Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 11

 

            

 

 

 

Т.От холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

                Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: А.Дүүрэнбилэг,

Хохирогч: Г.Алтангэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Эрдэнэбаатар,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2017/ШЦТ/169 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Т.От холбогдох, эрүүгийн 1719000000060 дугаартай, 1 хавтас, 97 хуудас бүхий хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Прокурорын газраас;

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,1986 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, .. дугаар байр  ..тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Жээж овогт Төмөрбаатарын О /РД:ЕН 86112316/-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Т.О нь Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Г.Алтангэрэлтэй маргалдан улмаар нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Оыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оын цагдан хоригдсон 6 хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас 90.000 төгрөгийг хасч,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О нь торгуулийн ялыг 1 сарын хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 499 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Оаас 700.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Алтангэрэлд олгож,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар хохирлын 700.000 төгрөгийг 20 хоногийн хугацаанд хохирогчид төлж барагдуулахыг шүүгдэгч Т.От үүрэг болгож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Оын бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Т.От урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Батхүлэг шанд ХХК-ийн тодорхойлолт, хохирогчийн мэдүүлгээр хохирлын 700000 төгрөгийг шүүгдэгч хариуцах үндэстэй гэж дүгнэсэн мөн тогтоолын тогтоох хэсгийн 5, 6 дугаар заалтаар шүүгдэгч Оаас 700000 төгрөг гаргуулж хохирогч Алтангэрэлд олгуулах, 20 хоногийн хугацаанд хохирогчид төлж барагдуулахыг шүүгдэгчид үүрэг болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр товлогдож болсон, гэтэл Батхүлэг шанд ХХК-ийн тодорхойлолт нь 2017.11.23-ны өдөр буюу шүүх хуралдааны дараа бичигдсэн огноотой нотлох баримтын хууль зүйн шаардлагыг хангахгүй, хохирогчийн мэдүүлэг дангаараа хохирлыг тогтоох нотлох баримт болохгүй, мөрдөн шалгах ажиллагаагаар хохирлыг шүүгдэгч хариуцахыг бодитой тогтоогоогүй байхад шүүх хохирлыг шүүгдэгчид хариуцуулж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй тул анхан  шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5, 6 дугаар заалтуудыг эс зөвшөөрч байна. Хохирогч Алтангэрэл шүүх хуралдаанд мэдүүлэхдээ компанид сар тутам 100000 төгрөг өгдөг, бусад орлогоо өөрөө авдаг. Сайншандаас Замын-Үүд сум руу 4 хүнтэй явахад нэг хүнээс 15000 төгрөг, нийт 60000 төгрөг авдаг, үүнээс 40000 төгрөгөөр бензин хийдэг. Замын-Үүд сумаас Сайншанд сум руу 4 хүнтэй явдаг, нэг хүнээс 20000 төгрөг авдаг гэж хавтаст хэргийн 79 дүгээр хуудсанд, надад эрүүл мэндийн талаар нотлох баримт байхгүй. Хохирол барагдуулаад 7 удаагийн таксины мөнгө буюу 700000 төгрөг, хамраа цохиулан хугалуулсан тул эрүүл мэндээрээ хохирсноо 300000 төгрөгөөр тооцон нийт 1000000 төгрөг болох юм байна гэж мэдүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан дүгнэхэд хохирогч Алтангэрэл Батхүлэг шанд ХХК-д жолоочоор ажилладаг болон, эмнэлгийн чөлөөтэй, өвчтэй, эмчилгээтэй байсан, зорчигч тээвэрлэх үүргээ биелүүлээгүй, сарын орлогын хэмжээг тодорхойлоход дараах нотлох баримтууд үндэслэл болох байсан гэж үзэж байгаа. Үүнд Батхүлэг шанд ХХК-д жолоочоор ажилладаг талаар хөдөлмөрийн гэрээ эсхүл хөлсөөр ажиллах гэрээ, сар тутамд 100000 төгрөг төлдөг талаар компанийн санхүүгийн баримт, хохирогч эмнэлэгт хэвтсэн талаар өвчний түүх, гадуур эмчлүүлэгсдийн картанд эмчийн бичсэн эмчилгээ, гадуур эмчилгээ хийлгэхээр эмнэлгийн чөлөөний хуудас, Соната-6 маркийн машины 2017 оны 10 дугаар сарын хэдний өдөр зорчигч тээвэрлэлтэнд гарахаар бүртгүүлээгүй буюу зорчигчийн тасалбар аваагүй зэрэг, мөн аймгийн Автотээврийн тодорхойлолт,  тээвэрлэгч зорчигчийн тоог бүртгэсэн Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт, зорчигч тээвэрлэлтийн батлагдсан үнэ, тариф, хохирогчийг Батхүлэг шанд ХХК-д жолоочоор ажиллуулдаг талаар тодорхойлолт зэргийг харгалзан үзэж шүүх шийдэх байсан. Эдгээр баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдаагүй, хохирлыг шийдэх нотолгоо үндэслэлгүй байхад хууль зүйн шаардлага хангахгүй Батхүлэг шанд ХХК-ийн тодорхойлолтыг үндэслэн хохирлыг шүүгдэгчид хариуцуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн нэхэмжлэлийг хангах тухай үндэслэлийг хэргийн бодит байдалтай нийцүүлэх, тогтоох хэсгийн 5, 6 дугаар заалтуудыг хүчингүй болгож, хохирогч Алтангэрэлийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

 

Хохирогч Г.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нүүр ам хавдчихсан байсан болохоор ажилдаа гараагүй. Эмчилгээний хувьд Нэгдсэн эмнэлгийн чих, хамарын эмчид үзүүлж хамрынхаа чихээсийг гаргуулсан. Нада чөлөөний хуудас байхгүй. Хамрынхаа хавдрыг буутал 10 хоног гэртээ байсан. Тухайн үед өвчин намдаах эм, тариа авч хамрынхаа чихээсийг гаргуулж байсан, баримт нь байхгүй. Харин эмчилгээ хийлгэж байх үед авсан зураг нь эхнэрийн утсан дээр байгаа. 2017.11.22-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаан дээр тодорхойлолтоо өгсөн. Цохиулсан хамар маань муруй эдгэж байгаа, гадаа зогсож байгаа учраас нулимс их гардаг болсон. Эмчилгээний мөнгө өгчихвөл эмчилгээ хийлгэмээр байна гэж Отай ярьж тохиролцсон гэв.  

 

Прокурор А.Дүүрэнбилэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: От холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн хангасан учир яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Хохирлын тухайд мөрдөн шалгах явцад хохирогчийг баримтаа гаргаж өгнө үү гэхэд хохирогч өөрөө баримтаа гаргаж өгөөгүй, анхан шатны шүүх хуралдаан дээр баримтаа гаргаж өгсөн. Энэ баримтад тулгуурлаад шүүх шийдлээ гаргасан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж  үзэж байна гэв.

 

Шүүгдэгч Т.Оын өмгөөлөгч Э.Эрдэнэбаатарын давж заалдсан гомдлын дагуу тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл шүүгдэгч Г.О нь архи ууж согтуурсан үедээ хохирогч Г.Алтангэрэлийг гудамжинд зогсож байхад нь ирж хэл амаар өдөөн хоргоосон ба  Г.Алтангэрэл  түүнийг тонгорч унагаасны дараа  шүүгдэгч Т.О нь түүний хамар тус газарт нь цохиж хамар ясны хугарал, таславчийн муруйлт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан тул Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, мөн түүнийг дээрх хуульд зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгийн торгох ял  оногдуулсан нь  шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Оын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан нотлох баримтууд болох хохирогч Г.Алтангэрэл болон гэрч Т.Отгон-Эрдэнэ, А.Содномпунцаг нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх 352 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Харин гэм хорын хохирол 700.000 төгрөгийг 20 хоногийн хугацаанд хохирогчид төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Энэ нь анхан шатны шүүх хохирогчид гэм хор учирснаас олох байсан орлого болох 700.000 төгрөгийн хохирлыг шийдвэрлэхдээ “Батхүлэг шанд такси ХХК“-наас гаргаж өгсөн хуульд заасан шаардлага хангаагүй нотлох баримтад үндэслэж, уг баримт бичгийг үндэслэн шүүгдэгчид албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1, 1.1-д нийцээгүй тул хохирогчийн хохирол нөхөн төлүүлэх асуудлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нотлох баримтыг бүрдүүлж шийдвэрлүүлэх нь хохирогчийн эрхийг зөрчихгүй юм.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатараас гаргасан давж заалдсан гомдол үндэслэлтэй тул дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.5, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2017/ШЦТ/169 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “... торгох ...” гэснийг “торгосугай” гэж өөрчилж, заалтаас “...үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэгжүүлсүгэй” гэснийг,

 

5 дугаар заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Оаас 700.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Алтангэрэлд олгосугай.“ гэснийг, 

 

6 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар хохирлын 700.000 төгрөгийг 20 хоногийн хугацаанд хохирогчид төлж барагдуулахыг шүүгдэгч Т.От үүрэг болгосугай” гэснийг тус тус хүчингүй болгож, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

 

                                     ШҮҮГЧИД                                    Н.БОЛОРМАА

 

                                                                                          А.САЙНТӨГС