Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 0813

 

    

                                                             “Т г” ХК-ийн нэхэмжлэлтэй

                                                            захиргааны хэргийн тухай

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Гангэрэл, нэхэмжлэгч “Т г” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Цэрэндондов, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батболд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0607 дугаар шийдвэртэй, “Т г” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0607 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 26 дугаар зүйлийн 26.2.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Т г” ХК-ийн гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс “Э” ХК-ийн 14209А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаар шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “Э” ХК-ийн 14209А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах, “Э” ХК-д 14209А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон, Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1396 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Т г” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Цэрэндондов давж заалдах гомдолдоо: “ ...”Т г” ХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1396 дугаар шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 94 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны актаар тогтоолгох шаардлага бүхий өөр хоорондоо шууд холбоотой нэхэмжлэлүүдийг тус тус харьяалах шүүхэд нь гаргасан билээ.

Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 94 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосон Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрт гуравдагч этгээд давж заалдах гомдол гаргаж, хэргийг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хэлэлцэхээр товлосон боловч 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдааныг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хойшлуулсан шүүгчийн захирамж гарсан.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох хэргийг 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэхээр товлогдсон байх тул шүүх хуралдаан болсон. Энэ шүүх хуралдаанд миний өмгөөлөгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасныг үндэслэл болгон “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх” тухай хүсэлт гаргасан юм. Учир нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрхэн зөрчигдөж байгаагаа “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1396 дугаар шийдвэр гаргаж “Э” ХК-д ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо “Т г” ХК-ны эзэмшил, ашиглалтын 56 га газартай давхардуулж, газар эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн” гэж тодорхойлсон.

Гэтэл “Т г” ХК-д энэхүү 56 га газрыг эзэмшиж, ашиглах эрх олгосон Сүхбаатар сумын Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 77 дугаар захирамжийг дээр дурдсан Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 94 дүгээр захирамжаар хүчингүй болгосон байдаг. Энэхүү 94 дүгээр захирамж нь илт хууль бус захиргааны акт болох нь анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ч уг шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхээр болсон.

Эндээс дүгнэн үзвэл Сүхбаатар сумын Засаг даргын 94 дүгээр захирамж хууль ёсны захиргааны акт мөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэхээс өмнө Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд “Т г” ХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн гол үйл баримтад холбогдох 94 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны актад тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх эсэх асуудлыг давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэх хүртэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасны дагуу уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нь зүйтэй юм. Гэтэл шүүх бүрэлдэхүүн гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон төдийгүй уг тогтоолд давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурдсан. Үүгээр зогсохгүй иргэдийн төлөөлөгч ирээгүй байтал хэргийн оролцогчийн зөвшөөрлийг авалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн дуусгаж шийдвэрээ гаргасан.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн агуулгыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа болно” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн төдийгүй хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын алба “Т г” ХК-д 35 га газарт ашигт малтмал ашиглах 2060А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 77 дугаар захирамжаар “Т г” ХК-д уурхайн ашиглалтад зориулж 89 га, хот тосгонд зориулж 2 га, зам шугам сүлжээнд зориулж 10 км газрыг 20 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэж, мөн өдөр 0002716 дугаар гэрчилгээг олгожээ.

Улмаар Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 94 дүгээр захирамжаар “Т г” ХК-д Сүхбаатар аймгийн 5 дугаар багийн нутаг “Тал булаг” гэдэг газарт Ашигт малтмал, газрын тосны газрын 2060А дугаар лицензийн дагуу нүүрс олборлох зориулалтаар 35 га газрыг 15 жилийн хугацаатай ашиглуулах, мөн захирамжийн 4 дэх заалтаар сумын Засаг даргын 2007 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 77 дугаар захирамжийг хүчингүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээд “Э” ХК нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Талбулаг-1 нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын 57493Х дугаар тусгай зөвшөөрлийг анх 2003 онд авсан бөгөөд улмаар Геологи, уул уурхайн Кадастрын албаны даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар /нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 1396 гэх/ шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын 14209А дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшсэн ба уг талбайн тодорхой хэсэг нь бусдын газартай давхацсан гэх үндэслэлээр MV-014209 дүгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 1390.59 га талбайгаас 698.17 гектар талбайг буцаан өгснийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 289 дүгээр шийдвэрээр бүртгэж, үлдэх 692.42 гектар талбайг MV-014209 дүгээр тусгай зөвшөөрлөөр үргэлжлүүлэн эзэмшүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Тодруулбал, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...нэхэмжлэгч “Т г” ХК нь “Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 94 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ... уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тус шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар шүүхийн шийдвэр гарсан. Энэ шүүхийн шийдвэрт гуравдагч этгээд ... гомдол гаргасан бөгөөд хэргийг давж заалдах журмаар хэлэлцэх болсон тул “Т г” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт зааснаар түдгэлзүүлж өгнө үү ...” гэх хүсэлт гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, улмаар уг тогтоолд гомдол гаргах эрхгүй гэж тайлбарлан шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг хянан хэлэлцэж шийдвэр гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т “Хуульд гомдол гаргахаар заасан ... асуудлаар шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг ажлын гурван өдрийн дотор бичгээр гаргана”, 122 дугаар зүйлийн 122.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн ... 65.1... дэх хэсэгт заасан ... шүүхийн тогтоолд бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан байхад анхан шатны шүүх хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхийг хязгаарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрсөн байна.

Мөн түүнчлэн нэхэмжлэгч “Т г” ХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ““Э” ХК-д 14209А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын газрын даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1396 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэмэгдүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс ирүүлсэн “Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэр ...” гэх тайлбар, Ашигт малтмал, газрын тосны газрын 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 7-7353 дугаартай “Э” ХК-д хүргүүлсэн мэдэгдэл зэрэг баримтуудаар нэхэмжлэгчийн илт хууль бусад тооцуулахаар шаардаж буй акт нь 1346 эсхүл 1396 дугаартай эсэх  нь тодорхойгүй байхад шүүхээс энэ талаар тодруулаагүй, мөн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1/10921 дүгээр албан бичгээр хариуцагчаас 1396 дугаар шийдвэрийг шаардсан боловч маргаан бүхий актыг хэрэгт авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Нөгөөтэйгүүр, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 289 дүгээр шийдвэрээр “Э” ХК-ийн MV-014209А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 1390.59 га талбайн 698.17 гектар талбайг буцаан өгснийг бүртгэсэн бөгөөд нэхэмжлэгчээс “Э” ХК-д тусгай зөвшөөрөл бүхий нийт 1391 га талбайг 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрээр олгосныг эсхүл тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан өгснийг бүртгэж, үлдэх 692.42 гектар талбайг үргэлжлүүлэн эзэмшүүлсэн шийдвэрийн чухам алинтай нь маргаж байгаа эсэхийг анхан шатны шүүх тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байжээ.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0607 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                      

                        ШҮҮГЧ                                                                    Д.БААТАРХҮҮ

                        ШҮҮГЧ                                                                     О.НОМУУЛИН

                       ШҮҮГЧ                                                                    Ц.САЙХАНТУЯА