Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2017/ШЦТ/169

 

 

 

 

 

 

 

 

                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Золбоо,

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

Хохирогч Г.Алтангэрэл,

Шүүгдэгч Т.О нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жээж овогт Төмөрбаатарын Отгонбаатарт холбогдох эрүүгийн 1719000000060 дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,1986 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ  суманд төрсөн, 31 настай , эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй , хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт  Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, 32 дугаар байр  10 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Ж овгийн Т.О, регистрийн дугаар ЕН 86112316

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Яллагдагч Ж овогт Т.О нь Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Г.А-тай маргалдан улмаар нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт: “...2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Замын –Үүдээс манай нэг найз ирсэн, тэр найзыгаа гаргаж өгнө гээд ганц нэг юм уусан байсан бөгөөд тухайн өдөр такси барих гэж байгаад л А-тэй муудаж, намайг тонгорч унагаасан би босохдоо өөрөөс нь татаж босоод л нэг цохисон...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж  байгаа мөн Прокурорын сонсгосон ялтай санал нэг байна... ”гэв.

 

Хохирогч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт : “... Би 2017 оны 10 дугаар сарын 21-ний орой Замын-Үүдийн чиглэлд өөрийнхөө СОНАТА-6 маркийн автомашинаар хүн тээвэрлээд  гарах гэж байхад О согтуу ирээд ГАЙХААД БАЙНА УУ  гэж хэлсэн  би гайхаагүй байна аа гэсэн бөгөөд надаас хоёр ч удаа тэгж асуусан тэгээд намайг тэвэрч авсан... О намайг зодолдоё гээд байсан , би согтуу хүнтэй зодолдохгүй ээ гэсэн... Миний чихнээс татахаар нь түлхсэн ба хүрээд ирэхээр нь барьж аваад тонгорсон ,О босож ирээд 1 удаа хамран тус газар цохисон , хамраас их хэмжээний цус гарж байсан болохоор би доош нь тонгойгоод цусаа гойжуулаад хэсэг суусан бөгөөд тэр хооронд О явсан байсан...Эмч дээр очиход хамар чинь хугарсан байна аа гэсэн...” гэв.

 

            Хохирогч Г.А мөрдөн байцаалтанд өгсөн: "...би 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр орой 7 цаг 30 минутын орчим Мөнхдүүрэн зах дээрээс өөрийн Соната 6 маркийн 15-05 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Сайншанд Замын-Үүд сумын чиглэлд нэг хүн суулгачихсан хоёр хүнтэй утсаар ярьчихсан. нэг хүн хүлээгээд байж байсан. Тэгтэл нэг халамцуу залуу хүрч ирээд гайхаад байна уу гэж хэлсэн. Би тэгж хэлэхээр нь гайхаагүй ээ гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу зодолдоё хоёулаа гэж хэлсэн. Би зодолдох гэж байгаа бол эрүүл дээрээ ирээд зодолд би  согтуу хүнтэй зодолдмооргүй байна гэж хэлсэн. Тэгээд намайг тэвэрч аваад байсан. Тэгээд минии чихнээс зулгаагаад байхаар нь би түлхчихсэн юм. Тэгээд дахиад гүйгээд ирэхээр нь би тонгороод унагаачихсан юм. Тэгээд надтай таксинд явдаг залуу боль боль гээд хэлсэн. Тэгээд нөгөө О газар уначихаад босч ирээд дахиад дайрсан.Тэгэхээр нь би дахиад унагаагаад зодолдох гэж байгаа бол эрүүл дээрээ ир гэж хэлсэн, тэгээд газар уначихаад овоо пизда вэ чи гээд босоод ирсэн. Тэгээд дахиад хүрээд ирэхээр нь болио чи гэж хэлсэн. Тэгээд миний хажууд зэрэгцэн юм ярьж зогсож байгаад миний яг хамар луу цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

 

 

           Гэрч А.С мөрдөн байцаалтанд өгсөн: “...би О  хүргэж өгөх гээд машиндаа ороод сууж байтал, гадаа А, О хоёр муудалцаад байж байсан. Юунаас болсон талаар мэдэхгүй байна. Тэгтэл А нь О-г цохих шиг болсон. Тэгээд би машинаасаа буугаад О-г босгосон. Тэгээд босч ирээд О нь А-г бариад авсан ба А дахиад тонгороод унагаасан. Тэгээд О босч ирээд А-н хамар луу нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл А-н хамарнаас цус гоожоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Анхбаярын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “...Г.А-н биед хамар ясны хугарал. таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлехгүй...” гэсэн 352 дугаартай дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/,

         Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.О нь Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Г.А-тэй маргалдан улмаар нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Ж овогт Т. О  нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.О нь  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Т.О бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Т. О бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэгжүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О цагдан хоригдсон 6 хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас 90.000 төгрөгийг хассугай.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О нь торгуулийн ялыг 1 сарын хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 499 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.О-аас 700.000 төгрөг гаргуулж хохирогч Г.А-д олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар хохирлын 700.000 төгрөгийг 20 хоногийн хугацаанд хохирогчид төлж барагдуулахыг шүүгдэгч Т.О-д үүрэг болгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Т.О бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Т.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                                Н.АДЪЯА