Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 361

 

“Д.ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс,

улсын бүртгэгч Э.Оюунбатад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                   Б.Мөнхтуяа  

Шүүгчид:                      Л.Атарцэцэг

                                       Г.Банзрагч

                                       П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн Ү-2101008724 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, “Зуун айл” худалдааны төвийн өргөтгөлийн газрыг чөлөөлүүлэх тухай.

Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0355 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, түүний өмгөөлөгч М.Г /1873/,

Хариуцагч Э.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж нар,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр: 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Д.ц” ХХК-ийн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон улсын бүртгэгч Э.О-д тус тус холбогдуулан гаргасан “Зуун айл” худалдааны төвийн өргөтгөлийн газрыг чөлөөлөхийг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 2. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 9 дүгээр зүйлийн 9.1.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, 13.9, 16 дугаар зүйлийн 16.1, 18 дугаар зүйлийн 18.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 34 дүгээр зүйлийн 34.10 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Д.ц” ХХК-ийн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон улсын бүртгэгч Э.Оюунбатад тус тус холбогдуулан гаргасан “Иргэн А.Зандаръяа болон “Ивээлт-Оргил” ХХК-ийн улсын бүртгэлийн Ү-2101008724 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Д.ц” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0355 дугаар магадлалаар Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д.ц” ХХК-ийн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон улсын бүртгэгч Э.О-д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Д.ц” ХХК-ийн “Улсын бүртгэлийн Ү-2101008724 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах, “Зуун айл” худалдааны төвийн өргөтгөлийн газрыг чөлөөлөх” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай” гэж, шийдвэрийн 3 дахь заалтыг “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Д.ц” ХХК-иас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай” гэж, 4 дэх заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

        Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч “Д.ц” ХХК нь шүүхэд хандан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн байх ба тус компани нь шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн хэтрүүлсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. “Д.ц” ХХК-ийн захирал Ч.Цэдэв нь Ү-2101008724 дугаарт бүртгэж өөрийн эзэмшлийн газарт А.З-д үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон асуудлыг өмнө нь мэдээгүй байсан бөгөөд шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хандахаас 15 хоногийн өмнө А.Зандаръяатай уулзаж газар чөлөөлөх асуудлыг ярилцах үед тэрээр “гэрчилгээ байгаа” гэж хэлсэн ба тухайн үед л гэрчилгээг улсын бүртгэл олгосон болохыг олж мэдсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгчийг хэтрүүлсэн гэж үзэхдээ хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, тодорхойгүйгээр дүгнэжээ. Нэхэмжлэгч нь 2004 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 02 дугаартай албан бичгээр А.З-ийн гуйлтын дагуу түүнд 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх буюу түрээслүүлдэг талаар тодорхойлолт хийж өгсөн. Энэхүү тодорхойлолт нь иргэн А.З-гийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хийх зөвшөөрөл биш юм. Тодруулбал зөвхөн А.З нь “Д.ц” ХХК-ийн хууль ёсны эзэмшлийн газрыг түрээсэлдэг бөгөөд павильон эзэмшдэг талаарх тодорхойлолт юм. Ийм байтал шүүх “Д.ц” ХХК нь иргэн А.Зандаръяад өөрийн эзэмшлийн газарт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгох асуудлыг зөвшөөрсөн, мэдсэн гэх мэтээр гуйвуулан тайлбарлаж буй нь магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцээгүйг харуулна.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх хуулийн зохицуулалтыг давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий тайлбарлан хэрэглээгүй болох нь илэрхий байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн журмын 3.5 “газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх болон түүний дээр байрлах эд хөрөнгийн өмчлөх эрх нь тус бүр өөр өөр этгээдэд байгаа тохиолдолд тухайн газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг түүн дээр байрлах эд хөрөнгийн өмчлөгчид шилжүүлсэн эсэх талаар гэрээ, хэлцэл эсвэл тодорхойлолтыг мэдүүлэгт хавсарган авна” гэж заасан. Газрын тухай хуулийн тавдугаар бүлгээр газар эзэмшүүлэх, ашиглуулах, газар эзэмшигч, газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журам, 38 дугаар зүйлээр газар эзэмших эрхийг гэрчилгээг бусдад шилжүүлэх асуудлуудыг тус тус зохицуулсан байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн журмын 3.5-д заасан зохицуулалт нь газар эзэмших эрхийг эд хөрөнгө өмчлөгчид Газрын тухай хуульд зааснаар шилжүүлсэн, газар эзэмших гэрээ байгуулсан эсэхийг шаардсан зохицуулалт байтал анхан болон давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтыг тайлбарлан хэрэглэсэнгүй. Тодруулбал иргэн А.Зандаръяа нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас ямар нэгэн газар эзэмших зөвшөөрөл аваагүй, нөгөө талаас “Д.ц” ХХК нь газар эзэмших эрхээ Газрын тухай хуульд зааснаар А.З-д шилжүүлээгүй. Иймд, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

6. Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь 2004 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр “Д.ц” ХХК-ийн хашаанд байршилтай 56 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр А.Зандаръяаг эрхийн улсын бүртгэлийн 2101008724 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000102338 дугаартай гэрчилгээ олгосон, А.З нь өмчлөх эрхээ өөрийн үүсгэн байгуулсан нэг гишүүнтэй “Ивээл Оргил” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өмчлөх эрх “шилжсэн”-ийг бүртгэж, “Ивээл-Оргил” ХХК-ийн нэр дээр 000417120 дугаартай гэрчилгээ олгосон, нэхэмжлэгч “Д.ц” ХХК нь “А.З болон “Ивээлт Оргил” ХХК-д олгосон эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2101008724 дугаартай гэрчилгээг хүчингүй болгох, барилгын газрыг чөлөөлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг “түрээсийн газар дээрх үл хөдлөх хөрөнгөд гэрчилгээ гаргасан нь хууль бус” гэх үндэслэлээр гаргажээ.

7. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 /2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсон/, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасны дагуу эрхийн улсын бүртгэлтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэхээр, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1-д заасны дагуу холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /2016 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гэж заасан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.8-д зааснаар хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой.

8. Энэ маргааны тухайд нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр түүний эзэмшлийн газар дээр гуравдагч этгээд А.З нь 2004 онд үл хөдлөх хөрөнгө барьсан, тэрээр уг үл хөдлөх хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ нэхэмжлэгчийн зөвшөөрлийг авсан, нэхэмжлэгч “Д.ц “ХХК-ийн захирал Ч.Цэдэвийн Орхон аймгийн Үл хөдлөх эд хөрөнгийн газарт хандаж гаргасан 2004 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай “Магадлагаа гаргах тухай” албан бичиг нь бүртгэлийг хийх үндэслэл болсон зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх дүгнэсэн боловч эдгээр баримтуудаар нэхэмжлэгчийн тухайн бүртгэлийг мэдсэн хугацаа нь тодорхойлогдож байхад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр 109.2-т “энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг зөрчжээ.

9. Нэхэмжлэгч нь маргаан бүхий бүртгэлийг 2004 онд, хамгийн сүүлийн байдлаар 2010 онд мэдсэн талаарх баримт хэрэгт авагдсан, тэрээр 2004 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн, энэ байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрч тогтоогдсон тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт хэсэгчлэн өөрчлөлт оруулж, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Д.ц”ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй байна.

10. Давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, өөрийн бүрэн эрхийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн бол гомдлоор хязгаарлахгүй” гэж заасанд нийцсэн, иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...2004 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр А.З-гийн гуйлтаар тодорхойлолт хийж өгсөн, энэ нь бүртгэл хийх зөвшөөрөл биш, ийм байтал шүүх гэрчилгээ олгох асуудлыг зөвшөөрсөн, мэдсэн мэтээр гуйвуулан тайлбарласан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасныг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглээгүй” гэх гомдлыг хангах боломжгүй.

11. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0355 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.МӨНХТУЯА

 

ШҮҮГЧ                                                                        Ч.ТУНГАЛАГ