Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2016/0313/З |
Дугаар | 516 |
Огноо | 2016-07-08 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 516
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяасүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Цэрэндэжид, өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан “ЧДЧГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаарлагыг хүлээн зөвшөөрч байна. “ЧДЧГ” ХХК-д ашиглах эрх олгосон газар нь бусдын газартай давхцалгүй учир маргаан бүхий захиргааны актын “ЧДЧГ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосноороо бусдын эрх ашгийг хөндөхгүй гэдгийг дахин хэлмээр байна. Тийм ч учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа юм” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “ЧДЧГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “ЧДЧГ” ХХК-ийн “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “ЧДЧГ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу “ЧДЧГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдох “...“Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “ЧДЧГ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус баримтлан “ЧДЧГ” ХХК-ийн “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “ЧДЧГ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ