгрөгийн хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй, гэрээгээр төлөхөөр тохирсон хүүнээс илүү хүү нэхэмжилсэн. Нотариатын зардлыг би хариуцахгүй. Энэ зардлыг Х.Б  хариуцах ёстойгоос гадна зээлдэгч миний үйл ажиллагаатай холбогдуулж төлсөн зардал мөн эсэх нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Э.С, Т.Х нараас зээлийн гэрээний үүрэгт 32 347 652.4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Б  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18 027 469.63 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.С, Т.Хүсэлтзаяа нар нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031092, Ү-2201031057, Ү-000495271 дугаарт бүртгэгдсэн хариуцагч нарын өмчлөлийн Сонгинохайрхан 19-р хороо 2-20-р байр 12 тоот байр 12 тоот хаягт байрлах 43 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хороолол, 2-р дан байрны 11 тоот хаягт байрлалтай 44 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо Зүүн салаанд байрлах 2609 м.кв эзэмших эрхтэй 18635319910097 нэгж талбарын дугаартай газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 411 229.62 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.С, Т.Х нараас улсын тэмдэгтийн хураамжид 319 688 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Б  ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Нэхэмжлэгч нь хариуцагчийг " ... барьцаат зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.7-д заасныг тус тус зөрчсөн гэж тайлбарласнаар баримтаар няцаахгүй байна. Харин нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссан, хариуцагч нар гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байгаад зээлдүүлэгч шаардах эрхээ хэрэгжүүлсэн эсэх нь хэрэгт ирүүлсэн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчид эрсдэл үүсэх шалтгаан болсон гэж үзлээ. Хэрэгт нэхэмжлэгч талаас 2019 оны 09 сарын 10-19-ний өдрүүдэд Зээл төлөх мэдэгдэл гэсэн баримт ирүүлсэн хэдий ч шаардах эрхээ хугацаандаа хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй тул ач холбогдолгүй гэж үнэлэв. Өөрөөр хэлбэл Иргэний хулийн 223 дугаар зүйлийн 223.2-д "... үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой ..." гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссан 2018 оны 02 сараас хойших хугацаанд тодорхой үйлдэл хийж шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд энэ нь баримтаар нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч дээрх үүргээ хэрэгжүүлээгүй нь түүнийг буруутгах үндэслэл болж байх тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-д зааснаар мөнгөн төлбөрийн гэрээний үүргийн дагуу хүү, алданги авах эрхээ тодорхой хэмжээнд алдсан гэж дүгнэв." гэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэтэрхий нэг талыг барьсан гэж үзэж байна. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт заасантай нийцээгүй бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор ч хуулийн дээрх зохицуулалтыг тодорхой тайлбарласан. Хуульд зааснаар зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөх үүрэгтэй байхаар зохицуулсан тул хариуцагч Э.С, Т.Х нар нь нэхэмжлэгчид шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцож нэхэмжилсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдүүлэгчид төлөх нь хууль зүйн үндэслэлтэй. Гэтэл шүүх нь Зээлийн гэрээний үндсэн төлбөр 50 000 000-30 711 364,4 төгрөгийг хасаад төлбөл зохих 19 288 636 төгрөгөөс зохих хүүг тооцож 2017 оны 03 сарын 04-ний өдрөөс хойш 2019 оны 11 сарын 19-ний өдөр буюу шүүхэд хандах хүртэл хугацаанд гэрээний үүрэг зөрчсөн 32 сарын хүү 11 110 252.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар " ... хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүхээс багасгах нь зүйтэй ба 1 928 863.6 төгрөг, нотариатын төлбөр 19 900 төгрөг, нийт 32 347 652.4 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18 027 469.63 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй." гэж шийдвэрлэсэн нь буруу юм. Нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, арга хэмжээ аваагүйгээс болж хүүгийн хэмжээ нэмэгдсэн гэж зээлдүүлэгчийг буруутгаж, зээлдэгч нарыг хуулиар хүлээсэн үүргээс нь чөлөөлж болохгүй. Хэрвээ хариуцагч нар зээлийн төлбөр төлөх боломжгүй болсон, гэрээгээ үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзвэл өөрсдөө ч шүүхэд нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой, эрх нь нээлттэй. "Х.Б " ХХК-д хариуцагч Э.С, Т.Х нар нь зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон, зээлийн гэрээг цуцалъя гэсэн хүсэлт гаргаж байгаагүй талаар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны явцад хэлсэн тайлбаруудаас харагдаж байгаа. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийн биелэлтэд доголдол гарсан нөхцөлд банк гэрээний 7 дугаар зүйлд заасан арга хэмжээг аваагүй нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх зарчимтай нийцэхгүй байна." гэжээ. Зээлдэгч болон зээлдүүлэгч нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.8 дахь зохицуулалт нь зээлдүүлэгчид олгогдсон эрх, боломж бөгөөд энэ нь заавал биелүүлэх үүргийн шинж чанартай биш. Нэхэмжлэгчийн гэрээгээр олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан зарчимтай нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2020/00311 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Х.Б  нь ХХК хариуцагч Э.С, Т.Х нараас зээлийн гэрээний үүрэгт 50 355 223 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч нар зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Х.Б  ХХК болон Э.С, Т.Х нар нь 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр 50 000 000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл, түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлдэгч нарын хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу 2016 оны 01 сарын 28-ны өдөр Х.Б  ХХК зээлдэгч Э.Сийн 5007522504 тоот данс руу 50 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-14-18,19-29,30/

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаар зохигчид маргаагүй.

Зээлдэгч нар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-дахь хэсэг болон зээлийн гэрээний 4.2.2-д заасан зээл, зээлийн хүүг буцаан төлөх үүргээ зөрчиж эргэн төлөлтийг бүрэн хийгээгүй байх тул зээлдүүлэгч үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

Хэргийн 31,32-34 дүгээр талд авагдсан зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтаар хариуцагч тал гэрээний хугацаанд зээлийн үндсэн төлбөрт 20 562 608 төгрөг, зээлийн хүүнд 10 121 828 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 26 927 төгрөг, нийт 30 711 364 төгрөг төлсөн, зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ 2017 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс зөрчиж биелүүлээгүй, үндсэн зээлд 29 835 941.16 төгрөг, зээлийн хүүнд 17 579 874 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2 939 406 төгрөг төлөх үлдэгдэлтэй болох нь нотлогдсон. Гэтэл шүүх хариуцагчаас төлсөн нийт 30 711 364 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцсон нь буруу бөгөөд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дарааллын талаар тогтоосон журамд нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүй байна.

Анхан шатны шүүх гэрээний үүргийг хамтран зээлдэгч буюу хариуцагч нараас шаардах эрхтэй гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ. Талууд зээлийн гэрээний 4.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсон тул хариуцагч Т.Х нь зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах учиртай.

Харин шүүх хариуцагч нарын зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 18 027 469.63 төгрөгийг хасч тооцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцэхгүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заасан ба шүүх нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийг үндэслэсэн багасгаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч компани нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 61/01/4688, 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 61/01/5095 бүхий Зээл төлөх тухай мэдэгдлүүдээр хариуцагч нарыг үүргээ биелүүлэхийг шаардаж байжээ. Улмаар хариуцагч нар үүргээ биелүүлээгүйгээс шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хандаж нэхэмжлэл гаргахдаа Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөр зээлийн тооцоо хийсэн байх тул буруутгах боломжгүй юм. Талууд гэрээний 2.1.6-д нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасанд нийцжээ. Эдгээрээс дүгнэхэд хариуцагч нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэлд тодорхойлсон хэмжээгээр тооцон гаргуулах үндэслэл тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангах үндэслэлтэй.

Иймд хариуцагч нараас үндсэн зээл 29 835 941.16 төгрөг, зээлийн хүүд 17 579 874,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 939 406,44 төгрөг, нийт 50 355 223 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцнэ гэж үзлээ.

Зээлдэгч Э.С, Т.Хүсэлтзаяа нар нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031092, Ү-2201031057, Ү-000495271 дугаарт бүртгэгдсэн хариуцагч нарын өмчлөлийн Сонгинохайрхан 19-р хороо 2-20-р байр 12 тоот байр 12 тоот хаягт байрлах 43 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хороолол, 2-р дан байрны 11 тоот хаягт байрлалтай 44 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо Зүүн салаанд байрлах 2609 м.кв эзэмших эрхтэй 18635319910097 нэгж талбарын дугаартай газар зэрэг барьцааны хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн болно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/00311 дугаар  шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 32 347 652.4 гэснийг 50 355 223 гэж, олгож гэснийг олгосугай. гэж, нэхэмжлэлийн шаардлагаас 18 027 469 63 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг хасч, 3 дахь заалтын 319 688 гэснийг 411 229.62 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248 087.35 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД  С.ЭНХТӨР

 

Б.НАРМАНДАХ