Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 201/МА2020/00015

 

*******ийн нэхэмжлэлтэй Дорнод Аймгийн Засаг даргад холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 27-ны өдрийн 138/ШШ2020/00384 дугаар шийдвэртэй, *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргад холбогдох Дорнод аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/39 тоот захирамжийг хүчингүй болгуулж, өмнө хариуцан гүйцэтгэж байсан Хэрлэн сумын ******* ******* цогцолбор сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 5 сарын 01ий өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , түүний өмгөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие *******ын ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* ******* цогцолбор сургуулийн үүрэгт ажилд 2006 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн аймгийн Засаг даргын 12 тоот захирамжаар томилогдсон. 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 9 тоот хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Ажлаас чөлөөлөх тухай аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/39 тоот захирамжийн эх хувийг 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр гардан авч ажил хүлээлцсэн. Аймгийн Засаг даргын 2018 оны Б/39 тоот захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 178 дугаар тогтоолыг тус тус үндэслэн намайг үүрэгт ажлаас чөлөөлж Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Иймээс Дорнод аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/39 тоот захирамжийг хүчингүй болгох, өмнө хариуцан гүйцэтгэж байсан Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* ******* цогцолбор сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах шийдвэрийг гаргаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүрэн дэмжиж байна. ******* нь 2006 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс Дорнод аймгийн Засаг даргын 12 дугаартай захирамжаар ******* ******* цогцолбор сургуулийн захирлын үүрэгт ажилд томилогдсон. Хуульд заасан шаардлагын дагуу үр дүнгийн гэрээ байгуулж, түүнийгээ үнэлүүлж дүгнүүлэн ажиллаж байсан. Гэтэл 2018 онд *******ийг тухайн орон тоон дээр түр ажиллаж байсан гэдэг үндэслэлээр сонгон шалгаруулалт зарласан. ******* нь тухайн сонгон шалгаруулалтыг эхэндээ мэдээгүй бөгөөд дараа нь мэдсэн боловч өөрийгөө буруугүй гэж үзэж байсан тул сонгон шалгаруулалтад ороогүй. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/39 тоот ажлаас халах тухай Засаг даргын захирамж гарч *******ийг ажлаас халсан. Ингээд ******* нь 2019 оны 1 дүгээр сард ажлаа хүлээлгэж өгсөн. Сонгон шалгаруулалтыг зөвшөөрөхгүй байсан тул захиргааны хэргийн 3 шатны шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн. Захиргааны хэргийн шүүхээс сул орон тоо гэдгийг буруу ойлгож ажлын байрны сонгон шалгаруулалт зарласан нь үндэслэлгүй байна гэсэн агуулгатай шийдвэр гарсан. Захиргааны хэргийн шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад ажлаас халах тухай Засаг даргын захирамж гарсан байдаг. Иймээс Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, *******ийг өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага тус шүүхэд гаргасан. Засаг даргын гаргасан захирамжийн захирамжлах хэсгийн агуулга нь ойлгомжгүй, тодорхой бус байсан гэж үздэг. Мөн Сонгон шалгаруулалт зохион байгуулсантай холбогдуулан ажлаас чөлөөлсүгэй гэсэн байгаа нь нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж дүгнээгүй байгааг харуулж байна гэж нэхэмжлэгч тайлбартаа дурдсан байгаа. Хэн нэг албан тушаалтны танил талыг тухайн албан тушаалд томилохын тулд сонгон шалгаруулалт зарласан гэж ******* нь гомддог. Өөрөөр хэлбэл 13 жил тухайн орон тоон дээр ажилласан хүнийг түр ажилласан гэсэн үндэслэлээр сонгон шалгаруулалт зарласан байгаа нь үндэслэлгүй юм. Иймээс ч хууль бус сонгон шалгаруулалт явуулсан талаар Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ажилгүй байсан хугацааны цалин гэж 17 905 669 төгрөг нэхэмжилсэн. 2018 оны сүүлийн 3 сарын цалинг дундажлаж гаргасан. Дундаж цалин тодорхойлох журмын дагуу *******ийн авдаг байсан бүхий л нэмэгдэл, урамшуулал, шагналыг дундаж цалинд оруулан тооцсон. Ингээд нэг өдрийн дундаж цалин нь 44 960 төгрөг 53 мөнгө болж байсан. 2019 оны 01 дүгээр сараас эхлэн Засгийн газрын тогтоолоор багш, ажилчдын цалин нэмэгдэж тус сургуулийн эрхлэгчийн цалин 20.6 хувиар нэмэгдсэн. Ингээд өдрийн дундаж цалин нь 54 222 төгрөг 40 мөнгө болсон. ******* нь 2019 онд 13 609 822 төгрөгийн цалин авах ёстой байсан. 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Засгийн газрын 72 тоот тогтоол гарч төрийн албан хаагчдын цалин 8 хувиар өссөн. Ингээд нэг өдрийн дундаж цалин 58 560 төгрөг 19 мөнгө болж нэмэгдсэн. ******* нь 2020 онд 4 295 847 төгрөгийн цалин авах ёстой байсан гэсэн тооцоолол гаргасан. Ингээд 2019, 2020 онд авах ёстой байсан цалин нийт 17 905 669 төгрөг болж байгаа. Мөн Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 1-р хавсралтаар 25 хувийн нэмэгдэл авах учир 723 675 төгрөг авах ёстойгоор тооцсон болно. Иймд ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 17 905 669 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах хүсэлтэй байна. гэжээ.

 Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргыг төлөөлж тус тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга *******, Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн ******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбар гаргаж байна. Аймгийн Засаг дарга Боловсролын тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийж эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх субъектыг тодорхойлон сонсох ажиллагаа хийж тайлбар мэдээлэл гаргах эрхийг ханган тус шийдвэрийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, Захиргааны ерөнхий хуулийн 22.1, Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 178 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс тус аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагад хяналт шалгалт хийж холбогдох хууль тогтоомжийг үндэслэн гаргасан 178 дугаар тогтоолоор ... даргын болон түр орлон гүйцэтгэгч ажиллаж байгаа төрийн захиргааны удирдах гүйцэтгэх, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сул ажлын байранд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор зохион байгуулж хууль тогтоомжийн дагуу нөхөх арга хэмжээ авахыг даалгасан үүрэг чиглэлийг Төрийн албаны салбар зөвлөл өгсөн байдаг. Мөн тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж дурьдсан зөрчлийг арилгаагүй албан тушаалтанд хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахыг ... холбогдох албан тушаалтанд үүрэг болгосон байдаг. Мөн аймгийн Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудиторын баталсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу хийсэн Аймгийн боловсролын салбарын удирдлага, зохион байгуулалт, менежментийн арга хандлага гүйцэтгэлийн аудитын ДОР-ГАГ/2017-ГА/ тайлан дүгнэлтээр ******* ******* цогцолбор сургууль ...захирлуудыг 2006 онд аймгийн Засаг дарга түр орлон гүйцэтгэгчээр томилж одоог хүртэл сонгон шалгаруулалтыг зарлаагүй байгаа нь төрийн албаны хууль, журмыг зөрчсөн байна гэж дүгнэлт гаргасан байдаг. Дорнод аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 128 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны салбар зөвлөлийн ажиллах журам-ын 2-р зүйлийн 2.1.2-т зааснаар төрийн албаны тухай хууль болон төрийн албаны зөвлөлийн шийдвэр, өгсөн үүргийн биелэлтийг хангах үүрэгтэй. Дээрх үүрэг чиглэлийн хүрээнд Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам, заавар-ын дагуу Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* ******* цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан бөгөөд Хэрлэн сумын 9-р багийн иргэн ******* нь оролцон 80,1 оноогоор тэнцсэн байдаг. Түүнчлэн дээрх сонгон шалгаруулалттай холбогдуулан Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс 2018 оны 1021 дугаартай албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан журмын 8.1.3-т заалтын дагуу сонгон шалгаруулалтанд хамгийн өндөр оноо авсан иргэний нэрийг дэвшүүлж дүгнэлтийн хамт эрх бүхий этгээдэд хүргүүлэх ажлыг зохион байгуулах... чиглэлийг өгсөн. Иймд эрх бүхий байгууллагын хуульд нийцсэн шийдвэр болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган аймгийн Засаг даргын Сургуулийг татан буулгаж бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай 2006 оны 12 дугаар захирамжаар түр томилогдон ажиллаж байгаа *******т сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан иргэнийг томилох гэж байгаатай холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр сургуулийн захирлын албан үүргээс чөлөөлөх тухай мэдэгдлийг хүргүүлснийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч гарын үсэг зурсан байдаг. Нэхэмжлэгч ******* нь дээрх сонгон шалгаруулалтын дүнг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 18 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 221/МА2018/0029 магадлалаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож сонгон шалгаруулалт хууль ёсны явагдсан болохыг эрх бүрхий байгууллага тогтоосон. Мөн аймгийн Засаг дарга түүний Тамгын газар нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарах захиргааны байгууллага юм. Иймд өөрийн санаачилгаар буюу хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, иргэдээс гаргасан өргөдөл гомдлыг үндэслэн шийдвэр гаргах үйл ажиллагааг эхлүүлдэг хууль зүйн зохицуулалттай учир Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 /хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх/ Захиргааны ерөнхий хуулийн 22.1/Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ/, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 /хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллагын шаардсан/ Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 178 дугаар тогтоолыг тус тус үндэслэн аймгийн Засаг дарга Б/39 дугаар захирамжийг гаргасан. Энэ нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Засаг даргын Б/39 тоот *******ийг ажлаас халах тухай захирамж гарсан. *******ийг ажлаас чөлөөлөх тухай захирамжийн захирамжлах хэсэгт хуулийн зүйл заалтыг тодорхой дурдсан байгаа. Тухайлбал Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 178 дугаар дугаартай тогтоол зэрэг баримтуудыг тухайн захирамжид үндэслэл болгосон. Захиргааны хэргийн шүүхийн 3 шатны шүүхийн шийдвэр нь энэ маргаантай шууд утгаараа холбоотой гэж үзэж болохгүй. Шүүхийн шийдвэрт зохион байгуулсан сонгон шалгаруулалтын холбогдох хэсгийг хүчингүй болгох мөн *******д холбогдох хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байдаг. Захирамжлах хэсэгт дурдсан хуулиуд болон Төрийн албаны зөвлөлийн тогтоолын холбогдох заалтуудыг өмнөх шүүхийн шийдвэр дээр огт дурдаагүй байгаа. Иймд өмнө нь гарсан шүүхийн шийдвэртэй холбоотойгоор Засаг даргын захирамжийг хүчингүй болгох үндэслэл байхгүй юм. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр захирамж гарч 2019 оны 1 дүгээр сард ажил хүлээлцсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйл 69.1-д зааснаар урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгоно гэж заасан байдаг. Иймээс 2018 онд авч байсан цалингийн хэмжээгээр ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах ёстой болов уу гэж үзэж байна. Цалингийн нэмэгдэл, урамшуулал, шагнал зэргийг нэмж тооцсон нь буруу гэж үзэж байна. гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбараа бүрэн дэмжиж байна. Хамгийн түрүүнд Дорнод аймгийн Засаг даргын Б/39 тоот захирамжийн үйлчлэлийн асуудлыг ярих хэрэгтэй. Энэ маргаан нь захиргааны акт буюу Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарах Б/39 тоот захирамжтай холбоотой маргаан байна гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдлоор иргэний хэрэг үүсгэж болохоор заасан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйл 5.1.1-т Төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллагыг захиргааны байгууллага гэж үзэхээр заасан байдаг. Энэ заалтад Дорнод аймгийн Засаг дарга нь хамаарч байна. Захиргааны ерөнхий хуулийн 5.1.4Үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа нь захиргааны байгууллагад тооцогдохоор заасан байгаа тул энэ маргаан нь захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэх ёстой маргаан юм. Шүүх хэргийг хүлээж авахаас татгалзах ёстой байсан. Дорнод аймгийн хэмжээнд нийтдээ 9 сургуулийн асуудал яригддаг. Тэдгээр сургуулийн багш, ажилчид сонгон шалгаруулалтад орж томилогдсон байдаг. Гэтэл ******* ******* сургуулийн захирал ******* нь эс үйлдэхүй гаргаж, шалгалтад ороогүй байдаг. Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 178 дугаар тогтоол болон аудитын газрын 2018 оны дүгнэлтээр тус сургуулийн захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилж, одоо хүртэл сонгон шалгаруулалт зарлаагүй байгаа нь Төрийн албаны хууль болон холбогдох дүрэм журмыг зөрчиж байна гэсэн дүгнэлт гарсан байдаг. Үүний дагуу сонгон шалгаруулалт зарлаж, аймгийн Засаг даргын захирамж гарсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 27-ны өдрийн 138/ШШ2020/00384 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******ын *******ийг Хэрлэн сумын ******* ******* цогцолбор сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт 16 226 503 төгрөгийг хариуцагч Дорнод аймгийн Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас тус аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/39 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай хэсгийг, 1 676 166 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгчид олгох 16 226 503 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 239083 /16 226 503 төгрөгт ногдох/ төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулж, шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: ... Шүүхийн шийдвэрт ... Дорнод аймгийн Засаг даргын 2018 оны Б/39 дүгээр захирамж нь хууль зүйн хувьд нийцээгүй, *******ийг үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн тохирох заалтыг огт баримтлаагүй нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд дараах байдлаар үгүйсгэгдэж байна. Аймгийн Засаг даргын 2018 оны Б/39 дүгээр захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр юм. Аймгийн Засаг дарга Боловсролын тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийж, тайлбар мэдээлэл гаргах эрхийг ханган тус шийдвэрийг Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, Захиргааны ерөнхий хуулийн 22.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 178 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гаргасан. Гэтэл шүүх Хөдөлмөрийн хуулийн тохирох заалтыг үндэслээгүй гэх үндэслэл нь үгүйсгэгдэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажилтанг чөлөөлөх үндэслэлийг тодорхой хуульчилсан бөгөөд энэхүү хуулийн зохицуулалтыг хариуцагчийн зүгээс хэрэглэсэн. Эрх бүхий байгууллага гэдэг нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөл бөгөөд тус зөвлөлөөс Дорнод аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагад хяналт шалгалт хийж холбогдох хууль тогтоомжийг үндэслэн гаргасан 178 дугаар тогтоолоор ...даргын болон түр орлон гүйцэтгэгч ажиллаж байгаа төрийн захиргааны удирдах гүйцэтгэх, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сул ажлын байранд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор зохион байгуулж, хууль тогтоомжийн дагуу нөхөх арга хэмжээ авахыг даалгасан үүрэг чиглэлийг Дорнод аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд өгсөн байдаг. Мөн тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж, зөрчлийг арилгаагүй албан тушаалтанд хууль тогтоомжид заасан арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтанд үүрэг болгосон байдаг. Дээрх үүрэг чиглэлийн хүрээнд Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам, заавар-ын дагуу Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* ******* цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсантай холбогдуулан хэрэгжилтийг ханган аймгийн Засаг даргын 2006 оны Сургуулийг татан буулгаж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай 12 дугаар захирамжаар түр томилогдон ажиллаж байгаа *******т албан үүргээс чөлөөлөх тухай мэдэгдлийг хүргүүлж, ажлаас чөлөөлөн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ******* нь ... ******* ******* цогцолбор сургуулийг шинээр байгуулж захирлаар томилогдсон ба 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 09 тоот хөдөлмөрийн гэрээгээр байнгын ажлын байранд, хугацаагүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулан түүнээс хойш тасралтгүй 12 жил ажиллаж уг хугацаанд жил бүрийн үр дүнгийн гэрээг хангалттай гэж үнэлэгдэн урамшуулал олгож ажиллаж байжээ. гэх асуудлыг дурдаж дүгнэлт хийсэн байна. *******ийн нэхэмжлэлтэй, аймгийн Засаг дарга хариуцагчтай иргэний хэргийн материалд дээр дурдсанчлан хариуцагчаас *******тэй байгуулсан байнгын гэх хөдөлмөрийн гэрээ болон хангалттай гэж дүгнэсэн жил бүрийн буюу 12 үр дүнгийн гэрээ, жил бүр урамшуулал олгосон гэх шийдвэрүүд нотлох баримтаар авагдаагүй. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх чиг үүргээ хэрэгжүүлэлгүй байсан мэтээр дүгнэлт хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж дээрх хэрэг маргааныг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтын дагуу хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан тайлбартаа: ... *******ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болсон Монгол Улсын Төрийн албанаас өгсөн чиглэл даалгаврын дагуу явуулсан, *******ийн ажиллаж байсан ******* ******* цогцолбор сургуулийн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах үндэслэлгүй болох талаар, уг сонгон шалгаруулалтын энд холбогдох заалтыг хүчингүй болгосон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 378 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 391 дугаартай тогтоолоор үйл баримт, нөхцөл байдал, хууль зүйн ойлголтыг бүрэн тодорхойлж тогтоосон. Уг магадлал, тогтоол хүчин төгөлдөр байгаа. Тодорхой үйл баримт, нөхцөл байдал, хууль зүйн ойлголт, хэрэглээг шийдвэрлэж, үнэлж дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэр нь өнөөдөр нотлох баримтын ач холбогдолтой, эрх зүйн баримт юм. Ийм баримт байсаар байтал үндэслэлгүй хүчингүйд тооцогдсон үйл баримт буюу Монгол Улсын Төрийн албаны зүгээс өгсөн чиглэл даалгавар, сонгон шалгаруулалт зэргийг ганц үндэслэлээ болгон гаргасан Засаг даргын захирамж үндэслэлгүй юм. Үүнийг эрхэм Засаг дарга зөвшөөрөхгүй, ойлгохгүй байна уу эсвэл төлөөлж байгаа этгээдэд тодорхой ашиг сонирхол бүхий этгээдүүд нөлөөлж төрийг, иргэнийг хохироож байна уу гэдэг асуудал гарч ирнэ. Энд халах үндэслэл болсон сонгон шалгаруулалт үндэслэлтэй эсэх талаарх асуудал шүүхээр эцэслэж шийдэгдээгүй, тэр тусмаа сонгон шалгаруулалт үндэслэлгүй талаар шүүх дүгнэлт хийж, холбогдох этгээд гомдол гаргаад явж байгааг мэдсээр байж Засаг дарга захирамж гарган *******ийн ажлыг авсан. Энд хуулийн хэлтсийн даргын гэргий ******* оронд нь томилогдож төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албанд ажиллаж, болзлоо хангах алхмаа хийж, нэг хүнийг цалингүй болгож, өөрөө төрөөс цалин хөлс авч, эцэст нь төсвөөс хохирол нь төлөгдөнө. Энд хэн хожиж, хэн эрх мэдлээ ашиглаж завшиж байна вэ. Хэн сэтгэл санаагаар хямарч байна вэ. Иймэрхүү ажиллагаа л төрийн алба хашиж буй хүмүүсийн тоглолт болж байна гэдгийг зориуд тэмдэглэж байна. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгоно уу. гэжээ.

 ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан Дорнод аймгийн Засаг даргын 2018 оны 12 сарын 10-ны өдрийн Б/39 тоот захирамжийг хүчингүй болгох, өмнө хариуцан гүйцэтгэж байсан Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* ******* цогцолбор сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах шийдвэрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Аймгийн Засаг дарга эс зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч ******* нь Дорнод аймгийн Засаг даргын 2006 оны 01 сарын 06-ны өдрийн 12 дугаар захирамжаар ******* ******* цогцолбор сургуулийн захирлаар түр томилогдсон байна. /хх-ийн 3 дахь тал/

Ажил олгогч Дорнод аймгийн Засаг дарга нь 2013 оны 06 сарын 20-ны өдөр 9 дугаар бүхий хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар ажилтан *******тэй хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. /хх-ийн 4-5 дахь тал/

Хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга нь ажилтан *******ийг 2018 оны 12 сарын 10-ны өдрийн Б/39 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 178 дугаар тогтоолыг тус тус үндэслэл болгожээ. /хх-ийн 20 дахь тал/

1. Ажил олгогчийн захирамжид баримталсан дээрх зохицуулалтаас үзэхэд ажилтныг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д заасан хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас халсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ******* ******* цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлан явуулах, эсхүл нэхэмжлэгч *******ийг ажлаас чөлөөлөхийг шаардсан эрх бүхий байгууллагын шаардлага хэрэгт авагдаагүй байна. Ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлөхдөө баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д заасан үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар шүүхэд нотолж чадаагүй байна.

Энэ талаарх нотлох баримт байхгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч *******ийг түр ажлын байранд /албан тушаалд/ ажиллаж байгаа гэж сонгон шалгаруулалтыг зарласан Боловсрол, соёл, урлагийн газрын шийдвэрийг хууль бус, үндэслэлгүй, сул орон тоо гэж үзэхгүй, нэхэмжлэгч нь байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолоор тогтоосон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан тул зохигчид энэ талаар маргах эрхгүй.

Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлийг хууль бус гэж үзэж нэхэмжлэгч *******ийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговрыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн, мөн бусад даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, зөв байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******т ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговрыг олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ... түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно. гэж заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч *******ийг ажилгүй байх хугацаанд Монгол Улсын Засгийн газар 2018 онд Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам 382 дугаар тогтоол, 2019 онд Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай 24 дүгээр тогтоол, Төрийн үйлчилгээний зарим албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай 25 дугаар тогтоолыг тус тус батлан гаргасан байна. Энэ тогтоолыг үндэслэн нэхэмжлэгч *******т цалин нэмсэн нэмэгдлийг олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй юм.

3. Хариуцагчийн төлөөлөгч хэргийн харьяаллын талаар гомдол гаргасан байна. Засаг даргын шийдвэр нь ямар харилцааны хүрээнд шийдвэр гаргаж байгаагаас хэргийн харьяалал хамаарна. Гадагш чиглэсэн шинжтэй, төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гарч байгаа шийдвэрийг захиргааны акт гэж үзэн захиргааны хэргийн шүүхэд харьяалагдана.

Харин энэ шийдвэр нь нэхэмжлэгч *******ийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хүрээнд гарсан байх тул ердийн харьяаллын шүүх буюу иргэний хэргийн шүүхэд харьяалагдана гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

Иймд хариуцагч Аймгийн Засаг даргын төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх боловч, давж заалдах шатны шүүх хариуцагч талын гомдлыг үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон тул хариуцагч Дорнод аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 239083 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй юм.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 27-ны өдрийн 138/ШШ2020/00384 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 57.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Дорнод аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 239083 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД Ж.ДОЛГОРМАА

З.ЭНХЦЭЦЭГ