Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/168

 

 

 

 

 

 

 

 

                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга,

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,

Шүүгдэгч Ц.Т нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Ц. Т холбогдох эрүүгийн 1719000940052 дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг 5-6-39 тоотод оршин суух хаягтай, урьд Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 01дүгээр сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,1 жилийн хугацаагаар тэнссэн, мөн Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жил 6 сар хорих, мөн Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил 2 сар хорих ял, Сум дундын 3 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, 1 жил 6 сар хорих ялаар шийтгэж, уг хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, А  овогт Ц. Т /ВК85032916 /

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ц.Т  нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ж.Б их, бага гарын 2 ширхэг мөнгөн аяга , 110.000 төгрөг, Даюун маркийн мотоцикль зэргийг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “... Тэр айлд мал маллах гэж очсон, 110000 төгрөг, 2 мөнгөн аяга, мотоцикль авсан... Хоёр хөгшинтэй хамт худаг дээр малаа усалчихаад гэр рүү нь явуулсан юм. Намайг гэрт очиход хоёр хөгшин захиа бичиж үлдээчихээд явсан байсан. Тэгэхээр нь тэр хойгуур нь гэв гэнэтхэн явмаар санагдаад яваад өгсөн... Өмнөговь аймгийн Цогц цэций сумаас явах гээд зардал байхгүй болохоор нь мотоциклийг нь зардлынхаа мөнгөнд өгчихсөн... Хатанбулаг сумаас явахдаа бензин, тамхи, хоол авч идээд дуусгасан байсан... Тэр гэрт зурагт үздэг юм. Нэг удаа зурагт үзэж байхдаа түрийвчээ цүнхэндээ хийж байсныг харсан. Тэгээд тэр өдөр гэнэт санасан... Гэм буруутай, ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна...” гэв.

Хохирогч Ж.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тэр өдөр би эхнэр С, туслах малчин Т нарын хамт өглөө 11 цагийн үед бага малаа услаж худаг дээр очиж байж байгаад би хөгшний хамт нүүж буух нутаг ус үзэхээр хамт явахдаа Т малаа хараад байж бай гэж захиж хэлж үлдээгээд явж байгаад үдээс хойш 16 цагийн үед гэртээ ирэхэд Т ирээгүй байсан. Тэгээд бид 2 гэртээ орж ирээд цайгаа уух санаатай аягаа авах гэтэл миний мөнгөн аяга алга болсон байсан хөгшин бас тэр үед мөнгөн аяга хайгаад олоогүй... энэ нэг л биш боллоо гээд баруун гэрт ороод цүнхтэй хувцас дотор байсан хэтэвчтэй мөнгө байх ёстой гэж бодоод гэрт ороод мөнгөө үзтэл мөнгө байсан хэтэвчнээс 110.000 төгрөг алга болсон байсан... тухайн үед Т унуулж байсан мотоциколь алга болсон түүнийг болон бусад баримтаар үлдсэн зардлуудыг Т төлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,

Гэрч Ч.С мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд өвгөн бид 2 явж байгаад 16 цагийн үед гэртээ ирэхэд туслах малчин Т ирээгүй байхгүй байсан. Тэгээд малаасаа ирээгүй байх гэж бодоод байж байгаад цайгаа уух гээд хойд хойморт байдаг цаасан хайрцагнаасаа мөнгөн аягаа авах гэтэл  аяга нь алга байсан тэгээд хайгаад олоогүй удалгүй би аягаа авах гэтэл миний аяга зүүн хатавчинд байдаг тавиур дээр байгаагүй миний аяга бас мөнгөн аяга байсан. Тэгээд 2 мөнгөн аяга байхгүй бас туслах малчин Т ирэхгүй болохоор нь баруун гэрт ороод өвгөн хувцас дотроо хэтэвчээ хийдэг байсан юм тэгээд хэтэвчээ нээгээд үзэхэд нь 110.000 төгрөг байхгүй байсан ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэсэн өгсөн тэмдэглэл  /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

Ашид билгүүн ХХК-ний 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ДГО 698 дугаартай хохирлын үнэлгээ /хх-ийн 20 дугаар хуудас/

         Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-54/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Т  нь 2017 оны 09 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ж.Б их, бага 2 ширхэг мөнгөн аяга, 110.000 төгрөг, Даюун маркийн мотоцикль зэргийг хулгайлж иргэнд 1.980.000 төгрөгний хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч А овогт Ц.Т бусдын  эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Ц.Т 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс мөрдөгчийн тогтоолоор сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2 хоног баривчилж, 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдрөөс шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд нийт 45 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.

Хохирогч Ж.Б нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ “ Т  мотоциклио болон бэлэн 110.000 төгрөг, бензин тосны мөнгө гэж 56.000 төгрөг тус тус нэхэмжилж гаргуулж авмаар байна” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөртэй  гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Ц.Т-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т  1 / нэг /жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т оногдуулсан 1 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Т  цагдан хоригдсон 45 хоногийг эдлэх ялаас хасаж тооцсугай.

 

5. Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Т-аас 566.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Б-д олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Т баримт бичиг тус шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Т-т урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                                Н.АДЪЯА