Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 216/МА2020/00007

 

  “Н и” ХХК-ийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020  оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 134/ШШ2020/00087 дугаар шийдвэртэй, “Н и” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ш-О” ХК-д холбогдох барааны үлдэгдэл төлбөр 80 939 636 төгрөг, алданги 1 764 492 төгрөг, нийт 82 704 128 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч “Ш-О” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Н и ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н и ХХК нь хариуцагч Ш О ХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2б/134 дугаартай албан мэдэгдлийн дагуу СШ.№30.ШОХК.2018 дугаартай ЭКГ5А Экскаваторын механик эд ангийн сэлбэг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгох сонгон шалгаруулалтанд шалгарч 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ШО18-2/46 дугаартай ЭКГ5А Экскаваторын механик эд ангийн сэлбэг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан болно. Гэрээнд заасан техникийн тодорхойлолтын дагуу 280 939 648 төгрөгийн экскаваторын механик эд ангийн сэлбэгийг бүрэн нийлүүлж 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэж 80 939 636 төгрөгийн үлдэгдэлтэйг баталгаажуулсан. Гэрээний 6.3-т “Барааны төлбөрийг бараа хүлээн авсан акт үйлдсэнээс хойш 60 хоногийн дотор шилжүүлнэ” гэж заасан. 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 60 хоногийг тооцоход барааны төлбөр төлөх хугацаа нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр болж байгаа. 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 218 хоног. Мөн гэрээний 9.7-д захиалагч нь гэрээнд заасан хугацаанд нийлүүлэгдсэн барааны төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувийн алданги төлнө, 9.8-д алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байхаар заасан тул алданги 1 764 492 төгрөг байна. Энэ үлдэгдэл төлбөр нь ШО18-2/46 дугаартай гэрээний үнэ болох 280 939 648 төгрөгөөс үлдсэн төлбөр. Өмнөх гэрээний төлбөрийг тооцоо нийлээд дуусгасан. Иймд барааны үлдэгдэл төлбөр 80 939 636 төгрөг, алданги 1 764 492 төгрөг, нийт 82 704 128 төгрөгийг хариуцагч Ш О ХК-аас гаргуулж өгнө үү. Манай удирдлагын зүгээс нийлүүлсэн бараагаа буцаан авах боломжгүй гэсэн хариуг өгсөн гэжээ.

Хариуцагч Ш-О ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан тайлбартаа: Н и ХХК-ийн барааны үлдэгдэл төлбөр 80 939 636 төгрөг, алданги 1 764 492 төгрөг, нийт 82 704 128 төгрөг гаргуулах талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хямд үнэ бүхий эрчим хүчээр иргэдийг хангах зорилтын хүрээнд тус компани санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байна. Санхүүгийн хүндрэлээс шалтгаалж гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдийн төлбөрийг удаасан, хүндрэл үүсгэсэн зүйл байгаа боловч харилцан зөвшилцөх замаар маргаанаа шийдвэрлэж байгаа. Тус компанитай Н и ХХК нь олон жил хамтран ажилласан. Бидний хооронд хийгдсэн худалдан авах ажиллагааны харилцаа 2018 оны ШО18-2/46 дугаар гэрээгээр хязгаарлагдахгүй бөгөөд 2018 онд үүссэн тооцоогоор тэрбум гаран төгрөгийн асуудал байсан. Тус компани санхүүгийн хүнд нөхцөл байдалд байсан ч гэсэн төлбөрийг төлж байсан. Нийлүүлсэн сэлбэг дээр ч ямар нэг маргаан үүсгээгүй билээ. Н и ХХК-ийн нийлүүлсэн сэлбэгүүдээс үлдэгдэл сэлбэгүүд байгаа бөгөөд буцаан хүлээлгэн өгөх боломжтой. Иймд манай хоёр компанийн хооронд үүссэн үлдэгдэл төлбөрийн асуудлыг зөвшилцөх замаар шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж байна гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Ш-О ХК-аас барааны үлдэгдэл төлбөр 80 939 636 төгрөг, алданги 809 397 төгрөг, нийт 81 749 033 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н и ХХК-д олгож, нэхэмжлэлээс алданги 955 095 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н и ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 571 471 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш-О ХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд 566 695 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, ... гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М давж заалдах гомдолдоо:  ...Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М миний бие Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 134/ШШ2020/00087 дугаар шийдвэрийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гардан авсан болно.

“Ш-О” ХК-иас алданги 809 397 төгрөг гаргуулан шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Төрийн өмчит санхүүгийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа хуулийн этгээдээс алданги гаргуулан шийдвэрлэх нь үндэслэлгүй хэмээн үзэж байна.

Иймд  Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 134/ШШ2020/00087 дугаар шийдвэрийн алданги 809 397 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Н и ХХК нь  Говьсүмбэр аймгийн Ш-О ХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 80 939 636 төгрөг, алданги 1 764 492 төгрөг нийт 82 704 128 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь нэхэмжлэлийн  зарим хэсгийг зөвшөөрөхгүй хэмээн  маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбар зэргийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул  шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж  давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь хэргийн материалаас үзэхэд: 1. нэхэмжлэгч  Н и ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд хандан Ш-О ХК-иас  82,704,128 төгрөг гаргуулахаар шаардахдаа ЭКГ5А эксковаторын механик эд ангийн сэлбэг худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 80 939 636 төгрөг, алдангид 1,764,492 төгрөг гаргуулна гэж  нэхэмжилсэн.  

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн тайлбартаа ... тус компани санхүүгийн хүнд нөхцөл байдалд байсан ч төлбөрийг төлж байсан. Нийлүүлсэн сэлбэг дээр ямар нэг маргаан үүсгээгүй, нэхэмжлэгчээс нийлүүлсэн сэлбэгүүдээс үлдэгдэл байгаа бөгөөд буцаан өгөх боломжтой. Манай хоёр компанийн хооронд үүссэн үлдэгдэл төлбөрийн асуудлыг зөвшилцөх замаар шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж байна гэжээ.

Хэргийн 5 дугаар талд авагдсан  2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан ЭКГ5А экскаваторын механик эд ангийн сэлбэг худалдах, худалдан авах ШО18-2/46 тоот гэрээгээр нийлүүлэгч буюу Н и ХХК нь нийт 280 939 648 төгрөгийн үнэтэй бараа нийлүүлэх, худалдан авагч буюу Ш-О ХК нь барааг хүлээн авч, төлбөрийг төлөх үүрэг  тус тус хүлээсэн байна.

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу барааг бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон ЭКГ5А экскаваторын механик эд ангийн сэлбэг худалдах, худалдан авах ШО18-2/46 тоот гэрээ нь хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль гэрээний үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан зохицуулалтад нийцсэн гэж үзэн  гэрээний үүрэгт нэхэмжилсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2.Талуудын хороонд байгуулагдсан ЭКГ5А экскаваторын механик эд ангийн сэлбэг худалдах, худалдан авах ШО18-2/46 тоот гэрээнд зааснаар хариуцагч алданги төлөх үүрэг хүлээсэн тул үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан 2018 оны 08 дугаар  сарын 27-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 218 хоногийн алданги 1,764,492 төгрөгийг төлүүлнэ ...” гэж нэхэмжлэгч тал мэтгэлцсэн байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн  ЭКГ5А экскаваторын механик эд ангийн сэлбэг худалдах, худалдан авах ШО18-2/46 тоот гэрээний 9.7-д “захиалагч нь гэрээнд заасан хугацаанд нийлүүлэгдсэн барааны төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувийн алданги төлнө” гэж,

Гэрээний 9.8-д “Алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй” гэж тус тус заасан байна.

Өөрөөр хэлбэл хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр талууд гэрээндээ тохиролцсон байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт “...анзын гэрээг бичгээр хийнэ” гэж,

Хуулийн 232.1 дэх хэсэгт “хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж,

Хуулийн 232.6 дахь хэсэгт “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасан.

Хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хариуцагч худалдан авсан эд хөрөнгийн үнээс гадна мөнгөн төлбөр төлөхөөр талууд тохиролцсон байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсгийн “...анзын гэрээг бичгээр хийнэ “ гэснийг зөрчөөгүй байна.

Улмаар хариуцагч нь алданги төлөх үүрэг хүлээхдээ алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаас өөр байдлаар тодорхойлсон нь мөн хуулийн 232.3-т заасан тохиролцоог үгүйсгэхгүй гэж үзнэ.

Иймд алдангийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.6 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан...алданги 809397 төгрөг гаргуулан шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй, төрийн өмчит санхүүгийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа хуулийн этгээдээс алданги гаргуулан шийдвэрлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг  хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх  үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн167.1 дэх хэсгийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 134/ШШ2020/00087 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23976  төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Г.ТЭГШСУУРЬ

ШҮҮГЧИД                                          О.ОДНЯМАА

                                                              Х.БАЙГАЛМАА