Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 134/ШШ2020/00087

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Н даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол Г........ цогцолборын 8-807 тоотод байрлах, Н и ХХК /Хуулийн этгээдийн РД:............, утас:............./-ийн гаргасан

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багт байрлах    Ш.О ХК /Хуулийн этгээдийн РД:..........., утас:............/-д холбогдох,

 

барааны үлдэгдэл төлбөр 80 939 636 төгрөг, алданги 1 764 492 төгрөг, нийт 82 704 128 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н и ХХК нь хариуцагч Ш-О ХК-д холбогдуулан барааны үлдэгдэл төлбөр 80 939 636 төгрөг, алданги 1 764 492 төгрөг, нийт 82 704 128 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Н и ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н и ХХК нь хариуцагч Ш о ХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2б/134 дугаартай албан мэдэгдлийн дагуу СШ.№30.ШОХК.2018 дугаартай “ЭКГ5А Экскаваторын механик эд ангийн сэлбэг нийлүүлэх” нийлүүлэгчийг шалгах сонгон шалгаруулалтанд шалгарч 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ШО18-2/46 дугаартай “ЭКГ5А Экскаваторын механик эд ангийн сэлбэг худалдах, худалдан авах” гэрээг байгуулсан болно. Гэрээнд заасан техникийн тодорхойлолтын дагуу 280 939 648 төгрөгийн экскаваторын механик эд ангийн сэлбэгийг бүрэн нийлүүлж 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэж 80 939 636 төгрөгийн үлдэгдэлтэйг баталгаажуулсан. Гэрээний 6.3-т Барааны төлбөрийг бараа хүлээн авсан акт үйлдсэнээс хойш 60 хоногийн дотор шилжүүлнэ гэж заасан. 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 60 хоногийг тооцоход барааны төлбөр төлөх хугацаа нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр болж байгаа. 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 218 хоног. Мөн гэрээний 9.7-д захиалагч нь гэрээнд заасан хугацаанд нийлүүлэгдсэн барааны төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувийн алданги төлнө, 9.8-д алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байхаар заасан тул алданги   1 764 492 төгрөг байна. Энэ үлдэгдэл төлбөр нь  ШО18-2/46 дугаартай гэрээний үнэ болох 280 939 648 төгрөгөөс үлдсэн төлбөр. Өмнө гэрээний төлбөрийг тооцоо нийлээд дуусгасан. Иймд барааны үлдэгдэл төлбөр 80 939 636 төгрөг, алданги 1 764 492 төгрөг, нийт 82 704 128 төгрөгийг хариуцагч Ш о ХК-аас гаргуулж өгнө үү. Манай удирдлагын зүгээс нийлүүлсэн бараагаа буцаан авах боломжгүй гэсэн хариуг өгсөн гэв.

            Хариуцагч Ш-О ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан тайлбартаа: Н и ХХК-ийн барааны үлдэгдэл төлбөр 80 939 636 төгрөг, алданги 1 764 492 төгрөг, нийт 82 704 128 төгрөг гаргуулах талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хямд үнэ бүхий эрчим хүчээр иргэдийг хангах зорилтын хүрээнд тус компани санхүүгийн хүндрэлтэй нөхцөлтэй ажиллаж байна. Санхүүгийн хүндрэлээс шалтгаалж гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдийн төлбөрийг удаасан, хүндрэл үүсгэсэн зүйл байгаа боловч харилцан зөвшилцөх замаар маргаанаа шийдвэрлэж байгаа. Тус компанитай Н и ХХК нь олон жил хамтран ажилласан. Бидний хооронд хийгдсэн худалдан авах ажиллагааны харилцаа 2018 оны ШО18-2/46 дугаар гэрээгээр хязгаарлагдахгүй бөгөөд 2018 онд үүссэн тооцоогоор тэрбум гаран төгрөгийн асуудал байсан. Тус компани санхүүгийн хүнд нөхцөл байдалд байсан ч гэсэн төлбөрийг төлж байсан. Нийлүүлсэн сэлбэг   дээр ч ямар нэг маргаан үүсгээгүй билээ. Н и ХХК-ийн нийлүүлсэн сэлбэгүүдээс үлдэгдэл сэлбэгүүд байгаа бөгөөд буцаан хүлээлгэн өгөх боломжтой. Иймд манай хоёр компанийн хооронд үүссэн үлдэгдэл төлбөрийн асуудлыг зөвшилцөх замаар шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж байна гэжээ.

 

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н и ХХК нь хариуцагч Ш-О ХК-д холбогдуулан барааны үлдэгдэл төлбөр 80 939 636 төгрөг, алданги 1 764 492 төгрөг, нийт 82 704 128 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч талаас гэрээ байгуулагдсан талаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан боловч, үндэслэлээ тайлбарлаагүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мд шүүх хуралдааны товыг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр баримтанд гарын үсэг зуруулж, мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч талаас түүнийг эзгүйд хуралдааныг явуулахаар санал гаргасан байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хариуцагч Ш-О ХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2б/134 дугаар “...тендерт шалгарсан” гэсэн мэдэгдлийн /хх-ийн 9-17/ үндсэн дээр нэхэмжлэгч Н и ХХК, хариуцагч Ш-О ХК нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ЭКГ5А экскаваторын механик эд ангийн сэлбэг худалдах, худалдан авах 280 939 648 төгрөгийн үнэ бүхий ШО18-2/46 дугаартай гэрээ /хх-ийн   5-8/ байгуулагдсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Худалдагч буюу нэхэмжлэгч Н и ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 24-нд 52 693 850 төгрөгийн, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 25 296 150 төгрөгийн, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 202 949 648 төгрөгийн буюу нийт  280 939 648 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг гэрээнд заасан хугацаанд бүрэн нийлүүлсэн болох нь зарлагын падаанууд /хх-ийн 19-21/ болон 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт /хх-ийн 18/, сэлбэг хүлээлгэн өгсөн фото зураг /хх-ийн 32/-ууд зэрэг баримтаар тогтоогдож байна.

Гэрээний 6.3-д “Захиалагч нь нийлүүлэгдсэн барааны төлбөрийг бараа хүлээн авсан акт үйлдсэнээс хойш хуанлийн 46-60 хоногийн дотор шилжүүлнэ” гэжээ.

Гэвч худалдан авагч буюу хариуцагч Ш-О ХК нь гэрээний үнийн үлдэгдэл 80 939 636 төгрөгийг гэрээнд заасан хугацааны дотор төлөөгүй болох нь хоёр байгууллагын нягтлан бодогчийн тооцоо нийлсэн баталгаа /хх-ийн 22/, 2019 оны санхүүгийн аудиттай холбоотойгоор мэдээлэл авах зорилгоор Ш-О ХК-аас нэхэмжлэгч Н и ХХК-д 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүргүүлсэн “Өглөгийн дансны үлдэгдэл баталгаажуулах тухай” 3/194 дугаар албан бичиг, нэхэмжлэгч Н и ХХК-ийн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хх-ийн 24/ болон талуудын маргаангүй тайлбараар нотлогдож байна.

Мөн гэрээний 9.7-д “Захиалагч гэрээнд заасан хугацаанд нийлүүлэгдсэн барааны төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувийн алданги төлнө.” гэж талуудын хариуцлагыг тодорхойлсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргад нийцсэн байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй байна.

 

Түүнчлэн талууд гэрээний 9.8-д “Алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгэгээгүй үүргийн үнийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байна” гэж алдангийн дээд хязгаарыг тогтоож өгсөн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдалд нийцсэн, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан хэмжээ хязгаарын дотор байна.

Иймд нэхэмжлэгч Н и ХХК нь алдангийн хэмжээг тодорхойлохдоо дээрх заалтыг хэрэглээгүй байх тул алдангид 1 764 492 төгрөг шаардснаас 809 397 /80 939 636 х 1 хувь/ төгрөгийг хангаж, илүү нэхэмжилсэн 955 095 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Н и ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 571 471 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжинд 566 695 төгрөгийг хариуцагч Ш о     ХК-аас гаргуулж нэхэмжлэгч  Н и ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Ш-О ХК-аас барааны үлдэгдэл төлбөр 80 939 636 төгрөг, алданги 809 397 төгрөг, нийт 81 749 033 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н и ХХК-д олгож, нэхэмжлэлээс алданги 955 095 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н и ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 571 471 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш-О ХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд 566 695 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                  Б.Н